Эрт урьд цагт
Эрийн сайн Заан Залуудай хүү гэж
Нэг сайхан эр байжээ.
Уран бэйж хатантай,
Гурван гүвээ давсан
Улаан ирэлгэн хутагтай
Гучин хоёр товчтой
Хар үсэн дээлтэй
Жинжий нэртэй эмээлтэй
Жийжүү нэртэй хазаартай
Аргай даргай нум саадагтай
Хойшоо цувсан
Хорин живаа
Хонгор алаг нүдтэй
Урагшаа цувсан
Арван живаа
Ангир алаг адуутай
Адуугийн нь малладаг
Агсалдай бор өвгөнтэй
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морьтой
Айлд унадаг
Аян гарга марьтой
Адуундаа унадаг
Алтан шарга морьтой байжээ.
Адуугий нь малладаг
Агсалдай бор өвгөн
Адуугаа далайгаас
Услаад явж байтал
Элэг уушги хөвж явж
Асар Басар нохойдоо өгдөг гээд
Аван ганзагалжээ.
Том шар навтас хөвж явж
Унага даагаа нэмнэдэг гээд
Аван ганзагалчхаад
Адуугаа туугаад гартал
Адууны түрүүнд явдаг
Агсам бор азарга үргээд байж
Адууныхаа түрүүнд
Арван алд уургаа бариад
Давхиад хүрсэн
Арван таван толгойтой
Атгаалжин хар мангас
Адууны өмнө явж байна гэнэ.
— За хөө
Эрийн сайн Заан Заалуудай гэдэг
Ямар байдалтай
Ямар суудалтай вэ?
Чи надад хэлээд өг гэхэд нь
Би байдал суудлы нь мэдэхгүй
Адуугий нь маллаж
Амь тэжээж явдаг хүн байгаа юм гэсэн.
— Хэлэх юм бол чамайг зүгээр орхино, Хэлэхгүй юм бол залгина гэж барьж аваад бөгсий нь залгиад цээжий нь залгих гэхэд нь хэлнэ гэж орилжээ.
Эрийн сайн Заан Залуудай хүү гэдэг
Уран бэйж хатантай
Гурван гүвээ давдаг
Улаан ирэлгэн хутагтай
Гучин хоёр товчтой
Хар үсэн дээлтэй
Жинжий нэрт эмээлтэй
Жийжүү нэрт хазаартай
Аргай даргай нум саадагтай
Айлд унадаг
Аян шарга морьтой
Адуунд унадаг
Алтан шарга морьтой
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морьтой
Бусад адуу нь энэ байна
Энийг нь маллаж явдаг гэж хэлжээ.
— За тэгвэл чи очоод,
Гурван гүвээ давдаг
Улаан ирэлгэн хутганы нь
Ирийг гурав эмтлээд
Гучин хоёр товчтой
Хар үсэн дээлий нь
Товчийг нь ханзлаад
Жинжий нэртэй эмээлий нь
Үдээсийг таслаад
Жийжүү нэрт хазаарын
Шилий нь тасдаад
Аргай даргай нум саадгий нь
Хөвчий нь таслаад
Гурван морийг нь
Адуундаа туугаад
Хүрээд ир гэж хэлжээ.
Тэгэхлээр нь Агсалдай бор өвгөн давхиж хүрээд
Гурван гүвээ давдаг
Улаан ирэлгэн хутганы нь
Ирийг гурав эмтлээд
Гучин хоёр товчтой дээлий нь
Товчийг нь ханзлаад
Жинжий нэртэй эмээлий нь
Үдээсийг тасдаад
Аргай даргай нум саадгий нь
Хөвчий нь таслаад
Гурван морийг нь адуугаараа мангасын тийш туугаад байсан чинь
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морь чинь яаж ч болсонгүй дайран давшлаад гараад явчихдаг байж.
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морь чинь
Гаднаа давхиж оччихоод
Бар бар баас алдаад
Баруун талынхаа хаяаг цавчилж
Шир шир шээс алдаад
Зүүн талынхаа хаяаг цавчилж байтал
Уран бэйж хатан нь
— Наад морь чинь болохоо байлаа
Нүүрээндээ үсгүй
Хүний үр байж
Нүүрэндээ үстэй
Адгуус малнаас доор, гарвал яадаг юм бэ? Гэжээ.
Гараад иржээ. Тэгтэл гүүний зэлэн дээр
Арван таван толгойтой
Атигар хар мангас зогсож байжээ.
