Хэн нэгэн миний нүүр лүү өшигчиж, толгой түрий рүү балбаад унахаар нь би сэрэв… Юу болж байгааг ойлгож чадахгүй нэлээд зодууллаа. Намайг зодож байгаа хүн, Сэмжид осгож үхлээ ш дээ, чи түүнийг хаана орхисон бэ, хэлээд өг, олоод ир гэж хашгирч байгааг бүүр түүрхэн ухаарав… Үгүй энэ чинь Бат Очир уу даа, намайг яагаад зоддог билээ… Арайхийж нүдээ нээлээ, Бат-Очирын нүд гялалзаж, амнаас нь хөөс сахрана. Чи Сэмжидийг хаана хаячих чинь энэ вэ, хөлдөөд үхчихвэл яах юм бэ гэж уухичин зүтгэнэ. Би хэдийгээр хотын хулигаануудын дунд өссөн, бие хаа өсгөлүүн, зодоон нүдээндээ чамгүй ч өөрөөсөө тохой өндөр, төө зузаан сумын зааныг яагаад ч хорьж чадахгүй байв. Манай ангийн хэдэн залуу ч бид хоёрыг салгаж дийлэхгүй байлаа. Би юу болоод байгааг ойлгоогүй ч гэрээс гарч зугтаав. Тэрүүхэн зуур хажуу талын өндөр байшин руу муур шиг авирлаа. Хожим тэр байшинг хараад яаж авирснаа бодоод олоогүй юм, айж сандарсан тулдаа л гарсан байх. Бат-Очир, хөөш чи Сэмжидийг хаана орхисон бэ, хөлдөж үхвэл яах юм бэ гэж тэр хавиар нэг бахирч, байшин руу авирах гэж оролдоно. Би үнэндээ юу ч ойлгоогүй, хамгийн сүүлд охид хөвгүүд нийлсэн бидний хэдэн нөхөд бүгдээрээ дуулж хуурдан, инээж хөхрөөд сууж байсан. Угаасаа архи даадаггүй болохоор хамгийн түрүүнд унаад сая сэрсэн. Ёстой айж гайхах зэрэгцэнэ гэдэг л боллоо.
Миний амьдралдаа уулзаж учирч явсан хүмүүсээс хамгийн сайхан сэтгэлтэй, хүүхэд мэт ариухан хүн бол Сэмжид хэмээн итгэж явдаг юм. Үнэндээ би Сэмжидтэй тийм ч ойр дотно байгаагүй, сайндаа л арваад удаа уулзсан. Гэвч дүрийг нь харсан мөчөөс эхэлж шүтэн бишрэх болсон юм. Сэмжид, Бат-Очир бид гурвын хувь заяа нэгэн цагт үйлийн үрээр зангилагдаад тарж одсон билээ. Тэртээ дөчөөд жилийн өмнө оюутан байхдаа мөн ч залуу халуун, гэнэн тэнэг явж дээ хөөрхий. Ангийн анд Бат-Очир маань арав төгсөх жилээ сумын наадамд түрүүлсэн, үг дуу цөөтэй, өндөр чилгэр, ханхар сайхан залуу байлаа. Даанч Бат-Очир маань тэр нэгэн хачирхалтай явдлаас болж үхэн үхэтлээ намайг үзэн ядаж явсан гэдэг. Хөөрхий, над шиг насаараа ганц биеэр амьдарсан юм. Цаг хугацаа зүрхний шархыг анагаадаг л гэдэг, гэтэл тэр нь Бат-Очир бид хоёрт хамаагүй ч юм уу даа хаашаа юм. Юутай ч түүнийг бурхан болоход нь үнэн мөнөө олж чадаагүй дээ, найзынхаа сэтгэлийн сэвийг арилгах боломж олдоогүйд хачин ихээр харамссан сан.
