“Аргагүй амраг” аялан тоглолтоо хөдөө орон нутагт сонирхуулаад ирсэн гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа бухимдлаа ийн илэрхийлэв. Тэрбээр өнөөгийн урлагийн үнэ цэнэ “дуучин” нэр зүүсэн чадваргүй хүмүүсээс болоод ихэд унаж байгаа талаар илэн далангүй ярьсан юм. “Өнөөдөр хэн дуртай нь дуучин нэр зүүчихдэг болж. Тоглолт, арга хэмжээнд хүртэл үнэгүй очиж дуулаад бидний нэр төрийг уландаа гишгэж байна. Тиймээс би урьж залсан бүхэн рүү явдаггүй. Уучлаарай, урлагчингууд аа. Энэ тэр танил нөхөд, хандивын тоглолт руу битгий үсэрч очоод бай л даа. Бас өөртөө байхгүй хувцсыг өмсч, амьдарч үзээгүй хаустаа тухалж, авч чадахгүй байгаа машинаа унаж клип хийлгэхээ болимоор юм. Наадахыг чинь үзээд хүүхэд залуус “Өө, би гялс дуу дуулаад цомог гаргачихвал ингэж тансаг амьдрах юм байна” гэсэн сөрөг ойлголттой болж байгаа. Охид нь засвартай царайгаа харуулж, хагас нүцгэн хувцаслаад л хялбар замаар мөнгө олохыг мөрөөдөж эхэлсэн.
Дуулах чадвар, дууны чанарын тухайд бодоод ч хэрэггүй. Тайзан дээр гарангуутаа баян эрчүүдийн анхаарлыг татаж үнэтэй гоёл, чамин машин бэлгэнд аваад л бушуухан шиг нөхөрт гарахыг хичээдэг. Тийм болохоор болсон, болоогүй баахан дуучид гарч ирээд энд тэндхийн тоглолт хэсч, үнэгүй дуулаад ч болов өөрсдийгөө сурталчлах гэж яарч явна. Гэтэл бид ганц дуу бичүүлж, клип хийлгэхийн тулд их мөнгө зарцуулдаг.
Тэгсэн мөртлөө томоохон байгууллага, компаниар уран бүтээлээ ивээн тэтгүүлэх гэхээр “Албан газруудын босго сахисан гуйлгачид” гэж доромжилдог юм билээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Үнэхээр тэгж рок попынхон хандивын тоглолт, гуйлгын арга хэмжээнд үнэгүй дуулах ёстой юм бол нэгмөсөн сүм байгуулчих л даа. Тэгвэл би очоод гэлэнмаа болоод суучихья, тэр нь дээр. Идэх хоол, өмсөх хувцас, худалдаа үйлчилгээ гээд бүх зүйл үнэтэй байдаг шиг рок попынхон ч гэсэн өөрсдийн гэсэн үнэ ханш тогтоох цаг нь хэдийнэ болсон. Шалдир булдир хэдэн охид хөвгүүдээс болоод би л лав хямдармааргүй байна шүү. Үнэндээ энэ салбарт D байтугай A үнэлгээ авахуйц copy-чид олон төрсөн. Элдэв янзын уралдаан тэмцээн, реалити шоунд оролцоод авлига өгч байж гарч ирдэг нь худлаа биш.
Хөөрхөн царай, нүцгэн биеэ гайхуулаад дуучин болчихно гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт шүү” хэмээн хатуухан анхааруулсан эрхэм дуучин маань нэлээд бухимдангуй байна лээ. Үнэхээр баяр ёслол дөхөөд ирэхээр найз нөхдийн гуйлт нэмэгдэхийн сацуу хандивын тоглолт ар араасаа цувардаг нь рок попынхонд нэлээд хэцүү санагддаг гэх. Ялангуяа, иймэрхүү төрлийн арга хэмжээнд ихэвчлэн рок попын уран бүтээлчид оролцдог учраас хэн дуртай ч санал тавьдаг гэж байгаа. Тиймээс дуучин бүсгүй энэхүү бухимдлаа илэрхийлэхдээ “Дуучин болохын тулд эхлээд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Үүний дараа өөрийн гэсэн үнэ ханшаа босгож, нэр хүндээ өргө” гэж сургамжилсан юм байна.