Эрт урьд цагт
Нар сая мандаж
Навч цэцэг сая дэлгэрч байхад
Сайн цагийн түрүүнд
Муу цагийн сүүлд
Сүмбэр уулыг гүвээ байхад
Сүн далайг тойром байхад
Хэнтий хааныг цохио байхад
Хэрлэн Туулыг шалбааг байхад
Галын хөвөөг улайрч байхад
Газрын гүвээг шарлаж байхад
Хангайн модыг зулзага байхад
Хатан харыг унага байхад
Дивангарын үедээ
Диваажингийн орондоо
Хаадын хаадын их л гэнэ
Хамаг хаадын тэргүүн гэнэ
Эзэд эздийн түрүүнийх гэнэ
Энхболд хаан гэж байжээ.
Энхболд хаан
“Гарахаасаа гайтай
Гавал тайрахад дуртай
Төрөхөөсөө түйтэй
Түйтгэр удахад дуртай
Нэг л гэвэл нэхдэг
Нэхэс гэвэл барьдаг
Хоёр л гэвэл хүрдэг
Хонгис хийвэл хүрдэг
Бараа харагдвал дагадаг
Барс гэвэл барьдаг
Ган төмөр илдийг
Гартаа атгаад төрсөн
Галзуу муусайн дайсны
Зүрхийг атгаад төрсөн
Хөнөөлт муусайн дайсны
Зүхийг нь атгаад төрсөн
Халцарч холцорч болохгүй
Арван давхар хуйхтай
Хэмхэрч хамхарч болохгүй
Хорин давхар ястай
Оройн будангаар төрсөн
Хилин галзуу баатар хүүтэй юмсанжээ.
Хилин галзуу баатар
“Өнөө долоон настай
Өнчин Бод л Галав”
Шинэ гурван настай
“Бурмаа Янсан дагина”
Хоёр дүүтэй юмсанжээ.
Хилин галзуу баатрын
Орд харш гэвэл:
Хөндийн уулын эхэнд
Хөрцөгийн голын адагт
Алтай Сүмбэр овооныхоо
Ар л биеийг бариулсан
Рашаан гурван далайнхаа
Энгэр биеийг бариулсан
Тал газар тааруулсан
Талбай газар байгуулсан
Далан таван баганатай
Дайван цагаан орд нь
Могой ясан уньтай
Молор эрдэнэ тоонотой
Шижир алтан дээвэртэй
Цад мөнгөн туургатай
Цагаан мөнгөн цавагтай
Цалин мөнгөн дотортой
Хар мөнгөн хаяавчтай
Хас мөнгөн ханатай
Биндэръяа эрдэнэ шалтай
Хаш чулуун довжоотой
Хас маргад хаалгатай
Бадмааргийн гэрэлтэй
Бахтай сайхан орд гэнэ.
Хоёр дүүгийн нь орд гэвэл:
“Зааны ясыг заагаад хийсэн
Зандан модыг зүйгээд хийсэн
Урд л зүгийн хаалганд нь
Улаан лууг сийлсэн
Улаан луугийн сүүлэнд нь
Уушгийн тарнийг бясалгасан
Урд зүгийн амьтад
Үзэн үзэн гайхна
Баруун зүгийн хаалганд нь
Бар л лууг сийлсэн
Бадмын тарнийг бясалгасан
Баруун зүгийн амьтад
Үзэн үзэн гайхна
Хойд зүгийн хаалганд нь
Хонсим бодисадыг сийлсэн
Хонсим бодисадын сүүлэнд
Хоёр лууг зогсоосон
Хойд зүгийн амьтад
Үзэн үзэн гайхна
Зүүн зүгийн хаалганд нь
Зүр гурыг сийлсэн
Зүр гурын сүүлэнд
Зүрхэнтарнийг бясалгасан
Зүүн зүгийн амьтад
Үзэн үзэн гайхна.
Зүүн хойт зүгийн
Орой өнцөг дээр нь
Ам л шүд нь ангайсан
Араа соёо нь ярзайсан
Заяа муутай шулмасыг
Залгиад авахын шинжтэй
Хувь л муутай амьтдыг
Хумхиад авахын шинжтэй
Тийм л амьтан сийлжээ.
