“Эрхэм Зиндаа” булангийн энэ удаагийн зочноор аялгуут сайхан уртын дуугаараа хүмүүний сэтгэл зүрхийг баясгаж яваа уртын дуучин Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг урилаа. Тэрбээр нутаг ус, удам судар, хувийн амьдрал, уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
Уртын дуучин Чимэдцэеэ гуайн шүүдрийн усаар ээждээ цай чанаж өгсөн тухай видео ярилцлага, Монголд анх удаа /дэлхийд хуруу дарам цөөн/ дуучин хүний хоолойны цараа шалгасан гурван актавтай дуу хэрхэн бүтсэн, бүүвэйн дуу хүний амьдралд яаж нөлөөлдөг гээд олон сонирхолтой сэдвийг хөндсөн амттай аялгуутай ярилцлагыг хүргэж байна.
-Таны бага ахуй үеэс яриагаа эхлэх үү?
-Би 13 хүүхэдтэй айлын дунд хүүхэд. Хөдөөний хүүхдийн бага нас яаж өнгөрдөг вэ тэр л журмаар өнгөрсөн. Модон хонин жилийн Хөхөө сарын тэргүүнд “Хоолой” гэдэг газар төрсөн.
-Та ард түмний хайртай дуучин. Төрсөн сар нь Хөхөө, эхээс мэндэлсэн газар нь Хоолой гэдэг газар байх гэж?
-Дуу дуучин хоёр нутгаа дуурайж төрнө гэсэн эртний үг байдаг. Нутгийн энерги хүнийг бүх юмтай нь төрүүлж өгдөг. “Хоолой” гэдэг газар ховорхон сонсогддог нэр, намайг төрснөөс хойш олон айл тэр газар өвөлжиж байсан ч надаас хойш хүүхэд төрсөнгүй. Цаг нь ирэхээр дуучин хүн төрөх байхаа гэж боддог юм. Газар зүйн судлаачид хоолой гэдэг газар төрсөн нь учиртай гэж үздэг. Тэд газар тэнгэрийн талаар их судласан, маш их мэдлэгтэй улсууд байдаг ш дээ.
Хүн бүрийн хүүхэд нас сайхан санагддаг биз ээ. Гэвч би өөрийнхөө хүүхэд насаар өөрийн эрхгүй бахархдаг. Хөдөө газар олон хүүхэдтэй айлын хүүхэд болж төрнө гэдэг бол тэсвэр тэвчээртэй байх, тэрэндээ тэнцэж чадах, ухаан суусан байх ийм л ухагдахуун юм даа. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь энэ бүхнээс шалтгаалж байдаг болов уу гэж би дүгнэж суудаг юм. Социализмын үе байсан болохоор юм хум элбэг биш, хоёр хүүхдийн дунд нэг хувцас байх жишээтэй. Тэрнийгээ яаж эдэлж хэрэглэхэд маш их ухаан зарцуулна ш дээ. Уртын дуучид ихэвчлэн хөдөөнөөс төрдөг. Их тэвчээртэй улсууд байдаг. Цовхчиж дэвхцсэн биш намдуухан шиг цаагуур бодсон хүмүүс байдаг юм ш дээ.
Сумын наадмыг биш миний ээжийг харах гэж хүмүүс ирдэг байсан
-Таны ээжийг их сайхан бүсгүй байсан гэдэг?
-Миний ээж үнэхээр сайхан хүүхэн, хүүхний сайхан гэвэл миний ээжий байлаа. Манай сумын наадмыг үзэх гэж биш миний ээжийг харах гэж олон хүмүүс ирдэг байсан гэж нутгийн хөгшчүүл ярьдаг юм. Намайг дүү нараа бүүвэйлэх насан дээр байхад ээж маань нэг удаа сумын наадамд явсан юм. Тэр үед би эмээ ээжийнхээ зуны ажилд нь тус болох гээд гэртээ байхгүй байлаа. Ер нь би ээжийгээ наадамд явж байхыг, тэгж гоёж байхыг урьд нь хараагүй.
Тэр үед хүмүүсийг ЗИЛ-130 машинд суулгаад наадам үзүүлдэг байв. Би Зүүн бригадаас наадам үзэх гээд очиход ээж минь анх удаагаа миний нүдэнд тэгж их гоё харагдсан юм даа. Ногоон цэнхэр чисчүү дээлтэй, шанхан дэлтэй зээрд морьтой, уртаа гэзэгтэй, хулсан ташууртай эмэгтэй хүн уралдааны морь хөөгөөд гараад ирж байсан юм. Дөрвөлжингийн хөндий гэдэг газраар. Арваад настай жаахан охин “Энэ ямар гоё хүүхэн бэ, энэ хүүхэн шиг л хүүхэн болох юмсан” гэж бодож байж билээ. Тэгтэл ойртоод ирэхэд ээж минь байсан юм. Тэгж би анх удаа ээжийгээ тийм сайхан гэдгийг нь илүүтэй мэдэрсэн. Ээжийгээ тийм гоё байхыг нь харж байсангүй. Хотон дотор л ар өврөөс нь зүүгдээд амьдрал нь өнгөрч байсан болохоор. Миний ээж шиг сайхан хүүхэн үнэхээр тэр үед төрсөнгүй ээ. Одоо ч харагддаггүй. Миний ээжий адуу шиг уртаашаа судалтай юм шиг том цагаан шүдтэй, гоё исгэрдэг, өвөл бол дандаа сормуус нь цантай явдаг, маш урт гэзэгтэй намайг бодвол хүүхэн шиг хүүхэн байсан. Том сайхан таазтай, тайль майль гэж жигтэйхэн, хөдөөний хүн гэхэд. Тийм гоё хүүхэн байсан шүү дээ.
-Таныг монголжингоо төрхтэй сайхан бүсгүй гэдэг шүү дээ. Ээж тань бүр сайхан бүсгүй байжээ?
-Гайхалтай, гайхалтай.
-Та ээжийгээ усны дусал шиг дуурайсан байх даа?
– Үгүй ээ, би үнэхээр дуурайж чадаагүй. Ээж минь сайхан дуучин байсан. Тэгэхдээ тайзан дээр дуулж үзээгүй ээ, хөөрхий. Тэр олон хүүхэдтэй хүнд тийм зав чөлөө гэж хаа байхав дээ. Би ер нь аялгууны сайхныг ээжээсээ л мэдэрсэн хүн. Миний ээж намайг бага байхад дүү нарыг маань их сайхан бүүвэйлнэ. Хоолой нь ямар гоё гээч. Дуулаад байгаа юм уу, уйлаад байгаа юм уу нэг тийм сонин, их гоё хоолойтой хүн байсан юм.
Хоёр янзын бүүвэйгээр бүүвэйлдэг. Хүүхдээ жаахан урваганаж улцагнаад байвал “Харалдай тайжийн бүүвэй” гэдэг үгтэй бүүвэйгээр бүүвэйлдэг. Зүгээр энгийн байвал Дарьгангын нэг сайхан бүүвэй байдаг юм. Тэр бүүвэйгээр бүүвэйлж бүүвэйлж хүүхдийнхээ хажууд сүх тавьчихаад гадуур ажилдаа гараад явчихдаг байсансан.
