Яруу найрагч, орчуулагч Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээж-1” номоороо оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Алтан өд“ наадмын орчуулгын төрөлд тэргүүн шагнал хүртсэн билээ. МУИС-ийн НШУС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багшийн ажилтай энэ эрхэмтэй “Багш нарын баяр”-таа орох гэж байхад нь уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө танд “Алтан өд”-ийн эзэн болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. “Алтан өд” наадмыг оны шилдэг бүтээл шалгаруулдаг гэдэг утгаар нь илүү хүндтэй наадам юм болов уу гэж боддог. Утга зохиолын төрөл, төрлөөр нэр дэвшүүлж, шүүгчид нэлээд сайн үзэж, харж байж шалгаруулдаг гэж боддог.
-Та Турк улсад нэлээд хэдэн жил ажиллаж, амьдарсан болохоор энэ номыг орчуулахад илүү дөхөм байсан уу?
-Ер нь тийм л дээ. Гэхдээ би чинь нэг их олон хэлнээс орчуулдаггүй. Нэгэнт Турк хэл сурсных өөрөө тэнд амьдарч, дотор нь байхдаа яруу найрагчийн хувиар Туркийн яруу найргийг сонирхож байсан. Тэгж сонирхож яваад л Туркийн яруу найргийн бага шиг ном болох хэмжээний шүлгүүд орчуулсан байсан. Түүнээс биш ганцхан жилийн өмнө барьж аваад ийм ном гаргана гэж суугаагүй. Үндсэндээ арав гаруй жил буюу зуун дамнаж орчуулагдсан шүлгүүд. Анх сонирхлоороо орчуулж байсан хүн чинь нэлээд олон болоод ирэхээр нь ном гаргавал яадаг бол гээд л ном болгож боосон ухаантай. Тэгээд өнгөрсөн жил Туркийн Элчин сайдын яам руу хандаж, тэд ч ойлгож их сайхан хүлээж авснаар ном болсон түүхтэй юм. Ер нь тэнд соёл дунд нь байсны хувьд яруу найргийн хэлийг нь сонирхож байсан. Мөн өөрийн эрхгүй анхаарал татсан яруу найрагч ихтэй ард түмэн шүү дээ. Турк бол өөрөө их олон соёлын зөрөлдөөн дунд байдаг, тэдгээр соёлын нөлөөллийг авсан үндэстэн. Төв Азиас гарсан, Алтай хэлний аймагт багтдаг, Монголчуудтай нэг угсаа гаралтай боловч мянга гаруй жилийн өмнөөс салж нүүсэн гэдэг утгаараа түрэг хэлний өв соёл гэдэг бол бас л сонин. Дээр нь одоогийн байгаа бага Азид очиж суурьшаад мянгаад жил болж байна. Энэ хооронд Исламийн соёлд орсон. Харин XX зуунаас Өрнийн соёлд нэлээд автсан. Туркууд сүүлийн хэдэн зуун жилд Оттоманы эзэнд гүрэн гэж байгуулж, хүчирхэгжээд Балканы хойг, Грек, Европ хүртэл газар нутгаа өргөжүүлж байсныхаа хувьд олон соёлын солилцоонд орчихсон. Мөн сэхээтнүүдэд нь Францын соёл их нөлөөлсөн гээд олон онцлогтой юм билээ.
-Танаас өмнө Туркийн яруу найргийг орчуулсан нь цөөхөн байх шүү?