Хилин галзуу баатар нь
Араараа дүүрэн ай түмэн
Алаг хонгор адуутай
Өврөөрөө дүүрэн
Үй түмэн алаг хонгор адуутай
Мянгуузын голоор дүүрсэн
Манхан шар халзан хоньтой
Дүнгүүзийн голоор дүүрсэн
Дүнхэн халзан хоньтой
Бумтын хоолой дүүрсэн
Буман улаан үхэртэй
Түмтийн хөндий дүүрсэн
Түмэн улаан үхэртэй
Шандын хоолой дүүрсэн
Шар шилбэн тэмээтэй
Болзоотын тал дүүрсэн
Бор тайлган тэмээтэй
Асар басар хоёр нохойтой
Хун цэн хоёр шувуутай юмсанжээ.
Хилин галзуу баатрын
Унадаг морь нь
Араараа дүүрсэн ай түмэн
Алаг хонгор адууны түрүүнд явдаг
Уургаар барьдаггүй
Урьж барьдаг
Хуйваар барьдаггүй
Хурайлж барьдаг
Урдаас нь харахад
Уул гэж эндүүрмээр
Уруул амыг нь хөдлөхөөр
Морь гэж таньдаг
Хойноос нь харвал
Хонгор уул гэж эндүүрмээр
Хонго борвийг нь хөдлөхөөр
Морь гэж мэддэг
Зуур хоногийн биетэй
Зуун алд хүзүүтэй
Зуун төө чихтэй
Зузаан сайхан зураатай
Галай \хайлар\ мөнгөн уруултай
Ган мөнгөн шүдтэй
Гавал эрдэнэ толгойтой
Ховил эрдэнэ тагнайтай
Сувд эрдэнэ сүүлтэй
Шүр эрдэнэ дэлтэй
Есөн зүйлийн хэл мэддэг
Ерөнхий ухаан бүрдсэн
Хавиргандаа завсаргүй
Харцгандаа үегүй
Үе болгон үсэгтэй
Үсэг болгондоо утгатай
Ган эрдэнэ туурайтай
Хаш эрдэнэ хөлтэй
Цолмон хоёр нүдтэй
Чоно чулуун зүрхтэй
Хүний хэлийг мэддэг
Цэргийн хөлийг тасалдаг
Эзэндээ ээлтэй
Дайсандаа халтай
Эрэлхэг баатрын унадаг
Эрчит хул хүлэг гэнэ.
Түмэн агтныхаа түрүүнд явдаг
Түүнээс сайхан морьгүй гэнэ
Хилин галзуу баатар нэг өдөр
Ан гөрөө
Ав шувуунд мордох болжээ.
Араараа дүүрсэн ай түмэн
Алаг хонгор адууны түрүүнд явдаг
Ар хөвч нэртэй
Аргамаг хул хүлгээ
Уургаар барилгүй
Урьж барив гэнэ
Хуйваар барилгүй
Хурайлж барив гэнэ.
Товруут мөнгөн хазаарыг
Толгой юунд нь тааруулав
Хөдөөгийн өнтэй
Хөвөн цагаан тохмыг
“Зоо юунд нь тааруулж
Наран саран гөлмийг
Наана цаана нь тааруулж
Хангайн хөтөл болсон
Хайр мөнгөн эмээлээ тохов.
Зуун лангийн хударгыг
Зураа юунд нь тааруулж
Дөчин лангийн дөрөөг
Дөрвөн хараанд нь тааруулж
Далан лангийн ташуурыг
Дал юунд нь сойв гэнэ.
Уран эмийн хийсэн
Улаан торгон цавиланг
Урдуур хойгуур нь татаж
Нэг л хуруу шигсгэж
Хүүхэн эмийн хийсэн
Хүрэн торгон цавиланг
Хүйлүүрээр нь татжээ.
Нэмэн нэмэн татаж
Нэг л хуруу шигсгэж
Дахин дахин татаж
Таван хуруу шигсгэж гэнэ”.
“Далан бугын эврээр
Дайн дүйн хийсэн
Даргай алаг
Нум сумаа агсав гэнэ.