–Сүх тавьдаг нь дом уу?
– Тийм ээ.
Харалдай тайжийн хүүлэй бүүлэй
Хар лусын хааны ажлай бүүлэй
Зэндгээ мэргэний зээлэй бүүлэй
Зэгсэн гуагийн хүүлэй бүүлэй шүү гээд бүүвэйлж байгаа юм. Ийм ийм хүний удам судар учраас энэ хүнийг айлгаж болохгүй ээ гээд сүхнийхээ ирийг орж ирэх хүний зүг харуулж тавина ш дээ. Ухаантай ч, сайхан ч хүн байлаа. Сайхан хүүхэн байсан болохоор тэрний нь шагнал юм байлгүй дээ. Миний ээж бидний ааваас гурван хүүхэдтэй салаад миний дүү нарын аавтай суусан. Дүү нарын маань аав ховорхон сайхан залуу байсан. Үнэхээр сайхан нүд хөмсөгтэй ямар сайхан хүн байсан бэ. Дээр нь ямар ухаантай хүн байсан бэ. Биднийг ер хүний хүн гэж үзээгүй. Миний ээжийн сайхан төрсний шагнал юм байлгүй дээ. Их залуу хүн байсан.
-Хэдэн насаар залуу байсан бол?
-Арваад насаар залуу хүн байсан. Өдий зэргийн тэвчээртэй, ямар ч амьдралыг давж туулах ухаантай байнаа гэж Чимэдцэеэг боддог бол тэрний шалтгаан нь миний дүү нарын аавын ухаан. Би дүү нарынхаа ааваар овоглодог хүн шүү дээ. Тиймээс би Шар гэдэг энэ хүний нэрийг сайн авч явахыг туйлаас их хичээдэг.
-Ээж тань танд юу захиж хэлдэг байв?
-Миний ээж аливаа юмыг детальчилж заадаггүй хүн байсан. “Сайн явах санааных, сайхан төрөх заяаных”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг их хэлдэг. Үгний цаад утгыг ойлгуулахыг их хичээдэг байсан даа. Ээж маань юу хийнэ тэр бүхнийг даган дуурайж хийж явж дээ. Олон дүү нартай болохоор тэднийгээ бүүвэйлнэ. Ээж маань хонь мал их сайхан тойглоно. Ээжийн тойглосон хонь бол хоёр гурав тойглуулаад л авна. Миний ээжий амьтай голтой мал адгуус битгий хэл амь голгүй хад чулуу уярмаар тийм сайхан хоолойтой хүн байсан юм шүү дээ. Сайхан хүнээс сайхан хоолой гарна гэдэг шал өөр.
-Сайхан дуулдаг, сайхан бүсгүй байсан хойно найр наадамд их очдог байв уу?
-Найр наадамд ер явдаггүй байсан, миний ээж. Тийм зав гарахгүй ш дээ. Тэр олон хүүхэдтэй, нэгдлийн мянган малтай айл чинь. Би хүүхний сайхныг ээжээсээ, аялгууны сайхныг ээжээсээ мэдэрсэн хүн. Ээжтэйгээ чингэлэг тэргээр аргалд явж байхад ээж маань “Алигэрмаа”-г дуулдаг байлаа.
Би бас энэ дууг хорь гаруй жил дуулж байна. Үзэгчид их сайхан дуулж байна гээд үргэлж дахиулдаг боловч би ээжийгээ гүйцэж дуулсан өдөр нэг ч байхгүй ээ. Дунд сургуулиа төгсөөд илгээлтийн эзэн болж мал дээр гарч байсан.
-Урлагт анх хөл тавьж байсан үеэ дурсвал?
-Би дүү нараа их бүүвэйлдэг, хурдан морь унадаг, гийнгоолж марзайлдаг, хонь мал тойглодог байсан. Манай Дарьгангад “Ум марзай мам суухан” гээд нарны зүрхэн тарни байдаг юм. Сургуульд байхдаа нэг их дуулдаггүй, дуул гэхээр самбарын өмнө гараад уйлчихдаг хүүхэд байж билээ. 15 настай байхдаа урлагийн үзлэгээр сумынхаа клубт анх удаа “Жаахан шарга”-ыг дуулсан юм. Сумаасаа шалгараад аймагт, аймгаасаа зүүн бүсийн аймгууд, тэндээсээ шалгараад Улаанбаатарт ирж билээ. Тэрний дараа 1975 онд дуучин болох улсуудыг курст суулгана гэж Соёлын хэлтсийн дарга Доржцэрэн гэж багш маань дуудаад хотод ирж байсан. Хотод ирэхэд Норовбанзад багш маань одоо миний үеийн цэвэрхэн цагаан авгай, Дорждагва багш дөнгөж тэтгэвэртэй гарчихсан их цэвэрч нямбай хүн. Сүглэгмаа гэж Лордын танхимыг бостол дуулж байсан сайхан хүүхэн, Лхамжав багш шавхайсан шаргал залуу, сайхан дуулдаг. Энэ дөрвөн хүний шавь болж байлаа. Ардын жүжигчин Нэргүй, гавьяат жүжигчин Нансалмаа, Тэрбиш гээд л бид гавъяатууд, ардын жүжигчид боллоо доо. Тэр үеийн 16, 17-той хүүхдүүд.
-Уртын дуучин хүн цаанаасаа төрдөг юм шиг санагддаг?
-Уртын дуучин хүнийг цаанаас нь төрүүлж өгдөг юм ш дээ. Хувьтай одонд намайг төрүүлж өгч дээ гэж би боддог юм. Ээждээ зориулсан “Миний төөрөг” гээд шүлгэнд байдаг юм аа.
Ээж маань заадал бүхнээ салтал ёолж
Эгшиглэнгийн алтан бишгүүрийг надад атгуулсан юм аа
Тэгэхэд тэнгэрийн заадас өргөсөн ойртоод
Тэгээд л би дуучин болчихсон юм гэж бичсэн байдаг юм.
-Энэ таны шүлэг үү?
-Тийм ээ,минийх. Би их шүлэг бичдэг хүн шүү дээ. Хүмүүс намайг зүгээр л нэг дуучин гэж боддог байхгүй юу /инээв/.
-Хэзээнээс шүлэг бичиж эхлэв?
-Бүр жаахнаасаа. Миний шүлэг зөндөө байна. “Тэнгэр ээж минь өршөө”, “Дуунд залбирсан тавилан”, “Тавилан” гээд миний шүлэгтэй дуунууд олонд их түгсэн байдаг юм.
– Та шүлэгнээсээ хэлж өгөөч?
