
Титаник хөлөг мөсөн уул мөргөснөөс сүйрсэн гэдгийг хүн бүр мэддэг. Гэвч хэзээ ч сүйрэшгүй бараг мөнхийн бүтээл хэмээн гайхан биширч байсан энэ хөлөг хэний, ямар алдаанаас болж сүйрэв гэдэг өөр хэрэг. 1,5 мянга орчим зорчигчийн амь насыг авч одсон “Титаник” хөлөг онгоц сүйрснээс хойш 2012 онд 100 жил болсон билээ. Сүйрлээс амьд үлдсэн ”Титаник”-ийн нэг зорчигч эмэгтэйн захидлыг энэ гунигт ойгоос өмнөхөн Их Британийн нэг дуудлага худалдаанд тавьжээ. Түрүүнд нь энэ захидлыг хаана ч үзүүлж байгаагүй юм.
Ингэхдээ захидалд дурдсан мэдээлэл домогт хөлөг онгоцны сүйрсэн тухай өмнөх бүх хувилбарыг чухамдаа орвонгоор нь эргүүлжээ. “Титаник”-ийг сүйрэх өдөр хөлгийн ахмадыг согтуу байсныг харсанаа зорчигч эмэгтэй захидалдаа бичсэн байна.Эмэгтэйн дурдсанаар, “Титаник”-ийн ахмад багийнхаа хэн нэгэнд залуураа шилжүүлээд, бааранд сууж, виски залигалж байсныг тэр бас харжээ. Тийнхүү ”Титаник” үйлийн үртэй нөхцөл байдлаас биш, харин хайхрамжгүй явдлын улмаас” живсэн болж байна.
Титаниктай холбоотой зарим сонирхолтой баримтууд
Хоёр нохой аврагджээ
Онц байдлын үеийн хуулиар бол аврах завинд хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүдийн суулгах ёстой. Гэвч Титаникийн ослын үеэр хоёр азтай нохой эзэнтэйгээ хамт аврах завинд сууж, амь гарсан байдаг. Хөлөг дээр нийт есөн нохой явж байсан гэдэг.
Дөрөв дэх яндан
Титаник хөлөг дөрвөн яндантай байсныг бүгд мэднэ. Гэхдээ түүнээс ердөө гурав нь жинхэнэ, уур гаргадаг яндан бөгөөд дөрөв дэх нь зүгээр л үзэмж нэмэх зорилгоор зохион бүтээгчийнх нь нэмсэн яндан гэнэ. Гурван яндантай байснаас дөрөв байвал хөлөг онгоц илүү үзэмж төгс харагдана гэж зохион бүтээгч нь үзжээ.
Долоон сая захидал
Титаник хөлөг “Эзэн хааны шуудан түгээгч хөлөг” хэмээх албан ёсны тодотголтой байсан юм. Тийм ч учраас онгоцонд 3423 багц илгээмж буюу долоон сая ширхэг захидал сэлт байсан гэдэг. Энэ олон сая захидал илгээмжээс ердөө нэгийг нь ч авч гарч чадаагүй гэж үзэж байсан байна. Эдгээр шуудан дотор Омар Хайямын шүлгийн түүврийг эрдэнэсээр урласан үнэт эд хүртэл байжээ.
328 цогцос л олжээ
Осол гарснаас хойш хоёр хоногийн дараа амь үрэгдэгсдийн цогцсыг эрж хайх ажил эхэлжээ. Ослын улмаас 705 хүн амь насаа алдсанаас эрлийн багийнхан нийтдээ 328 хүний цогцос олжээ. Гэвч тэдний 119 нь танихын аргагүй, айхтар гэмтсэн байсан тул далайд нь оршуулсан байна.
Жэк, Роуз гэдэг зорчигч байгаагүй
Титаникийн сүйрлийн тухай хамгийн тодорхой ойлголтыг Жеймс Камеруны “Титаник” киноноос л бид авсан билээ. Гэвч кинонд гардаг Жэк Доусон, Роуз ДеВитт Букэтер хэмээх хос бодит байдал дээр Титаникийн зорчигчид дунд байгаагүй юм. Харин кинонд гардаг зарим дүр тухайлбал, Титаникийг бүтээсэн Томас Эндрьюс, аврах завийг удирдан явдаг хатагтай Молли Браун, ахмад Эдуард Смит, нэгдүгээр зэрэглэлийн зорчигч Жон Жэкоб Астор, хөгжмийн хамтлагийн ахлагч Уоллэс Хартли, мөн эцсээ хүртэл хамтдаа байхаар шийддэг ахимаг насны гэр бүл гээд бүгд бодит дүр юм. Аврах завинд суух боломж байсан ч нөхөртэйгөө хамт үлдэхээр шийддэг тэр эмэгтэй бол Нью-Йоркийн Мэси их дэлгүүрийн эзэн хатагтай Ида байжээ. Тэрээр нөхөр Исидор Стростой хамт үлдэхээр шийдсэн бодит түүхийг “Титаник” кинонд гайхамшигтайгаар үзүүлсэн байдаг билээ.
www.URLAG.mn