Арслан барсын арьсаар
Арай чарай хүргэсэн
Зүлд эрээн хоромсгоо
Зүүн талдаа зүүв гэнэ.
Өвсний соргогийг идэж
Усны тунгалгийг ууж
Тэнгэрийн нар салхинаас өөр юм хавьтаагүй
Тэнэгэр урт биетэй
Тэгш сайхан зоотой
Аргамаг хул мориндоо
Алав харайн мордов гэнээ.
Дээшээ тэнгэрийн од тоолон
Доошоо газрын үндэс тоолон бухавч
Хилин галзуу баатар
Хэзээнээс бат бэх
Урднаасаа улам сүртэй
Унан тусахаа мэдэхгүй
Шаасан гадас шиг
Шахсан бяслаг шиг тогтов”.
“Түргэн түргэн алхлуулахад нь
Түнхэлзгэн чинээ чулуу шидүүлж
Аяар аяар алхлуулахад нь
Аягын чинээ чулуу шидүүлж
Тоотой юмсыг товолзуулан
Тоогүй толгодыг гялалзуулан
Уулын чулууг талд нь гартал нүүлгэж
Талын чулууг уулд нь гартал шидүүлэн явсаар”
Хойд ууландаа гарч
Хорин гурванг сангаа тавив гэнээ.
Алтай хангайдаа гарч
Арван гурван сангаа тавив гэнээ.
Хол ч газар явав гэнэ
Хонуут өнжүүт явав гэнэ.
Бар баймаар газрыг
Бархирч яваад үргээв гэнэ
Үрчин үрчин хадыг
Морины сайнаар нэгжив гэнэ.
Үнэг баймаар газрыг
Үргээж яваад босгов гэнэ.
Арын гөрөөсийг
Аргал хоргол болтол
Өврийн гөрөөсийг
Өтөг бууц болтол намнав гэнэ.
Агнаж яваа
Араатан гөрөөс
Жигүүртэн шувуу нь
Бүдүүн хөлтэй бүргэд гэнэ
Ухаа хөлтэй галуу гэнэ
Хүн хар гөрөөс гэнэ
Хүрэн эрээн барс гэнэ
Чандган цагаан шилүүс гэнэ
Час улаан үнэг гэнэ
Бутанд хэвтэх булга гэнэ
Бултайн хэвтэх туулай гэнэ
Харзанд хэвтэх халиу гэнэ
Халтар халиун хандгай гэнэ
Хан гарди шувуу гэнэ
Хамгийн муу нь
Үүрийн хулгайч
Тохой толгойт чоно гэнэ.
Тэгтэл
Тив тивд гайхуулсан
Тэр зүгийн амьтныг зовоосон
Баруун тивд гайхуулсан
Баахан амьтныг зовоосон
Газар газар гайхуулсан
Ганц нэгийг шарлаасан
Савсаг муу зантай
Салхины Элээ Хар мангас гэж байв гэнэ
Элээ хар мангас нэг шөнө
Энхболд хааны хүү
Чин долоон настай
Бод л Галав хүүгээр нь
“Боолоо хийгээд зарж л байна
Бурмаа Янсан дагинаар нь
Буузаа хийлгээд идэж л байна” гэж
Зүүдлэн хоноод
Сэргэлэн зантай
Сэнсэн дүүгүүр
Шуламдаа хэлэв гэнэ
Миний зүүд
Мэргэн ч сайн зүүд дэг
Мэдэлтэй ч сайн зүүд дэг
Зөнч сайн зүүд дэг
Чи түүнд зорьж
Чих битүүлэлгүй сонор
Нүд цавчилгүй сэргэг явж
Чин долоон настай
Бод л Галав хүү
Шинэ гурван настай
Бурмаа Янсан дагина
Хоёрыг авчир! гэжээ.
