Норовын Гантулга гэж нэр 2000-аад оны эхнээс л утга зохиолынхоны дунд дуулдаж эхэлсэн. Оюутан байхаасаа том жижиг наадмын бүхий л түрүүг хүртсэн энэ залуухан найрагч энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн найрагчаар шалгарсан билээ. Ингээд та бүхэндээ яруу найраг, сэтгүүлч Н.Гантулгатай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
- Юуны өмнө танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргье. Өөрөө 30 настай, дээрээс нь 30 дахь цомын эзэн боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач.
Их баярлаж байна. Маш том хүндэтгэл байдаг юм байна. Би Хөшөөтийн голд адуун дэлэн дээр салхи исгэрүүлж явахдаа Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн, Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, тэгээд жаахан наашлаад Гомпилдоогийн Мөнхцэцэг, Арлааны Эрдэнэ-Очир, Жамсрангийн Баяржаргал гээд энэ хүмүүсийг хайрлаж, хүндэлдэг байлаа. Тэгээд би боддог байсан юм. “Болор цом” гэдэг шагнал бол яг миний нэрлэсэн шиг эдгээр яруу найргийн бурхад шиг хүмүүст л очдог юм байна гэж. Тэр үед өөрөө нэгэн цагт энэ хүндтэй шагналыг авна чинээ санаж ч байсангүй. Гэтэл нэг л өдөр өөрөө авчихлаа. Маш их баярлаж байна. Хөшөөтийн голоос аав маань цагаан сарынхаа айраг, ууцтайгаа ирчихсэн, ах дүү нар гэж хоёр машин дүүрэн хүмүүс ирлээ. Хэдэн өдөр манай гэр хөл, хөөрөөр дүүрч, сүүлийн хэдэн өдөр ах нь дандаа тарни мэт үгсийг сонсож байна. Булган нутгийн маань уул, ус түшлээ. Манайхан үе удмаараа өвөрт нь нутаглаж ирсэн Цэцэг Өндөр хайрхан минь, амь сэтгэлийн шүтээн болсон Арцын Улаан хад маань түшлээ гэж бодож, баярлаж байна даа. Их л сайхан байдаг юм байна. Тэгээд энэ баярын хажуугаар их хүндэтгэлийг дааж явах их хариуцлага бас ирж байна. Ер нь хүн алдар хүндийг хүртэж, түүнд хүрч болно. Гол нь түүнийг дааж явна гэдэг их хүнд ачаа. Би чинь их хөнгөн, хөвсөргөн хүн шүү дээ. Одоо түүнийгээ жаахан барьж, дарахыг хичээж байна. Хэдэн өдөр яг юу болоод өнгөрсөнийг ч бараг мэдсэнгүй. Аав, ах дүүс маань ирлээ, утга зохиолын сайхан ах, эгч нар минь очиж хүндэтгэлээ. Үүн шиг сайхан баяр гэж хаа байхав.
- Таны шүлэг болгон дээр байдаг, цомын тайзан дээрээс ч мөн дурдсан “Арцын Улаан хад”-ны талаар жаахан яриач. Энэ хад яагаад тантай ингэж нарийн шижмээр холбогдчихсон юм бэ?
