-XX зууны төгсгөл үед бүх ард түмний санал асуулгаар урлаг, нийгмийн Зууны манлайг тодруулж байсан. Олон нийтийн санал асуулгаар энэ алдрыг хүртсэн болохоор хүн болгонд тоогдсон юм шиг санагдаж, үнэхээр бахдалтай сайхан байсан.
-Таныг хүн бүр дуурийн дуучин гэдгээр нь мэднэ. Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байсныг тань тэр бүр мэдэхгүй…?
-Тийм шүү, хүмүүс их гайхдаг юм. Урлагт анх дурлан тэмүүлсэн маань тэндээс л эхтэй юм болов уу гэж боддог. “Ардын дуу бүжгийн чуулга”-д найрал дуучнаар анх ороод байтал Цогзолмаа багш намайг дуудан “Тоглолтын зарлагч хий” гэлээ. Тэр үед Оросоос нэг хоор ирээд, түүнийг зарлах болсон юм. Тоглолтын дараа хүн болгон намайг “Сайн хөтөлж байна, мундаг байна, орос үгийн дуудлага сайн” гээд магтаж эхэлсэн. “Чи мэргэжлээ буруу сонгосон байна” гэж хүртэл зарим хүн хэлж байлаа. Тэнд хэсэг хугацаагаар ажилласны дараа мэргэжлээ хөөн Хайдав багшийнхаа нээсэн сургуульд элсэж орсон доо.
-Жүжигчин хүн сонгодог жүжигт тоглохоороо бүхэл бүтэн нэг сургууль төгсөхийн дайтай их юм мэдэрч, сурдаг гэдэг. Та олон сонгодогт тоглосон. Тэдгээр дүр таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Би чинь хөдөөний хүн шүү дээ. Саалийн зэлэн дээрээс л ирсэн хүн. Гэтэл сонгодог урлагт зүтгэнэ гэдэг миний өссөн орчноос асар их ялгаатай байсан л даа. Тав, арван жил сургуульд сурахыг сурч төгсөнө гэж ярьдаг. Тэгэхээр сонгодог урлагийн тогоонд чанагдаж, он цаг өнгөрөх тусам зөндөө олон сургууль төгссөн гэж би өөрийгөө боддог. Сонгодог урлаг надад төдий чинээгээр нөлөөлж, хүмүүжүүлж өсгөсөн гэсэн үг юм уу даа.
Та 31 насандаа МУГЖ, 36 насандаа МУАЖ болсон. Ийм залуудаа төрийн дээд шагнал аваад омогшин бардамнаж байсан уу?
-Хүн намайг гаднаас нь харахад тийм байсан байж магадгүй. Ер нь сонгодог урлагт ороод ирэхээр нөгөө энгийн байдал өөрийн эрхгүй эрхэмсэг байдал болон хувирдаг байх. Одоо ч зарим хүмүүс надад хэлдэг. “Сайн байна уу гэхээр чи сайн гэж хэлчихээд тоохгүй шахам өнгөрдөг байсан” гэж. Би ид залуу халуун насандаа дуурьт өөрийгөө бүрэн зориулчихсан, бүхий л зүйлийг сурах гэж мэрийдэг байлаа. Одоо бодохоор бараг хэнтэй мэндэлж байгаагаа ч анзаарах сөгөөгүй, тийм завгүй явж байж дээ. Би нэг бол ангидаа төгөлдөр хууртайгаа, эсвэл маргааш тоглолттой учраас гэртээ дуугүй суудаг байсан. Тэр энгийн зүйлийг эрхэмсэг болгоно гэдэг л энэ байх. Тэгээд л хүмүүст бардам харагддаг байсан байх. Ер нь гавьяат болъё, ардын жүжигчин болъё гэж уран бүтээл туурвидаг хүн байдаггүй гэж боддог.
-Залуухан байхдаа би нэг айлын хүүхдийн үсний найранд очтол зурагтаар нь та гарч байсан. Дуулж байгааг тань хараад хүмүүсийн дунд таны тухай яриа боллоо. Сайхан дуулдаг, сайхан хүүхэн шүү гээд л. Гэтэл тэдний дундаас нэг хүн босоод “Та нар мэдэхгүй, энэ хүний ээж нь бүр сайхан хүүхэн, би түүнд хайртай байсан юм” гээд л ярилаа. Тэр хүний хэлсэн өнгө аяс их өөр байсан л даа. Би тэгэхэд яагаад ч юм хайрын тухай бодож байлаа. Ижий тань сайхан хүүхэн байж дээ, тийм үү?