Сэнсэн дүүгүүр шулам
Санаа алдан сандарч
-Ээ эзэн тэнгэр минь
Энхболд хааны хүү
“Гарахаасаа гайтай
Гавал тайрах дуртай
Төрөхөөсөө түйтэй
Түйтгэр удахад дуртай
Хогжрохоосоо өнгөрсөн
Хорин давхар хуйхтай
Хэгзрэхээсээ өнгөрсөн
Хэдэн давхар арьстай
Оройн будангаар төрсөн
Хилин галзуу баатар
Ахтай гэх шиг
“Барс гэвэл барьдаг гэнэ
Бараа харвал дагадаг
Нэг гэвэл нэхдэг гэнэ
Нэхэс гэвэл барьдаг гэнэ”
Би яаж чадах вэ? гэж гэнэ
-Чи миний
Аянгын цагаан булууг
Аваад яв
Айх сүрдэх хүчтэй
Аюул зовлон дайралдвал
Аавын үеийн булуу сан
Ачтай тустай булуу сан
Ээжийн үеийн булуу сан
Эрчимтэй тустай ч булуу сан
Нэг цохиод тогтдоггүйсэн
Нэмэн нэмэн цохидогсон гээд
Цохиод байгаарай гэж гэнэ
Салхины Элээ Хар мангасын эхнэр
Аваад явчихсан байв гэнэ
Уур нь улам их хүрэв гэнэ
Уушиг нь ч улам их сагсайв гэнэ
Оройных нь үс ч орвойв гэнэ
Оочных нь сахал ч их шорвойв гэнэ
Баруун бурхныдаа бараалхан гүйж оров гэнэ
Баруун бурхны нь
Байгуулсанхан орон нь бол
Болор эрднээр хүрээлсэн
Боржин чулуугаар байгуулсан
Төхмийн модоор төвхнөсөн
Төмрийн сайнаар хадсан
Гадаад талын дөрвөн өнцөг
Хатгаад сийлсэн гарди гэнэ
Гавъяатайхан хүнээр
Гардаад сийлсэн матар гэнэ
Тавихгүй муу шулмасыг
Хавчаад авахын түүхтэй матар гэнэ.
Заяатайхан хүнээр
Заагаад сийлсэн гарди гэнэ
Заяа нь муу шулмасыг
Залгиад авахын түүхтэй матар гэнэ
Мятралгүй хүний хийсэн
Мянган зааны хошуу гэнэ
Мангасын муу шулмыг
Махлан дарах түүхтэй заан гэнэ
Доод талын дөрвөн өнцөг
Хурц нүдээ хялайсан
Өд сөдөө дэвүүлсэн гарди гэнэ
Хувьтай хүнээр
Хуураад сийлсэн гарди гэнэ
Хумхгүй муу шулмасыг
Хумхиад авахын хууль дүрэмтэй матар гэнэ.
Хилин галзуу баатар
Бурхны өрөөнд орж
Үнэ шимээ бараа юу?
Үнэгүй мууд чинь тахив уу?
Шар тосоо барав уу?
Шалиг мууд чинь тахив уу?
Эзэнгүй байтал чинь тавив уу?
Ингээд эрэг манх босгож хаяна
Хэрэггүй байтал чинь тавиа юу?
Хээр хэвтэх цаг чинь болоо юу?
“Ингээд байвал бурхан л юм
Эвдээд хаявал шавар л юм
Тахиад байвал бурхан л юм
Таягдаад хаявал шавар л юм”
Бурхан бурхны тархийг
Буруу зөвгүй мушгилж
Бурхан бурхны зүрхний эх уруу
Аюулхайн шар илдийг
Авч сунгаж хатгаж явав”
Адаг дээр нь суудаг
Авид бурхан тэргүүтэн
Айхынхаа эрхэнд
Ар тийшээ гэлжийв гэнэ.
“Мандах нарны гэрэл байхад
Манан яагаад тасрах вэ?
Мах цусанд төрснөөс хойш
Зовлон яагаад тасрах вэ?”
Би мөхрөлтгүй саная
Чи цөхрөлтгүй яв гэж
“Аавын үед амилсан
Авид бурхан айлтгав гэнэ”.