Нутгаа санаад л…
Дуутай цуг төрүүлсэн
Дурдан хормойтой нутгаа
Ядрахын сэтгэлийн цөлд
Яасан их санана вэ
Гунигийн өнгөтэй цэцэрлэгийг
Гундуухан чигээр нь орхиод
Уртын дуугаар аргамжсан
Уул-Баян мөнхдөө очмоор боллоо
Дууны алтан гинжийг тасар татан орхиод
Дурлалын манан дунд таныг ч бас үлдээгээд
Нүүгэлтсэн энэ хотыг нуруун дээрээсээ холдуулж
Нүглээ бүгдийг мартаад нутгаа зоримоор боллоо
Цагийн зүү уруу эргэж цадиг түүхийг ойртуулаад
Цагаан тэмээтэй ээжий минь намайг дуудаад удлаа
Хүйлэн сэтгэлт ээжийдээ хүй дарсан бууцандаа
Бүсний үзүүрийг амрааж бүүвэй аялж өгнөө, Жаахан хүлээ
***
Алдар нэрийг авсан дотор оруулж
Алдаа оноогоор дээр доороос минь хавчсаар л
Зүв зүгээр хүн л юм болохоороо би
Зүрх минь ёолж уйлсаар л …
Шахаад шоолоод хэрэггүй ээ
Шамбалын зам руу булт үсрээд өгнө
Тэнгэрийн чагтага алдуурах мөч дор
Тэмээ тэмээгээр зай гараад ирнээ энд
Лүдийн тэр цаг ирэхүй дор
Лүндэн сонсох мэт та ухаан орноо
Мөнхлөн үлдээнээ хорвоод гэж
Магтаж гарна даа хөөрхий гэж
-Их сайхан шүлгүүд байна. Гэхдээ хүмүүс таныг шүлэгч гэдгийг төдийлөн мэддэггүй ?
-Тийм ээ, дуу маань тодруулаад шүлгийг нь бүдэгрүүлээд байдаг юм. Би одоо шүлгийн гурав дахь номоо гаргах гэж байна.
– Та олны нүдэн дээр ил амьдардаг хүн. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ, уйлмаар, уурламаар, уумаар санагддаг ч үе байдаг байх. Тэр бүхнээ шүлгээрээ илэрхийлдэг юм шиг?
-/Инээв/ Сэтгэл доторхоо сайхан уудлаад буулгаж өгнө ш дээ. Зөвхөн надтай ярилцах юм бол энэ дэвтэр байна. /Шүлгийн дэвтрээ заав/
– Номтой хэзээнээс нөхөрлөж эхлэв?
-Бүр багаасаа номонд дуртай л даа би. Сонингийн тасархай харганын толгой дээр тогтсон байхад бөөн баяр болж авдаг байлаа. Номгүй бол би өөрийгөө ер ойлгохгүй болчихдог юм. Номын өрөөнд ороод жаал байж байгаад гараад ирэхэд нэг их баян болоод гараад ирэх шиг.
-Хүмүүст байнга уншдаг ширээний ном гэж байдаг юм билээ?
-Уртын дууны талаар сонин сэтгүүл дээр гарч байсан юмыг би байнга уншдаг даа. Газарзүй, хүн судлал, түүх унших дуртай. Яруу найраг бол үргэлж уншдаг. Миний тухай сонин сэтгүүл дээр их бичдэг байжээ. Би цуглуулаад л байдаг юм. Тэрийгээ нэг ном болгож гаргая гэж л бодож байна. Надад бас их захиа бий. Дуучны минь талаар, хүүхний минь талаар, хүний маань талаар гээд их олон захиа бий. Тэрүүгээрээ бас ном гаргах гэж байгаа.
Уртын дуучид цаанаасаа төрдөг юм
-Жирийн сайхан дуулдаг хүн хөдөлмөрлөсөөр байгаад уртын дуучин болно гэж байх уу?
-Байхгүй ээ, тэрийг чинь төрүүлж өгдөг юм. Хуучны сайхан дуучид байна даа. Банзрагч гуай, Адарсүрэн, Түмэндэмбэрэл гуай ч гэдэг юм уу эд нар өөрсдийнхөө өмнө оногдсон дууг л сайхан дуулна гэхээс биш уртын дууг сайхан дуулж чадахгүй ш дээ. Уртын дуучдыг бурхнаас цаанаас нь төрүүлээд өгнө. Хоолойных нь цохилго энэ тэр гээд. Өөрсдөө сайн хөгжүүлэх хэрэгтэй.
– Танд уртын дуугаа дуулаад зогсож байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би их сонин хүн шүү дээ. Шүлэг бичдэг болоод ч тэр юм уу, Тэнгэрээс юм уу эсвэл язгуурын чанадаас, хязгааргүйн чанадаас өөр нэгэн зүйлийг энэ газар дээр буулгаж байгаа юм шиг л санагдаад байдаг юм.
-Өөрөөр хэлбэл уртын дууны аялгуу тэнгэртэй энергиэр холбогдоод байдаг гэсэн үг үү?
-Би харин тэгээд холбогдоод байдаг юм болов уу л гэж бодоод байдаг юм. Ер нь дуучин хүн агуу их сэтгэгч байх ёстой юм. Яагаад гэвэл тэр өөр ертөнцөд хувилж чаддаг. Сэтгэлгээ гэдэг маань хувирч чадахын нэр шүү дээ. Жишээ нь би “Тэнгэр ээж”-ийг дуулж байхад би өөрөө биш өөр ертөнц болоод дүр бүтээж хувилж чадах ийм хүнийг л дуучин гэж хэлнэ ш дээ. Дууг хоолойгоороо дуулдаг юм биш, толгойгоороо дуулна ш дээ.
-Уртын дууч хүнийг авьяас билэг, хоолойны цараанаас гадна шүдээр нь шинждэг тал байх уу?
-Өө тэгэлгүй яахав, Шүдээр нь, чихээр нь, алгаар нь бас шинжинэ ш дээ. Төрөлхийн дуучин хүнд тэр дундаа уртын дуучин хүнд шинжигдэх юм бас байна. Шинжиж байж авнаа. Тэгэхгүй бол бөөн дур байна даа, цохилго байна даа гээд авчих юм бол сүүлдээ тэр хүн ч хохирно. Сүүлдээ ямар ч нэмэргүй болно. Жирийн хүнээс нэг л өөр юмыг харна даа.
-Анзаараад байхад туранхай уртын дуучид нэг их харагддаггүй юм?
–Туранхай уртын дуучин хэзээ ч байгаагүй. Анатоми талаас нь би сайн тайлбарлаж мэдэхгүй байна. Гэхдээ дуучид туранхай байхыг багш нар маань хүсдэггүй байсан. Дуучин хүн махлаг байх ёстой, тэгж байж амьсгаагаа зөв авч, зөв зарцуулж, дууны хүчлэгтэй, сайхан дуучин болох ёстой гэж шаарддаг байсан байхгүй юу. Одоо л дуучид арьсан дээр яс тохсон мэт байхыг хүсдэг болчихож.
-Дарьганга нутгийн бүсгүйчүүд ихэвчлэн царайлаг, нуруулаг байдаг. Үүнд нутаг ус нөлөөлдөг болов уу?
-Хүн ер нь нутгаа л дуурайгаад төрдөг юм шиг байгаа юм. Манай нутагт 10-15 сая жилийн өмнө 222 галт уул дэлбэрсэн байдаг. Уулархаг, өндөрлөг газрын хүний ааш араншин, бие галбир нэг өөр, нам дор тал хээр газрын хүмүүсийн ааш авир, зан төрх, цуурайлах эрхтэн хүртэл өөр өөр шүү дээ. Баруун зүгийн аймгуудын улсуудын ааш аяг ямар байдаг вэ, хурц ааштай, юу ч хэлбэл хэлчихнэ, царай зүсний хувьд монхордуу, өвдөг нь өндөрлөг газар явахын тулд бахим, ер нь үетэй эрхтнүүд нь бахимдуу. Энергийг монголоор бол дэлхийн дэлгэрүүлэгч хий гэж ярина даа. Тэнд урт урт боловч хааяа хааяа л гарч ирж байдаг учраас ааш аяг, дуу нь ч гэсэн адилхан байдаг байхгүй юу.
