СТА М.Саранцэцэгийг манай үзэгчид "Хэцүү анги" киноны Сүнжид багшийн дүрээр андахгүй. Тэрээр "Помогите нам'', ''Булингар", ''Хүйн холбоо" зэрэг кинонд ээж, эхнэрийн дүрийг чадварлаг бүтээсэн байдаг. Түүнтэй уран бүтээлийн талаар хөөрөлдлөө.
-Таны урлагтай холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Ямар хувь тохиолоор жүжигчин болов?
-Би аравдугаар ангиа төгсөөд Багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсч орсон. Тэр үед Т.Доржсамбуу багш маань сургууль төгсч ирээд анхны ангийн элсэлтээ бүх аймгуудаар явж авсан юм. Ингээд Эрдэнэтээс таван хүүхэд шалгаж авахад УДЭТ-ын дарга УГЗ Цэрэнсамбуу, "Загийн алим" киноны Хүдэрт тоглодог Батбаяр, хошин урлагийн жүжигчин Алтанцэцэг, Бат-Өлзий бид тав тэнцэж байлаа. Эндээс л миний жүжигчин болох гараа эхэлсэн дээ. Сургуулиа төгсөөд "Мандах нарны туяа" хэмээх Д.Сүхбаатарын залуу насны тухай хоёр ангит кинонд туслах дүрд тоглож байлаа. Энэ миний анхны дүр. Дараа нь Эрдэнэтийн театрт эвлэлийн илгээлтээр очиж Хөгжимт драмын театр байгуулсан. Харин театрт тоглосон хамгийн анхны гол дүр Ф.Шиллерийн зохиол "Хар санаа ба хайр сэтгэл" эмгэнэлт сонгодог жүжгийн Мильфорд ахайтны дүр юм.
-Эдгээрээс тань дахин дахин тогломоор санагддаг, сэтгэлийг тань эзэмдсэн амттай дүр байдаг биз?
-Байлгүй яахав. Миний хувьд бүхий л дүрдээ сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ уран бүтээлчид ихэнхдээ алдаа оноогоо дараа нь л олж хардаг шүү дээ. Түүн шиг жаахан алдаа гаргасан дүр байдаг л юм. Ер нь жүжигчин хүний хамгийн хүсч мөрөөддөг зүйл бол тайзны уран бүтээл. Миний хувьд хамгийн их хөлс хөдөлмөр шингэсэн дүр бол "Хар санаа ба хайр сэтгэл" жүжгийн Мильфордын дүр. Дөнгөж оюутны ширээнээс гараад театрт сонгодог жүжгийн гол дүрд тоглоход учраа олохгүй, хирдээ л сүрддэг юм билээ. Гэсэн ч Лхасүрэн гэж мундаг найруулагчийн хүчинд жүжигчний авьяас, хөдөлмөр дээрээ тулгуурлан дүрээ бүтээж байсандаа бахархдаг. Заримдаа тайзан дээр гараад жүжгээ тоглох гэтэл текстээ мартчихсан байна гэж хар дарж зүүдлээд цочоод сэрж байсан үе ч бий. Ингээд бодохоор тайзны уран бүтээл хүний зүрх сэтгэлд үлддэг юм байна лээ.
-Ихэнх жүжигчид эсрэг талын дүр бүтээж түүгээрээ өөрийнхөө ур чадварыг харуулах юмсан гэсэн хүсэлтэй явдаг?
