“Дэлхий сөнөнө” гэсэн цуурхал хүмүүсийг түгшээсэн арванхоёрдугаар сарын 21-нд хотын гудамж хөл хөдөлгөөн багатай, Монголд шугамын автобус, дуудлагын таксинаас өөр машин байдаггүй мэт. Энэ өдөр “Амьдралын тойрог” булангийн зочноор Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяаг урьсан юм. Шинэ жилийн баярт зориулсан тоглолтын урилгад дарагдаж завгүй байгаа ч бидэнд, манай уншигчдад цаг гаргасанд нь талархаж, бас цагаасаа хожимдохгүйн тулд яарав.
Тэднийх хотын төвд “Шинэ төгөл” хотхонд амьдардаг болохоор ажлаасаа гараад 30 минут алхаад л Сараагийнд очив. Хонх дарахад тэрээр хаалгаа тайлж өгөнгөө гэрэл зургийн аппарат руу харж “Хүүе зураг авна гэж хэлээгүй шүү дээ” гэсээр угтав.
Биднийг зочны өрөөнд ороход таазанд тулсан том ёолк нүдэнд тусав. Өнгө өнгийн гэрэлтүүлэг, хамтарч ажилладаг байгууллагууд, найз нөхдөөс нь ирүүлсэн бяцхан атлаа гоёмсог ууттай бэлэг, чамин бөгөөд загварлаг мэндчилгээнүүд дүүрэн зүүжээ. Түүний цаад талд цонхны наана том ширээн дээрх ном уншихад зориулсан тавиурт сурагч дэвтэр тавиастайг үзвэл дөнгөж саяхан тэнд хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж байсан бололтой.
Тэрээр жижигхэн бор вааран тавагт дүүрэн үзэм таваглаж тавингаа “Өчигдөр таван тоглолттой байсан. Өнөө орой дахиад тоглолттой. Өглөө эрт босч хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөс ажил эхлээд ундарна. Завсарт нь тоглолтын бэлтгэл хийнэ. Үдээс хойш охиныхоо хичээлийг давтуулчихаад үсчин орохын өмнөхөн цаг гаргаж байгаа минь энэ. Ярилцлага авъя гэсэн хэвлэл, мэдээллийнхэн олон байна. Зав гаргаж чадахгүй юм” хэмээн ярилаа.
Тэрхүү үзэм тавагласан жижигхэн ваарыг “25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр миний эв хавгүй хийсэн шаврыг засч сүүлд нь надад дурсгасан юм хэмээн хуучилж байна. Ийнхүү бидний яриа энгийн өрнөж “дэлхий сөнөх”-ийг ч мартаж орхив. Угаасаа тэдний босгоор алхахад л ажил хэргийн яриа өрнөж, оройн тоглолтод яарсан уур амьсгал, гэртээ бий болгосон ажлын офиссоос нь сонсогдох шинэ жилийн тухай шинэ дууных нь бичлэг анхаарал татаж тэрхүү сэдвийг ор тас мартуулсан билээ. Офисс гэснээс гадаад харилцаа, интернэтээр гэрээ байгуулах, бичиг хэргийн ажлаа явуулахад эгчийнх нь хүү тусалж, нэг ёсондоо нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор гэртээ ийнхүү өрөө гаргаж тохижуулжээ. Офиссын өрөөний нэг буланд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын маршалын хувцастай хөргийг шилэн жаазанд хийж байршуулжээ. Түүний юу гэж хариулахыг сонирхож “Гоё зураг шүү” хэмээн битүүхэн асуулт нэхэхэд “Би Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг хүндэлдэг. Тэд бол улс эх орныхоо төлөө гавьяа байгуулсан хүмүүс. Бас Ж.Батмөнх гуай байна. Хүний байгуулсан гавьяаг ямар ч үед мартаж болохгүй. Цаг үе өөр байлаа ч хүн үзэл бодолдоо үнэн ч үлдэх ёстой” гэж байна.