-Би Б.Ренчин гуайг орчуулж байсан гэж сонссон. Гэхдээ тэр орчуулгыг нь олж үзэж чадаагүй. Орчуулгаа алдсан юм уу, үрэгдүүлсэн юм шиг байгаа юм. Үүнийг нэг их мөшгиж, судалгаа хийгээгүй. Харин М.Цэдэндорж гуай бол 60, 70-аад оны үед Туркийн яруу найргаас арай илүү олон шүлэг орчуулсан байдаг. Гэхдээ гарын арван хуруунд багтахаар цөөхөн юм билээ. Л.Нямаа ах энд тэнд гарсан Туркийн яруу найргийн орчуулгыг бүр ном болгож үдсэн байснаа намайг ном гаргах гэж байгаа гэсэн чинь надад авчирч өгсөн. Түүн дотор нь М.Цэдэндорж гуайн орчуулга, бас зарим нэгэн хүний орчуулга байсан. Тэгэхдээ тэд дандаа орос хэлээс дамжуулж орчуулсан байна лээ. Тэгэхээр энэ номын минь онцлог бол эх хэлнээс нь хөрвүүлсэнд байгаа юм. Мэдээж мундгуудтай би юу ярихав. Саяхан Г.Аюурзана “Дэлхийн сонгомол яруу найраг” номондоо нэг шүлэг орчуулж оруулсан байсан. Ер нь тухайн бүтээлийг эх хэлнээс нь орчуулах хэрэгтэй л дээ. Үргэлжилсэн үг, яруу найргийг дамжуулж орчуулдаг л даа. Гэхдээ л эх хэлнээс нь орчуулвал илүү дээр гэж би боддог.
-Монгол, Турк хоёр хэл нэг язгуурынх болохоор орчуулахад дөхөм байдаг уу?
-Алтай язгуурын нэг аймгийн хэл гэдэг утгаараа ийм тал бий л дээ. Жишээлбэл, өгүүлбэрийн бүтэц нь адилхан. Бас эртний мал аж ахуйтай холбоотой буюу эртний болох тусмаа дундын, адилхан үг ихсэх шинжтэй юм билээ. Тэгэхдээ бүр цэцэг гэдгийг чичэг гэдгээрээ адилхан байсан гэдэггүй юм бол яг ижилхэн, амархан байсан гэж хэлж болохгүй л дээ. Яагаад гэхээр нэг өөр хэл бүү хэл Монгол хэлээрээ бичиж байгаа яруу найрагчид хүртэл хоорондоо өөр, өөрөөр бичдэг ш дээ. Ганцхан үг биш сэтгэлгээ давхар явж байдаг болохоор хэцүү. Миний орчуулгын энэ номонд XX зууны эхэн, дунд үеийн найман хүний шүлэг бий. Гэтэл энэ найман хүн чинь тэс өөр, өөр ертөнц . Назым Хикмет гэхэд л коммунист үзэлтэй, түүнийгээ ч нуудаггүй. Гэхдээ үүнээсээ илүү том яруу найрагч байсан. Эх хэлнийхээ боломжийг ашигласан мундаг яруу найрагч байсан гэдэг нь түүнийг шүтэн бишрэгчид, уншигчид одоо ч байгаагаас харагдаж байгаа. Түүний шүлгүүдээс харж байхад хүний оршихуй гэдэг юмыг гүн гүнзгий, тэгсэн мөртлөө энгийн мэдэрч чадсан мундаг шүлгүүдтэй. Дэлхийн орчин үеийн яруу найргийн хөгжилд хүртэл нөлөөгөө үзүүлсэн байдаг. Нэлээд олон жил үзэл бодлоосоо болж шоронд байсан, олон ч шорон дамжсан. Өөрөөр хэлбэл, дандаа үнэн худал, үхэл амьдралын дандаа зааг дээгүүр явж байсан байдаг. Бас энэ хүний маш энэрэнгүй сэтгэл нь яруу найрагт нь их хүчтэй туссан юм. Мөн Назым Хикметтэй бараг нэг үеийн яруу найрагч болох Нежип Пазыл гэж хүн бий.
Энэ хоёр хүн бол тэс өөр ертөнцтэй. Нежип Пазыл бол Исламийн шашны нөлөөг яруу найрагтаа их тусгасан хүн. Тэгэхдээ шашны талыг их барьсныхаа төлөө бас л шоронд орж байсан. Өөрөө хэдийгээр Исламийн соёлтой хувь хүн мөртлөө Өрнөдийн соёлын нөлөөг яруу найрагтай их хүчтэй тусгасан. Турк улсад бол яруу найргийн их багш, Султан гэж нэрлэгдэх хэмжээнд хүрсэн хүн. Ингээд тус тусдаа өөр, өөр ертөнц байгаа биз. Тэгэхээр хүн тус бүрийн бүтээлийг орчуулахын тулд тэр хүмүүсийнхээ ертөнц, үзэл рүү орж байж орчуулна. Ингэж чадвал илүү амьд, бусдад хүрэхэд дөхөм болно.