Их сайхан асуулт байна. Булган аймгийн Хишиг-Өндөр сум, Хөшөөтийн голд Их Арц гэж сайхан газар байдаг. Их Арцын маань амны наран ургах зүгт яг 13 үе бүхий ханарсан Улаан хад байж байгаа. Их Арцад адуу модоллоо гэхэд олдохгүй их ойтой газар л даа. Яг энэ сайхан нутагтаа манай ус нутгийн, ёстой л нөгөө “судар шиг” сайхан өвгөд нутаглаж ирсэн байдаг юм. Арцын Улаан хадтайгаа анх 1994 онд аав маань аймгийн төврүү олон хоногоор явахад би 10 настай хүү адуугаа маллаж үлдэхдээ учран золгож байлаа. Манайх чинь их олон адуутай айл. Тэгээд ээж намайг “Ямар ч байсан адуугаа олж авахгүй бол болохгүй. Арцын амруу л өгссөн байх” гээд явуулсан. Тэгэхэд манайх Өвөр булгийн урд байсан л даа. Өвөр булаг бол алдарт Зундуйн Дорж гуайн унасан газар шүү дээ. Очиж явахдаа анх адуунд явж байгаа хүү адуугаа л харна уу? гэхээс тэр сайхан уул, усыг хардаггүй юм билээ. Харин адуугаа олчихоод буцаж явахдаа тэр их ханарсан их “Улаан хад”-ыг харсан. Тэгэхдээ их сүрдэж айсан юмдаг. Тэр цагаас хойш л надад Арцын улаан хад нэг тийм ер бусын ертөнц шиг санагдаад байдаг болчихсон. Манай нутагт Найнаа гэж нэг эрдэмтэй хүн байлаа. Нэг удаа “Улаан хад”-даа мөргөх гэж явахдаа тэднийхээр бууж золгоход “Улаан хадандаа мөргөхөөр явж байна уу” гэж асуусан. Намайг учраа хэлтэл харин өөдөөс “Яагаад ч юм энэ доод талын Улаан хад та хоёр ямар нэг юмаар холбоотой шүү” гээд надад тарни зааж өгөөд явуулж байлаа. Ингэж Улаан хад бид хоёр холбогдсон. Одоо ч байнга сүсэглэж явдаг. Тиймээс л миний Улаан хад оюун санааг минь тэлж, сэтгэлийг минь хөглөж байдаг гэдэгт итгэдэг дээ.
- Таны “Улаан хад”-aaсаа ч илүүтэй ярьдаг нэг зүйл бол “адуучин Норов гуай”. Аавын тань талаар асуухгүй өнгөрч болохгүй нь.
Манай аав бол адуучин хүн. Аав өөрийгөө “цөөхөндүгээр” ангийн боловсролтой хүн гэж хэлдэг юм. Хоёрдугаар анги төгссөнөө ингэж хэлдэг. Гэхдээ аав маань ном, сонин маш сайн уншина. Дээрээс нь аавын маань цээж, ой сайтай нь ахад нь их нөлөөлсөн. Ямар сайндаа л манай ээжид “Туяа энэ залуу чинь яагаав 1988 тэдэн сарын тэдэнд, тийм зүсмийн морьтой ирээд тэрний хүү, нутагтаа ирж байгаа юм гээд байсан залуу мөн байна” гэж ирээд л хэлдэг байсан. Би чинь аравдугаар анги төгсөхдөө 280 шүлэг цээжээр уншдаг хүүхэд байлаа/инээв/. Аав намайг сургуульд явахад “Аав нь хүүдээ эрдэм номтой болоорой, сайн шүлэг бичээрэй гэж хэлэхгүй. Харин миний хүү олонтойгоо яваарай” гэж хэлж байсан юм. Ааваасаа би эр хүний нэг тийм халгиа цалгиа, эр хүний жавхаа, үрээ санаж байгаа дотуур шаналанг олж хардаг.
- Ямар ч байсан Норов гэж хүний цээж сайтай удам нөлөөлж, “Улаан хад”-ны зөв энергээр Гантулга гэж хүн өнөөдөр яруу найрагч болчихлоо. Тэгвэл анх энэ утга зохиолын замруу хэн хөтөлсөн бэ?
Чимэдийн Батдэлгэр гэж ах маань байна даа. Энэ хүн бол орос “школ”-той, Оросын сонгодогуудыг бүгдийг нь уншсан. Намайг эрдэм ном, уран зохиолд “уруу татсан” нөхөр л дөө. Одоо нутагтаа орлогч дарга хийж байна. Тухайн үед сумынхаа соёлын төвийн эрхлэгч байсан. Нэг өдөр манайд жаахан халамцуу давхиж ирсэнээ “За Гантулга аа чи бол арай өөр одонд төрсөн хүүхэд шүү. Ном эрдэмдээ улам шамд” гэж хэлж байсан. Тэр үед чинь би Улаан хадандаа зориулаад
Дэнжийн хөх тогоруу
Дээгүүр нь ер нисээгүй
Эмгэн хар бүргэд
Энгэрт нь үүрээ засаагүй… гээд л шүлгүүдээ бичиж байсан хүүхэд урам ороод. Тэгээд л утга зохиолд гүн шимтэн дурласан даа.
