Эрт урьд цагт шар зурхаач, хар зурхаач гэдэг хоёр их нэртэй зурхаачид байжээ. Шар зурхаач нь их баян, хар зурхаач нь ядуувтар байж гэнэ. Тэр хоёр насан дээр гарсан болохоор аль аль нь удалгүй нас барцгаажээ. Тэр хоёр мөн нэг нэг хүүтэй байжээ. Шар зурхаачийн хүү нь эцгийхээ дараа их ядуурч, хогшил хөрөнгөө бараад, гуйлга гуйж амьдрах болжээ. Хар зурхаачийн хүү нэгэн хэвээр явсаар байж, гэрлэж, мал хөрөнгөтэй, өрх нутаг даган нүүж суудаг, ерийн нэгэн малчин болсон гэнэ.
Шар зурхаачийн хүү нэг өдөр гуйлга гуйж яваад нэгэн баян айлын хуриманд очиж, ширэн тулмандаа нэлээд яс цуглуулж хийгээд буцаж явтал ширүүн аадар бороо орж явах аргагүй болохоор нь нэг уулын хяр дээр гарч нэлээд томоохон агуй байсныг олж тэр агуйд хоргодож бороог өнгөрүүлэхээр шийджээ. Энэ үеэр хоёр морьтой хүн ирж агуйн аманд ирж морь барьсаар суужээ. Тэр хоёр хүнээс шар зурхаачийн хүү анхандаа айж агуйн мухарт шигдэн байсан боловч удалгүй хоёр хүн яриа хөөрөө дэлгэж, өөрийн таньдаг хүмүүс байсан учир айхгүйгээр тэдний яриаг сэм чагнажээ.
Тэр хоёр ийн ярилцжээ. Нэг нь: Энэ шар зурхаачийн хүү яагаад ингэж ядуурч гуйлгачин болсон хэрэг вэ? Шар зурхаачийг энх тунх байхад баян тарган, юугаар ч дутахгүй, хэнтэй ч адил явж байсан шүү дээ гэжээ. Нөгөө нь: Энэ ч аргагүй юм аа. Энэ хүү гэнэн бага, гэлгэр уян байхад эцэг нь өөд болсон болохоор шарилыг "бор туулайн зоо" газар тавьчихсан юм. Хэрэв энэ хүү эцгийхээ шарилыг бор туулайн суга газар тавьсан бол ингэхгүй байсан юм гэжээ. Тэгэхэд нөгөө нь тэр туулайн суга газар гэдэг нь хаана байдаг юм бол? гэж асууж гэнэ. Нөгөө хүн: Бор туулайн суга газар хаа сайгүй байна л даа. Одоо энэ хүүхэд эцгийхээ ясыг энэ уулын өвөр энгэрт байдаг ганц том бул цагаан чулууны дор аваачиж хийвэл ингэж явахгүй билээ гэжээ. Ингэж ярилцаж суутал бороо зогсч, тэнгэр цэлмэж. Хоёр морьтой хүн мордоод явчихжээ. Тэгэхээр нь шар зурхаачийн хүү тэр бүх зүйлийг сонсоод эргэцүүлэн бодсон чинь үнэхээр эцгийхээ шарилыг энэ уулын хярд зоо газар тавьснаа санажэ. Тэгээд хүү нөгөө хоёр хүний үгээр болгоё гэж бодоод тэр дорхноо туламтай ясаа хаячихаад тулмаа барьж гүйсээр эцгийхээ шарилыг тавьсан газар очиж яс, үсийг нь тулмандаа хийж үүрээд нөгөө уулыхаа энгэрт очсон чинь нэг том бул цагаан чулуу байжээ. Тэр чулууны доогуур ухаж хөндийлж байгаад эцгийхээ ясыг хийгээд булжээ.
Тэгээд зүүн тийш гүйж нөгөө уулын хяр дээр гарвал урд энгэрт нь их сайхан цэлгэр уудам хөндийд хүн мал, айл амьтан дүүрэн харагджээ. Тэр айлуудын дундуур явж байтал нэгэн баян айл тааралджээ. Хүү тэднийд оржээ. Зүүн талд нь эмгэн сууж арьс элдэж, баруун талд нь нэг залуу хүү өвчтэй бололтой хэвтэж байжээ. Шар зурхаачийн хүүд тэр эмгэн цай унд хоол хийж өгч цатгаад, за хүү минь чи манайд сууж бай, би үнээгээ саагаад ирье гээд гарчээ. Хүүг тэднийд амарч байтал эмгэн үнээгээ сааж дуусаад орж иржээ. Сүүгээ хөөрүүлж гаргаад, дараа нь хүүд мах чанаж өгчээ. Хоол идүүлсний дараа тэр эмгэн чи одоо хоол ундаа идэж уусан бол манай хажуугийн айлд орж унт. Манайд хүн унтах арга байхгүй. Миний энэ хүү өвчтэй. Шөнө болохоор ёолж орилоод хүн унтуулдаггүй юм гэжээ.