-Сүүлийн үед хүмүүс аливаа зүйлийг дэлхийн хэмжээнд тэдэд явна гэж их ярих болсон. Та орчуулагчийн хувиар Туркийн орчин үеийн яруу найраг дэлхийд ямар хэмжээнд яваа гэж боддог вэ?
-Морь шиг уралдуулж үзээгүй, эдийн засаг шиг мөнгөөр хэмжээд гаргаад ирдэг зүйл биш болохоор би сайн мэдэхгүй юм. Сүүлийн хэдэн зуунд Европ, ялангуяа Францын соёлын нөлөөнд их орсны хувьд дэлхийн төвшний тодорхой хүрээтэй танилцсан. Тэгэхээр дээгүүр тавшинд байдаг байх л даа. Дэлхийн магнайд тав аравхан хүмүүс байдаг. Энэ л дэлхийн яруу найргийг тодорхойлж байна гэдэг үзэл бол хоцрогдсон. Харин ямар соёл илүү давамгайлсан бэ гэдгээсээ шалтгаалаад дэлхийд түгэх, эсвэл хумигдах гэдэг нь шалтгаалдаг байх гэж боддог. Учир нь Номхон далайн эрэгт гүйж яваа нэг нөхөр өмнө нь хэн ч хэлээгүй, хэлж чадахгүй дөрвөн мөр бичсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь яруу найргийг дурын болгон бичиж болно гэсэн үг биш.
-Таны сая орчуулан гаргасан ном “Туркийн яруу найргийн дээжис-1” гэхийн бодоход үргэлжлэлтэй байж таарах нь. Тэгэхээр дараагийнх нь хэзээ гарах вэ?
-Ер нь бол “Туркийн яруу найргийн дээжис-1” гээд гаргачихсан болохоор өрөнд орчихож байгаа юм л даа /инээв/. Тэгэхдээ өнөөдөр, маргааш гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан боломж нөхцөл нь бүрдвэл гаргана аа.
-Хоёр дахь цувралд яг аль үеийн яруу найрагчдийн бүтээлийг илүү оруулах бодолтой байна?
Сая гаргасан номонд маань XX зууны эхэн хагас, дунд үеийн төлөөллүүдээс орсон. Тэгэхээр ер нь бол хоёрдугаар хагасын хүмүүсийн гайгүй гэсэн цөөхөн уран бүтээлчдээс мөн XXI зуун гараад арав гаруй жил болчихсон болохоор энэ үеийнхнээс оруулна гэсэн бодолтой л явж байна. Гэхдээ үүнээс өмнө XIII зууны үеийн томоохон төлөөлөл болсон хоёр хүнийг орчуулж чадвал “барьж авах” санаатай байгаа. Энэ хоёр хүн бол Турк хэлэнд Араб, Перс хэлний нөлөө асар их орчихсон байсан тэр үед цэвэр төрөлх хэлээрээ бүтээлээ туурвиж байсан. Гэхдээ үүнийг бодож, хүсч л байна. Орчуулга чинь ажлынхаа хажуугаар шөнө сууж хийдэг ажил шүү дээ.
-Та бас өөрийн яруу найргийн түүврээ хэзээ гаргах гэж байна?
-Би 2009 онд “Хамаг залуу нас”-аа гаргасан ш дээ. Нэг жижгэвтэр ном бэлэн болчихсон байгаа. Сая хамт гаргах гээд болсонгүй. Гэхдээ тун удахгүй шинэ номоо гаргана аа. Их урт нэртэй ном байгаа.
ярилцсан: Т.ДАРХАНХӨВСГӨЛ