- За ингээд утга зохиолд дурлаж, оюутан болж орж ирээд л шууд том, том наадмуудыг нь түүгээд эхэлсэн үү?
/Инээв/ Чи намайг мэднэ дээ. Анх Р.Чойномын “Алтан Оюухай” наадамд түрүүлчихээд байж байхад ирж ярилцлага авч байсан юм чинь. Би боддог юм. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор мундагчуудтайгаа Бурхан Халдун уулан дээр гарч байлаа. Тэгэхэд надад их сонин мэдрэмж төрж байсан юм. Тэгээд ч тэр жилдээ гурван том яруу найргийн наадамд түрүүлсэн. “Алтан Оюухай” наадамд түрүүлж байхад Б.Лхагвасүрэн гуай гуравт орж байлаа. Тэгээд энэ нэг нөхөрт том, том наадмуудаа өгөөд байсан нь надаас яруу найргийн амь халуун чанар хүмүүст мэдрэгдсэн байх гэж боддог юм. “Сэтгэлийнхээ дотоод халууныг хадгалж чаддаг, Монголынхоо үе, үеийн зохиолчиддаа үргэлж мэхийж явдаг хувь хүний минь нэг тийм чанарыг үнэлж байжээ” гэж боддог. 2002 онд Ардын уран зохиолч Тангадын Галсан гуайн хэлсэн нэг үг байдаг юм. Тэр жил найман “Болор цом”-ын эзэнтэй Хөтөл хотруу явж байлаа. Дэндэвийн Пүрэвдорж агсан явахаа больж “Залуу хүн авч яв” гэснээр надад тэдэнтэй хамт явах их хувь тохиосон л доо. Буцахдаа Д.Цоодол багш, Т.Галсан гуай хоёртой нэг машинд суусан юм. Тэр үед миний сүрдэж, бэргэсэн маань жаахан гайгүй болчихсон байсан болохоор тэр хоёртойгоо З.Баттулга гээд “Хөх тэнгэр” гэж дидектив роман бичсэн хүний тухай ярьж, асууж явсан. Зохиолууд нь бүгд дидектив мөртлөө тэр хүн эхийн тухай
Түргэлсэн мөрөн далайг зорин урсахдаа
Түр ч гэсэн зогсохыг нь хэн ч үзээгүй
Төрүүлсэн эх үрээ хайрлан элбэрэхдээ
Түгших зүрхээ хямгадахыг нь хэн ч үзээгүй. . . гэж бичсэн байдгийг нь уншиж өглөө. Тэгсэн чинь Т.Галсан гуай “арын машинуудыг зогсоо” гээд өврөөсөө нэг шил юм, алтан аягатай гаргаж ирээд “Би чамайг зүгээр нэг шүлэг бичдэг, магтаалд жаахан дуртай хүү байна гэж бодож байлаа. Тэгсэн чинь Монголын утга зохиолыг уншчихаж. Олонд илийг нь уншсан бол яахав. Тэгтэл чи З.Баттулгын тухай, миний эрхэм шавь н.Жавганы талаар ярьж байна. Энэ чинь их сайхан” гээд идээнийхээ дээжийг надад барьж байсан.
- Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөөд гэр бүлийн тань хүний талаар ярья. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач.
Манай хань чинь миний ус нутгийн хүн. Булган аймгийн Тэшиг сумын харьяат. Надаас бол тэс өөр мэргэжлийн хүн л дээ. Миний мэдэхгүй англи хэлийг үздэг, миний бодож үзээгүй тоог боддог/инээв/. Ханьтайгаа анх 2007 оны нэгдүгээр сарын 18-нд танилцаж байлаа. Тэр өдөр манай ээжийн төрсөн өдөр байдаг юм. Булган аймаг тэр жилийг “Соёлын жил” болгон зарлаад нээлтэндээ намайг урихад нь ажилтай байгаад баахан оройтлоо. Арай гэж ажлаа дуусгаад галт тэрэгний буудал орсон чинь Эрдэнэтийн галт тэрэг хөдлөх гэж байна. Билет ч байхгүй яваа ш дээ, би чинь. Тэгтэл ашгүй нэг ах, эгч хоёр нэг билетээ намайг авах уу? гэнэ. Тэгээд л нутаг руугаа хүлгийн жолоо заллаа даа. Ороод суусан чинь төгсөх ангийн хоёр охин нутагтаа амрахаар явж байгаа гээд цуг явж таарлаа. Тэнд танилцаад л өөрийнхөө шүлгийг уншаад, баахан юм ярьж хүнийг өөртөө татах юмаа хийсэн дээ.