Түүний цаад талд тоглолтын хувцаснуудаас эхлээд уран бүтээлийн ажлын бүхий л хэрэгслийг эмх цэгцтэй байрлуулсан нь түүний “Тоглолтын өрөө” юм байна. Мөн бүхий л гавьяа шагнал, зургийн цомог гээд нандин дурсамжуудыг нь хадгалсан бяцхан булан байх аж. “Шинэ төгөл” хотхон дахь дуучин Сараагийн гэр иймэрхүү. Одоо харин та биднийг хаана ч орсон, гарсан цангинаж, өөрөө ч мэдэлгүй даган аялж буй “Шинэ жил ирлээ”, “Шинэ жилийн шөнө сайхан” дуутай хамт тархи, зүрх хоёрт тань оршин буй эрхэмсэг, эршүүд, эрх Сараагийн ярилцлагыг хүргэе.
ШИНЭ ЖИЛИЙГ СӨҮЛД УГТАНА
–Хаана ч явсан таны дуулсан шинэ жилийн дуунууд эгшиглэж байна. Баярыг завгүй өнгөрүүлдэг байх. Гэхдээ гэртээ ширээ тойрч суух мөчүүдээ тооцоолсон биз. Нууц биш бол та хэдийд нь баяраа тэмдэглэдэг юм бэ?
-Завгүй байдаг нь үнэн шүү. Тоглолтоос гадна ямар даашинз өмсөх вэ гээд бөөн ажил ундарна. Залуу байхад богино даашинз сонгодог байсан бол нас тогтоод ирэхээр эрхэмсэг харагдах урт даашинз өмсье гэж боддог болчихож. Нөгөө талаар даашинзнаас илүү сэтгэлзүйгээ бэлтгэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл хуучны дуунуудаа шинэчиллээ. “Шинэ жилийн шөнө сайхан” дууныхаа хөгжмийг шинэчилсэн. Хүмүүс “Жилдээ нэг удаа дуулаад өнгөрөхийн хооронд” гэж ярьдаг. Гэтэл тийм биш юм. Бидний ирээдүй, шинэ оны амжилт гээд олон зүйл түүнээс шалтгаалдаг. Сараа шинэ жилээр ямар байна шинэ онд тийм байна. Жаахан гундуу байвал гундуу байна, өөдрөг бол мөн өөдрөг байна. Ааштай байвал ааштай байна гэсэн үг. Олон жилийн турш Сараа дуулсан. Одоо ч дуулж л байна. Надтай адилхан дуулдаг гавьяат цолтнууд олон бий, улс оронд. Гагцхүү чанарыг эрхэмлэх учиртай. Энэ олон байгууллага, хамт жил болгон өндөр үнэ ханшаар дуулуулах гэж Сарааг уриад байгаад учир бий. Тэр дуу нь үнэхээр гоё юм уу, эсвэл Сараа ажлаа сайн хийдэг юм уу. Олон жилийн турш дуулсан ч гэлээ тэр бичлэг моодноос гарахгүй байгаагаас үзэхэд надтай хамт уран бүтээл туурвисан хүмүүс чанартай бүтээл хийсэн байгаа биз. Манай Н.Баярхүү 2001 онд “Шинэ жил манайд ирлээ” дууны оранжировшикийг хийсэн. Түүнээс 11 жилийн дараа саяхан шинэ найруулга хийж өгсөн. Үнэхээр чанартай сайхан бүтээл хийсэн байна. Хөгжмийн шинэ найруулгаар дуулахад хүмүүс их сайхан хүлээж авч байна.
–Баяраа хаана тэмдэглэх тухайд?
-Би шинэ жилийг дандаа Монголдоо угтдаг байсан. Ширээгээ яаж засах тухайгаа эрт бодсон. Шинэ жилийг энэ удаа Сөүлд угтахаар шийдсэн. Ээж, эгч нар хамт явах учраас хүүхдүүд маань дуртай байгаа. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа шинэ жилийн баярт оролцоно.
–Биднийг орж ирэхийн өмнө та охиныхоо хичээлийг давтуулсан гэсэн. Тэр ээж шигээ дуулах болов уу?