Хилин галзуу баатар
“Урд хормойгоо
Хойноо гартал шууж
Хойт хормойгоо
Урдаа гартал шууж
Жаран жалгыг
Жаваагаар нь холбон алхаж
Хорин толгойг
Хоолойгоор нь холбон алхаж
Хадтай газар нь
Хөлийн сайнаар явж
Хормойны сайнаар
Жаран жалгыг
Зургаан жалгаар
Далан давааг
Долоон даваагаар товчилж
Гурван жилийн газрыг
Гурав хоногоор товчилж
Болзоотынхоо
Бор толгой дээр гарч
“Ган болд хэтээ
Ганц хоёр харшуулав
Галзуу улаан тамхиа
Ганц хоёр шившив”
Баруун хамрын утаагаар
Баруун тивийг бүрхүүлэн
Зүүн хамрын утаагаар
Зүүн тивийг бүрхүүлэн
Эвшээсэнхэн утаа нь
Энгэрийг бүрхэж
Тамшаасанхан утаа нь
Талыг бүрхэж байж
Аягын чинээ алаг нүдээрээ
Уяхан замбуу тивийг
Хоёр нэг эргэлдүүлж
Хол ойрыг харж гэнэ.
Араас нь амандаа хүүхэд зуусан
Аргамаг хар морь алхлан ирээд
Баатар гуай!
Баатар гуай!
Адгуус байтлаа дуугарч гэж битгий санаарай
Аман дахь үрий минь тэжээгээд өгөөч
Илжиг байтлаа дуугарч гэж битгий санаарай
Эрүүн дэх үрий минь тэжээгээд өгөөч гэж гэнэ
Агт мориноосоо салсан гэж
Адсага болгоныг унадаг юм гэж бодов уу
Амраг хоёр дүүгээсээ хагацсан гэж
Амьтан бүгдийг тэжээдэг юм гэж бодов уу
Эр мориноосоо салсан гэж
Илжиг болгоныг унадаг юм гэж бодов уу
хоёр дүүгээсээ хагацсан гэж
Элдэв хүүхдийг тэжээдэг юм гэж бодов уу гэж
Хэлж суутал
Элээ хар мангасын
Эм шулам сэнсэн дүүгүүр
Тэр баруун ухаагийн тэртээ цаанаас
Энхрий хоёр дүүгээс чинь хагацуулсан
Эр мориноос чинь салгасан
Ижил ханьгүй болгосон
Эргүү баатар чиний
Үхэх цаг чинь ойртож
Үе мөчөөр чинь салгана чамайг
Үхэх хүнд үг хэрэггүй
Хотол улс чинь боол болно
Хогшил хөрөнгө чинь минийх болно
Хан төрийг чинь манайх захирна
Хар морь хүүхэд хоёрыг
Бушуу авчирч өг гэж
Хашгирч байв гэнэ
Хилин галзуу баатрын
Уур нь их хүрэв гэнэ
Уушиг нь ч сагсайж гэнэ
Хар морины аман дахь
Хүүхдийг яаран авч
Шил дээр ургасан
Шил зориг Домбоо хүү нэр өгч
Хиргүй болтол угаагаад
Хив хадагт боож өвөртөлчихөөд
Хар морин дээр
Хазааргүй ногттой
Эмээлгүй зайдан харайчихаад
-Зуланд суусан эрвээхэйг
Амилж байна гэж дуулав уу?
Зуух \жалга\ сахисан мангасын шулам
Намайг дийлж байна гэж дуулав уу
Магнаганд хатгасан лууг
Бороо оруулж байна гэж дуулав уу?
Манхан сахисан мангасын шулам
Намайг дийлж байна гэж дуулав уу гээд
Элээ хар мангасын
Эм шулам сэнсэн дүүгүүрийг хөөв гэнээ.
Хангайг арлуулаад
Хайрханыг өвөрлүүлээд
Жаань уулыг хажуудуулан
Жаахан толгойг өвөрлүүлэн
Хүйн голыг арлуулан
Хүүхэн толгойг өвөрлүүлэн
Хөдөө нуурыг хөвөөлүүлэн
Хөх нуурыг захлуулан
Онгойхын хөтлөөр оруулаад
Олон нуурын зах дээр очоод
Барилцаад авчээ.
Уулыг тал болтол
Талыг там болтол
Усыг шалбааг болтол
Тамираа сул болтол ноцолдож
Нэг бодоход дийлмээр ч юм шиг
Нэг бодоход дийлдмээр ч юм шиг
Санагдаж байтал
Сэнсэн дүүгүүр өвөртөө байсан
Аянгынхаа цагаан булуугаар
“Аавын үеийн булуу сан
Ачтай тустай булуу сан
Ээжийн үеийн булуу сан
Эрчимтэй тустай ч булуу сан
Нэг цохиод тогтдоггүйсэн
Нэмэн нэмэн цохидог сон” гээд
Хилин галзуу баатрыг
Хэд хэд цохиод авчээ.