Шар зурхаачийн хүү: Зүгээр зүгээр би ер төвөгшөөхгүй. Одоо харанхуй шөнө унтахаар айл эрээд яахав. Би эндээ л унтана гээд унтжээ.
Шөнө дунд дуг нойрон дундаа унтаж байтал хүн амьтан ярилцах чимээгээр сэржээ. Чагнавал гадаа үүдэн дээр нэг хүн, гэрийн дотор хаалганы дэргэд нэг хүн хоорондоо ярьж байгаа чимээ сонсогджээ. Гэтэл хаалган дээр байсан хүн гарах нь мэдэгдэхгүйгээр таг чимээ аниргүй болжээ. Ингэхээр нь хүү гайхаж: Хэн бэ? гээд асуучихж гэнэ. Тэгсэн хариуд нь: Би оньс байна гэжээ. Хүү: Юу? ямар оньс вэ? гэхэд: Би тотгоны оньс байна аа гэхэд хүү: Тотгоны оньс хэзээ ярьж байсан юм? гэхэд: Тийм ээ. Би тотгоны оньс байна. Би бол зуун замын бэлчир дээр хэвтсэн мянган бодь садын оньс билээ гэжээ. Тэгээд хүү: Чи хэнтэй ярьж байгаа юм бэ? гэхэд оньс: Энэ урд нэг нуур байгаа. Тэр нуур доторнэг бирмэн байдаг юмаа. Тэр бирмэн шөнө болохоор хүрч ирж наад хүүхдийг чинь хорлож бархируулдаг учраас хүн амьтан унтах аргагүй байдаг юм. Тэгээд би бирмэнийг сая ирэхэд нь өнөө шөнө манайд хүн хонож байна. Чи битгий ор гэж хөөсөн юм гэж хэлжээ. Энэ үгийн сонсоод хүү таг унтаж орхижээ. Өглөө хүү нэлээд орой сэрээд босч ирсэн чинь эмгэн үнээ малаа саахаар гарсан байжээ.
Харин хүүгийн өмнө цай хоолныхоо амттай бүхнийг ширээ дүүрэн өрж орхиж гэнэ. Хүү босч хувцаслаж, цай унд уухын өмнө өнгөрсөн шөнө зүүдэлсэн буюу үнэхээр юм болж өнгөрсөн эсэхийг мэдэхээр туршиж: Оньс оо гэж дуудсан чинь: Ооё гэж байна гэнэ. Тэгэхээр нь оньстой ярьж эхэлжээ. Оньс: Би бол зуун замын бэлчирт хэвтсэн мянган бодь садын оньс б илээ. Энэ эмгэн аргал түүж яваад намайг олж авсан юм. Энэ айлын буян хишиг нь надаас шалтгаалдаг. Бас энэ урд байдаг жижиг нуур дотор гурван толгойтой бирмэн бий. Тэр бирмэн шөнө бүр ирж энэ хүүхэдтэй тоглож, хочилж орлиулдаг юм. Тэгээд би өнгөрсөн шөнө ирэхэд нь өнөө шөнө хүн хонож байна гэж хөөж явуулсан юм гэжээ. Хүү тэгвэл тэр бирмэнг нь алж устгаж болдоггүй юм уу? гэж асууж гэнэ. Оньс: Болно болно. Энэ эмгэн бол их буянтай, танил ихтэй хүн. Тийм болохоор хүрз зээтүүтэй олон хүн цуглуулаад нуурын усыг гурван тийш задалж урсгавал тэр бирмэн ил гарч ирнэ. Тэгэхээр нь тэр бирмэнг барьж алж устгавал таарна. Тэгэхээр энэ айлын хүүхэд ямар ч өвчин зовлонгүй эрүүл болно. Хэрэв чи энэ бүхнийг хийж хүүхэд эдгэрэхээр энэ эмгэн чамд янз бүрийн юм өгнө гэвэл битгий ав. Зөвхөн намайг л явъя гэж хэлээрэй гэжээ. Тэр хоёр яриагаа дуусгаад хүү цай хоолоо уух гэж байтал эмгэн орж ирлээ. Эмгэн маш их баярлтай хүүг хүндэлж хүү минь чи ямар их буянтай хүүхэд вэ? Манай энэ муу үү шөнө унтдаггүй дандаа орилж шаналж хонодог юм. Өнгөрсөн шөнө ингэсэнгүй энэ хүүгийн өвчин зовлонг эдгээр арга байна уу? гэж гуйжээ. Хүү би тус болж болно. Та албат, таньдаг хүмүүсээ хүрз зээтүүтэй цуглуул. Тэгвэл нэг арга банйа гэжээ.