Тал хээр нутгийн дэлхийн дэлгэрүүлэгч хий богино богино боловч үргэлж гардаг. Тиймээс хүний ааш араншин нь тогтуун, бие нь жаахан төмбөгөрдүү, уужуу тайвуу байдаг. Нүд хөмсөг сайтай байдаг нь дэлхийн дэлгэрүулэгч хийнээс шалтгаалж байна ш дээ. Дуу нь тогтуухан. Ер нь юм гэдэг маш учиртай. Хүний ээж аав, нутаг ус, байх араншин, төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг энэ тэр бол тэр хүний зургийг заагаад өгчихөж байгаа юм. Хүмүүс тэрэн дээрээ өөрсдөө хичээх хэрэгтэй.
-Өрх гэрийн нэг багана бүсгүй хүн ямар байвал айл гэр аз жаргалтай, амар тайван байдаг бол?
-Би ч одоо ихэнх насаа айлын эр хүний ажлыг бас давхар хийж яваад дуусгалаа даа. Залуу наснаасаа нөхөр сүүдэргүй, хүүхэдтэйгээ хоёулхнаа явж ирлээ. Эмэгтэй хүн заавал ийм юм хийх ёстой, тийм юм хийх ёстой гэсэн төсөөлөл надад байдаггүй юм. Амьдралынхаа төлөө ухаалгаар тэмцэж энийгээ зөв гэж бодсон тохиолдолд тэрийгээ дуусгаж гүйцээж чаддаг ухаалаг байвал зүгээр. Эмэгтэй хүн чинь цэцэг шиг амьтан шүү дээ хөөрхий минь. Хэн нэгэн эр хүний нөмөр нөөлгөнд амьдрахыг хүсдэг ч нөмөрлөж чадаж байна уу үгүй юу. Нөмөр нөөлөг нь болохоосоо бүсгүйнхээ нөмөр нөөлөгт явж байгаа эрчүүд зөндөө л байна. Харж байхад зарим нөхцөлд зарим эмэгтэйчүүд эмэгтэйлэг чанараа алдчихсан ч байх л юм. Энэ нь цаг зуурынх байдаг юм уу, эсвэл ерөөсөө бүсгүй хүн бүхний төлөө зүтгэхээр төрчихсөн амьтан юм уу. Энийг нь сайн мэдэхгүй юм даа.
-Шууд асууж байгаад уучлаарай. Таныг бор дарсанд нэлээдгүй дурлах болсон гэх юм?
–Олон жилийн өмнөөс улсуудын таамгаараа бичиж байгаа асуудал шүү дээ. Зориуд миний тоглолтын өмнө тараадаг. Тэрийг тараадаг тусдаа хүн байнаа. Тэр тараадаг хүнийг нь ч би мэдээд авсан.
-Таны өрсөлдөгч байх нь ээ?
-Биш биш, өрсөлдөөд байх ч юм байхгүй, би тэрэнтэй өрсөлдөөд байхдаа ч яахав, тэр надтай өрсөлдөөд ч яахав. Ер нь би энийг ингэж хүлээж авдаг юм. Богдыг бүгд магтаж байсан үед Богдын дэргэдийнх нь сойвонг зориудаар гадагшаа гаргаж Богдыг муу хэлүүлдэг байсан байгаа юм. Сайн муу хоёрыг тэнцүүлж жингийн туухайг тааруулж байна ш дээ. Намайг ихэнх нь сайн хэлж багахан нь муу хэлдэг л дээ.
Шүүдрийн усаар цай чанаад өгөхөд ээж минь баярлаагүй
-Таныг ээждээ шүүдрийн усаар цай чанаж өгсөн гэдэг?
-Тэгсэн шүү дээ.
-Тэр боломжтой юм уу? Шүүдрийн усыг нэг бүрчлэн цуглуулж байж ээждээ данх цай чанаж өгвөл ганц удаа босож хөхүүлснийх нь ачийг хариулсантай тэнцдэг гэдэг. Дусал дуслаар олддог хэцүү шүү дээ?
-Тэр үнэхээр хэцүү. Хэцүү болохоор нь тэгж хэлсэн юм байна лээ. Ээжийн маань ээж Хорол гэж их ажилтай, урт хар гэзэгтэй цагаан авгай байсан юм. Арав хүрэхгүй насанд минь “Хүн ер нь эхийнхээ ачийг хариулна гэж байдаггүй гэдэг юм билээ. Шүүдрийн ус цуглуулаад нэг данх цай чанаад өгөх юм бол нэг л удаа өндийж хөхүүлснийх нь ачийг хариулдаг юм билээ” гэж ярьдаг байсан нь миний толгойд компьютер шиг хоногшсон юм. Манайх Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын айл л даа. “Хоёр тэгш”, “Ходоодын говь”, “Хоорондын дов” гээд нутагладаг. Дуучин болсноосоо хойш шүүдэр цохиж үзсэн юм. Би ер амралтад явдаггүй, шууд л ээж аав дээрээ очдог байлаа. Энэ их гараад байгаа дууны түүвэр эд нарыг чинь би тэндээ л хийдэг байсан ш дээ. 1988 оны нэг зун манайх Дов ухаагийн хойно зусаж байсан. Хажууханд нь байдаг Бунхан ухаагийн араар л нэлээн шүүдэр унаад байх шиг янзтай. Шүүдэр унаад байгаа газар ногоон өвс жаахан сааралдуу болчихоод байдаг байхгүй юу. Тэгэхэд л нөгөө олон жил бодсон шүүдэр цохих маань бодогдоод. Одоо л энийг биелүүлье гэж бодсон. Нэг үдэш унтахдаа маргааш өглөө тавиур дээр байгаа шанаганы толгойг аваад явнаа гэж шийдээд үүр цайхаас өмнөхөн 04 цагийн үед шанаганыхаа толгойг бариад хөл нүцгэн явсан юм. Тэгээд нар бүр унины дундуур байхад ирсэн. Үнэхээр болдоггүй юмыг хэцүү юмтай зүйрлүүлж л хэлсэн юм байна лээ л дээ. Би жаахан юмтай ирсэн. Анх гарахдаа шанага авч гаралгүй тогоо шиг юм аваад гарсан бол өөр байж ч гэж бодох шиг. Гэхдээ том байсан ч болдоггүй юм шиг байна лээ л дээ. Цацраад сарниад явчихдаг юм билээ. Гараараа шувтрахаар жаахан жаахан орноо. Тэгээд хүрээд ирсэн чинь ээж маань баярлаагүй ээ. Би өөрөө залуу ч байж. Хүүхэд ахуйнхаа мөрөөдлийг биелүүлж байгаа болохоор бөөн баяр. Авчирсан жаахан юмаа буцалгаад өгсөн. Тэгсэн ээж маань баярлаагүй харин ингэж хэлсэн. Ээж маань их гүдэсхэн хүн л дээ. “За за чи ингэж дэмийрч явахаар ажлаа л сайн хий гэсэн.”