-Заавал эсрэг талын дүр бүтээх юмсан гэсэн бодол байхгүй л дээ. Бүтээж чадвал эерэг талын дүр ч хүнд хүрдэг. Гэхдээ "Хэцүү анги" кинон дээр зөөлхөн багш байтал, "Помогите нам" кинон дээр ааштай авгай, "Булингар" кинон дээр говийн зөөлхөн эмэгтэй, "Хүйн холбоо" кинонд ааш муутай эхнэр гээд янз бүрийн дүрүүд байдаг. Харин жүжигчид өөрсдөө би жүжигчин хүн миний ажил, уран чадвар гэдэг үүднээсээ контрастай дүрд тоглох дуртай байдаг. Түүнээс надад эсрэг талын дүр бүтээгээд үзэгчдийн баатар болчих юмсан гэсэн бодол байдаггүй. Энэ бол жүжигчин хүний хийх ёстой ажил. Дүрд хувирах ажлаа л хийж яваа хүмүүс шүү дээ. Гэхдээ үзэгчид анхнаасаа зөөлнөөр хүрчихсэн дүрээ зөөлнөөр нь, эсрэг талаар харсан дүрээ эсрэгээр л харах гээд байдаг тал бий. АЖ Б.Дамчаа агсан гэхэд л дандаа эсрэг талын дүр бүтээдэг. Үнэхээр агуу бүтээж чаддаг. Тэгсэн хэрнээ эерэг талын дүрд гоё тоглочихсон л байдаг. Тухайн уран бүтээл хүнд бүтнээрээ хүрэх хүрэхгүйгээсээ их шалтгаалдаг юм билээ. Түүн шиг үзэгчид Б.Дамчаа гуайг эсрэг талын дүрд бүтнээр нь л хараад байдаг юм билээ.
-Ахмад үегүйгээр залуу үе гэж байдаггүй. Танд уран бүтээлийн санаа оноо, үлгэр дууриал авдаг ямар уран бүтээчид байдаг вэ?
-Манай ахмад үеийнхэн үнэхээр агуу. Тэднийг шүтэж биширч явахаас аргагүй. Наад зах нь Г.Доржсамбуу багш, Т.Цэвээнжав, АЖ Н.Цэгмид, Ц.Цэгмид, Лха Долгор, Ч.Долгорсүрэн гуай, Д.Хандсүрэн гуай, АЖ Д.Ичинхорлоо гуай, дунд үеэс АЖ.Г.Мягмарнаран, Д.Мэндбаяр, Н.Сувд дээр нь Б.Цэрэнпагма гуай гэж гайхамшигтай хүн байлаа. Тэднийг хараад ямар мундаг юм бэ, яаж ингэж бүтээж чадаж байна бид хаана ч хүрэхгүй юм байна, яаж суралцана даа гэж боддог.
-Ихэнх уран бүтээлчид дүрийнхээ санааг амьдралаас олдог. Энэ нь дүрээ итгэл үнэмшилтэй бүтээхэд нөлөөлдөг байх л даа?
-Тэгэлгүй яахав. Багш ч юмуу, эмчийн дүрд тоглоход яг л багш хүн шиг заах аргыг мэдсэн байх ёстой. Эмч байлаа гэхэд ядаж чагнуураа зөв харуулаад хүний даралтыг үзэх хэмжээний чадвартай байх ёстой. Ерөнхийдөө бид маш их судалгаа хийдэг л дээ. Судалгаагүйгээр дүр бүтээнэ гэж байхгүй. Багш нар маань ч энэ тал дээр их сургадаг байлаа. Бид ч гэсэн уран бүтээл дээр гарахаараа судалгаагүйгээр дүрийг бүтээж чадахгүй гэдгээ мэдэрдэг.
-Алтанцэцэг жүжигчин та хоёр гар нийлж хамтын уран бүтээл хийдэг. Ер нь уран бүтээлчдэд уран бүтээлийн ганзага нийлэх гэж чухал зүйл байдаг юм шиг?
-Аяа бид хоёр Багшийн дээд сургуулийн нэг ангид сурч байсан. Бас хоёулаа хотын охин. Тэр цагаас хойш 30 гаруй жил үерхэж байна. Аяа маань хошин урлаг, би кино драм гээд явчихсан. Сая би "Сарны гөлөг" нэртэй кино продюсерлосон. Удахгүй хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ. Энэ киноны гол дүрд Аяа, хөтлөгч Ё.Алтангэрэл нар тоглож бүрэн хэмжээний уран сайхны кино болсон. Энэ дашрамд гол дүрд тоглосон жүжигчдэдээ баярласнаа илэрхийлье. Учир нь бидний үеийн жүжигчид аливаа юманд буурьтай, цаанаа нигууртай ханддаг юм байна гэдгийг харлаа. Өмнө нь олон уран бүтээл дээр залуучуудтай явж байсан л даа. Гэхдээ бидний үеийн жүжигчид арай л өөр байдаг юм байна.