- Охины тань нэрийг Г.Удвал гэдэг. Ер нь яагаад ийм нэр өгөх болсон бэ? Нилээд уран бүтээлчид үр хүүхэддээ энэ нэрийг өгсөн байдаг юм билээ.
Намайг 10-р ангид байхад Дашинчилэн сумын сургуулийг С.Удвалын нэрэмжит болгож, сургуулийнхаа захирал, соёлын төвийн эрхлэгч, хэл, уран зохиолын багш нартайгаа тийшээ явлаа. Тэнд очоод би анх Д.Цоодол, Д.Төрбат, С.Оюун гээд томчуудыг “амьдаар нь” харж байлаа. Тэр үйл ажиллагаа дээр Д.Цоодол багш С.Удвал гуайд зориулан
Цэцэн мандухай шиг, Алтай хангай шиг, Жанна Д,Арк шиг
Цэнхэр дорнын Ганди шиг, Онон, Туул шиг, Сүх жанжины Янжмаа шиг
Цэмцийж явсан Удвал одоо ч гэсэн Удвал чигээрээ байна
Хэнз улаан цэцэгс би Удвал, Удвал гэж ургаж
Хээр талд өглөөний нар би Удвал, Удвал гэж мандаж
Хэсэг цагаан үүл би Удвал, Удвал гэж нүүж
Хэн нэгнийд улаахан хацарт охин төрөхдөө би Удвал, Удвал гэж чарлаж
Хэзээд гэрэл гэгээ болж Удвал, Удвалаараа л байна. . . гээд л уншиж байсан юм. Тэгэхэд би охин үртэй болох л юм бол Удвал хэмээн нэр хайрлана даа гэж бодож зогссон юм шүү.
- Олон хүн таныг Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль төгссөн болохоор СГЗ Ш.Дулмаа гуайн шавь гэж боддог. Гэтэл та өөрөө Д.Цоодол багш гэх юм. Энэ эргэлзээг нэг тайлж өгөөч.
Хоёулаа л миний багш нар. Гэхдээ анх хадаг барьж, өмнө нь тэргүүнээ бөхийлгөсөн хүн бол яалт ч байхгүй Д.Цоодол гэж Монголын уран зохиолын ханхайсан том уул шиг хүн юм шүү дээ. 2002 оны намар оюутны дотуур байрнаас ганц шил юм аваад багш дээрээ анх очиж байлаа. Тэгээд би хадаг барьж шавь орох гэж байгаагаа хэлсэн. Тэгтэл багш ганцхан “болно оо” л гэдэг үг хэлсэн. Тэр өдөр багш бид хоёр тэдний номын сангийн өмнө дан уран зохиол, багшийн Горькийд байсан үе, Төв аймгийн Бүрэн гээд л баахан юм ярьсан даа. Их сайхан байсан. Маргааш нь номын хадаг барьж очиход багш маань Явуу багшийнхаа дурсгасан үзэгнүүдээс нэгийг нь надад дурсгаж байлаа. Орой нь өрөөнийхөө найзуудад би “Найз нь мориор бол улсын наадамд уралдаад ирэхэд хөлсийг минь хусах хүнтэй боллоо, багштай боллоо” гээд онгирч байлаа шүү дээ. Харин Ш.Дулмаа багш маань бол “Хаан найргийн хатан” хүн шүү дээ. Энэ багшийндаа олон очсон доо. Үеийн бидний яг ээж шиг маань л байдаг. Ер нь Дулмаа багшийнхаар Монголын үе, үеийн уран зохиолын аваргууд орж гарч, хонож өнжиж явсан байдаг юм. Ямар сайндаа л “Хүрэн морь”-ийн Ч.Лхамсүрэн гуай нэг өглөө орж ирээд “Алив Дулмаа ямар ч хамаагүй номон дээр төрийн шагналт Ч.Лхамсүрэн танд яруу найргийн уулзалтанд хүрэлцэн ирсэнд баярлалаа гэж бичээд өгөөдөх. Цаадах чинь толгой тасдана” гэж байсан гэдэг.
