Энэ удаагийн буланд Кино урлагийн дээд сургуулийн багш, найруулагч Т.Төмөр-Очиртой ярилцлаа. Тэрээр Монголын кино урлагийн өнөөгийн дүр төрх болон энэ салбарт шүүмж судлал хэрэгтэй байгаа талаар яриандаа онцолсон юм.
-Та хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
-Миний амьдралд өглөөнөөс орой хүртэл кино яригдаж байдаг. Хамгийн сүүлд ямар кино үзсэнээ ч санахгүй байна.
-Сүүлийн үед кино урлагийн тогоонд хэн дуртай нь орох болж гэж ярих юм. Хошин шогийн хамтлагууд, загварын ертөнцийнх өн, телевизийн уран бүтээлчид гээд л?
-Харамсалтай нь өнөөдөр байдал ийм байна. Нэг сэдвээр кино хийхийн тулд өөрийн жүжигчдэд хүчээр дүр өгчихдөг. Кино гэдэг маш нарийн зүйл. Дүр сонголт хийснээр гол, эсрэг дүрийг гаргаж ирдэг. Би “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзсэн. Тэр жүжгийн дүрүүдийг ТВ коктейлийн жүжигчдэд тулгаад өгчихсөн байсан. Жүжгийг үзээд их харамслаа. Тэр гайхалтай жүжгийн зохиолыг драмын театрт мэргэжлийн жүжигчдээр тоглуулсан бол зорилго нь биелэгдэх ёстой байсан юм. Энэ тоглоом биш шүү дээ.
Тэр “Шинэ үе”, “Х түц” “Шилдэг өнгө” зэрэг хошин урлагийн продакшнууд жүжигчдэдээ дүрээ тулгачихдаг. Киног сумын клубын уран сайханчид шиг бололцоогоо ашиглаж, хиймээргүй байна. Кино гэдэг өндөр шаардлагаар бүтдэг урлаг шүү дээ. Дүр, газрын сонголт гээд бүгдийг журмаар нь хийх ёстой. Кино мөнхийн бүтээл учраас аргалж хийж болдогг үй. Нэгэнт хальсанд буусан л бол тэр сайн ч бай, муу ч бай мөнхийн бүтээл болж хадгалагдана.
-Нэг хэсэг хүн кино урлаг нь мөнгө олох хэрэгсэл. Зоосны нүхээр л уран бүтээл хийж байна гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бодлогоор кино хийдэг байсан үед хаа хамаагүй кино хийлгэдэггүй байлаа. Харин зах зээлийн үед ашиггүй кино хийгээд шатна уу, тухайн киног дэлгэцэнд гаргах эсэх нь асуудал биш болсон байна. Энэ нь нэг талаар уран бүтээл хийх чөлөөт орчин бүрдсэн гэсэн үг. Энэ нөхцлийг зөв ашиглан, киног нийтэд хүргэх зарчмаар нь хийх хэрэгтэй байна. Киноны санаа төрсөн цагаас нь эхлэн бүх шатанд нь сайн судалгаа хийх нь зүйтэй. Сайн судалсны үндсэн дээр зураг авалтаа эхэлнэ. Одоогийн кинонууд ямар ч судалгаагүй байна. Судалгаа муу хийх нь гар дээрээ мөнгө тавиад салхины уруу үлээхтэй адил шүү дээ. Жишээ нь “Ядуусын хорооллын саятан” кино байна.
Энэ кино маш сайн судлагдсан, өөгүй кино болж чадсан. Аватарын найруулагч Жэймс Камерон нэгэн ярилцлагад “Гурван жил киноныхоо зохиолоо бичсэн. Дөрвөн жил бэлтгэл ажлаа хийсэн” хэмээн дурдсан байсан. Энэ хүн долоон жил ажилласнаар мотор дуугаргасан байна. Ингэж хийсэн бүтээлийн ашиг нь нэг улсын төсөвийн хэмжээний ашиг олдог. Мөн Хятадын Засгийн газар зах зээлээсээ “Аватар” уран сайхны киног гаргасан. Учир нь Хятадын зах зээлд нэг сар болоод дотоодын киноны зах зээлийг эзэлж байсан юм.
