Эрьт урьд цагт долоон зуун борлог адуутай Доной баян гэдэг их баян хүн байжээ. Доной баян долоон зуун борлог адуугаа гадаад далайгаас усалдаг байжээ. Нэг удаа адуугаа услаад далайн хөвөөгөөр явж байсан чинь далай дээгүүр түүхий улаан уушиг хөвж яваа харагджээ. Тэгэхээр нь Доной баян Уургыхаа үзүүрээр өлгөөд далайн захад эрэг дээр нь шидчихсэн чинь удлагүй нэг муухай сэгсгэр үстэй сэтэрхий шүдтэй мангас эмгэн болчихоод төмөр эдрэнгээ барьсаар:
Би одоо дахин хүн болсон болохоор чамайг л барьж идэх болж дээ гэсээр хүрч ирээд мориных нь цулбуураас бариад авчээ.
Доной баян айн сандарч: -Амь насыг нь минь өршөөн долоон зуун адууг минь ав гэж гуйжээ. Мангас эмгэн:
Би малын мах иддэггүй, хүний мах иддэг. Тийм учраас заавал чамайг иднэ. Тиймгүй бол чи өөрийхөө оронд хүн авч ирж өг гэжээ. Доной баян өөрөө амьд гарсан хойно хэнийг ч өгсөн яахав гэж бодоод баярласандаа: Би өөрийхөө оронд том болсон ганц охиноо явуулъя. Та намайг явуулчих гэжээ.
-Би түүнийг чинь хэзээ, хаана хүлээх юм бэ? Чи худал хэлбэл яахав? гэж лавлажээ. Доной баян: Үгүй би худлаа хэлэхгүй, түүний нааддаг алтан мөнгөн шагайг тулгын чулуун доогуур нууж хийчихээд нүүгээд явна. Та манай бууцан дээр очоод алтан мөнгөн хоёр шагайгаагаар найраад сууж бай даа. Манай охин шагайгаа авахаар ирэхээр нь барьж ид гэжээ. Эмгэн: Тэр чинь үнэн бол аятайхан зөөлөн хоол байна. За яахав тэгье дээ. Худал хэлбэл чинь гурав хоногийн дотор хойноос чинь очоод гэр орноор чинь хүйс тэмтэрч голын чинь хар цусыг ууна гэээд тавьжээ. Доной баян амьд салсандаа баярлаад гэрт ирэнгүүт тэмээ малаа дөхүүлж нүүжээ.
Бүтэн сарын хоногийн газар нүүж буугаад хоносны маргааш охин нь ааваасаа: Аав аа миний алтан мөнгөн хоёр шагай яасан бэ? гэж асуужээ. Аав нь ачаа ачиж байхад тулганы захад хэвтэж байсан юм. Авахаа мартаад ирж л дээ гэж гэнэ. Охин шагайндаа их харамсаад Та очиж миний шагайг авчирч өгөөч гэж гуйжээ. Гэтэл аав нь:
Чиний шагайг авч ирэх байтугай адуу малаа хурааж гүйцэхгүй ядарч байна. Чи өөрөө очиж авч ир гэжээ. За тэгвэл би ямар морио унаж явах вэ? гэж ааваасаа асуужээ. Аав нь адууны сүүлд явдаг хамуутай хар даагаа унаад яв гэж гэнэ.
Охин нь ээжээсээ би ямар морь унаж явах вэ? гэж асуухад ээж нь: Адууны түрүүд явдаг ялман чихтэй хээр морио унаад яв гэж гэнэ. Ааваа би юугаар хүнс хийж явах вэ? гэхэд аав нь: Хонины сүүлд явдаг хэнз бор хургаа алж аваад яв гэжээ. Ээжээсээ асуусанд ээж нь хонины түрүүнд явдаг хотгор бор иргээ иргээ алж аваад яв даа гэжээ.
Аав ээж хоёрын санаа хоёр өөр байсан болохоор охин ээжийхээ хэлснээр адууны түрүүнд явдаг Ялман чихт хээрээ барьж унаад, хонины түрүүнд явдаг хотгор бор иргээ алж хүнс хийгээд явжээ.