Танил тал, нүүр сайтай баян эмгэн тэр дорхноо нутаг усныхаа олон түмнийг багаж зэвсэгтэй цуглуулжээ. Хүү тэд нараар уурын усыг гурван тийш нь сэтлүүлж урсгасан чинь гурван толгойто бирмэн ил гарч ирэхэд түүнийг барьцгаа гэж тушаагаад бирмэнийг бариулж уснаас гаргахад бирмэн нар үзээд үхжээ. Тэр дор нь түүнийг шатааж түймэрдээд устгаж гэнэ. Эмгэн хүмүүст бэлэг шан өгч тараагаад хүүг дайлж хүндэтгээд, за хүү минь чи их ач гавьяатай хүү юм. Миний хүүг чи эдгээлээ. Одоо чи надаас дөрвөн зүсмийн мал, дөрвөлжийн цагаан өргөө авах уу? эсвэл миний хүү болж энэ муу хүүд минь хань бараа болж гэр орон, мал хөрөнгө хогшлын минь эзэн болох уу? гэжээ.
Хүү: Надад тийм их юмны хэрэг байхгүй. Надад зөвхөн тотгоныхоо оньсыг хайрла гэжээ. Эмгэн: Чи нялх балчир болохоор хэрэггүй юманд дурлаж байгаа юм байна. Хэр муу хувхай оньсоор чи юу хийх юм бэ? Гэвч чи дураараа бол гээд оньсыг авч өгчээ. Хүү оньсыг авч тэр айлдаа цай хоол идэж ууж аваад гарч явжээ. Явж байх замд оньс: За хүү чи одоо ингээр баруун тийшээ яв. Тэнд нэг найр болж байгаа, тэнд оч. Хоймор талын морин ширээн дээр нэг жаал хүү суусан, баруун зүүн талд нь өвгөн эмгэн хоёр ширээ түшиж суугаад уйлж унжиж байгаа. Ноёд түшмэд баруун талаар, хатад дагинас зүүн талаар сууж найрлаж байна. Чи ороод идээ цай амссаны дарааа энэ их найр наадам болж байхад энэ муу эмгэн өвгөн хоёр юунд уйлж унжиж, нус нулимсаараа бүрхэж байдаг билээ? Ямар их муу ёртой, нүгэлтэй хоёр вэ? гэж хэл. Тэнд гурван настай сай хүүхдээ амбан ноёнд суулгадаг юм. Амбан суусан хүүхэд тэр шөнөдөө үхээд хонодог учир эмгэн өвгөн хоёрын ганц хүүд ээлж ирээд, хүү нь амбан сууж эцэг эх нь харамсаж байгаа юм. Тэр учир битүүлэг байдлыг хаалганы дэргэд суусан хүн чамд тайлбарлаж хэлэх байх. Тэгэхээр чинь тэгвэл энэ хүүгийн оронд намайг суулгачих, Миний хойноос уйлж унжих хүмүүс байхгүй, би үхэж байхад ямар хамаа байхав гэж хэл. Тэгээд чамайг суулгах байх. Цаашаа юу болохыг нь дараа нь би хэлж өгнө гэжээ. Хүү оньсны заавраар баруун тийш нь гүйж гарчээ.
Удалгүй нэг их найр хурим болж байгаа бололтой олон морьд уяан дээр багширсан том цагаан гэрт дуу хуур болж наргиж байгаа харагджээ. Хүү тэр айлд орж очвол баруун зүүнгүй хүн пиг дүүрэн суусан их найр болж байх бөгөөд хоймор талын голд нэг жаал хүү дуулж, түүний баруун зүүн талд эмгэн өвгөн хоёр уйлж уй гашуу болж сууж гэнэ.
