Сүүлийн үед гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл сайтуудаар гарч байгаа. Гэмт хэргийн өсөлтөд гол хүчин зүйл үзүүлэгч нь өнөөх л балагтай согтууруулах ундаа.
Согтууруулах ундааны хэрэглээ болон худалдаанд хяналт тавьж байгаа ч үүний хажуугаар мууг дэмжих саар зүйл ч бас байгаа.
Үүний нэг зүйл нь үйлчилгээний стандартаа сахидаггүй зочид будал, дэн буудлууд юм. Хамгийн ойрын жишээ л гэхэд хот суурин газар байрлаж буй жижиг дэн буудал, зочид буудалд архидалт газар авч, гэмт хэрэг гарахад гол нөлөө үзүүлдэг. Зочид буудалд гарсан хэргээс дурьдвал Сэлэнгэ аймагт таван залууд 3 хоногийн турш хүчиндүүлсэн гэх хэрэг дэн буудалд болсон. Түүнчлэн Хангай зочид буудалд өсвөр насныхан хий буюу газ хэрэглэж байгаад дэлбэрсэн, тус зочид буудлын орон доороос амьгүй ураг олдсон гээд олон хэргийг дурдаж болно.
Гэмт хэргээс гадна жижиг зочид буудал, дэн буудлууд садар самууныг дэмжигч гол үүр уурхай болсныг хүн бүр мэддэг ч мэдээгүй юм шиг дасал болгон явуулсаар.
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан энэ мэт жижиг буудлуудаар шөнийн цагт хааяа нэг шалгалт үзлэг хийж, зарим нэгийг нь үйл ажиллагааг хаасан ч тэдгээр нь эргээд л үүдээ нээн дахин үйл ажиллагаагаа нээсэн байдаг.
Энэ мэт алдаа дутагдалтай ажиллаж буй газруудыг бүүр хаачиж болохгүй юм болов уу. Сүүлийн үед нийслэл хотын жижиг зочид буудлаас гадна хот сууринтай ойр газрын ижил үйлчилгээ явуулдаг газруудын дунд дээрх мэт дутагдал ихээр гарах болжээ.
Тиймээс энэ бүхний төлөөлөл болгон нэгэн газрыг дурдаж байгаа бөгөөд энэ нь Налайх дүүрэгт байрлах дэн буудлаар жишээ авч байна.
Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Цайз захын урд, Өвөр шандад гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг Дэн буудлын хувьд үйлчилгээний стандарт асар ихээр зөрчсөн арай л дэндүү гэмээр газар байв. Үүндээс нь ороод л дуу алдам энэ газар үнэндээ амарч тухлах бус архидан согтуурах балгас газар гэж нэрлэмээр.
Доороо найман нэрийн хүнсний дэлгүүртэй, дээд давхартаа дэн буудлын үйл ажиллагаа явуулдаг тус газрыг Билгээ гэх хүн ажиллуулдаг гэж оршин суугчид ярьсан юм. Энэ газар үнэндээ хууль хэрэгждэггүй бололтой. Ядаж л сар бүрийн эхний өдөр архи зардаггүй гэх дүрэм үйлчилэхгүй. Хоногийн 24 цагийн дотор хүссэн үедээ л архи худалдаж авдаг гэж оршин суугчид ярьлаа.
Түүнчлэн дэн буудлын үйлчилгээ авах юмгүй. Өрөөний үүд хаалганаас харвал цоож цуурга нь эвдсэн хэн дуртай нь орох энэ газрын хөлс нь 20 мянган төгрөг гэнэ. 20 мянган төгрөг төлөөд хүссэнээрээ энд архи уу гэдэг бололтой. Өрөө доторх сандал ширээ нь бүгд эвдэрч хугарсан, өрөөний үйлчилгээ цэвэрлэгээг бол яриад ч хэрэгггүй. Нэг ёсондоо тэд Налайх дүүргийн мэргэжлийн хяналт болон хуулийн байгууллагыг уландаа гишгэдэг бололтой.
Хамгийн гол нь ийм газар хүмүүс яагаад ороод үйлчлүүлдэг байна, Ийм газрыг яагаад хааж, үйлчилгээ стандартыг нь сайжруулдаггүй юм бол гэсэн бодол төрсөн үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.
Тиймээс энэ талаар орон нутгийн удирдлагууд анхааралдаа авч, хүн битгий хэл нохой ч амьдрахаас татгалзам энэ газарт шаардлага тавих хэрэгтэй болов уу гэх үүднээс үүнийг гэрэл зургийн хамт баримтжуулан хүргэлээ.
Эх сурвалж: dorgio.mn
С.Отгонбаяр