Явахын өмнө Ялман чихт хээр морь охинд: Чи бид хоёр хол замд явах тул хэрэг болж мэднэ, ээжийхээ толь сам хоёрыг, аавыхаа тонгорог билүү хоёрыг авч өвөрлөөрэй гэж хэлжээ. Охин ээжээсээ толь сам хоёрыг гуйж аваад аавыхаа тонгорог билүү хоёрыг хулгайлж аваад явжээ. Ялман чихт хээр морь гэдэг нь хуй салхи шиг хурдан сайн хүлэг байсан болохоор удалгүй буйр дээрээ хүрч иржээ. Гэтэл мангас эмгэн төмөр эдрэнгээ хажуудаа тавьчихсан алтан мөнгөн хоёр шагайгаар нь найрч суужээ. Охин дэргэд нь ойртож очоо: Эгч ээ, миний алтан мөнгөн хоёр шагайг аваад өгөөч гэж гэнэ. Мангас эмгэн: Эгч нь суухаараа босч чаддаггүй, босохоороо сууж чаддаггүй л дээ охин минь. Чи буугаад аваач гэж гэнэ. Охин: – Үгүй эгч ээ, би буухаараа мордож чаддаггүй, мордохоороо бууж чаддаггүй хүн л дээ гэжээ. Учир зовлонгоо тоочиж байгаа хоёр хүн шиг тэр хоёр харилцан хэд хэдэн удаа ингэж ярилцсаны эцэст Ялман чихт хээр морь нь жаахан холдосхийж байгаад охинд:
-За би сайхан жороолоод мангас эмгэний урдуур өнгөртлөө шагайн яг дэргэд хотос хийнэ. Чи тэр үед миний дэл дээгүүр ухасхийн хоёр шагайгаа мангас эмгэнээс булааж шүүрч ав. Тэгээд хоёулаа зугтъя гэжээ. Охин ч зэхэж, морь нь хэлснээрээ мангас эмгэний урдуур сайхан саяглаж очоод мангас эмгэн яг шагайгаа газарт найртал хотос хийхэд охин ч мориныхоо дэл дээгүүр бөхөс хийн шагайгаа шүүрч аваад зугтаажээ.
Мангас эмгэн ч босонхарайж хойноос нь хөөж гарч гэнэ. Ялман чихт хээр морь салхинаас ч хурдан болов мангас эмгэн ид шидтэй болохоор ойртсоор байгаад яваандаа гүйцэх шинжтэй болжээ.
Ялман чихт хээр: – За чи мангас эмгэнийг ойртоод ирэхээр нь аавыхаа билүүг "Авирч болшгүй ургаа улаан хад бол" гээд урдаас нь шидчихээрэй гэж хэлжээ.
Ингээд зугтаж яваад нэг эргэж харсан чинь мангас эмгэн тун ойрхон ирж яваа харагджээ. Охин өврөөсөө нөгөө билүүг гаргаж ирээд авирч гаршгүй хад бол гээд шидчихжээ. Гэтэл мангас эмгэний урдуур асар өндөр ханан хад хөшиг мэт тогтжээ. Мангас эмгэн түүнийг төмөр эдрэнгээрээ цавчиж байх хооронд Ялман чихт хээр морь жилийн газрыг давхиад нэг сайхан талд ирж хоёул жаахан амарчээ. Гэтэл мангас эмгэн сарын хоног цавчиж байжургаа хадыг сэтлээд нөгөө хоёрын хойноос мөрдөн хөөжээ. Ялман чихт хээр морь охинд: За чи одоо мангас эмгэн гүйцээд ирэхийн хамт ээжийхээ өгсөн самыг шургаж болшгүй бут бол гэээд шиднэ шүү гэж хэлжээ. Тэгээд мангас эмгэн удалгүй хүрч ирээд саравчилж харснаа тэр хоёрын хойноос хөөгөөд иржээ. Юу юугүй ойртоод ирэхэд нь охин өврөөсөө самаа гаргаж шургаж болшгүй бут бол гээд шиджээ.
Ээжийн өгсөн сам ямар ч амьтан гарах аргагүй шигүү нягт ургасан бургасан шугуй болж тогтжээ. Энэ хооронд ялман чихт хээр морь охин хоёр дахин жилийн газар хол гарчээ.