Аргай даргай нум саадгаа аваад
Харваатах гэсэн
Хөвчийг нь тасдсан байдаг байж
Гурван гүвээ давдаг
Улаан ирэлгэн хутгаа аваад
Дүрээтэх гэсэн
Ирий нь эмтэлсэн байдаг байж
Гучин хоёр товчтой
Хар үсэн дээлээ аваад өмсөөтөх гэсэн
Товчийг нь ханзалсан байдаг байж
Жийжүү нэртэй хазаараа
Аваатах гэсэн
Шийлийг нь тасалсан байдаг байж
Жинжий нэртэй эмээлээ
Тохоотох гэсэн
Үдээсийг нь тасалсан байдаг байж
— Би одоо яадаг билээ гээд орилтол
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морь
— Чи намайг унадаггүй юмуу гээд хотойгоод өгчээ. Дэмий зайдалчихжээ.
Чамд гүйцэгддэг юм бол
Ган дөрвөн туурайгаа
Газрын хөрсөнд ухуулж
Гавал эрдэнэ толгойгоо
Арван найман тамд чулуудна
Гэж морь нь бардаад ухасхийжээ.
Мангас хойноос нь элдчихдэг юм байж.
Үүлтэй тэнгэрээс доохнуур
Үзүүртэй модноос дээхнүүр
Хуй шиг хурдлаад
Хулс шиг нарийсаад явтал
Мангас тоосонд нь дарагдаад,
Авгай хүүхдийг нь аваад буцжээ.
Эрийн сайн Заан Залуудай хүү цаашаа давхиад байжээ.
Давхисаар байгаад Төмөрчин ахынд очжээ.
Төмөрчин хааны
Наран дагина авгай гэдэг
Далайн зах дээр ус аваад зогсож байхыг үзчихээд
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морио
Хамуутай бор даага болгож уначихаад
Хүрээд очиж.
Очоод далайн дээгүүр морио усалж гэнэ
— Миний дээгүүр хүн морио усалдаггүй юм гэж Наран дагина хэлжээ.
— Чиний дээгүүр морь услах байтугай чамтай сууж байх ч юм билүү чи яаж мэдэх вэ гэжээ.
— Чи тэгвэл далайн тэртээ байгаа Алтан овоог харва гэж.
— Далайн тэртээх алтан овоог харвачихжээ.
— Өө надтай суух заяатай юм гэжээ
Эрийн сайн Заан Залуудай тэгээд буцаад 3 жил тэнэчихээд буурин дээрээ давхиад ирсэн чинь буурь нь хазайсан, бууц нь сульхиртсан байж байна гэнэ. Шалныхаа чулуун дээр суугаатахсан, хэл мэддэг хилэн хүрэн морь нь шалны чулууг нэг цавчаад дотроос нь алд шар бичиг гаргаад иржээ. Аваад үзсэн чинь:
Хойд орой дээр
Хоёр морий чинь тавьсан
Жинжий нэртэй эмээлийг чинь
Үдээсийг үдсэн
Жийжүү нэртэй хазаары чинь
Шилийг залгасан
Гурван гүвээ давдаг
Улаан ирэлгэн хутганы чинь
Ирийг гүйцээсэн
Аргай даргай нум саадгыг чинь
Хөвчийг залгасан
Гучин хоёр товчтой
Хар үсэн дээлийн чинь товчийг
Хадаж чадсангүй
Уулын чинээ мах тавьсан
Нуурын чинээ цай тавьсан
Тэрнийгээ идэж уугаад
Төмөрчин хааны Наран дагинаар
Товчоо хадуулаарай
Гэж хатан нь биччихээд явсан байв.
Жинжий нэртэй эмээлээрээ эмээллээд
Жийжүү нэртэй хазаараараа хазаарлаад
Аргай даргай нум саадгаа аваад
Гурван гүвээ давдаг
Улаан ирэлгэн хутгаа зүүгээд
Гучин хоёр товчтой
Хар үсэн дээлээ өмсөөд
Хоёр морио хөтлөөд
Нуурын чинээ цайгаа ууж
Уулын чинээ махаа идээд
Төмөрчин хааныд давхиад хүрдэг юм байжээ.