Халцарч холцорч болохгүй
Арван давхар хуйх нь их л өвдөв гэнэ
Хэмхэрч хамхарч болохгүй
Хорин давхар яс нь ч их өвдөв гэнэ.
Хилин галзуу баатар
Аянгын цагаан булууг
Сэнсэн дүүгүүр шулмаас
Арай чарай булаагаад
“Аавын үеийн булуу сан
Ачтай тустай булуу сан
Ээжийн үеийн булуу сан
Эрчимтэй тустай булуу сан”
Нэг цохиод тогтдоггүйсэн
Нэмэн нэмэн цохидогсон гэж
Давтан давтан цохисоор
Тархийг нь хагалж алчихаад
Мөч мөчөөр нь нугачиж гэнэ
Мөргүү хадаар тарааж гэнэ
Үе үеэр нь нугачиж гэнэ.
Уушиг зүрх хоёр
Улаан зүлдээр нь
Морио молцоглоод
Мордон давхисаар
Манан хүдэн татуулан
Мангасын нутаг уруу явж гэнэ.
Элээ хар мангасын
Эрэг гуу эзэлсэн
Элс манх бүрхсэн
Эль хуль газар гэнэ
Амт хад нь ангайсан
Араат хад нь арзайсан
Сүүлт хад нь шаравсан
Сүүдэрт хад нь хэлтийсэн
“Үзүүртэй хад нь
Үмхээд авахын шинжтэй
Сүүдэртэй хад нь
Хөдөлж байхын дүрстэй”
“Ханан хад нь инээдэг
Хазаар өвс нь хангинадаг”
Үнээ бяруу нь мөөрсөн
Үнэг чоно нь ульж хуцсан
Үнс тоос нь үргэлжилсэн
Үнэхээр ч муухай орон гэнэ.
“Хамаг өвс нь гууль гэнэ
Хазаар өвс нь зэс л гэнэ”
Нар ч үгүй бүрхэг
Сар ч үгүй харанхуй
Энэ муухай нутаг дундуур
Энд тэндгүй давхиж
Айл байвал ороод
Амьтан байвал алаад
Энхрий дүү нараа эрж сураад
Аргамаг хул морио
Асууж эрээд явж байтал
Хөх торгон дээлтэй
Дун цагаан шүдтэй
Хун цагаан царайтай
Хундан улаан хацартай
Хүүхэн уулзахаар нь
Нум сумаа онилон таттал
Байз, байз, баатар гуай
Бардам зангаа татаарай
Багаас тань таних баатар уу даа
Мангасын цусанд халуу оргио юу
Тогтож айлд гэхээр нь
Тольдон хартал
Хар нялх байхад нь
Хадаг тавьж өгсөн
Өсөх бага насандаа
Өндгөн сүй тавьсан
Тэнгэрийн Уран гуа дагиныг
Тэр муу мангас авчирсан байлаа
Урьдын сайн ерөөлтэй
Уран гуа дагина минь
Элээ хар мангасын боол болж
Энхрий бие чинь зовов уу?
Зодуурт нь өвдөв үү?
Зовлонд нь тэсэв үү?
Унд үгүй цангав уу?
Ус үгүй хатав уу? гэжээ.
Уран гуа дагина нь
Уйлж байж зовсноо
Инээж байж баярласнаа
Ичиж байж гомдсоноо ярив гэнэ.
Хилин галзуу баатрын
Хилин дүр үе үе хөдөлж
Амрагийн сэтгэл
Ахин дахин төрж гэнэ.
Энхрий хоёр дүүгийг минь харав уу?
Эр морийг минь сонсов уу? гэхэд
Амраг хоёр дүүгийг чинь мэдэхгүй
Аргамаг хулыг чинь мэднэ гэжээ.