-/инээв/. Дуулах дуртай. Манай хүүхдүүд бүгд авъяастай. Бүгдээрээ дуулна, бүжиглэнэ. Сургуулийнхаа урлагийн үзлэгт их идэвхтэй оролцдог. Миний хоёр охин, дүүгийн охинтой хамт сургуулийнхаа балетын дугуйланд явдаг.
–Яагаад хүүхдүүдийнхээ дуулах авьяасыг хөгжүүлье гэж бодохгүй байгаа юм бэ?
– Бусад хүүхдүүд шиг ерөнхий боловсролын сургуульд сураг. Авьяас гэдэг өөрөө товойгоод гараад ирдэг зүйл. Харин тэр үед авьяасыг нь хөгжүүлэх дугуйланд оруулъя гэж бодож байгаа.
ШИНЭ ЖИЛТЭЙ ХАМТ ШИНЭ ДУУ ЗОХИОЖ БАЙГАА
–Одоо шинэ жилийн тухай сэдэв рүүгээ эргэж оръё. Дуу төрсөн түүх болгон сонин байдаг. Шинэ жилийн дууг дуулах болсон тухайгаа дурсахгүй юу?
-”Шинэ жил ирлээ”-г дуулахаас өмнө манай “Хөх тэнгэр” хамтлаг Монголын радиод бичлэг хийлгэж байтал хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Энхбаяр “Сараа шинэ жилийн дуу хэрэгтэй шүү. Нэг дуу дуулчих” гэсэн. Тухайн үед бид албан газруудаар явж үдэшлэг зохиж, хэдэн дуу дуулж өгөөд 500 төгрөг авч түүнийгээ хуваадаг байлаа. Түүнийгээ “Хаагий” халтуур хийх гэж нэрлэнэ. Тэгээд л тийм зүйлд хэрэгтэй шүү, Сараа чи нэг дуу бичүүлчих гэсэн нь тэр. Би дуулж, манай хөгжимчид их гоё тоглож бичүүлсэн. “Баярын мишээл” нэвтрүүлгээр ганц нэг дуулснаас хойш тэр дуугаа бараг мартсан. Сүүлд сэргээх гэтэл хөгжмийнх нь бичлэг байдаггүй. Тэгээд Германд амьдарч байхад манай Эрхэмбилэгийн аав Л.Болдхуяг бид хоёр “Энэ сайхан дууг бичүүлье” гэж ярилцсанаар 1998 оноос хит болсон. Тэр үеэс шинэ жилийн дуу доргио, бүжгийнх байдаг гэсэн моод дэлгэрсэн. Түүний дараа хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар хамтран дуу бүтээж надад бэлэглэсэн. Дуунаас гадна клипийг нь ивээн тэтгэж хийлгэж өгсөн. Баахан Санта Клаустай клип маань ингэж мэндэлсэн түүхтэй. Тухайн үед Санта Клаус моодонд ороогүй байсан юм. Харин бид клипээрээ их сурталчилсан /инээв/. Түүний дараахан Л.Балхжав ах чамд зориулаад “Цагаан шөнө” гэдэг дуу зохиосон, тоглолтоо ч тэгээд нэрлэчихсэн гэдэг юм байна. “Би дууг нь сонсоогүй шүү дээ. Та яасан итгэлтэй байгаа юм бэ. Би дуулж чадах болов уу” гэлээ. Ингээд хөгжмийн зохиолч Пүүжээ ахын студид очиж хөгжмийг нь сонссон, надад таалагдсан. Тухайн үед солонгос олон ангит кинонууд ид гарч байсан болохоор тэр үү эгшиглэнт хайрцаг дуугарсан романтик маягийн дуу төрсөн. С.Гантөр ах хөгжмийг нь их гоё хийсэн. Шинэ жилийн дуунууд ингэж бүтсэн. Тэгвэл өнөөдөр “Цонх тогших цасан талст” шинэ дуу төрж байна. Залуу уран бүтээлч Золзаяа буюу ZZ шүлгийг нь бичиж, Ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү Т.Мөнх-Оргил Aindi поп гэж ярьдаг шинэ поп стилиэр зохиосон. Удахгүй клипний зураг авалтад орно. Шинэ жилтэй уралдаж, өмнө нь гаргачихая гэж яарахгүй байна. Өөрөөр хэлбэл, шинэ жилтэй хамт шинэ дуу зохиож байна, бид. Ер нь дуунууд ийм л түүхтэй байдаг юм даа, их төлөв.