Тэр хоёр нэг газар буудаллаж, өвс ус хоол цайгаа хийж идэж ууж тэнхэрчээ амарчээ. Мангас эмгэн бүтэн сарын хоног бургасан шугуй, бутыг төмөр эдрэнгээрээ цавчиж байж арай хийж зай гаргаад захад нь гарч иржээ. Тэгээд нөгөө хоёрын хойноос саравчлан харж дахин мөрдөн хөөжээ. Энэ хугацаанд ялман чихт хээр морь охинд: За чи одоо мангас эмгэн гүйцээд ирэхийн өмнө ээжийхөө өгсөн цэнхэр толийг гаргаад гаталж болшгүй далай болгээд шидээрэй гэж гэнэ. Мангас эмгэн тэр хоёрыг гүйцээд ирэхийн даваан дээр охин толиол гаргаж Гаталж болшгүй далай бол гээд шиджээ. Тэр хоёрын хойно гаталж болшгүй гүн далай тогтжээ.
Мангас эмгэн далайн цаад хөвөөн дээр ирээд: Хүүхээ чи энэ далайгаар яаж гарав ээ гэж хашгирчээ. Ялман чихт хээр морь охинд, мангас эмгэнийг өмдөө тайлаад хоёр шурхнагаа элсээр дүүргээд хүзүүн дээрээ тэгнэж тохоод усан доогуур сэлж гарлаа гэж хэл гэжээ. Охин тэр үгийг мангас эмгэнд хэлсэнд мангас эмгэн өмдөө тайлж элсээр дүүргээд хүзүүн дээрээ тэгнэж далай руу оржээ. Ялман чихт хээр морь охинд: За одоо үүнээс цааш явж чадахаа болилоо. Чи миний дөрвөн туурайг хар даа гэлээ.
Охин мориныхоо хөлийг энхрийлэн харсан чинь дөрвөн туурай нь мултарч унахад хүрчээ. Охин морио хайрлаж хүзүүгээр нь тэвэрч уйлан хайлж гэнэ. Гэтэл морь нь: Одоо ингэж байж болохгүй, би яасан ч чамд нөхөд болохоос өнгөрчээ. Ийм учраас чи намайг үхэхээ дөрвөн хөлийг минь тайрч дөрвөн бүдүүн улиас бол гэж тавь. тэгээд мангас эмгэн гарч ирээд чамайг барьж идэх гэвэл чи нэг улиаснаас нөгөөд нь гарч суугаад бай. Тэгтэл мангас эмгэн өлбөрч үхнэ биз гэжээ. Бас чи миний дэл сүүл, сагмайн бус хялгас авч гэзэгнийхээ ул дор хийгээд хожим гэртээ харьсан цагтаа унаганыхаа зэлнээс уяж орхиорой гээд захижээ.
Охин морио хайрлаж суутал Ялман чихт хээр морь нь миний баруун чих загатнаад байна. Чи тонгоргоороо жаахан малтаад орхи гэж гуйжээ. ОХин нөгө авч явсан тонгороо гарган мориныхоо баруун чихний хулхийг малтаж байтал морь нь үхчихжээ. Охин мориныхоо толгойг тэврэн уйлан хайлан суутал далайн ус шуугихад харвал мангас эмгэн далайн голд нэг ил гарч далд орон сэлж яваа харагджээ.
Сандарсандаа үхсэн мориныхоо дэл сүүл, сагмайн үснээс гурван бут үс аваад гэзэгнийхээ ул дор хийгээд, Ялман чихт хээр мориныхоо дөрвөн өлийг тайрч зэрэгцүүлэн тавьж дөрвөн алтан улиас бол гэсэнд үнэхээр шулуун гуалиг дөрвөн алтан улиас мод болжээ.