Хүү орж баруун хатавчинд нь суугаад хоол цай ирэхээр нь ууж идсэний дараа зүүн хатавчинд суусан хүнээс энэ их найр цэнгэл юунд хийж байгаа юм бэ? бас энэ өвгөн эмгэн хоёр яалаа гэж уйлж унжиж байгаа юм бэ? гэж асуужээ. Тэр хүн: Энэ бол эзэн хааны зарлигаар амбан ноён сууж тэр хүүхдийн эцэг эх хоёр юм аа. Манай амбан суусан хүн тэр шөнөдөө үхэж хонодог болсон учир нэг талаар нь найр наадам ёс төдий болж, нөгөө талаар нь үхлийн өмнөх үдэлт болоод байна гэжээ. Хүү тэгвэл тэр хүүдийн оронд би суувал яасан юм бэ? Миний хойноос уйлж унжих хүн байхгүй. Би бол нэг удаа сайн цадаад үхэхэд л боллоо шүү дээ гэхэд зүүн хатавчинд суусан хүн дээш явж ноёдод мэдүүлжээ. Тэгтэл хүүг дуудаж гаргаад өөр нэг өргөө гэрт оруулж найр наадам түр завсарлаад нам жим болоод явчихж гэнэ. Хүүг ноёнд аваачиж оруулсан чинь хүүгийн учир байдалтай танилцааад түүгээр амбан суулгахыг зөвшөөрч нэг ээлж өнгөрөө гэсэн бодолтой байсан болохоор амбан ноён суух байсан хүүг эцэг эхтэй нь оруулж ирээд өөр хүн амбан суух боллоо гэж мэдэгдээ хүүг хувцас отго жинсээр чимэглэж гарчээ. Тэгээд удалгүй хүүг ноён амбанаар суулгаж найр хийдэг өргөөнд нь оруулж ширээн дээр суулгаад дахин их найр эхэлж хар нүднээс хөмсөг гадуур гэгчээр нэг болов өөр хүн сууж нутаг бүрнээс хорогдох хүнийг хойшлуулж байгаад бүх их их баяртай, урамтай найрлажээ. Энэ найр бол урьд урьдыхаас илүү жинхэнэ найр болсон байна. Ингээд үдэш орой болсон хойно найр таржээ.
Оньс хүн амьтан явсны дараа хүүд: За одоо нэг хүн орж ирнэ. Тэр хүнд амбаны зүүдэг урт хар сэлмийг авч ир гэж хэл. Тэгээд сэлэм авч ирэхэд нь баруун зүүн хатавчинд хоёр шуудай шар будаа оруулж тавиад ёроолыг нь цоол гэж хэл гэжээ. Хүү ширээндээ түшлэгээ налан сууж байтал нэг хүн орж ирээд амбан ноёнтонд юу хэрэгтэй байна гэж бөхийжээ. Хүү: Чи яваад амбаны зүүдэ зэр зэвсэгээс урт хар сэлмийг нь аваад ир гэжээ.
Тэр хүн гарч урт хар сэлмийг авчирч өгчээ. Тэгээд хүү тэр хүнд: Одоо хоёр шуудай шар будаа оруулж ирээд баруун зүүн хатавчинд тавиад ёроолыг нь цоол гэж хэлжээ. Ингээд хүмүүс явж амбан унтахаар шийджээ. Оньс: Чи одоо суугаагаараа унт. Шөнө дундын хэрд нэг нүд нь сохор, нэг хөл нь доголон, нэг гар нь хугархай, ийм эрэмдэг зэрэмдэг болсон нэг өвгөн ирж ирээд юм гүйх байх. Баруун хатавчинд байгаа ууттай шар будаа руу гаансаараа дохь. Дараа нь мөн тийм эрэмдэг зэрэмдэг болсон нэг эмгэн орж ирээд юм гуйх байх. Зүүн хатавчинд тавьсан шар будаа руу сэлэмнийхээ хуйгаар дохь гэж хэлжээ. ХҮү олбог түшлэг дээрээ суугаагаараа унтаж байтал шөнө дунд өрөөсөн нүдтэй, өрөөсөн гартай, өрөсөн хөлгүй өвгөн эмгэн дараалан орж ирж юм гуйжээ. Хүү баруун зүүн талын ууттай шар будааг зааж сэлэмнийхээ гэрийн бөгсөөр дохижээ. Өвгөн эмгэн түүнийг баруун зүүн хатавчаар давуулан чирсээр гарч явжээ. Ингээд хүү унтаад хоножээ.