Төмөрчин хааны тугалчин Тархай хүү гэдэг тугалаа хариулаад голын захаар явж байхад нь хүрч очоод тугалчин Тархай хүүгээс,
— Хариад юу хийдэг вэ? Гэхлээр
Шөнө аав ээж хоёрынхоо
Хөлийг долоож унтуулдаг
Хорголтой будаагаа иддэг
Сүү сүүндээ
Сүү хувиндаа гэж үнээгээ саадаг
Ногт ногтондоо
Чагт чагтандаа гэж
Тугалаа уядаг гэж хэлжээ.
Тугалчин тархай хүүг алаад нүүрний нь арьсыг нүүрэндээ, өвдөгний нь арьсыг өвдгөндөө наагаад тугалыг нь хариулаад орой очжээ.
Гэртээ ороод суужээ.
– За тугалчин Тархай хүү,
Сонгино идэж согтоо юу?
Мангир хуурч идээ юу?
Энэ чинь эргэнэгийнхээ доод тал дээр байгаа хурган аягатай будаагаа яагаад авч иддэггүй юм бэ? гэж. Эргэнэгийнхээ доод талд байсан хорголтой будаагаа авч хорголыг нь түүж будааг нь идчихээд сууж байж.
– Тугалчин Тархай хүү
Сонгино идэж согтоо юу?
Мангир идэж махжсан юм уу?
Яагаад тугалаа уяхгүй байна вэ? Гэв.
Тугалынхаа сүүлийг хуга хуга мушгиад уяад хэвтсэн
– Хүүе чи
Ногт ногтондоо
Чагт чагтандаа гэж уядаггүй билүү? Гэж
Ногт ногтондоо
Чагт чагтандаа гэж байж арайхийж нэг юм уяжээ.
– Тугалчин Тархай хүү чи
Сонгино идэж согтчихоо юу?
Мангир идэж махжчихаа уу?
Үнээгээ саадаггүй юу? Гэжээ.
Үнээнийхээ дэлэнг хүү хүү татаад саагаад хэвтсэн.
– Хүүе чи
Сүү сүүндээ
Сүү хувиндаа гэж саадаггүй билүү гэжээ.
Сүү сүүндээ
Сүү хувиндаа гэж арайхийж нэг юм саажээ.
Шөнө навтастай хошного өгдөг юм байна.
Хошногыг нь идчихээд навтасыг нь хаячихаад сууж.
– Тугалчин тархай хүү чи аав ижий хоёрынхоо хөлийг долоож унтуулдаггүй билүү гэжээ.
Хоёр хүрэн бухны хэлийг суга суга татаж авчихаад долоолгосон,
– Сонгино идэж согтоо юу?
Мангир идэж махжсан юм уу?
Үгүй энэ чинь яахаараа ийм муухай ширүүн болчихдог юм бэ? Энэ чинь нойр хүргэхгүй юм гээд байж. Асар Басар хоёр нохойных нь хэлийг суга суга огтлоод долоолгосон чинь
– Өө яасан сайхан зөөлөн юм бэ? Гээд унтаад өгчээ. Тугалчин Тархай хүү ч унтаад өгч. Нэг
сэрсэн нар тусаж байж.
– Нар тусчихаж, босоорой гээд орилсон.
– За Төмөрчин хааны Наран дагина авхай наашаа харахаар нар тусаж байгаа юм шиг, цаашаа харахаар сар тусаж байгаа юм шиг байдаг юм. Шөнө дундаас өмнө цааш хардаг юм, шөнө дундаас хойш нааш хардаг юм. Тэр нааш харсан байна. Чи дуугүй унт гэж. Тэгээд унтаад хоночхож. Маргааш өглөө боссон чинь
Атан тэмээ гэдгийг чинь
Ангайтал сойгоод
Агт морь гэдгийг чинь
Тонгойтол сойгоод
Тарган ирэг гэдгийг чинь
Хагачаад хааны долоон хүргэн ирчихсэн суугаад байж.
Тугалчин тархай хүү яаж байгаа юм бол доо гэж гайхаад зогсож байсан,
Төмөрчин хааны Наран дагина авхай,
– Би тугалчин Тархай хүүтэй сууна, Би тугалчин Тархай хүүтэй сууна гээд унадаг юм байж
Оо Муу муудаа дуртай
Муна гадсандаа дуртай гэж тэрүүнтэй суух гэж байгаа юм бол суу суу гэж. Тэнгэрт тулсан цээжин хар гэр бариад өгчихдөг байна. Цээжин хар гэртээ хоёулаа нийлээд орохтойгоо зэрэг
– Энэ яагаад морь тэмээ сойгоод хонь хагачаад байгаа юм бэ, танайхан. Долоон хүргэн юунд явах гэж байгаа юм бэ? гэжээ.