-Миний ижий үнэхээр сайхан хүүхэн байсан. Үс нь намирсан, шүд нь яралзсан, гунхсан сайхан бүсгүй. Бас их ажилсаг. Түүний нэг илрэл нь 30 насандаа Хөдөлмөрийн баатар болсон явдал. Ямар их хөдөлмөрийн үр шимээр энэ шагналыг авсаныг нь би мэднэ. Тийм болохоор ижийгээрээ туйлын ихээр бахархдаг. Тэр их ажлын хажуугаар биднийгээ хайраар дутаахгүй өсгөсөн дөө. Их уужуу хүн. Тэр үед бэлэн хувцас гэж байгаагүй болохоор бүгдийг гараараа урладаг гайхалтай уран хүн байсан. Манай ангид лав над шиг гоё дээлтэй хүүхэд байгаагүй юм даг.
-Ээж тань их цөөхөн цаг унтдаг байсан байх даа?
-Нээрэн тийм байх. Ажлаа хийж явахдаа л төрөх болоод дандаа гэртээ амарждаг байсан. Манай дүү нар лав бүгдээрээ гэртээ төрсөн. Тэгээд хөдөөнийхөн өөрсдөө эх бариад авчихдаг байсан юм.
-Та ээжийнхээ хөдөлмөрч чанарыг өвлөж авсан бололтой?
-Уг нь би ээжээсээ тэр занг нь өвлөж авсан бол их хөдөлмөрч хүн байх байсан. Би ердөө гуравны нэгийг нь л авсан байх. Тэгэхдээ ээжийнхээ тэр үед хэрхэн хөдөлмөрлөж байсныг огт мартдаггүй юм. Бүгдийг нь шингээгээд авч чадаагүй ч гэсэн түүнийг нь мартахгүй өөртөө үлдээж чадсан нь бас чухал гэж боддог доо.
-Намайг залуу жүжигчин байхад таны талаар таагүй мэдээлэл их гарч байсан. Бид юмны учрыг ойлгохгүй шууд л итгэчихнэ. Гэтэл нэг өдөр драмын театрт явж байтал та тайзан дээр дуулж харагдсан. Би тэр дууг дуустал өөрийн эрхгүй хөшиж орхисон. Тэр цагаас хойш би таныг хайрладаг болсон юм. Таны талаарх тэр олон таагүй мэдээллийг эсэргүүцэн дарах гэж та хөөцөлдөж яваагүй. Яаж тэсдэг байсан юм бэ?
-Би ер нь аливаа юмыг тийм хүндээр тусгаж авдаггүй л дээ. Хүмүүс хэцүү байсан уу гэж их асуудаг. Надад бол тийм хэцүү юм байгаагүй. Сонсоод өнгөрөх ёстой л шүүмжлэл байсан юм болов уу гэж боддог. Тэгээд ч намайг тэр том төрийн тэргүүний гэргийтэй ажлаар холбон ярьж байгаа юм бол би бас тийм том дуучин л болж байгаа юм байна гэж бодоод л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байсан. Гэхдээ тэр хүн зөвхөн надад биш, монголын урлагт олон чухал зүйл хийсэн хүн шүү дээ. Олон хүн хэлнэ. Нэг үе тэр аяараа хэлэх учиртай. Уран бүтээлч хүнд ямар ч хүн хайртай байж болно биз дээ, тийм үү? Миний уран бүтээлд л дуртай байснаас биш надад тэр хүн юу ч өгөөгүй, миний хоолойг, дуулах микрофоныг минь авчирч өгөөгүй шүү дээ.
-Бид бригадаар явж тоглолт хийж байхад бараг аймаг бүрт Филатовагийн барьж өгсөн соёлын төв, цэцэрлэг байдаг байсан. Ингээд бодохоор бас л их зүйлийг бидэнд өгчээ?
-Тийм шүү. Монголыг гэсэн чин сэтгэл тэр хүнд байсан юм шүү. Эмэгтэй хүнийхээ, эх хүнийхээ хувьд их сайхан сэтгэлтэй, сайхан эмэгтэй байсан.
-Урлагийн хүнд урлагаа сонгох уу, хувийн амьдралаа сонгох уу гэсэн асуулт байнга тулгардаг. Гэтэл та үүнийг даван туулаад, гурван хүүхэд төрүүлээд, уран бүтээлээ хийгээд, шагнал цолоо аваад, одоо багшлаад явж байна. Энэ их ачааг үүрэлцсэн хүн мэдээж таны хань байх. Хүмүүс ханийн тань талаар тэр бүр мэддэггүй?