Үүр цайж нар тусч байтал хүн орж ирж гал түлжээ. Хүүг босоход нөгөө хүн их л гайхаж бушуухан гарчээ. Хүү гарч морь үзээд буцаж орж ирсэн чинь ноёд түшмэл, бараа бологсод, аягачин гийчин өдий төдий хүн орж ирж амар мэнд айлтган манай заяаны эзэн морилж иржээ гэж учиргүй их баярлалдан цай унд, зоогийг нь оруулж ирж гэнэ. Хүү унд цайгаа ууж байтал оньс: За одоо чи энэ хүмүүст жууз тэрэг бэлтгэ, би хот айл хороогоо эргэнэ гэж гэж хэл гэжээ. Хүү түүнийг орж ирсэн ноёд, түшмэд нарт тушаажээ. Цөм гарч унаа хөсөг, жууз бэлтгэцгээж гэнэ. Оньс: Чи сэлмээ зүүгээд эндээс гарч баруун захын айлуудыг өнгөрөхөд нэг эрэг байгаа. Тэр эргийн мухарт том хар овоохой харагдаж байгаа. Үүдэн дээр нь очоод сэлэмээ сугалаад: Эрстэй гэрийг эвддэг, эр эмийг салгадаг санаа муут шулам чи гарч ир гарч ир гэж хашхир. Тэгэхэд чинь нэг өлөн хөх чоно гарч зугтах байх. Алдалгүй аман хүзүүг нь тас цавчиж ал гэж гэнэ. Жууз тэрэг хөсөг бэлэн боллоо гэж мэдээ айлтгахад хүү гарч жуузанд суугаад баруун тийш яв гэж дохижээ.
Тэгээд баруун тийш явсаар бүх айл хотыг өнгөрч хамгийн баруун захын хот айлаас цааш замаар явж байтал нэг мухар эрэг дайралджээ. Ажиглавал эргийн мухарт нэг том хар овоохой байж гэнэ. Түүний үүдэн дээр очиж сэлмээ сугалж бариад: Эрстэй гэрийг эвддэг, эр эмийг салгадаг нүгэлт хар шулам гараад ир гэж хашгирчээ. Тэгтэл гуриатсан өлөн хөх чоно гарч зугтах гэхэд сэлмээ эргүүлэн аман хүзүүг нь тас цавчжээ. Тэгээд буцан өргөөндөө ирж гэнэ. Оньс: Одоо амраад үдээс зүүн тийшээ яваарай гэж хэлжээ.
Үдээс хойш зүүн тийш явцгаан шүү гэж хүмүүст хэлж тараажээ. Үдээс хойш хүү жууз тэргэндээ суугаад олон дагуулуудын хамт зүүн тийшээ явжээ. Оньс: Одоо зүүн тийш явсаар байж захын айлуудаас өнгөрсний дараа нэлээд хол нэгэн бут шугуйн захад хүрэхлээр чинь эг муу овоохой модны цол дунд харгадана. Түүний үүдэн дээр очоод: Бут бургас руу шургадаг бузарын хар нүгэлт эм шулам гараад ир гэж хашгир. Тэгээд нэг үнэг гараад зугтах байх. Тун алдаж болохгүй. Аман хүзүүг нь тас цавчиж ал гэжээ. Хүү захын айлуудыг өнгөрч цааш нь нэлээд явж байтал баахан бут бургас харагджээ. Тэнд захад нь хүрч очсон чинь модны шугуйд нэг муу хар овоохой харагдаж гэнэ. Тэр овоохойн үүдэнд очиж зогсоод: Бут бургас руу шургадаг бузарын хар нүгэлт эм шулам гараад ир гэж хашгирчээ. Тэгтэл нэг улаан үнэг гараа гүйтэл сэлмээрээ цавчаар орхисон чинь цаана байсан овоохойн хатавч сэлэмний үзүүрээр цавчигдан үнэгний сүүлийг угаар нь тас цавчаад үнэг сүүлгүй болон зугтаж алга болжээ. Тэгээд бүгдээрээ буцаж ирцгээжээ.
Дөнгөж өргөөндөө ороод байтал эзэн хааны зарлиг ирж дугтуйтай бичиг өгчээ.