-Тэр үед юу бодогдож байх юм?
-Би ээждээ гомдоогүй ээ. Би буруу л юм хийж байгаа юм байна. Тэр болохгүй л юм байна гэж бодсон. Уулаасаа би ажлаа их сайн хийдэг, албаны хэнхэгтэй хүн шүү дээ. Тэгээд амралт дуусаад буцлаа. Ерөөсөө миний санаа амрахгүй байнаа. Ээжийн тухай дуу дуулаад ч болдоггүй. Ээжийнхээ дэргэд очиж ажил төрлийг нь хийж өгөөд ч ээжийнхээ ачийг хариулж байгаа санагдсангүй. Шүүдийн ус цохиж өгөөд ч ээж минь баярласангүй. Нэг ч санаанд нь таарсан ажил хийсэнгүй.
-Шүүдрийн усаар та сүүтэй цай чанасан уу?
-Сүүтэй биш ээ. Дөнгөж усыг нь буцалгаад өгсөн. Жаахан юм, бүр хариугүй, аяганы ёроолоор л. Тэгээд болохгүй болохоор нь “Тэнгэр ээж минь өршөө” шүлгийг бичсэн юм. Шүүдрийнхээ усаар цай чанаж өгч чадаагүй болохоор нөгөөдөхөө орууллаа.
Шүүдрийн мөнгөн дуслын нь оронд
Сувдын мянган дууг хэлхээд
Аагтай нь шаргал цайны нь оронд
Амилуулж дуугаа дуугаа өгье өө
Аялгуу шингээсэн дууг минь
Ачит ээжий минь уу даа
Аягалан аягалан уу даа
Амтлан амтлан уу даа гээд л бичлээ дээ. Энэ маань тэр өдөртөө л дуу боллоо. Батсайхан маань аяыг нь хийгээд. Би ээждээ очиж дуулж өгсөн юм. Хүний баяртай байна гэдэг их сонин. Би ээжийгээ тийм их баяртай байхыг нь хар луу. Ёстой мэдэхгүй ээ. Нээх сонин, нялхамсуу ч юм шиг болж ирээд ээж маань надад ингэж хэлсэн юм. “За миний хүүхэн ээжийнхээ бүхий л өндийж хөхүүлснийх нь ачийг хариулсан гэж бодоорой. Ээж нь одоо башийлаа” гэж хэлсэн. Тэгэхэд л би ээжийгээ үнэхээр баярлууллаа даа гэж бодсон доо. Энэ дуу хорин хэдэн жил дуулагдаж байна. Би их баярлаж явдаг юм ш дээ. Энэ дууг дуулж байгаа хүн бүр миний ээжийн араас нэг эрхи маань эргүүлж байнаа гэж төсөөлж боддог юм. Тэр бүгдийнхээ ачаар л би өдий зэргийн явж байгаа юм шүү дээ.
-Таны аавыг их мундаг лам хүн байсан гэсэн?
-Миний төрсөн эцэг Жамбал гэж хүн байсан. Өндөр наслаад саяхан өөд болсоон. Сүхбаатарын хурдан адууг Орлойн адуу гэж ярьдаг ш дээ.
Би тэр Орлойн баян Сувд гээч хүний ач охин юм байгаа юм. Орлойн баян Сувд, Орлойн хув Дагва, Орлойн Чоймбол гэлэн гээд ах дүү гурав, Орлойн Догоо эхнэр гээд их баячууд байсан. Бүгдээрээ хөрөнгөө хураалгаад тэр гурав буудуулсан. Орлойн баян Сувдын хүүхэд Жамбал гэж байсан. Би тэр хүний хүүхэд юм. Хүнийг өнгөрөхөд сайхан өнгөрлөө гэж хэлдэггүй л байх. Би цөөнгүй хүний ажил явдалд оролцож байсан. Тэгэхдээ миний эцгийнх шиг тийм сайхан болж байгаагүй ээ. Үнэхээр буянтай хүн байсан юм байна лээ, сүүлд нь бодоход.
-Та төрсөн эцэгтэйгээ багадаа нэг их ойр дотно байгаагүй байх?
-Байгаагүй ээ, би дүү нарынхаа аавтай л хамгийн ойр дотно байсан. Сүүлд дуучин болсны дараа ээж маань эцгийгээ мэдэж ав, өвгөн болчихлоо гэж захьсан юм. Тэрнээс өмнө мэддэг байсан л даа. Аав хотод ирээд хэсэг хамт байдаг байсан. Сүүлд нь би охин нь болж төрснийх гэж бодоод гурван өрөө байр авч өгсөн. Тэндээ бурхан болсон хөөрхий.
-Таныг өглөө ямар ч ажилтай яарч байсан бурхан шүтээндээ цайныхаа дээжийг өргөөд залбирч мөргөөд гардаг гэсэн. Бурхан шүтээнтэй айлууд зөндөө бий. Харин шүтсэн шиг шүтэж чадаж байна уу үгүй юу?
-Ер нь нууц юм бүхэн хүчтэй байдаг шүү дээ. Хэдийгээр нууц байсан ч эцэг эхээс минь ухаарч ирсэн зүйл маань бурхан шүтэх, бурханд итгэх. Тэднийхээ хийж явсан үйлийг л үргэлжлүүлж байгаа нь энэ л дээ. Манай хойд өрөө чинь тэр чигээрээ бурхан. Би тэднийхээ заримтай нь хүнчилж ярина. Өглөөдөө бурхан тахилд ундаа дээжийг нь өргөнө. Усан тахилыг үргэлж тавина. Бүр арван хэдтэйгээсээ эхлээд тоогоор маань уншиж сурсан. Энэ бүхэн маань миний зүгээр л дадал болсон ажил юм. Ер нь хүн бурхан чөтгөр хоёр байгаа гэдгийг заавал мэдэж байх ёстой. Болно болохгүйг мэдэхийн тулд айх юмтай. Аливаа юмыг мухраар сүжиглээд сүжрээд байхын нэр биш. Өөрөө өөрийнхөө мөн чанарыг тэр дотроос олж авах хэрэгтэй гэж би хэлэх байна.
-Ярианы сэдэв жаахан өөрчлөх үү? Уран бүтээлийн сонин сайхан юу байна?
-Уран бүтээлч хүн хэзээ ч сэтгэл ханамжтай байж болохгүй. Уран бүтээлч хүний нэг гол зарчим бол үргэлж хөдөлгөөнд байж байх. Би бие даасан 40-өөд уран бүтээл хийсэн. Зарим жил хоёрыг ч хийчихдэг тийм л хэнхэг өвчтэй хүн байгаа юм. /инээв/
Сүүлийн үед жил бүрийн 04 сард Дуурийн театрт тоглолтоо хийдэг болсон. Үзэгчид маань мэддэг болоод ирэх жилийн дөрвөн сарыг хүлээж байдаг болж.