Уран гуатай явж
Унасан морин дээрээ очтол
Нутгаа санасан
Эзнээ эрсэн
Аргамаг хул морь нь
Амандаа идэх өвсгүй
Гэдсэндээ хадгалсан
Хэлтэрхий хомоолгүй
Хад чулуу цавчлаад
Хангинатал янцгаан байж гэнэ.
Унаж явсан хилин хар морио
Уран гуадаа орхиж
Аргамаг хулыгаа авч унаад
Амраг хоёр дүүгээ эрэв гэнээ.
Элээ хар мангасын
Элс манхан дотор
Бод л Галав хан дүү нь
Ботго тором хариулж
Шинэ гурван настай
Бурмаа Янсан дагина нь
Шивэгчин эмийн боол болоод байв гэнээ.
Ачтай ах минь
Аврахаар ирэв үү
Энхрий хоёр дүү нь
Элээ хар мангасын боол болсон гээд
Зовж зүдэрч
Зодуулж нүдүүлж
Шарх сорвиндоо
Шаналсан хоёр дүү нь
Бөөн бөөн нулимс асгаруулан
Бөмбөртөл чичрэн суув гэнээ.
Энхрий хоёр дүү минь
Элээ хар мангас тамлав уу?
Сэргэлэн хоёр дүүгийг минь
Сэнсэн дүүгүүр шулам сэвтээв үү?
Сэнсэн дүүгүүр шулмыг алсан
Сэг сэвс ч үгүй болгосон
Элээ хар мангасыг алж
Энхрий дүү нарынхаа өсийг авна
Самуун муу явдалтай
Салхины Элээ хар мангас
Хаана байна? гэжээ
Баатар ахын бараа сургаар
Байдаг орноосоо зайлж
Хадан хэрмэндээ хоргодож
Хавь ойроороо харуулж
Газар хэрмэндээ хоргодож
Ганц нэгээр сахиулж
Улаан шоргоолж идэж
Улам бяр нэмсээр
Алаг шоргоолж идэж
Арвин бяр нэмсээр
Хар илдээ хавирч
Хавь ойроо зовоож
Улаан илдээ хавирч
Учирсан бүгдийг зовоож байна гэжээ.
Хилин галзуу баатар
Хилин дүр төрж
Уур нь хүрэв гэнэ
Уушиг нь сагсайв гэнэ
Оройны нь үс ч орвойв гэнэ
Оочны нь сахал шорвойв гэнэ
Элээ хар мангасын
Эрэг хадан хэрэм уруу
Эр баатрын зоригоор
Эр морийн эрчээр давхив гэнээ.
Хар мангасын бүгсэн
Хадан хэрмэнд оров гэнэ
Элээ хар мангас
Эрэг гуу уруу оров гэнэ
Эргэж буцаж ирэв гэнэ
Бараан доогуураа оров гэнэ
Шир шив шээс алдав гэнэ
Хилин галзуу баатар
Хилэгнэн зандарч
Эцэг эхийн бүтээсэн
Махан бодоор уулзах уу?
Эзэн хааны хийсэн
Зэр зэвсгээр үзэх үү? гэж гэнэ
Элээ хар мангас
Эзэн хааны зэр зэвгээр үзэлцье гээд
Айлын чинээ газар очиж
Аалзан хавчаахайгаа онилов гэнэ
Хилин галзуу баатар
Хээв нэгхэн алхалсаар
Саахалтын газар очиж
Саран сумаа онилоод
Хүнийхийг хүсэж
Хүзүүнийхээ махыг барснаараа
Чи урдаар харва гэж
Чанга дуугаар хашхирав гэнэ.
Элээ хар мангас
Энд тэнд нь гарав гэнэ
Эргүүлж тойруулж татав гэнэ
Барьж нэг онилов гэнэ
Бас нэг татаж харвав гэнэ
Айлын чинээ газар хүрээд
Арын мод шиг ташин унав гэнэ
Өнөө муу мангас чинь
Үхэх цагаа мэдэв гэнэ
Бачимдан их орилов гэнэ
Бахардан их бархирав гэнэ
Номхон морины чинь
Ногт болъё
Догшин морины чинь
Тушаа болъё
Аарцны чинь шар усыг ууж
Аргалын чинь шар хог дээр хэвтье
Алтан амийг минь
Аварч хайрла гэж гэнээ.