– Манай нэг гүүнээс алтан цээжтэй мөнгөн бөгстэй унага гардаг юм. Түүний нь Хангарьд л аваад явчихдаг юм. тэр Хангардийг алж авчирах гэж долоон сайн хүргэн явах гэж байгаа юм гэжээ.
Хүү:
– Хаан аав аа хатан ээж ээ
Би явъя гэжээ. Аав нь:
Чам шиг
Үд болтол унтаад
Үер болтол шээгээд
Үхрийн дуунаар сэрдэг хүн
Яаж явдаг юм бэ? гэж. ээж нь:
Сайн ч гэсэн хүргэн
Муу ч гэсэн хүргэн яах вэ дээ, хүний урманд яв гэхгүй юу гэж байна гэнэ. Тэгэхлээр нь:
– За тэгвэл яв яв гэж аав нь хэлж байна гэнэ.
– Би ямар морио унаад, ямар хониороо хүнс хийгээд явах вэ?
– Хониныхоо сүүлд явдаг нусгай бор төлгийг алаад, адууныхаа сүүлд явдаг хамуутай бор даагыг унаа явахгүй юу гэжээ. Ээж нь:
– Үгүй чи
Сайн ч хүргэн муу ч хүргэн байдаг байгаа биз дээ өөдтэй юм зааж өгвөл яадаг юм бэ? гэж байна гэнэ.
Тийм сайн хүү юм бол чи:
Адууны түрүүнд цоо эмнэг
Агсан бор азарга яваа
Хонины түрүүнд явдаг
Хотгор бор иргийг нухаж идээд яв даа ингэж хэлжээ. Тэгэхлээр нь:
Адууны түрүүнд явдаг
Агсан бор азаргыг барьж аваад унаатахсан
Дээш тэнгэрийн од тоолон булгиж
Доош газрын үндэс тоолон булгиж
Хоёр хавиргы нь нийлтэл хавчаатахсан хүрээд иржээ.
За сайн хүү юм гээд хотгор бор иргээ нухаад өгчээ. Хүү,
– Би явлаа. Энэ долоон хүргэнтэй цуг явахгүй. Тусдаа явна. Энэ азарга зөв тал уруугаа эмээлээ чирээд ирвэл намайг амьд гэж мэдээрэй. Буруу тал уруугаа эмээлээ чирээд ирвэл үхсэн гэж мэдээрэй гэж Наран дагина авгайдаа хэлээд агсам бор азаргаа унаад хамар давдаг юм байна. Хамар даваад зөв тал уруу нь чирүүлээд туучихжээ.
– Өө тугалчин Тархай хүү үхэж үхэж. Азарга нь эмээлээ чирээд ирлээ гээд хааны долоон хүргэн баярлаад чухам юу гэх вэ гэнэ. Азаргы нь тавьж туучихаад
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морио уначхаад
Айлдаа унадаг
Аян шарга морио хөтөлчихөөд
Гучин хоёр товчтой
Хар үсэн дээлээ өмсөөд
Гурван гүвээ давдаг
Улаан ирэлгэн хутгаа зүүгээд
Аргай даргай нум саадгаа агсаад
Жинжий нэрт эмээлээ эмээллээд
Жийжүү нэрт хазаараараа хазаарлаад давхиад байж.
Хангарьд дээр хүрээд очсон,
Хангарьд гурван зуун алтан цээжтэй,
Мөнгөн бөгстэй адуу хариулчихсан,
Нэг хадан дээр биеэ тавьчихсан байж байна гэнэ.
Аргай даргай нум саадгаа аваад
Аман хүзүү хатан хүзүү хоёрын хоорондуур
Алдахгүй харваадахсан унаатахжээ.
Адуу нь үргээд алга болжээ.
Өнөөх чинь их биеийг нь нэг тасдаад
Алтан мөнгөн өдий нь нэг тасдаад
Алтан өдий нь
Алтан шарга мориндоо
Мөнгөн өдий нь
Аянга шарга мориндоо
Их биеий нь
Хилэн шарга мориндоо дүүрээд
Түмэн луугийн дуугаар хашхирч
Түнтгэр улаан царайгаа гаргаад
Мянган лууны дуугаар хашхирч
Мантгар улаан царайгаа гаргаад
Алтан цээжтэй мөнгөн бөгстэй
Адуугий нь цуглуулж аваад туугаад явж байжээ.