“Хязгааргүйн чанадаас” гээд дабль CD, DVD-гээ хийх гэж байгаа. “Тэнгэрийн нулимс шиг аялгуу” дуугаа 3 бадаг дуулсан. Одоо шинэчлээд 4 бадаг болгож жаахан өөрчлөөд DVD болгоод гаргана. Мөн дангаар нь клип хийлгэж гэж байгаа. Өчигдөр хавтгайн тухай сайхан дуу бичүүллээ. Шүлгийн түүврээ гаргах гээд бэлдэж байна даа.
Морин хуурын чуулгын 20 жилийн ой өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Би энэ чуулгад ороод хорин жил болж байна. Морин хуурын чуулгад намайг анх ороход төгсөж ирсэн хоёр гуравхан хүүхдүүдтэй. Бусад нь оюутнууд. Би ч залуу байлаа. Тэдэнтэйгээ бужигнаад л бэлэн хоол идэж, шар сонин уншаад л хонож өнжих нь холгүй байдаг байж билээ. Тэгээд би их сонин хүн дээ. Хөдөөнөөс анх 1993 онд шилжээд ирэхэд ҮАДБЧ намайг хоёр өрөө байр өгөөд авъя гэхэд би ороогүй зугатчихсан юм. Амьдрах байр битгий хэл тоглох тайзгүй газрыг сонгож байлаа.
ҮАДБЧ надад хоёр өрөө байр өгөөд авъя гэхэд би ороогүй зугатчихсан
-Та яагаад ийм сонголт хийсэн юм бэ?
-Мэдэхгүй ээ, би цаанаасаа л ийм хөгжмийг хүсч байсан. Сүхбаатар аймгийн театрт байхдаа дан морин хуур, ятгатай л дуулдаг. Тэгээд дуулж байхад зөөлөн бороо шиг санагдаад л. Олон газар урилга өгч байсан ч би Морин хуурын чуулгыг сонгосон. Ингэснээрээ би алдаагүй ээ. Морин хуурын чуулгын хорин жилийн ой гэдэг 20 жил юу бүтээснийх нь баяр байхгүй юу. Хүнийг өдөр бүрийнх хийдэг юмыг хийлгэвэл урамгүй ш дээ.
Zindaa.mn сайтаар дамжуулж хамт олондоо “Та нар минь үнэхээр гайхамшигтай шүү. Миний 20 жилийн өмнө харж байсан жаахан хүүхдүүд миний нүдэн дээр уран бүтээл нь өсч, өөрсдөө ч өсч өндийгөөд ийм гайхамшигтай болж байгаад Чимээ эгч нь маш их баяртай байдаг. Та нартай ХАЙРТАЙ шүү” гэж хэлмээр байна.
Намайг бүтэн нэрээр минь төдийлөн дууддаггүй. Чимээ эгч, эсвэл “Тэнгэр ээж” гэдэг юм. Манай аймаг сумынхан бүгд Чимээ гэцгээдэг. Яагаад ч юм мэдэхгүй миний багаас олсон нэр бүр сургуульд ороход л Чимээ гэцгээдэг байсан. Би энийг бас миний чимээтэй сурагтай явахын шалтаг болсон байж мэдэх юм аа гэж боддог юм.
-Та бас бүүвэйн дууны CD гаргасан гэсэн?
-Ноднин жил Монголын бүх хурдан морьдын марзай гийнгоогоор нэг CD-ний бүтээл гаргасан. Мөн Монголын бүх л бүүвэйнүүдийг зургаан жил хөөцөлдөж судалж явсаар байгаад ноднин өөрөө бүх бүүвэйнүүдийг аялж CD гаргасан. Манайх их олуулаа болохоор өөрөө бүүвэйлүүлж, дараа нь дүү нараа бүүвэйлж тасралтгүй л бүүвэйн дуутай хамт өслөө дөө. Тийм сайхан бүүвэй сонсож өссөн болохоороо бүгдээрээ их зөв явдаг. Бидний багад жаахан сахилгагүй шиг хүүхдийг багадаа ээжийн бүүвэй сонсож өсөөгүй гэж загнадаг байсан юм.
Хүний насны цөвийг арилгах зүйл бол бүүвэй
-Өнөө үед айлууд хүүхэд цөөтэй, тэднийгээ бүүвэйлж байгаа нь харьцангуй багассан юм шиг санагддаг. Хүн болох багаасаа гэдэг. Тэр сайхан бүүвэйн дуу таныг өдий зэрэгтэй болгосон байна. Та бид хоёрын ярилцлагыг уншаад олон залуу ээжүүд хүүхдээ бүүвэйлээсэй. Ээжийн бүүвэй гэдэг хүнд ямар нөлөө үзүүлдэг юм. Энэ талаар ярилцах уу?
–Тийм ээ. Энэ бол тун чухал. Бүүвэй гэдэг чинь бүү ай гэсэн үгнээс үүдэлтэй байхгүй юу. Хүн буй болох цагаас хамт төрсөн аялгуу. Хүний төрөлх хэлийг сүүн хэл гээд ярьдаг. Би энэнтэй санал нийлдэггүй. Тэрнээс өмнө бүүвэйгээрээ дамжаад хүйн хэл байна ш дээ. Миний төрсөн эцгийн эгч Дулам гэж хөгшин байлаа. 100 гаруй наслаад хэдхэн сарын өмнө бурхан болсон. Тэр хүн дээр би ийм ийм бүүвэй ингээд хийх гэж байна гээд ороход “Чи одоо л нэг зөв юм хийж байна” гэж хэлсэн юм. Хүнийг хэдий насална, тэр насанд тохиолдох цөв бүхнийг арилгах зүйл бүүвэй. Осол аваар, өвчин зовлон бүхий л муу зүйлийг зайлуулах зүйл бүүвэй. Хэдий олон бүүвэйлнэ. Төдий чинээ сайн. Насных нь цөвийг арилтал бүүвэйл гэж хэлдэг байсан гэж байгаа юм. 100 гаруй жилий өмнө тэр хүнийг жаахан байхад эцэг эх нь дүү нарыг нь бүүвэйлүүлдэг байсан гэсэн. Заавал нэг хоёр сартай хүүхдийг бүүвэйлэх биш юм байна. Хэдэн ч настай хүнийг бүүвэйлж болох. Сүүлийн үеийн хүмүүсийн хурц хатуу сэтгэлтэй араатанлаг авиртай болж байгаагийн шалтаг шалтгаан нь бүүвэйн дуу сонсоогүйгээс боллоо гэж бодох үндэстэй. Тиймээс би ээжүүдийг маш их бүүвэйлээсэй. Үр хүүхдээ бүүвэйлээсэй, айл хотлоо бүүвэйлээсэй, улс орноо бүүвэйлээсэй, бүр цаашлаад энэ дэлхийг бүүвэйлж зөөлрүүлээсэй гэж боддог.
-Бүүвэй дотроо олон янз байх шиг байдаг юм?
-Дарьгангын бүүвэй, боржигон бүүвэй, баруун монголын бүүвэй, төв халхын бүүвэй байна. Дуу дуучин хоёр нутгаа дуурайж төрнөө гэдэг шиг тэр газрын энерги шингэсэн байдаг тул төрсөн газрынх нь бүүвэйг аялж өгч байх юм бол илүү тустай. Манай Дарьгангын бүүвэй бол одоо хэр нь бүү айгаарай гэдгээрээ байдаг юм ш дээ.
