
Наадам эдгээр ард түмний уламжлал, соёлын өвийг, ёс заншлыг сэргээж түгэн дэлгэрүүлэх, устаж үгүй болж байгаа үндэстэн ястан бүрийн хувцас хэрэглэл, дуу, хөгжим, бүжгийг дэлхий нийтэд сурталчлах томоохон ач холбогдолтой болох юм. Монголын аялал жуулчлалын ид өрнөл үе зуны 3 сарын хугацаанд л үргэлжилдэг. Тиймээс зөвхөн зуны гурван сараар хязгаарлагдах биш хугацааг уртасгаж өвөл тэмдэглэдэг “Мөсний баяр”, “Тэмээний баяр” дээр нэмж “Монгол туургатны цагаан сар”-ыг ССАЖЯ, “Аялал жуулчлалын үндэсний төв”, “Аялал жуулчлалын холбоо”-ны зүгээс жил бүр дэмжиж ажиллахаар боллоо. Ингэснээрээ гадаадын жуулчид жилийн аль ч улиралд ирэх бас нэгэн боломж нэмэгдэж байгаа гэсэн үг.
“Монгол туургатны цагаан сар – 2013” баяр наадамд хүрэлцэн ирсэн аймаг, үндэстэн ястнуудын урлагийн тоглолт, золголт, монгол наадгай гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх юм. Оролцож буй аймгууд цагаан толгойн үсгийн дарааллаар нэг нэг гэрт байрлана. Гэрийн дотоод заслыг тухайн ард түмний хэрэглэдэг болон хэрэглэдэг байсан эд хогшлоор тохижуулж нутгийн хүнсний брэнд болсон идээ будааны дээжсээр ширээ засаж бэлтгэнэ. Золголтын үеэр энэ наадамд ирсэн хүн болгон тухайн аймаг, нутгийн гэрээр орж золголт хийж, ёс заншилтай танилцах боломжтой.
Монголын газрын зураг дээрх хамгийн том гэр болох Их өргөөнд цагаан сарын хамгийн том идээ будаа засаж наадамд ирсэн хүмүүст хувь хүртээх юм байна. Монгол наадгайн төрөлд дэмбээ, алаг мэлхий, шагайн наадаан, сээр таших, үйчүүр, өлзий хорол зэрэг тоглоомууд багтжээ. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ЭСЯ-д мөн гадаад оюутнууд наадамд оролцох учраас эдгээр гадаад иргэдэд зориулан тусгай хөтөлбөр буюу уралдаан зохион байгуулахаар болжээ. Үүнд монгол хэлээр хэн сайн ярих вэ, Монголыг хэн сайн мэдэх вэ, монгол соёлыг хэн сайн мэдэх вэ? зэрэг уралдаанууд багтсан байна. Энэхүү арга хэмжээг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна манай оронд төлөөлөл нь байдаг гадаадын телевизүүд AIST, BBC, Bloomberg, National Geographic, NHK сурвалжлахаар болжээ.
МУИС-ийн ОУХС-ийн IV курсийн оюутан Мегдад Салехи:
“Монгол туургатны цагаан сар-2013” наадамд оролцох гэж байгаадаа туйлын их баяртай байна. Бас энд ирээд монгол хэлээ маш сайн сурсан. Монголд нийт 23 хазаар монгол оюутан бий. Хамгийн анх 2009 онд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр 3 хазаар монгол оюутан Монголд ирж байсан юм. Одоо гурвуулаа Монгол Улсын Их Сургуульд суралцаж байна. Дараа нь солонгосчууд 20 оюутныг Монголд авчирсан. Тэд Солонгосын хөрөнгө оруулалттай MIU их сургуульд суралцаж байна. Энэ наадамд бид хорин гурвуулаа хазаар монголчуудыг төлөөлж оролцох болно. Бүгдээрээ нэг гэрт байрлаж хазаар монголчуудын үндэсний хоолоор наадамд оролцогчдыг дайлах болно
Шинжааны иргэн Ө.Оюундалай:
Би Зүүн гарт Дөрвөдийн нутаг Шинжаанаас ирж оролцох гэж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Элэг нэгт монгол ахан дүүсийн хамт ийм сайхан наадмыг тэмдэглэх гэж байгаадаа баяртай байна.
Өвөрмонголын иргэн Э.Дамдинсүрэн:
Юуны өмнө энэхүү наадмыг зохион байгуулж байгаа залуучуудад баярласнаа илэрхийлье. “Монгол туургатны цагаан сар наадам”-д Улаанбаатарт амьдарч байгаа өвөрмонголчууд бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно.
Сэлэнгэ аймгийг төлөөлж Г.Намхайдорж:
Манай аймаг газар тариалангаараа алдартай баялаг түүхтэй аймаг. Миний хувьд урьд өмнө хазаар, уйгар монголчуудын талаар сонин, сэтгүүлээс л уншдаг байсан. “Монгол туургатны цагаан сар” наадамд эдгээр хазаар, уйгар монголчуудын төлөөлөлтэй хамтарч оролцох гэж байгаадаа баяртай байна.
Өмнөговь аймгийг төлөөлж Ж.Дөшбат:
Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэгддэг Өмнөговь аймгийг төлөөлж оролцож байна. Энэ арга хэмжээг аймгийн нутгийн зөвлөлийн зүгээс дэмжиж байгаад талархсанаа илэрхийлье. Монгол орны маань 21 аймагт суугаа ахан дүүстээ мөн нутаг нутгаараа овоглож явдаг алдартай хүмүүсийг идэвхтэй оролцохыг уриалмаар байна.
Эх сурвалж www.time.mn Т.Жанерке