Тэгсэн чинь:
Хэл ам мэддэг
Хилэн хар морь нь
Хэвтэн тусан байна гэнэ
– За чи яагаад
Хэвтэн тусав гэж
Амгай зуузайгаас нь
Алд шар хадаг уяад
Аврал сунтагий нь айлтгуулсан
– Хааны долоон сайн хүргэн
Хамрын цаад доор байж байна
Гурвалжин цагаан эсгий дэвсээд
Суу гэх байх чамайг
За тэрэн дээр
Тун сууж болохгүй шүү
Тэгээд яв гэж хэлжээ.
Даваад очсон хааны долоон хүргэн гэдэг чинь сууж байснаа
– За тугалчин Тархай сайн ирэв үү? энэ дээр суу гэжээ.
Би энэ дээр суухгүй газраар сууна гэтэл барьж аваад суулгаатахсан жаран алд газар орчихжээ. Долоон хүргэн адуугий нь цуглуулах гэсэн адуу нь үргээд явчихжээ. Алтан улиасны нь мөчрийг /Хангарьдийн өдийг хэлж байгаа юм/ хугалах гэсэн хүчирсэнгүй. Мөнгөн улиасны мөчрийг хугалах гэсэн хүчирсэнгүй. Хангарьдийг яаж ч чадсангүй. Гурван морь нь ч хүчрэгдсэнгүй. Хааны долоон сайн хүргэн буцаж дээ.
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морь
Жаран алд цаламтай
Жарантай өвгөнийх рүү явжээ.
Жарантай өвгөнийд
Жаран алд гэзэгтэй
Бас нэг хүүхэн байдаг байж
Жарантай гэдгийн үүдээр
Өгсөж жороолоод
Уруудаж жороолоод
Газар ухаж тоглоод байж.
– Аав аа би энэ морийг зайдлаатах уу даа гэж хүүхэн хэлээд байж
– За тэг зайдлаатах гээд
Жарантай өвгөн
Жаран алд цаламаа барьчхаад байж
Хүүхэн хэл ам мэддэг
Хилэн хар морийг зайдлаатахсан
Морь ч ухасхийдэг юм байж.
Жарантай өвгөн ч
Жаран алд цалмаа явуулаад болзоотын бор толгойг цаламдаад хоцордог юм байж.
Хэл ам мэддэг
Хилэн хар морь, хүүхнийг
Урагшаа ойчих гэхээр нь
Хур дээлээрээ түшээд
Хойшоо ойчих гэхээр нь
Хондлойгоороо түшээд
Хажуугаараа ойчих гэхээр нь
Хавирга сүвэргээрээ түшээд шуугиад ирдэг байна.
За энэ дотор миний эзэн бий үүнийг гаргаж аль гэжээ.
Жарантайн жаран алд гэзэгтэй хүүхэн
Жаран алд гэзгээрээ татаж гаргаж иржээ.
Хүрэн морь буцаж жарантайн хүүхнийг аваачиж өгчихөөд иржээ. Хүү дахиад л
Түмэн лууны дуугаа гаргаж
Түнтгэр улаан царайгаа гаргаж
Мянган лууны дуугаа гаргаж
Мантгар улаан царайгаа гаргаж
Адуугаа цуглуулаад
Алтан шарга мориндоо
Алтан улиасаа
Аян шарга мориндоо
Мөнгөн улиасаа ачаад
Хэл ам мэддэггүй
Хилэн хүрэн мориндоо
Хангарьдийг дүүрээд
Хүрээд очиж дээ.
Хаан гуай гэдэг чинь үзээд:
Бар бар баас алдаж
Бараан доогуураа орж
Шир шир шээс алдаж
Ширээн доогуураа ороод
Байж чадахгүй байна гэнэ.
– Аав аа хангарьдийг хаана хийх вэ? Гэжээ.
Хамгийн гол байшинд хийчихнэ үү дээ. Хүү минь гэж байна л гэв. Голын байшинг хага л чихчихжээ.
– Мөнгөн улиасаа хаана хийх вэ гэж.
Зүүн талын байшинд хийчих дээ гэж зүүн талын байшинг хага чихчихжээ.
– Алтан улиасаа хаана хийх вэ гэж.
Баруун талын байшинд хийчих дээ гэж.
Баруун талын байшинг хага л чихчихжээ.