Би юу ч мэдэхгүй, согтож унаад сая сэрж байна гэж учирлаж хэлээд арга ядлаа. Ангийнхан маань Бат-Очирыг хорьж аргадаад, агдалж тэврээд нэмэр алга, сэгсрээд л хаяна. Улам агсарч над руу чулуу нүүлгээд унав. Зангидсан нударга шиг чулуунд шанаагаа цохиулж унах шахаад зугтахаас өөр аргагүй гэдгээ ойлголоо. Байшингийн дээврээс арын гудам руу үсэрч буугаад хар эрчээрээ гүйв. Би гэрээс гарч зугтахдаа гадуур хувцас, гутлаа аваагүй тул дан оймс, ноосон цамцтай дагжин чичирч явлаа. Хоромхон зуур гудамжны булан хүрэхэд нэг айл унтаагүй, тооноор нь гэрэл харагдахаар хашаа даваад нохой боргуулан орж явчихлаа. Гуч гаруй насны эгч үйл мэтгээд, хойд орон дээр хоёр хүүхэд унтаж байна. Айж гайхсан харцанд нь хариу болгож осгох шахсан учраа хэлэв. Эгч надад халуун цай хийж өгөөд миний томоогүйг гайхаж толгой сэгсрэн шогшроно. Намайг гэртээ хоноод яв гэнэ. Толгойд элдэв юм бодогдоод тэр шөнө унтаж чадсангүй. Бат-Очир яагаад тэгтлээ уурласан, Сэмжид хаашаа алга болсон, ёстой мэдэх юм алга. Өглөө нь айлын эгч манайх руу явж миний хувцас хунарыг авчирч өгснийг яана. Далаад онд хүний чанар мөн ч өөр байж дээ.
Энэ явдлаас сар гаруйн өмнө орой намрын жихүүн өдөр хичээл тараад алхаж явахад Бат-Очир намайг ийнхүү гуйж билээ. Танилцаад удаагүй ч ухаангүй дурласан анагаахын сургуулийн нэгэн охинтой ганцаараа очиж уулзахаар олигтойхон хоёр үг холбож хэлж чадахгүй ээрч муураад байна, ханиндаа очьё гэв. Гол төлөв хөдөөнөөс ирсэн ангийн залуусыг бодвол орон хотод төрж өссөн би арай л хэлэмгий доломгой, нүүр хагарсан байсан юм болов уу даа. Анагаахын сургуулийн дотуур байрны жижүүр авгайд банкя өгч, аргадаж гуйсаар арайхийн оров. Тасагт нь ортол зургаан охин юм яриад сууж байна. Охид биднийг шоолоод, бид хоёр тэдэнтэй танилцах гэж хөгөө чирэв. Бүгдээрээ залуу сайхан охид атал Сэмжид тэднээс нэг л ондоо. Онцгой царайлаг гэхээр зүйл үгүй ч цаанаа л нэг сэтгэл татам. Баруун хөмсөг дээрх мэнгэ нь гэрэлтэх мэт. Түүнд бусдын хайрыг булаасан, сэтгэлийнхээ ариуныг илчилсэн нэг л нууцлаг зүйл байлаа. Ай хөөрхий, Дарьгангын сайхан бүсгүйчүүд ээ гэж. Тийм ер бусын үзэсгэлэн хорвоо ертөнцөд ганц л хувь юм даа. Тэгээд тэр бүтээл арваадхан жилийн настай гэж бодохоор мөнх ч биш, мөнх бус ч биш ажээ, энэ шүтэн барилдлагат ертөнц.
Би юу болсныг дахин дахин тунгааж бодоод мэдэх юм алга. Гомбожавыг хүнээр дуудуулж уулзаад болсон явдлыг яриуллаа. Еэ бурхан минь, ямар ч байсан Сэмжид амьд гэнэ. Намайг зугтаж одсоны дараа тэд хайж яваад хажуугийн жалгаас олжээ. Ухаангүй согтуу, өмднийх нь өрөөсөн шуумаг шувтарсан байдалтай, осгож эхэлсэн байж. Эвий муу Сэмжид, хайран охин… Сэргийлэхээс хүн ирж биднийг бариагүйн учрыг ойлгож болно. Маргааш нь охид ярьж зөвлөөд Сэмжидийн нэр төрийг бодож чимээгүй өнгөрөхөөр шийдсэн хэрэг. Бид золтой л дээлээ нөмрөөгүй аж, тэр нь ч хамаа юу Сэмжидийг хэн тэгдэг байна. Ууж идэж, дуулж хуурдсаар хүн бүр согтож миний дараа Сэмжид унасан юм байх. Улаан Дэнсмаа заавал ахындаа хонох ёстой гэж агсарч уйлаад арга алдуулсан гэх. Хэдхэн гудамны цаана байдаг ахынд нь дөхүүлж өгөхөөр бүгдээрээ гарсан гэнэ. Сэмжид бид хоёр л шал согтуу унтсаар үлдэж. Тэднийг гарахад Равдан хар модны тайрдас сандайлчихсан гэрийн гадаа цурхиртал уйлж байсан гэдэг. Мөн ч хачин юм болсон шиг байгаа юм. Бас Бат-Очир намайг заавал ална гэж тангарагласан шахуу юм ярьж байна.