Энэ бичгий задалж үзвэл шинэ суусан амбаныг яаралтай ир гэж эзэн хаан дуудуулсан байжээ. Оньс: За чи үнэгийг алж чадаагүйн чинь уршиг гарч ирж байна. Чи одоо нэн даруй хөдөл. Урагшаа гараад явж байтал чинь таван өнгийн хувцастай, таван өнгийн туг барьсан таван морьтой хүн тааралдана. Хамгийн сүүлийн хүнд мэндийн хариу өгөөд яваарай гэжээ. Бусдад нь дуугарч болохгүй. Түүнээс цааш явж байтал баян цоохор маймаа ирж манайд бууж цай зоогло гэх байх. Тэднийд оч. Тэр маймаа алт мөнгө, торго дурдан их бэлэг барих байх. Яаруу чухал албатай явуу учир хожим хойно болъя гэж хэлээд битгий ав. Гагцхүү шар цоохор муураа өг гэж хэл. Тэгээд муурыг нь аваад өөрийг нь дагуулаад явна шүү гэжээ. Хүү жууз тэргэндээ суугаад замдаа орж явжээ. Гэтэл замд нь таван өнгийн туг дарцаг хийгэсэн таван өнгийн морьтой, таван өнгийн хувцастай таван хүн дайралдаж мэнд ус асуухад сүүлийн хүнд хариу өгчээ. Цааш нь явж байтал баян шар цоохор маймаа манайд орж цай уу гэж тосч иржээ.
Гэрт нь орвол хоол ундаар дайлаад алт мөнгө, торго дурдан их хэмжээний бэлэг барихад нь: Би яарч явна хожим хойно болъё. Одоо гагцхүү шар цоохоор муураа өг. Өөрөө бас дагаад яв гэжээ. Энэ бүгдийг авч цааш явахад оньс: За чи эзэн хааныд ороод хааны мэнд амарыг асуугаад хатанд дөхөж харснаа: Олны уг дээр суудаг оготор улаан чи энд байна уу? гэж сэлмээ сугал. Үнэг болоод босоод гүйхэд нь шар цоохор муураа хойноосо нь тавь гэж заажээ. Хүү цааш явсаар эзэн хааныд орж хааны амрыг айлтгаад хатныг ширвэж харсанаа: Олны уг дээр суусан оготор улаан чи энд байна уу? гээд сэлмээ сугалтал хатан тэр дороо сүүлгүй улаан үнэг болж ширээн доогуур шургатал шар цоохор муураа хойноос нь тавьжээ. Шар цоохор муур хойноос нь хөөж ороод багалзуурыг нь тас хазаж чирч гарч иржээ. Эзэн хаан айн чичирч босч ирээд суудал дээрээ залж суулгажээ.
Тэгэхээр нь хүү: Чи эзэн хаан хүн байтлаа гэм зэмгүй олон арван шударга иргэдийг шулам эмийхээ ов живд орж хорлож хөнөөсөн нүгэлт хүн. Хуяг хиа нар үүнийг барьж өрөөсөн хөлийг нь хугалж, өрөөсөн нүдийг нь сохлоод хотны баас арилгах зарц болго. Шар цоохор муураө өгсөн баян шар цоохор маймааг амбан ноён болголоо.
Бусад хүмүүс гэр орондоо харьцгааж ажил албаа гүйцэтгэ гэж явуулжээ.
Хүү, баян шар цоохор маймаа хоёр үлдэж эзэн хаан, амбан ширээнд суусан тансан баян хурим найр хийжээ. Тэгээд баян цоохор шар маймаа энэ хаан байсан хүн бол маш харгис хэрцгий, доод тушаалын түшмэл байсан бөгөөд түрүүчийн хаан нас барахад энэ шулам эмтэй хуйвалдан хаан ширээнд сууж манай нутаг хошуунд үнэнч шударга ноён бүхнийг үлдээлгүй хөнөөж сүүлдэн амбан ноён суусан тэр хүмүүсийг шөнө болгон хороодог байсан юм.
Та бол хурмаст тэнгэрээс бууж ирсэн заяаны хаан болох учир хорлогдолгүй хоцроод энэ муу шулмасыг дарж улс иргэнээ аварлаа гэжээ. Ингээд мянган бодь садын оньсны хүчээр шар зурахачийн хүү эзэн хаан сууж амар сайхандаа жаргажээ.