- Жилийн жилд цом авсан хүнийг шүлэгтэй нь хамт сайн, муу яриа дагадаг. Төгсгөлийн давааны шүлгээ бичих болсон шалтгаанаа хэлээч.
Энэ шүлгэндээ би үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Энэ шүлэг бичигдсэн нь би өнгөрсөн хавар Хангайн нурууны ноён оргил Солонготын давааг давж, Хамба гэгээний авшиг, ерөөл шингэсэн Бөхөн шарын нурууны оргилд Д.Урианхай, Ц.Бавуудорж гээд утга зохиолын сайхан хүмүүстэйгээ цуг гарсан. Биднийг ингэж хамтад нь авч явсан хүн бол Л.Төрбаяр гэж номын садан ах маань юм. Ер нь Бөхөн шарын нуруун дээрээс долоон хошууны нутаг харагддаг гэж ярьдаг юм билээ. Тэнд байж байхад их сайхан мэдрэмж төрж, Бөхөн шарын нуруу, миний Цэцэг өндөр хайрхан, Арцын улаан хадтай ямар нэгэн сэжимээр холбогдож байх шиг санагдсан. Тэндээс мэдэрсэн мэдрэмжийн минь нийтгэл бол өнгөрсөн 8-р сарын дундаас 9-р сарын дунд хүртэл бичсэн шүлгүүд маань юм. Ингэж яруу найргийн маань цагаан бороон дундаас “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлэг төрсөн. Шүлгээ биччихээд тагтан дээрээсээ долоон бурхан одонд залбирч “Надад олон оны туршид яруу найргийн онгод хайрлах”-ыг гуйсан даа. Чиний хэлсэнээр утга зохиолынхоны хүрээнд янз бүрийн л яриа гардаг. Ер нь манай авьяас билэгтнүүд мөнхийн мөнхөд тэрсэлдэж ирсэн. Гэхдээ дотоод сэтгэлдээ бие, биенээ хайрладаг юм шүү дээ. “Болор цом”-ын хамгийн сүүлд хэн нь вэ? гээд Б.Мягмаржав ахтайгаа үлдчихсэн зогсож байхдаа би “Та ч бай, би ч бай ялгаагүй ээ” гэж Мягаа ахдаа хэлсэн чинь “Би ч бас тийм л юм бодоод зогсож байна” гэсэн шүү. Ингэхэд манай Мягаа ахын “Долоон сарын цас” гэж ном бол утга зохиолын хүрээнийхэнийг сэрээх шиг болсон доо.
- Гуч дахь цомын эзэнтэй уулзсаных хэзээ шинэ номоо гаргаж уншигч олныхоо оюун ухааныг мялаах гэж байгааг тань мэдмээр байна.
Аа яг тийм. Яруу найргийн анхны номоо 2008 оны эхээр гаргаж байсан. Тэр цагаас хойш дараагийн номоо гаргах цаг хугацаа өнгөрсөн байна. Хүмүүс намайг удаж байна энэ тэр гээд хэлж л байгаа юм. Гэхдээ манай Мягмаржав ах нэг хэлсэн байдаг. “Ямар тоосго цохиж байгаа биш. Жил болгон ном гаргана гэж юу байдаг юм” гэж. Яг үүн шиг төлөвлөгөөтэй зүйл биш болохоор өөрийн шүлгийн чадал чансаагаа нэг ном болгон бооход гологдохооргүй боллоо доо гэсэн үедээ л гаргана. Энэ цаг минь их ойрхон ирсэн. Тэгтэл ард түмний итгэл сэтгэлийн энэ тагт өндөрлөгт муу ном тавиж болохгүй шүү дээ. Гэхдээ тун удахгүй шинэ номоо гаргаж уншигч, уран бүтээлчиддээ бэлэг барина аа.