Тэр өдөр анагаахын сургуулийн охид Бат-Очир бид хоёроор доог тохуу хийж хичнээн үйл үзэв дээ. Би аминдаа яриа хөөрөөтэй гэгддэг боловч зургаагийн зургаан бүсгүй хүн шоолж инээгээд байхаар нүүр улайж, хэлэх үгээ олж ядав. Үнэндээ би Сэмжидийг харангуутаа ухаан алдан дурласан юм билээ. Гэхдээ энэ бол шунаж тачаасан мугуйд дурлал бус, хүндэлж дээдэлсэн ариун гэгээн анхны хайр байжээ. Найзынхаа итгэж танилцуулсан хүнийг шохоорхоно гэдэг муухай хэрэг ч тархинаас бус зүрхнээс гарсан үнэнхүү дурлалыг яалтай билээ. Ямар ч байсан зориг гаргаж та нар хүний олноор түрий барьж шоолоод байгаа юм бол маргааш уулзъя. Гурван цагт бид зургуул болоод Элдэв-Очирын үүдэнд та нарыг хүлээе. Хамт кино үзээд хэн нь хэнийгээ шоолохоо үзье гэж хэлсэн юм. Тэд ч уухайн тас зөвшөөрч Бат-Очир маань билетний мөнгө яаж олох тухай, би Сэмжидийн тухай бодол болсоор найзууд дээрээ очиж билээ. Замдаа Бат-Очирын асуусан юмыг сайн ойлгохгүй өвчилсөн сэтгэлийнхээ сэжүүрийг таниулсан биз. Анагаахын зургаан охин, Хөдөө аж ахуйн зургаан хөвгүүн найз болсон түүх бол ердөө л энэ. Маргааш нь хамт кино үзээд, дараа нь Улаанбаатар рестораны хуйцаа идэж, охидоо бамбасайгаар дайлаад мөн ч сайхан үерхлийн үүд нээгдсэн билээ.
Би болсон явдлын учрыг олж, хужрыг тунгаахын тулд Гомбожавын мэдэж байгаа бүхнийг дахин дахин яриуллаа. Гомбожав өөрөө согтуу байсан болохоор тоймтой юм хэлж чадахгүй байв. Бас яагаад ч юм надаас ямар нэгэн юм нуугаад байх шиг санагдаж билээ. Ямар ч байсан Равдан тэдэнтэй хамт хашаанаас гарсан гэдэг. Тэд Улаан Дэнсмаагийн ах эгчид сайн загнуулж нэлээд саатаад буцаж ирэхэд би ганцаараа унтаж байсан юм байх. Бат-Очир гайхан сандарч Сэмжидийн нэрийг дуудан хашгирсаар жорлон руу гэрэл тусган, хашаан дотор нэгжээд олохгүй болохоор нь намайг балбаж гарсан ажээ. Бат-Очирт өөрийгөө буруугүй, чи учрыг нь олох хэрэгтэй хэмээсэн зурвас бичиж Гомбожаваар хүргүүлэхдээ чи ч бас сайн ухуулж яриарай хэмээн гуйлаа. Бат-Очир миний захидал, Гомбожавын үгийг огт хайхралгүй намайг ална гэж занасан гэнэ лээ.
Бидний нийлдэг зургаан охин, зургаан хөвгүүн нэг нэгнийхээ төрсөн өдрийг хамт тэмдэглэхээр ярилцсан цагаас хойш анхны төрсөн өдөр нь Сэмжидийнх байлаа. Бидний анхны төрсөн өдөр, тэгээд сайхан Сэмжидийнх болохоор ихээхэн хөл алдав. Оюутны байранд олигтойхон шуугилдаж чадахгүй гэж айгаад Равдангийн садангийн айлыг эзгүйчлэхээр Дэнжийн мянгад цугласан юм. Хэнийх нь ч билээ нутгаас ирсэн хөлдүү айргийг гэсгээлээ. Бид хүмүүсийг сайн халааж хөгжөөх санаа гарган арван литр айрагт хоёр лонх архи хийж хар нүдэн болгов. Тэгэхдээ бид боловсорсон хойноо ихээхэн уршиг дагуулах муу үйлийн үрийг тарьснаа мэдээгүй юм. Охидыг Бат-Очир авчрахаар явж, бид тав гараа гарган бууз хуушуур хийв. Үнэндээ миний хувьд Сэмжидтэй уулзана гэдэг сэрүүн зүүд мэт сайхан ч, нүүр улайж, хэлэх үг хоолойд түгжрэх нь хэцүү. Энэ хооронд Бат-Очир маань Равдан бид хоёрыг Сэмжидэд сэтгэл алдсан гэдгийг гадарласан ч түүний урдуур орох санаагүй гэдэгт итгэж байсан хэрэг. Тэр Бат-Очирын Сэмжиддээ хайртай гэж юүхэв, өчүүхэн ч хир халдаахгүй.