Өвөртөлж явдаг
Ховч хар судраа үзтэл
Өстөн дайсныг дарвал
Өнө үүрд жаргана гэж гэнэ
Хилин галзуу баатар
Хэзээнээсээ илүү татав гэнэ
Шагайж нэг онилов гэнэ
Шалгаж нэг татав гэнэ
Тааруулж нэг онилов гэнэ
Татаж нэг тавьчихав гэнэ
Ханхай цээж
Харзайх хавирга
Хөндий бөөр
Хөөсөн уушиг
Гүйдэг улаан
Гүзээгээр нь хатгаад алчихжээ.
Элээ хар мангас
Энтээ уулыг таглаад
Тэртээ уулыг дэрлээд
Тивийн нохойг цатгаад ойчив гэнэ.
Мах цусаар нь
Махан овоо босгов гэнэ
Яс арьсаар нь
Ясан овоо босгов гэнэ
Гуяны нь ясаар
Гучин гурван овоо босгов гэнэ
Далны нь ясаар
Далан гурван овоо босгов гэнэ
Давсагтай шээсийг нь
Далай мэт асгав гэнэ
Элээ хар мангасын
Эзэлж байсан амьтан
Ийшээ ч тарав гэнэ
Тийшээ ч тарав гэнэ
Зол жаргал нь ирэв гэнэ
Зовлон зүдгүүрээс салав гэнэ
Аюулт мангасаас хагацав гэнэ
Амар сайхан жаргав гэнэ
Хилин галзуу баатрын
Хилин дүр гарч
Хойно хоцорсон хоёр дүүгээ
Урьд орхисон
Уран гуа дагинаа
Шил дээр ургасан
Шил зориг Домбоо хүүгээ
Аваад буцав гэнэ
Гурвалжин зурсан газар үдлээд
Дөрвөлжин зурсан газар хоноод харь гээд
Хилин галзуу баатар түрүүлж
Хий салхи шиг хурдлав гэнэ.
Аргамаг хул морь нь
Эзнээ аваад дэгдэв гэнэ
Дөрөвчилсөн гөлөм нь
Дөрөөгөө аваад дэгдэв гэнэ
Дөрвөн найман ганзага нь
Эмээлээ аваад дэгдэв гэнэ
Тал дунд нь тавив гэнэ
Тайган дунд нь нисгэв гэнэ
Гол дунд нь шумбав гэнэ
Горхин дунд нь харайв гэнэ.
Хур дэл нь хурмаст тэнгэрт
Хурц дөрвөн туурай нь
Алтан дэлхийд мандав гэнэ
Савх шиг нарийсаж гэнэ
Шагай шиг дөрвөлжлөв гэнэ
Хилин галзуу баатар
Хариу ч үгүй гэр уруугаа ирэв гэнэ
Хаан төр нь баттай
Харц албат нь жаргалтай
Орд харш нь
Онц үзэсгэлэнтэй
Хэзээний байдгаасаа
Хэвтэй сайхан
Урьдын байдгаасаа
Улам сайхан болоод
Мухлайдан татах
Муу ёрын тоосгүй
Муу бүгд арилсан
Сайн бүгд дэлгэрсэн байв гэнэ
Их хэнгэрэгээ цохив гэнэ
Их отгоо цуглуулав гэнэ
Бага хэнгэрэгээ цохив гэнэ
Бага отгоо цуглуулав гэнэ
Гүүгээ барьж гэнэ
Үрсээ гаргаж гэнэ
Арван хөхүүр
Архи хураав гэнэ
Хорин хөхүүр
Айраг хураав гэнэ.
Араас нь ачаа хөсөг ирэв гэнэ
Амраг садантайгаа уулзав гэнэ
Дайснаа дарсан
Дархан цолоо олов гэнэ
Өстнөө дарсан
Өргөн цолоо олов гэнэ
Хутга тавилгүй
Хоол идэж гэнэ
Хундага тавилгүй
Айраг архи ууж гэнэ
Наян жилийн найр хийж
Жаран жилийн жаргал хийж гэнэ
Ардаан гарч амар сайхан жаргав гэнэ.