Ингээд охин нэг улиасны оройд гарч сууж гэнэ. Удалгүй мангас эмгэн далайгаас гарч иржээ. Дөрвөн алтан улиас яг далайн захад ургасан учир мангас эмгэн гарч ирснээ: Чи энэ модны оройд яаж гарав аа? гэж асуугаад хариу хэлэхийг хүлээгээд сар болжээ. Мангас эмгэн хүлээж ядаад төмөр эдрэнгээрээ охины сууж байсан модыг цавчиж эхэлжээ. Мод хариугүй унах ойртож байтал нэгэн үнэгэн эгч гүйж ирээд мангас эмгэнд: Эгч ээ та юу хийж байгаа юм бэ? энэ модыг унагаж яах гээв? гэж асууж гэнэ. Мангам эмгэн: Чи энэ модны оройд сууж байгаа зөөлөн хоолыг үзэхгүй байна уу? гэв. Үнэгэн эгч дээшээ хараад охиныг үзсэн даруйдаа За тэгвэл надад эдрэнгээ өгөөд жаахан амар бай. Би цавчиж байя гэж хэлжээ. Мангас эмгэн ядрахн туйл болж байсан болохоор их баярлаж, за за тэгж үз. Би нэг жаахан дугхийгээд явъя гээд газар сунан хэвтэж унтжээ.
Үнэгэн эгч мангас эмгэний есөн сүвийг шар цавуугаар нааж орхиод төмөр эдрэнг далай руу аваачиж хаячихаад арилаад өгчээ. Мангас эмгэн сарын хоног унтаад арай ядан сэрээд босохдоо есөн сүвээ сэт татаад, далай руу орж эдрэнгээ авч гарч ирээд хэдхэн цавчаад улиасыг унагасанд охин нөгөө улиасны оройд үсрэн гарч суужээ.
Мангас эмгэн түүнийг хараад шүлсээ залгиж хараал зүхэж тавиад завчиж гарчээ. Мангам эмгэн байдаг хүчээ гаргаж улайран цавчсаар байгаад тэр улиасыг унагажээ. Охин нөгөө улиасан дээр гарчээ. Эмгэн бүр арга аашаа барж ядарч туйлдан гурав дахь улиасыг ганц нэг цавчиж зогстол нэг дэлдэн бор туулай гүйж иржээ. Эгчээ, эгчээ та юу хийж байгаа юм бэ? гэж гэнэ. Мангас эмгэн: Чи үүний оройд байгаа бэлэн мах үзэхгүй байна уу? гэжээ. Туулай охиныг харчихаад заа тэгвэл би танд тус болж таны гарыг чинь жаахан амраая. Та надад наад эдрэнгээ аль гэж хэлж гэнэ. Эмгэн ядарч туйлдсан болохоор эдрэнгээ туулайд өгөөд өөрөө улиасны ёроод унтаад орхижээ. Туулай мангас эмгэний есөн сүвийг шар цавуугаар нааж эдрэнгий нь далай руу шидчихээд алга болжээ.
Эмгэн унтаж унтаж арай чүү сэрээ есөн сүвээ сэт татааад далайруу гүйж орон эдрэнгээ авч ирээд цавчиж гарчээ. Гурав дахь мод унахаар нь охин эцсийн ганц модны орой дээр гарч суужэ.
Яана даа гэж уйлж суутал нэг чоно гүйж ирээд: Эмгэн эгч та юу хийж байгаа нь энэ вэ дээ? гэж байна. Чи бас хуваалцах санаатай юу? гэж уцаарлан модоо цавчиж байжээ. Чоно: Үгүй ингэхэд надад махны хэрэг алга аа. Би дөнгөж сая нэг тарган гөрөөс идэд гэдэс цатгалан юу ч идмээргүй байна.
Харин эмгэн эгч танд тус болж ганц нэг цавчиж өгөх үү дээ. Би хэдхэн цавчаад л унагана шүү дээ. Та харж бай гэжээ. За тийм бол яах вэ гэж эдрэнгээ өгчээ. Эмгэн суугаад тэсэлгүй унтжээ. Чоно мөн л эмгэний есөн сүвийг нааж орхиод эдрэнгий нь далайн ёроол руу хаяад явжээ. Эмгэн есөн сүвээ сэт татаад далай руу орж эдрэнгээ авч ирээд цавчиж гарчээ. Гэтэл алс тэртээд хоёр улаан тоос гарахыг охин ажжээ. Ажиглаад байвал охины асар басар хоёр нохой нь ирж явжээ. Охин баярлахдаа инээд алдчихжээ. Чи юунд инээв? гэж асууж зогссоор багаад хагас өдөр өнгөрүүлжээ.
Гэтэл Асар, Басар хоёр нохой нь улаан тоос манаруулсаар хуцан давхилдан ирэхэд мангас эмгэн айсандаа далай руу гүйгээд орчихжээ.