Гайхахын эрхэнд ингэж хүртэл бодож үзлээ. Согтуугийн хар гайгаар би өөрөө Сэмжидийг бузарлачихаад жалганд хаясан юм болов уу. Ядахдаа би бүсгүй амьтны өвөр сөхөж үзээгүй, шавилхан явсныг хэлэх үү, санаанд багтахгүй байна. Өөртэй нь уулзаж чадахгүй юм аа гэхэд найзуудынх нь нэгтэй ч болов уулзаж учир начрыг нь олохгүй бол сэтгэл амрахгүй нь ээ. Анагаахын сургуулийн дотуур байр луу дөхөж очихоор тэмээнээс тэмдэгтэй том Бат-Очир үүдэнд нь босгосон хөшөө мэт луглайн зогсож л байх. Миний тойм дуулснаар Сэмжид хичээлдээ явахгүй, хэнтэй ч уулзахгүй байгаа гэнэ. Тэгээд л Бат-Очир дотуур байрны үүд сахисан хэрэг. Би хичээлийн байранд очиж лекц тарах үеэр нь Мэлсийг олж уулзлаа. Уулзах ч гэж дээ, Мэлс тас намжирдаад намайг үнэнхүү үзэн ядаж байх шиг. Дайны хажуугаар дажин гэгчээр Гомбожав Мэлс хоёрын сэтгэлд харваж эхэлсэн хайрын оч үүнээс болж унтарсан бололтой. Аргадаж учирлаад, долоон булчирхайгаа тоочоод би юу ч олж долоосонгүй. Мэлсийг нэлээд дагаад юм олж мэдээгүй би Бат-Очирын бараанаар буцаад явлаа. Тэр намайг үнэхээр алчихаж мэднэ хэмээн айж байв. Ядахдаа надтай ярилцъя гэж хичээхгүй байгаа нь хяслантай. Үнэн мөнөө олоод үхдэг бол хамаа байж уу. Янз нь Бат-Очир эхлээд Сэмжидтэй уулзаж хар буруу санаагүй, юунд ч эмзэглэх хэрэггүй, чамд хайртай хэвээр гэдгээ хэлчихээд надтай учраа олох гээд байсан байгаа юм. Хэлтэй болгоноор үг дайна гэдэг шиг найзуудаар нь дамжуулж хэлээд Сэмжид үг аваагүй, түүнтэй уулзаагүй гэдэг. Бат-Очир намайг хардах, би бусдыг хардах, Сэмжид Бат-Очиртой уулзахгүй, Бат-Очир надтай ярилцахгүй, хяслантай ч хорвоо вэ.
Нийлдэг нөхөд маань бүгд дотуур байранд, би дөчин мянгатад гэртээ амьдардаг болохоор заримдаа тэдэнд атаархдаг байлаа. Гэртээ уйддагийг хэлэх үү, Сэмжидэд дурласан намар их удаан өнгөрсөн шиг санагдана. Байгаль эх гайхамшигтай уран гэдгийг мэддэг ч тийм бүтээлийг хосгүй гэхээс өөр юу гэхэв. Үгүй тэр дуу хоолойных нь энхрий байгааг, эрхлээд ч байгаа юм шиг. Яая даа байз гэж бодсоор хичээл номоо хайхрахаа байж мэргэжилдээ ч дур сонирхолгүй гэдгээ ухаарав. Зүйлэг өвчтэй юм шиг адар ширтэн гиюүрсэн намайг ямар зовлонд нэрвэгдээд байгааг гэрийнхэн маань ч хэдийнэ гадарласан байлаа. Тэр намар шиг намрыг би дахин үзээгүй, ерөөс энэ насандаа ганцхан намрыг үзсэн мэт бодогдох юм. Ямар ч байсан би Бат-Очирын өмнүүр орж Сэмжидийг эргүүлнэ гэдэг нэгдүгээрт санасны гарз, хоёрдугаарт ерөөсөө жудаггүй муухай зүйл болох байлаа. Тэгээд ч Сэмжид маань Бат-Очирт сэтгэлтэй юм билээ. Бодоод бодоод бодын шийр дөрөв. Сонирхолгүй мэргэжлээр сурч, нийлдэг нөхөдтэйгөө ингээд яваад байвал анагаахын сургуулиас авсан сэтгэлийн өвчин сэдэрч, бүр галзуурч мэдэх нь шиг байна. Ер нь илгээлт аваад хөдөө явдаг хэрэг, бодол санаагаа цэгцлэе, Сэмжидийг аль болох мартъя, хойшид ямар ажил мэргэжилтэй болохоо сайн тунгааж бодъё. Ингээд би хэрхэн илгээлтийн эзэн болох тухай судалж, гэрийнхэн маань яаж цочирдож хүлээж авахаас халирч цаг алдсаар байтал өвөл боллоо. Хуваарийг нь арай хийн олж авсан сургуулиа орхино гэвэл ээж маань цус харваж ч мэднэ.