–Хүмүүс Сараа шинэ жилээр дуулаад их мөнгө олж байгаа даа гэж ярьдаг?
-Чааваас даа, бид чинь хоёрдугаар сард хүн амын орлогын албан татвараа тушаана. Нөгөөтэйгүүр, бид улсаас цалин мөнгө, ямар нэгэн тэтгэмж авах биш. 100 хувь өөрсдийн санхүүжилтээр, бор зүрхээрээ зүтгэж явдаг хүмүүс шүү дээ. Туслах, нарийн бичиг, дууны найруулагчаа цалинжуулна. Зүгээр нэг CD-гээ шидчихээд дуулаад байдаг хүмүүс бий. Гэтэл дуунд зориулсан хөгжим, микрофон, хөгжмийн найруулгаа өөрчлөх, тоглолтын хувцаснуудаа шинэчлэх гээд олон зүйл бий. Хувцасны чиглэлд “Шилмэл загвар”-ын ордонтой хамтарч ажилладаг. Мөн “Туяарах салон” байна. Тэд маань миний дүр төрхөд анхаарч байдаг.
–Өвлийн тухай дуулаад байдаг. Таны дуртай улирал юу вэ?
-Хавар. Гэхдээ би өвлийн хүйтнийг огт ажирдаггүй. Адууныхаа махыг чанаад идчихнэ. Монгол хүн махаа сайн идэх нь эрч хүчтэй байна шүү дээ. Энерги сайтай байж амрах үедээ хангалттай амарчихаад байхад өвлийг ажрахгүй давна.
–Уран бүтээлийн зэрэгцээ ажил, амьдралын ачааг хэрхэн зохицуулж байна. Олон хүн, тэр дотроо таны фенүүд Сараа эрч хүчтэй, эрхэмсэг атлаа эршүүд гэж ойлгодог?
-Манай ээж, эгч, ар гэрийнхэн надад байнга тусалдаг. Зарим хүн хамаатан, садантайгаа хааяа уулздаг, цаг завгүй гэж ярьдаг. Би ээж, эгч, гэрийнхэнтэйгээ ойр байдаг. Тэднийхээ ач буянаар би үзэгч түмэндээ олон удаа харагдаж, бараг л гэр бүлгүй хүн шиг дуулж хуурдаж явна. Одоо хүүхдүүд ч том болж тусад орж дээ. Өмнө нь гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч шаардлагатай болдог байлаа.
2012 ОН ЭРГЭЖ БУЦСАН ЖИЛ БАЙЛАА
–Та түрүүнд шинэ жилийг хэрхэн угтахаас ирэх онд ямар байх шалтгаална гэсэн. Ирэх онд таны тайзан дээр гарсны хэдэн жилийн ой тохиох вэ?
-За байз /бодов/. 2006-2007 онд 20 жил болж байсан юм байна. Тэгэхээр ирэх онд 26 дахь жилтэйгээ золгох юм байна /инээв/. Монголчууд дандаа сайныг ерөөж байдаг амны билэгтэй ард түмэн. 2013 он сайхан жил болох байх. Энэ өвөл нэлээд хүйтэн байх болов уу, хүмүүс тэгж яриад байна. Миний санахад 1980-аад онд ийм хүйтэн байсан. Түүнээс 30 жилийн дараа гээд бодоход ер нь ингэж давтагддаг юм биш үү. Цаг агаарын байдал ч гэсэн давтамжтай байдаг шиг байна. Хүн бэрхшээлийг туулах чадвартай байдаг хойно монголчууд оюун санаагаараа юуг ч давна.
–Ингэхэд та 2012 онд болсон үйл явдлаас юуг онцлох бол?