Гурван зуун алтан биетэй
Мөнгөн бөгстэй адууг нь өгчхөөд гэртээ харьж дээ. Очоод:
– За хө би явна. Би Уран бэйж хатандаа очиж уулзана. Чи миний хойноос яв. Гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хоноглоод яваад байгаарай гэж хэлчихээд давхичихжээ. Наран дагина авхай хойноос нь гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хоноглоод явж байж.
Эрийн сайн Заан Залуудай хүү түрүүлээд давхиад мангасынд хүрээд очжээ. Аав ээж хоёроор нь боол болгочихсон байж байна гэнэ. Аав ээж хоёр дээрээ хоносон танихгүй байна гэнэ. Их ууртай байна гэнэ.
– Би унтахаараа нуруугаа ээгээд унтдаг юмсан ээж минь.
Та гал түлээд өгөөч гэжээ.
– Яасан зовлонтой юм бэ гэж уурлаад гал түлдэг юм байна. Эрийн сайн Заан Залуудай ар дээрээ аягын чинээ хүрэн мэнгэтэй юм байж. Нуруугаа ээж байтал хүрэн мэнгий нь аав ээж хоёр нь үзчихээд хүүгээ таниад муураад ойчжээ. Тэгэхлээр нь:
Ган болд хэтээ цахиж
Галзуу шар тамхиараа утаад сэргээтэл
Аав ээж хоёр нь
– Миний хүү энэ мангасыг дийлэхгүй. Нутаг орондоо буцаж, амьдарсан газраараа яв гэж гуйхад нь:
– Үгүй одоо эр чадлаа үзэлцэх цаг болсон. Би одоо очно. Ингэж хэлээд мангасынд ороод очжээ. Мангас алга гэнэ. Уран бэйж хатан нь үзээд муураад ойчиж байна гэнэ.
Ган болд хэтээ цахиж
Галзуу шар тамхиараа утаад сэргээтэл
Мангас ирээд хүчрэгдэхгүй дээ
Хойшоо явбал өмнөөс ирдэг
Урагшаа явбал хойноос ирдэг
Дээшээ явбал доороос ирдэг
Доошоо явбал дээрээс ирдэг юм.
Өнөөдөр хойшоо явсан.
Өмнөөс ирэх байх
Та тусгүй байх гэсэн:
Аа яахав би үзэлцэнэ гээд байгаад байжээ.
Тэгтэл урьдаас мангас ирж явна гэнэ дээ
Үхрийн чинээ цагаан чулууг
Үртэсгүй болтол тэвэг өшиглөөд
Хонин чинээ цагаан чулууг
Хоггүй болтол тэвэг өшиглөөд
Хар үхрийн хамар
Хага таштал өмхий хангинуулсаар айсуй гэнэ.
Тэгж байтал хоёр шувуу шаагилдаад ороод ирж гэнэ. Хүү алаад бурхны нь хоёр талд тавьчихаж гэнэ.
Асар басар хоёр нохой нь
Авч алдаад авч алдаад ороод ирж гэнэ.
Алаад хоёр хаяанд нь тавьчихаад мангасыг ороод ирэхийн үед цох болоод хэвтсэн чинь орж ирж суухтайгаа зэрэг
– Гурван жил болсон сохор хорхойны үнэр үнэртээд байна. Энэ юун үнэр үнэртэж байгаа юм бэ? гээд Уран бэйж хатан уруугаа харахаар нь:
– Би байна гээд босоод иржээ. Барилцаад авч хоёулаа, ноцолдоод байж, ноцолдоод байж.
Уулыг тал
Талыг там болтол ноцолдож
Ер нь хүчрэгдэхгүй, эрийн сайн Заан Залуудайн гуя нь жаахан чөрчийж, мангасын гуя нь жаахан лашийж эрийн сайн Заан Залуудайн нүд нь жаахан хонхойж, мангасын нүд нь жаахан бүлтийж байна гэнэ.
– За би ч хүчрэхээ байх нь. Хайртай эрийнхээ доор торго дэвсээд гурил асга, өстэй эрийнхээ доор гөлөм дэвсээд хөлдүү хоргол асга гэж авгайдаа хэлэхэд Уран бэйж хатан нь мангасын доор гөлөм дэвсэж хөлдүү хоргол асгаад, Заан Залуудайн доор торго дэвсээд гурил асгаатахсан чинь өнөөх хоргол дээр нь мангас халтирч унажээ. Мангасыг алж авчээ. Тэгээд орон нутагтаа очоод амар сайхан жаргаж, амар сайхан суужээ.