Равдантай уулзлаа, надад мэдэх юм алга хэмээн халгаахгүй байна. Мэдэхгүй гэдэг мянган үгний таглаа гэж яасан үнэн үг вэ. Мэдэхгүй гээд цэрвээд байгаа хүнтэй юу ч ярьж болдоггүй юм билээ. Бат-Очироос бусад бүх найзуудтайгаа уулзаад юу ч мэдэж чадсангүй. Сургууль хаях тухайгаа хамгийн түрүүнд ээждээ хэллээ. Хужир нэмж нөхөр хүүхэдтэй багшдаа ухаангүй дурлачихаад хичээлдээ очихоор хүнийг ч, өөрийгөө ч нүдний булай болгох гээд байна гэж ярив. Тэгээд ч агрономич болно гэдэг дур сонирхлоос минь ангид, ёстой бүтэхгүй эд гэж гүрийв. Гэрийнхэн маань санасныг бодвол харин ч их цочирдсонгүй. Болсон явдал, дурласан сэтгэл, хамгийн гол нь учир начраа олоогүй байж алт шиг сайхан андынхаа гарт үргэдэхээс эмээгээд зуданд нэрвэгдсэн Дундговь руу гараад шидчихлээ. Ёстой нэг буруу ишилсэн сүх шиг зөрүүдэлж байгааг минь хараад гэрийнхэн маань гайхахын ихээр гайхсан гэдэг. Сэмжиддээ хайртай гэдгээ дуулгаад явсан бол сэтгэл яасан их хөнгөрөх бол гэж санааширч байлаа. Гэхдээ сэтгэл санаа нь тийм байгаа хүнд юун тэгж хэлэх. Одоо бодоход тухайн үед миний өөрт нь унаж буйг Сэмжид ганцхан хараад л мэдсэн байж таарна.
Хотын булбарай банди зудтай өвөл өрх толгойлсон малчин эмэгтэйн хонийг дагаж нийслэл хүү болох, ганц итгэл найдвар болсон нууцыг хадгалагч Гомбожавын захиаг хүлээх, Сэмжид, Бат-Очир нар юу болсон бол хэмээн шаналсаар шар махтайгаа хатах, намайг эр хүн болгосон малчин ажаагийн өвөрт хайргүй хүнтэй ханилсан хүмүүсийн зовлонг ойлгох, хамгийн гол нь Сэмжидийг дахин дахин бодох… Ай даа мөн ч хэцүү байж билээ. Их зудын сүр сүлд буурах үед хүсэн хүлээсэн захиа ирэв. Ямар товчхон, ямар учир битүүлэг захидал байлаа. “Мэндийн үг, Бат-Очир сургуулиа хаяад нутаг буцсан. Чи ер нь наашилсан нь дээр байх”. Мал төллөхөөр яана даа гэж шантарч байсан би социализмийн өмчийг нүдлэн хамгаалах үүргээ умартан, айлын хүүхдүүд, хөөрхий ажаагаа уйлуулан нийслэлийг зорьж билээ. Мөн ч дураараа байж дээ, залуу явахад.