-Кино урлаг зөв хөгжих өд юу үгүйлэгдээд байна вэ?
-Киног тоглоом гэж бодож болохгүй. Чадварлаг мэргэжилтэн, сайн технологи, хариуцлагатай багийн хамт олон нэгдсэнээр сайн кино бүтнэ. Эхлээд цаасан дээр кино хийдэг. Цаасанд дээр хийсэн кино бэлтгэлийн хугацаа урт байх хэрэгтэй. Зураг авах бол асуудал биш. Хам хум зохиол барьж аваад л кино хийцгээдэг. Кино маш их зардал нэхдэг. Сайн бүтээл хийж чадвал ашиг өөрөө орж ирдэг. Хамгийн гол нь урт хугацаанд амьдарч чадах бүтээл хийх нь чухал.
-Кинонд шүүмж судлал байх нь зүйтэй юу?
-Гадны их дээд сургуулиудад кино шүүмж судлаачийг бэлтгэдэг тусгай ангитай байдаг. Үүнтэй адил манай улс ч гэсэн энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй. Манай сургууль сүүлийн жилүүдэд кино шүүмжийн уралдаан оюутнуудынхаа дунд зохион байгуулдаг болсон. Кино шүүмж нь уран бүтээлчид ямар хэмжээнд байгааг нь мэдрүүлдэг. Өнөөдөр киног алдаг оног шүүмжилж байна. Киног сайн шүүмжлэх хэрэгтэй. Шүүмжлэхгүй болохоор бүгдийг болж байгаагаар хараад байна.
Жүжигчний ур чадвар, зураг авалт, зураачийн ажил, зохиолчийн санаа логик дараалалгүй гээд болохгүй байгааг нь нарийвчилан харж, шүүмжлэх ёстой. Шүүмжлэхгүй болохоор монголын кино болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг харанхуй байгаад байна. Үзэгч, уран бүтээлч хоёр аль аль нь харанхуй. Шүүмжлүүлсэн хэн ч алдаагаа дахин давтдаггүй. Байнга л шүүмжилж, сануулж байх хэрэгтэй. Монголын киног сайжруулъя гэвэл сайн шүүмжил. Шүүмжлээд үз л дээ. Кино шүүмж гэхээр сайжруулахын тулд ололт, алдааг нь гаргаж ирэх хэрэгтэй. Бусад уран бүтээлчдэд өгөөжтэй байх болно.
-Сүүлийн үед кино хийх техник технологи сайжирч байна. Үүнийг дагаад киноны чанар дээшилж байна уу?
-Хамтын уран бүтээл учраас баг жигд чадвартай байх хэрэгтэй. Өндөр үнэтэй техник, чадвартай найруулагч байвал л сайн кино болчих юм шиг санадаг. Үгүй. Кинонд “нэг л сайн” гэсэн ойлголт байхгүй шүү дээ.
-Монголын олон ангит кино ихээр гарч байна. Үүнийг та дэмжих үү?
-Олон ангит, цуврал кино хийж байгаа нь сайшаалтай. Кино нь хүмүүсийг театрт аваа- чихыг хүсдэг. Харин телевиз киног гэрт нь үзүүлэх дуртай байдаг. Ингэснээр өрсөлдөөн үүсгэж байгаа юм.
-Зарим кино нээлтээ хийхийн өмнө триллерийн нээлт гэж хийх болж. Энэ нь тухайн киноны маркетингийн асуудал уу?
-Кино бүтээснээр борлуулалтаа сайн тооцох хэрэгтэй. Кино хийж эхлээгүй байж сурталчилгаагаа эхлэх үе ч бий. Сурталчилгаагаараа “Үхэх гэж буй хүн хүртэл үхэхээсээ өмнө үзэх юмсан” гэж бодогдуулах хүртэл нь судалгаа хийх хэрэгтэй. Харин монгол кино театрт очоод борлуулалтаа хийж эхэлдэг. Кино бүтэх үеэсээ л борлогдох хэрэгтэй. Энэ нь киноны бүх уран бүтээлчдэд ашигтай. Кино урлаг газар тариалантай адил. Сайн бүтээгдэхүүн гаргахын тулд бүх зүйлээ судлах нь хэрэгтэй.
А.Цээсүрэн