-Таныг дэлхийд ховорхон интернетээс хайгаад олохгүй хоолойны цараа гайхуулсан дууг Жанцанноров гуайд захиалж хийлгүүлсэн гэсэн?
-Тийм ээ. “Тэнгэрийн нулимс шиг аялгуу” гэж шүлэг бичээд тэр дуугаа гурван актавтай дуулсан. Тэр дууг дуу гэхээсээ илүү бүтээл гэж хэлж болноо. Маш их юм мэдэх сэтгүүлч зохиолч хүн миний концертийг үзсэний дараа над руу “Энэ концерт гэхээсээ ямар нэгэн ховор үзэгдэл” болоод өнгөрөх шиг санагдлаа гэж байсан. Нээрээ л тийм юм даа. Би энэ жил “Хязгааргүйн чанадаас” гэсэн уран бүтээл хийлээ. Би Азийн орнуудын ардын дууг дуулсан юм. Энэтхэг, Хятад, Солонгос, Япон, Монгол гээд. Дэлхий дээр том дуу байдаг байдаг гэхэд нийтлэгээрээ дуулчихдаг Монголын уртын дууг тийм дуу байдаггүй юм. Би 40- өөд орноор явсан хүн. Байлаа байлаа гэхэд миний хоолойг гүйцэх дуу бас байсангүй. Хамгийн том нь хоёр актав кварттай, хоёр актав квинттэй дуу байлаа. Миний хоолой гурван актав гаруйтай ч болсон.
-Актав гэдэг маань?
-Хоолойны дээд доод цараа гэсэн үг. “Тэнгэрийн нулимс шиг аялгуу” гээд шүлэг бичиж Жанцанноровт өгөөд урт богино хоёр ая хийчих гэсэн л дээ. Өнөөх чинь анхны удаа бас миний санаанд таарсангүй ээ. Нэг буцаасан. Хоёр дахь удаагаа их сайхан ая хийгээд ирсэн. Жанцанноров мундаг хөгжмийн зохиолч л доо. Гэхдээ уртын дуучин хүн биш юм болохоороо уртын дуутай тал нь арай л болоогүй байсан. Би өөрөө янзлаад дуулчихсан. Уртын дуу гэдэг айхавтар эд л дээ. Ингээд гурван актавтай дууг дуулсан. Дэлхийн 7 тэрбум хүмүүс дундаас цөөхөн хүн дуулсан байх.
Би интернетэд дуу хоолойгоо дүрстэйгээ тавиад үлдээчихсэн байгаа. Дэлхий дээр тэр орны тэр хүн дуулсан байна гэсэн мэдээ нь байхаас надаас өөр дуу хоолойгоо тавьчихсан хүн байдаггүй юм билээ.
Дэлхийд гурван актав дуу дуулж буй дүрсээ интернетэд тавьчихсан хүн байдаггүй юм билээ
-Гурван актав дуу гэдэг маань одоо байгаа хэмжээг улам их ахиулсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Зохиолын сайн сайн дуучид бол нэг актав гарантай л дуулж байгаа. Их сайн дууллаа гэхэд хоёр актав л дуулж байгаа. Уртын дууг хоёр актав квинттэй гэж ярина даа. Энгийнээр хэлэхэд хоёр алд нэг дэлэмтэй л гэсэн үг. Гурван актав гарантай гэхээр гурван алд гаруйтай л гэсэн үг. Кварт гэдэг чинь хоёр актавын дээр дөрвөн өнгө нэмэгдэнэ гэсэн үг. Квинт гэдэг нь таван өнгө нэмэгднээ гэсэн үг. Гурван актав гэдэг бол 22 өнгөө л гэсэн үг. Хоёр актавтай дууг зохиолын дуучид цөөхөн дуулнаа. Уртын дуунд бол элбэг.
Доод өнгө нь эрэгтэй хүн шиг, дээд өнгө нь шувууны жиргээ шиг. Уртын дуу бол хаанаас нь ч мөлжөөд дуусахгүй аугаа эд л дээ. Өөр улс орнуудад дуучин нь байтугай дуу нь байхгүй шүү дээ. Жанцанноров миний нэвтрүүлэгт ярьсан байсан. Би нэг дуу хийгээд өгсөн. Чимэдцэеэ голоод буцаасан. Гурван актав дуу гээд байсан. Би ер нь гурван актав дуу зохиож үзээгүй. Дуулах дуучин нь байхгүй юм чинь дууг нь яаж хийх вэ дээ гэж хэлсэн. Би энэ дууг хийгээд үлдээсэндээ баяртай байна. Монголын уртын дууг хөгжлийн шинэ түвшинд гаргаж би чадлаа. Хойшдоо гурван актав энэ дуу том дуучныг төрүүлэх юм.
-Дуурийн алдарт дуучин Лучиано Паваротти хэдэн актав дуулдаг юм бол?
-Тэр хүн гурван актав дуулахгүй ш дээ. Өөрийнхөө байгаа торгон өнгөнүүдийг л их сайн гаргаж дуулдаг. Тийм гурван актав дуулдаг хүн дэлхий дээр ховор байдаг байхгүй юу.
-Та Монголд анх удаа, дэлхийд ховорхон байдаг гурван актавтай дууг дууллаа. Урлаг судлаачид болон уран бүтээлчид маань хэр хүлээж авч байх юм?
– Харин нэг их дуугарчихсан юм алга. Шал өөр юмыг байсан бол яасан сүрхий бичиж байх байсан бол доо. Эсвэл ойлгож мэдэхгүй болохоороо бичиж чадахгүй байгаа юм болов уу л гэж бодож байгаа. Харин одоо гадаадаас л улсууд ирэх юм гэнэ лээ.
Өөрсдөө дүгнээгүй юмаа гадаадуудынханд дүгнүүлэх гээд байна. Би уг нь өөрийнхөө юмыг өөрөө дүгнэчихэж байгаад гадагш нь ярих дуртай.
-Та Хөгжим бүжгийн коллежид багшилдаг. Шавь нараа хэр бэлдэж байна?
-Юм гэдэг үргэлжлэлтэй байдаг учраас миний үргэлжлэл миний шавь нар байх ёстой гэсэн ойлголттой байдаг юм ш дээ. Тийм учраас сайн шавь төрүүлэхийг хичээж явна. Бидний үеийг бодвол сургууль олонтой болж дээ. Намайг дуулаад гараад ирэхэд манай Дорждагва багш уйлж байсан юм гэнэ лээ. Монгол газар шороо монгол хүнээ ингээд жинхэнэ дуучнаар гаргаад ирдэг юм байнаа, уртын дуу ингээд сөнөх нь үү гэж бодож байлаа гэж ярьсан багшийн ярилцлага байдаг юм аа. Тэр үед нэг аймагт нэг дуучин байвал их юм. Хүндлэх энэ тэр юм байхгүй ээ. Ард нь тайз засах юм уу, хувцас солиход хөшиг хаачихаж байгаад ганц морин хууртай гаргадаг. Шоовдордуу ийм л байсан. Одоо сургуулиуд уртын дуучид их бэлдэж байна. Ямар ч байсан мөхөх нь гэж санаа зоволтгүй болсон.