Сэмжид Бат-Очирын аль нэгэн сиймхийгээр нутаг буцсан ажээ. Энэ нууцыг найз охид нь ч, жижүүр авгайчуул ч гайгүй сайн хадгалсан юм байж. Бат-Очир Анагаахын дотуур байрны үүд сахиад Сэмжидтэй уулзаж чадахгүй байсаар арав гаруй хоног алдсаны хойно нутаг буцсаныг нь мэдэж авчээ. Хорвоод Сэмжидээс өөр утга учиртай зүйл гэж үгүй болсон Бат-Очир хайртай хүнээ хайж олохын тулд юу ч хийхээс буцахгүй байсан гэнэ. Сүхбаатарт очоод сар шахам эрж хайгаад гэр нь баруун аймаг руу нүүсэн гэдгээс өөр тоймтой юм мэдэж чадаагүй гэдэг. Яг аль аймаг, суманд очсоныг нь хэн ч мэдэхгүй байсан гэдэг л үлгэр домог шиг санагддаг юм. Сэмжид ор сураггүй, бүр ул мөргүй алга болсон гэхээр зүүд зэрэглээ ч юм шиг. Бат-Очир ямар ч мөрдөгчөөс дутахгүй ажилласан байх ёстой. Ногоон дар эх үрээ хайж сав шимийн ертөнцийг нэгжиж дуусгасан гэдэг шиг найз маань бүр хожим хүртэл эрлээ үргэлжлүүлж ийш тийшээ явсан дуулддаг.
Бат-Очир бид хоёр дахин уулзаагүй ч хэн хэнийхээ сургийг там тум дуулаад байсан юм. Үнэндээ би ч гэсэн Сэмжидийг битүүхэндээ эрсээр байгаа билээ. Өөрийн болохгүй хүний амраг Сэмжидийнхээ амьд үхсэн алин болох сургийг дуулаад нүд анидаг бол хичнээн аятай. Хүн бүхэн ийм хайртай учирдаг бол хорвоо яасан хэцүү байх бол. Тэр нэгэн явдлын ээдрээ ончроог тайлах гэж өнөө хэрнээ шаналах юм. Бат-Очир маань Тайхар чулуу шиг мөн ч сайхан эр байж билээ. Хөөрхий гэж, тэр хүний зүрх сэтгэл минийхээс илүү хэцүүдэж байсныг бодохоор өр өвдөх юм. Нойр нь хүрэхээ болиод Шар хадны эмнэлэгт хүртэл хэвтэж гараад нутаг буцсан гэнэ лээ. Найзууд маань эргэж очиход цэл залуу тэр сайхан эрийн хоёр шанаа нь бууралтсан, цөхөрсөн нүдэнд нь цагариг татан цэхийсэн байсныг одоо ч дурсдаг. Үнэн мөнөө олж болдоггүй ямар хаашаа орчлон бэ.
Равдангийн бие муудаад Улаанбаатар хотод эмчлүүлэхээр иржээ. Намайг заавал ирж уулзаач гэж дуудуулсан байх юм. Найзыгаа эргэж очлоо, хөөрхий их дор оржээ. Элэгний өмөн үү нь бараг эцсийн шатандаа хүрсэн гэнэ. Намайг хараад уйлж байна, амьсгаадаад удаан ч ярьж чадахгүй болжээ. Юутай ч тэр нэг явдалд өөрийгөө буруутгаж, шаналж явдаг гэнэ. Согтуу байсан учраас юу болсныг тоймтой сайн санахгүй ч Улаан Дэнсмаагийнд очих замд сэмхэн буцсанаа, Сэмжидийг чирч гулдарч явснаа бүүр түүрхэн мэддэг ажээ. Бат-Очирыг ойчиход үнэнээ хэлж, нүглээ наминчлаагүйдээ өөрийгөө зүхэж, сэтгэл санаагаар их унасан юм байх. Бие нь нэгэнт дор орсон тул Улаанбаатарт эмчлүүлэх гэхээсээ илүү надтай уулзаж сэтгэлээ цайлгахыг гол болгосон гэнэ. Би гайхахын ихээр гайхлаа. Энэ олон жил сэтгэл зовоосон үйл явдлын учиг ингэж тайлагдах гэж, тэглээ гээд би Равданг яалтай билээ. Түүнийг тийм муухай юм хийсэн гэхэд итгэмээргүй юм. Өнөө хэрнээ шаналж явдгийг нь бодохоор бас ч яадгаа алдсан эр биш бололтой. Сэмжидийн хаашаа алга болсон, одоо хаана юу хийдэг тухай ямар ч сураг дуулаагүй гэнэ. Энэ ч яахав ингээд учир нь олддог юм байж, гэтэл Сэмжид яасан тухай түмэн таавар санаанаас ер гарахгүй юм.
До.Болдхуяг: Бээжин 2012 он