Хоёр нохой нь хүрч ирээд: За чамайг энд зүдэрч байхыг чинь сонсоод бид хоёр ирлээ. Одоо бид хоёр далай руу мангас эмгэний хойноос орно.
Тэнд бид хоёр их зүдрэх байх. Далай дээгүүр цагаан хөөс гараад ирвэл мангас эмгэн дийлж байна гэж мэд. Харин улаан хөөс гараад байвал бид хоёр дийлж байна гэж мэд, гэж хэлээд далай руу давхиад орчихжээ. Охин их л сэтгэл зовлонтой нохдын хойноос харж суужээ.
Тэгээд далайн мандлаас нүдээ салгалгүй ширтэж суутал далай дээгүүр ов тов энд тэнд цагаан хөөс харагдаж гэнэ. Миний хоёр нохойг мангас эмгэн дийлж байгаа юм байжээ. Би ч одоо гарцаагүй мангасын зууш болох нь гэж уйлж байгаад мангаст амьдаар тасдуулснаас модныхоо оройгоос үсэрч Ялман чихтэй хээр мориныхоо ясан дээр унаж үхвэл дээр гэж бодоод эцсийн удаа ээжийгээ дуудаж нутаг ус, овоо хангайгаа дурсан санан үсрэхийн өмнөхөн далайруугаа нэг зэврүүхэн харсан чинь далайн ус тэр аяаараа цусан улаан өнгөтэй болж хүний яс улаан хөөстэй холилдон хөвж байх шиг харагджээ.
Тэгтэл ч хоёр нохой далайгаас гүйж гарчирээд нэг нэг шилгээснээ, охины сууж байгаа модны дэргэд гүйлдэн ирж: – За охин минь чи одоо бууж үз. Бид хоёр үхэх шахлаа. Мангас эмгэнийг урж тасдаж дуусгах гэж ноцолдоод их ядарлаа. Жаахан ус олоод ир гэжээ.
Охин баярласандаа бараг үсрэх шахам буугаад хоёр нохойгоо илж таалаад та хоёр эндээ байж бай. Би ус олоод ирье гээд ой мод руу явжээ. Энд модон модон дунд жижиг горхи урсч байснаас ус аваад буцаж явтал үнэг, чоно, туулай гурав тааралдаж: Охин чиний үйлс бүтэх болтугай. Бид чамд олигтой тус хүргэж чадсангүй гэжээ.
Охин тэр гуравт талархан баярласнаа хэлээд манай нутагт очиж амьдарцгаа гэж хэлээд эргэн иржээ. Хоёр нохойдоо ус өгч өөрөө авч явсан хүнснийхээ үлдэгдлээс идэж ууж тэнхрээд тэндээ гурвуулаа хоносны дараа маргааш өглөө нь нэг нохойгоо унаж, нэгийг нь дагуулан ээлжлэн унаж явсаар гэр нутагтаа иржээ.
Гэртээ ирэхэд аавынх нь баярласан баяр уулын чинээ, ээжийнх нь уйлсан нулимс дайлн чинээ болжээ. Гэтэл эцэг нь нарийн өвчинд хатан үхэх дөхсөн бөгөөд охиныгоо хармагц буруу харан амьсгал хураажээ.
Ээж нь охиноо харж баярлан тэвэрч уйлж хайлаад дараа нь тайтгарч ажиглаж харвал охин нь урьдаасаа улам сайхан охин болсон байжээ. Эх охин хоёр талийгаач болсын эцгийгээ аваачиж орхиод гэр орноо нүүлгэн шинэ сайхан нутагт ирээд зэлээ татан малаа хотлоод охин Ялман чихт хээр морио дурсаж гэзэгнийхээ ул доор хийсэн гурван бут хялгасыг унаганыхаа зэлээс уяад унтжээ.
Маргааш өглөө нь боссон чинь Ялман чихт хээр морь нь хуучнаасаа улам ч сайхан цэл залуу болчихсон, эзнээ хараад тогтож ядан толгойгоороо наадан, товчлуураараа дөгнөн хүхэрсэн хүлээж зогсжээ. Эх үр, морь гурав юугаар ч дутуугүй баян тарган, энх түвшин сайхан суун жаргажээ.