-Тийм л даруухан хүн байсан. Хүмүүс тэр бүр мэддэггүй, тийм л даруухан. Харин гэртээ бол асар ихээр үгүйлэгддэг хүн. Урлагийн хүн сайн явах эсэх нь гэр бүлийнх нь хүнээс их шалтгаалдаг. Миний гаргасан амжилтын 70, 80-аад хувь ханийн минь халамж, нөлөөллөөс шууд хамаарна. Гэхдээ хааяахан хэдэн үг хаяна. Ингээд л амралтын өдөр болохоор би л эхнэргүй өвгөн шиг хүүхдүүдтэйгээ, баяр болоход би л дагуулаад парк орох юм гээд л. Би тэгэхэд нь тэтгэвэрт гараад яг хамт байна гэж амласан ч бас л энд тэнд тоглолттой болоод, үгэндээ хүрэхэд асуудалтай байсан л даа. Тэгээд л хорвоогийн жамаар хань минь өөд болсон. Хааяа нэг хань минь, ижий, аав минь байсан бол… гэж бодогдох л юм. Цуглаж ирээд цувж буцдаг хорвоо хойно доо. Одоо буурал эмээ болчихоод сайхан л амьдарч байна. Ингэж сайхан амьдарч яваа нь миний ижийн буян. Ээж маань их буян хийсэн хүн болохоор тэр буянд нь ингэж жаргаж яваа байх гэж боддог юм. /Уйлав./ Урлагийн хүмүүс чинь их уйланхай болчих юм байна шүү дээ.
-Та ер нь багын уйланхай байсан уу?
-Тийм. Их уйланхай хүүхэд байсан. Мэргэжлийн шалгалт авч байтал би дуулж байхдаа уйлаад байсан чинь “яаж дуулахдаа уйлдаг юм бэ дээ, хөөрхий минь уйлаад л байх юм” гэж багш хэлж байсан. Ер нь сэтгэл хөдлөл ихтэй болохоор түүнийгээ дарж чадахгүй уйлчихдаг юм.
-Би нэг хүнээс сонссон юм. “Уртаа багш нэг л өдөр хэнд ч хэлэлгүй тайзнаасаа яваад өгсөн” гэж. Энэ үнэн үү?
-Үнэн шүү дээ. Би нэг л өдөр орхиод явчихсан. Нэг өдөр гэнэт эргэн тойрноо харсан чинь бүх юм өөрчлөгдөөд, би л ганцаараа үлдчихсэн юм шиг санагдсан. Тэр үед 50 настай байлаа. Тэгээд л “За одоо болъё доо” гэж бодоод л шууд гараад явчихсан. Сүр бадруулж хүмүүст хэлье ч гэж бодоогүй. Ер нь би одоо ч дуулдаггүй шүү дээ. Багш маань бидэнд “Уран бүтээлээ хийгээд, дараа нь “За одоо яг боллоо гэж бодсон үедээ тайзаа өөрөө орхиж чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл чиний гялалзсан үе л хүмүүсийн сэтгэлд үлдэнэ” гэж хэлдэг байсан. Ингээд л бүх тохироо бүрдчихсэн юм шиг санагдаад Германд амаржих гэж байсан охин руугаа яараад явчихаж билээ.
-Тайзаа орхих талаар ярихад надад их хэцүү байдаг юм. Мэдээж таны хувьд ч тийм л байх…?
-Үнэхээр хэцүү. Тэр тайзны чийгтэй үнэр үнэртээд л… Одоо ч би театртаа орохдоо ганданд орж байгаа юм шиг л ордог. Амралтаа дуусгаад ажилдаа орохдоо тайзныхаа хөшигнөөс адис авдаг байлаа. Хүн гэрээ солиод нүүхдээ яадаг ч үгүй. Харин театрын тайз гэдэг айхавтар уяа байдаг юм билээ. Гэхдээ одоо би дуулахгүй байгаа ч дуулж байгаа хүмүүсийг хараад яг өөрөө дуулж байгаа юм шиг баярлаж, мэдэрч чаддаг шүү.
-Өнгөрсөн хавар байна уу даа, шавь нар тань танд зориулж уран бүтээлээрээ тоглолт хийж бэлэг барьсан. Тэгэхэд та уйлаад л сууж байгаа харагдсан. Тэр үнэхээр гайхалтай үдэш байсан байх?
-Тэр үед би хязгааргүй их баярласан. Алдар цол авч байх үеийнхээсээ ч илүү баярлаж байлаа. Миний зүрхэнд хүрсэн баяр болсон. Надад лав хэдэн нас нэмлээ гэж хүүхдүүддээ талархаж байсан даа.
-Баярлалаа. Малчин айлын хүүхэд дэлхийн тавцанд яаж гялалздагийг, хүн яаж хөдөлмөрлөж болдгийг харуулж, уран бүтээлчдийнхээ үлгэр болсон тандаа хамгийн сайн сайхныг хүсье.
-Та нартаа ч гэсэн баярлалаа. Аливаа юманд алтан хэмжээ гэж нэг юм байдаг. Хэмжээ гэдэг зүйлийг л бүү мартаарай. Цатгалан бодолтойгоор тайзнаас буусан цагтаа хүн уран бүтээлч хэвээрээ л байдаг юм шүү гэж хүүхдүүддээ захья.
Эх сурвалж: “Нийслэл guide” сэтгүүл
Odno"s talk sho