-Сүүлийн үед манайд кино шиг элбэг юм алга. Зарим нь ашиг гэхээсээ шатсан нь олон гэлцэх юм. Таны хувьд?
-Мэдээж ажил хийж байгаа юм чинь цалин авалгүй л яахав, мөнгө бодолгүй л яахав. Гэхдээ үзэгчдэдээ л нэг шинэ зүйл хүргэчих юмсан, сайхан оюуны таашаал өгөхүйц уран бүтээл хийчих юмсан гэсэн хүсэл зорилгыг эн тэргүүнд тээж явдаг. Тэр дундаа маш сайхан сэтгэхүйн драмтай кино хийе гэдэг миний туйлын зорилго. Сайхан кино хийе гэхээр манай нийгмийн амьдрал бидэнд үнэхээр нөлөөлж байна. Бид ямар ч уран бүтээл дээр эхлээд ашиг боддоггүй. Гэхдээ цаашдаа сайн уран бүтээл хийхийн тулд зайлшгүй л ашиг хэрэгтэй болно л доо.
-Та бид хоёр нэлээд уран бүтээл ярилаа. Манай сонин нийслэлийн ажил амьдралыг бичдэг. Таны хувьд Улаанбаатар хотын унаган иргэн. Тиймээс нийслэл хотдоо өрнөж буй бүтээн байгуулалт болон шинээр гарч байгаа бодлого шийдвэрийг сайнаар ч саараар ч харж явдаг байх?
-Ямар ч айл өрхөд улстөржсөн яриа үүсдэг. Тэгэхээс ч аргагүй. Энэ нь уран бүтээлч бидэнд ч нөлөөлж байна. Хотын унаган иргэний хувьд Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийг өдөр бүхэн харж явдаг. Хүүхэд байх үеэс Улаанбаатар хот маань хөгжиж, өргөжин тэлсэн, их ч өөрчлөгдсөн. Ялангуяа сүүлийн жилүүдэд зам сайн засагдаж байгаа. Нийслэлийн бодлогод автомашины дугаарын хязгаарлалт хийсэн нь маш зөв зүйтэй алхам болсон. Бас амралтын хоёр өдөр зөв, буруу хүрдтэй автомашин явуулна гэдэг ч зөв шийдвэр. Дээр нь утааны асуудал. Яриад ч нэмэр алга. Би хувьдаа гэр хорооллынхныг бүгдийг нь байранд оруулчих юмсан гэж боддог. Гэтэл орон сууцны компаниуд жилээс жилд үнээ нэмээд бэл бэнчинтэй хүмүүст зориулаад л байр бариад байдаг. Тэд аль хэдийнэ хамгийн гоё шийдэлтэй, тохижилттой байруудаа сонгоод авчихсан. Тэгсэн хэрнээ дахиад байр аваад байх жишээтэй. Тиймээс одоо гэр хорооллынхонд зориулсан дундаж өртөгтэй байр баривал тэд яаж ийгээд байранд орохыг бодно шүү дээ. Манай Баянмонгол хороололд гэхэд л Их монгол хороолол гээд байшингууд барьчихсан. Гэтэл тэр байруудад хүмүүс дийлж орж чадахгүй л байгаа байхгүй юу. Тиймээс миний, бодлоор хямд төсөр байр барих хэрэгтэй байна. Түүнээс тэднийг нүүрс түлүүлэхгүй гэж хориод яах юм бэ. Хөлдөж үхэлтэй нь биш дээ. Хотын дарга Э.Бат-Үүл зөв ажил хийж байгаа. Бас жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй. Зарим үед бүдүүлэг харьцах тохиолдол гардаг. Гэхдээ яваандаа бүх зүйл цэгцэрч сайхан болох байлгүй дээ гэсэн эерэг бодолтой явдаг даа.
Д.Нэргүй