-Танд тоогдсон шавь байна уу?
-Анх шалгаж авахдаа авьяастай цаанаасаа төрснийг нь сонгож авна ш дээ. Нэг жаахан юм байна. Энийг нь хөндөөд өгвөл гараад ирэх юм даа гэсэн хүүхдээ л багш хүн сонгож авна. Тэр дундаас жинхэнэ дуучин болох нь дөрөв таван жилийн дараа төгсөхийнхөө үед л мэдэгдэнэ л дээ. Би есөн жил багшлахдаа гурван төгсөлт хийжээ. Уртын дуучин хүн нэлээн олон жил дуулж байж цаг хугацааны явцад үлддэг юм ш дээ. Шууд гараад ирэхгүй ээ. Ноднин уржнан төгссөн хүүхэд чинь арваад жилийн дараа жинхэнэ гарч ирнэ ш дээ. Тийм сайхан дуучин болохоор шавь нар ганц нэг байнаа. Төгссөн ч байна, төгсөөгүй ч байна.
-Нэрлэж болох уу?
-Би шавь нарыгаа нүүрэн дээр нь магтах дургүй /инээв/. Манай багш хэзээ ч тэгж байгаагүй. Хүн эцэг эхээ дуурайдаг гэдэг ч зарим талаараа багшаа дуурайдаг. Манай Норовоо багш ярьдаг байсан. “За аргагүй дээ, миний шавь юм болохоороо намайг дуурайчихаж гэж”. Үнэхээр хүний шавь бага залуугаасаа багшийгаа хараад гоё байхын тухай, дуучин болохын тухай миний дэргэд нөгөө үзэсгэлэн чинь байгаад байгаа болохоор хараад хүмүүжчихдэг байхгүй юу.
-Таны хүндлэн биширч явдаг дуучин гэвэл?
-Сайхан дуучид зөндөө шүү дээ. Хүн хүнд атаархаж явснаас зэрэгцэж төрсөн заяандаа баярлаж явах нь илүү чухал гэж боддог. Би ер хүнтэй атаархаж явсангүй. Би багштайгаа зэрэгцэж төрсөндөө, тэр хүнээр заалгаж өдий зэргийн дуучин болж, ийм сайхан амьдарч байгаадаа маш их баярлаж явдаг. Зэрэгцэж төрсөн залуу ч дуучин бай, үеийн ч дуучин бай, ахмад ч дуучин бай тэдэндээ маш их баярлаж явдаг даа.
-Та хоолойгоо яаж гамнадаг вэ?
-Би өвөл шинэ цас идэж гамнадаг.
-Таныг газан плитканда нүүрээ түлсэн гэсэн?
-/Инээв/ Худлаа, худлаа. Миний нүүрийг харахгүй юу. Зүгээр байгаа биз дээ.
– Их олон оронд очсон байх. Явсан хүнээс үг дуул гэдэг?
-Уртын дууны буянаар 40-өөд орноор явжээ. Бурхны зурсан зургаар дуучин болж төрлөө. Зараалын байдлаар гадаад орнуудад дуугаа сурталчлах гээд явж байгаа маань дээд тэнгэрээс надад өгсөн томилолт гэж боддог. Сайн ажиллаад очих юм бол эргүүлээд сайн томилолт өгөөд буцаах байх гэж боддог ш дээ. Энэ олон сайхан орноор явсан маань бурхны зурсан зураг, ээж аавын ач, дууны буян юм даа.
-Амжилтын тухайд?
-МУСТА-г 15 жил дуулаад авч байлаа. 1991 онд гавьяат жүжигчин, 2005 онд Ардын жүжигчин болж байлаа. Миний энэ гурван актав дууны хажууд Ардын жүжигчин гэдэг алдар бол багаднаа. Алдар цол олж авъя гэж энийг хийж байгаа юм биш. Энийг би хийхгүй бол өөр хүн хийхгүй ээ гэж бодсон. Уртын дууны монгол нотыг зохиосон. Би ер нь өөрийгөө ярих нэг их дуртай байдаггүй юм. Хийх ёстой ажлаа л хийж байгаа ш дээ.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Илүү сайн дуулах, олон жил дуулах, хэдэн сайхан чамбай шиг шавь төрүүлээд өөрийнхөө үргэлжлэлийг үлдээх.
-Найзаар нь хүнийг таньдаг учиртай гэдэг.
-Найз нөхдөө би өөрөө сонгосон нь цөөхөн. Хүний хуучин нь дээлний шинэ нь гэгчээр. Намайг найз нөхрөө болгосон нь бол олон.
-Сүүлчийн асуултаа нээлттэй үлдээе?
-Чамд асуугаагүй юм үлдсэнгүй ээ. Хүний шохоорхолтой биш ухааралтай юмыг л хүнд мэдүүлэх нь туйлын чухал шүү. Харин нэг шүлэг уншиж өгье.
Би Маргааш
Од харвуулж орилоон сонссон өчигдөр биш ээ
Олж уулзаж орж гарсан өнөөдөр ч биш
Орчлонг дандаа дагуулагч маргааш байнаа би
Байлж харваад оногдохгүй
Бараа нь харагдаад баригдахгүй
Саахалтын дайтай санагдавч
Салхи мэт зогсолтгүй би Маргааш
Өөчлүүлж өнгөрсөн өчигдөр биш
Өвөрт нь хоносон өнөөдөр биш
Өөрийн чинь өндийгөөд ч хүрэхгүй маргааш байнаа би
Атгынхан чинээ жаргалыг ч
Амрагаасаа харамлаж яваагүй
Алдаа онооны дэнсийг
Алсаас үзэн зогсогч би маргааш аа
Тэнгэрийг дуудан буулгагч
Дэлхийг араасаа дагуулагч маргааш байнаа би
Зоосны нүхээр харагдаагүй
Зовлонг өөртөө тээгээгүй
Ар халхын дөрвөлжинд
Ард чинь биш урд чинь яваа би маргааш байнаа
Гуа цагаан сарыг
Голомтон дотор чинь хонуулаад
Одод эрхсийг яран зайчилж
Ондоо зүгийг таниулагч би маргааш аа
Өнөөдрийн жаргалыг өөрт чинь бэлэглэгч
Өдөржин таалаад үдэш рүү орогч нарыг
Өчигдрөөс буцаан авчрагч би маргааш байнаа
Мандах нар болоод од сарыг
Манцуйлан хайрлагч
Маргаашийн цаана дахин ургах
Маргааш байнаа би
Алс хязгааргүйн чанадаас
Аялгуу зуун ирэгч
Тэнгэрийн цэцэрлэгээс авчирсан аялгуугаар
Дэргэдээс чинь дуулж аргадах маргааш байнаа би
Бүүр холоос гялалзагч од
Бүрэнхийг сүвлэх сар
Таныг эгнэгт ивээгч нар
Дорно өрнийг мөнхөд үзэгч тэнгэр би маргааш чинь байнаа
-Сэтгэлээ нээж ярилцсанд баярлалаа. Урлагийн Янжинлхам бурхан таныг ивээх болтугай.
-Баярлалаа.
Ярилцсан Г.Оюун