-Санаанд үлдсэн онцлох зүйл алга.
–Тэгвэл ямар жил байв?
-Эргэж буцсан, ороо бусгаа үе шиг санагдаж байна. Тэр утгаараа эх орондоо удаан байх сонирхол алга, хэцүү байна. Төрийн ажил төрд хамаатай, ард түмэнд огт хамаагүй шиг ийм сэтгэгдэл надад ойлгогдож байхад ард түмэн юу бодож байгаа нь ойлгомжтой. Тэрүүхэн тэндээ хэдэн хүн төр, засгийн ажил хийж улс орны амьдралаар амьдраад л.Тэр хавьд нь бүх зүйл болоод, бусад нь хэцүү. Төрийн ордонд байдаг хэдэн хүн, бусад гэж хоёр хуваагдсан хүмүүс монгол оронд амьдарч байна. Зарим хүн тэгж бодохгүй байж магадгүй. Надад ингэж ойлгогдож байна. Харамсалтай нь ийм байгаад би тусалж чадахгүй болохоор яалтай билээ.
–Танайх руу ирж явахдаа бодож байлаа. Хотын төвд амьдардаг, нийслэлийн иргэний хувьд сүүлийн үеийн өөрчлөлтүүдийн тухайд ямар бодолтой байна?
-Машины дугаараар явуулж замын түгжрэлийг багасгасан гээд олон өөрчлөлтийг сайнаар хүлээж авч байна. Гэхдээ асуудал зөндөө байна. Замын түгжрэлийн тухайд ямар ч том хотод байдаг асуудал шүү дээ. Анхнаасаа том машинуудтай болно гэж хотоо төлөвлөөгүй байх. Өнөөдөр нэгдүгээр сургуулийг харахад 1923 онд байгуулагдсан гээд байж байна. Дээр үеийн барилга хэвээр байж байгаад хотын хуучин удирдлагууд Засаг дарга асан Г.Мөнхбаяр, менежер Ч.Бат нарын хийсэн, бүтээсэн зүйл их бий. Хотын төлөө тэдний хийсэн зүйлүүдийн ач гавьяа бий. Манайхан, засгийн эрх барьж буй хүмүүс өмнөхөө үгүйсгэдгээ болих хэрэгтэй. Шинэ дарга гарч ирлээ гэхэд өмнөх хүмүүсээс авч үлдэж, туршлагыг нь авбал ажилд нь илүү дөхөмтэй санагдана. Ажил хийх гэж гарч ирсэн бол тэр ажлаа урагшуулахаар зүтгэх ёстой болохоос хувийн амбиц хөөснөөр ажил явахгүй. Зарим хүн “Босч мориндоо мордъё, эх орноо хамгаалъя, байлдах хэрэгтэй” гэж ярьж байна шүү дээ. Тэд юу ярьж байна гэвэл, ерөөсөө болохгүй байгаад л тэр. Нөгөөтэйгүүр би гэртээ суугаад бусад нь улс орныг өөд нь татчихна гэж бодож болохгүй. Бүгд гарч ханцуй шамлаж байж болж бүтнэ. Хотын дарга юм бол тэр хүн хийг, бид хараад сууж байя гэдэг байж таарахгүй. Улсаас өгч буй цалингаас гадна сэтгэл зүрхээрээ эх орныхоо төлөө хийх ёстой үүрэг даалгавар гэж бий. Бид тэр үүргээ биелүүлэх ёстой, хийх хэрэгтэй.
АРД ТҮМНИЙХЭЭ ХАЙР ЭНЭРЭЛИЙГ ДААЖ ЯВАХЫГ ХИЧЭЭДЭГ
–Та монголчуудаа соён гэгээрүүлэх, урлаг соёлын үрийг тарих ажилд зүтгэж яваа уран бүтээлч. Нэрний тань өмнө байнга дурьдагддаг “Зууны манлай” эстрадын эмэгтэй дуучин гэсэн хүндлэлийн тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Дараагийн зуун хүртэл байсаар байх хосгүй хүндлэл шүү дээ. Хүнийг нь эрхлүүлж надад ийм шагнал өгсөн юм биш үү. Буруу, зөв юу ч хийсэн толгойг нь илж байдаг. Намайг эрхлүүлж байгаа, олдсон энэ боломжийг би буруугаар ашиглая гэж боддоггүй. Онц хүн болох гэж өдөр шөнөгүй бодох хаашаа юм. Гэхдээ энэ их хайр энэрлийг нэр хүндтэй, аятайхан дааж явахсан гэж боддог. Ард түмэндээ цаг мөнхөд баярладаг. Зарим хүн ард түмэн юу ч биш, хоосон цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэхчлэн ярьдаг. Гэтэл ард түмний хэлсэн үг ямагт үнэн байдаг.
– Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Хамгийн гол нь манай уншигчдыг хүндэтгэж, бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Шинэ оны босгонд монголчууддаа хандаж юу хэлэх бол?
-Эзэн Чингисийн үеэс эхлэн монголчууд түүхээрээ омогшиж омог бардам амьдарч ирсэн. Байгаль дэлхий хорвоо ертөнцийн бүх хүнээс монголчуудад илүү энэрэнгүй хандана гэж итгэлтэй явсан он жил олон бий. Гэхдээ цаашид бид тийм тусгай хандлагад найдаж амьдарч болохгүй. Харж суухын оронд амьдрах л хэрэгтэй. Бүтээн байгуулалтад оролцох ёстой. Дор дороо, хүн болгон үүднийхээ шороог гадагш нь гаргаж хаях биш хамж аваад хогийнхоо цэг дээр аваачиж хаядаг болсон цагт, хүмүүс бие биедээ эелдэг хандаж эхлэх юм бол монголчуудын амьдрал өөдөлнө. Түүнээс чи цаашаа, би наашаа гэх юм бол амьдрал сайхан болохгүй. Эвтэй найртай, ухаантай, хүлээцтэй, уужуу сэтгэлтэй байх чухал. Хэрэв бидний ухаан хүрэхээ байж байгаа бол эх түүхээ уудлах хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ үгийг сонсох учиртай. Одоохондоо бидэнтэй хамт байгаа буурлуудынхаа үгийг сонсох ёстой. Бид түр зуур нэг л зуунд амьдарч байгаа цөөхөн хүн шүү дээ. Бид энэ ертөнцийн зочид. Зочин гээд, дараагийн буудалд буугаад явчина гэж эрээ, цээргүй хандаж болохгүй. Дараагийн хүн орж ирж энэ галт тэргэнд амьдарна шүү дээ. Хойч үе, ирээүйдээ ямар дэлхийг, ямар газар нутаг, эх оронг үлдээх вэ гэдгээ бодох учиртай. Ганц хэрэглээд дуусах нэг хэрэглээний зүйл шиг “Бид идчихвэл болоо” гэж бодож болохгүй. 00-ийн өрөөнд тавьсан цаасыг хэрэглэхдээ ганцаараа хэрэглэж байгаа юм шиг гартаа рулоноор нь ороож авах өөр, бусаддаа хүрчихээсэй гэх өөр. Биднийг хорвоод амьдрахдаа хэрэглэ гэж балга ус өгсөн бол яаж хэрэглэх байсан бэ гэж бодож үзэх хэрэгтэй. Ард түмэндээ сайхан амьдрах хэрэгтэй гэж хэлье. Ажилсаг бай. Байгаа юмандаа аривч, хямгач ханд. Хүний сэтгэлийг гамна. Хүн хүнээ хайрлаж, сайхан амьдар. 2013 ондоо өөдрөг, байгаадаа сэтгэл хангалуун, ирээдүйд ихийг бүтээнэ гэж бодож холыг харах чадвартай байж, энэрэнгүй нигүүлсэнгүй үзлээр бие биеэ хайрлаж, хууль цаазаа дээдэлж тэгш сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Шинэ ондоо элбэг дэлбэг, нүүр дүүрэн мишээлтэй шинэ оноо угтаарай.