Хашааны гадаа пад падхийн дуугарч алаг бөмбөгөөр эзэнгүй айлын байшингийн ханыг бөмбөрдөн арваад насны гурван охин тоглоно. Дүүгээ унтуулах гээд аргаа барсан Навчаа . . . дүүдийхэн минь дээ бүүвэй бүүвэй. . . угжаар хөхсөн сүүндээ дух нь хөлрөнгөтөөд нүд нь сүүмийж унтахын хооронд болсон жаахан Бабуугаа \ эгч нь өхөөрдөн ийн нэрлэсээр бүгд тийн нэрлэх болсон. \ бяцхан өвдөг дээрээ арайхийн багтаан тэвэрч бас ч үгүй өндөлзөн цонхоор өнөө тоглож буй гурвыг харан харан яарна. Унтдаггүй ээ жаахан дүүдий нь . . . чирч гулдарч өсгөж “хүн хийх” гэж байгаа жаахан “ажаа” нь нойрны аяны дөрөөнд мордуулж орхиод . . . гадаа байшингийн сүүдэрт тоглож байгаа “найзууд” –руугаа явах гээд байгааг мэдээд. . . миний хажууд айдас хэн үргээх юм дээ. . . гэсэн шиг. . .
Суурины үд дунд “Халуун усны “ нэртэй гудамжнууд нам гүм. Томчууд нь ажилдаа явж, хүүхдүүд сургууль руугаа \аа үгүй л дээ хичээл өчигдөрхөн тарж зуны амралт эхлээ биз дээ\. Гэхдээ л сургууль дээр засвар хийх, бага ангийнхан нь “зуны даалгавар”-аа авах гээд явцгаасан. Навчаа харин хүүхдүүдтэй хамт очиж зуны даалгавараа авч чадахгүй. Багш нь “энэ Навчаа хичээл үнэн , худлаа тарав уу үгүй юу л усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм” гэнэ.
Үнэндээ Навчаад дүүгээ харах “том алба” оногдоно. Том болохын хирээр үүрэг нэмэгдэж “гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, дүүгээ асарна”. Бяцхан нуруундаа ихээ ахадсан ажлыг хүлээж үлдэнэ. Үүнийгээ тэр “хийх ёстой л ажил ” гэж бодно. Нэг удаа хамар хашааны айлын Ганаа кино үзий гээд байлаа. . Ээж нь орой болгон голын цаана байх дэлгүүр рүү Навчааг явуулж сүү авахуулдаг ч мөнгөнөөс нь хариулт гэж ер гарах биш. Харин ээжийнх нь найз Бүжин гэдэг эгч түүнд “манай Навчаа чинь дүүгээ сайн харж, гэрээ гоё цэвэрлэдэг охин байгаа юм” гээд цоо шинэ нэг төгрөг хэзээ ч билээ өгснийг хадгалаад байсан л даа. Дүүгээ унтуулж орхиод хойд гудамжны ард байх кино гаргадаг жижигхэн мухлаг шиг газар руу Навчаа Ганааг дагаад явлаа. Ганаа яанаа дүү сэрээд уйлаад байвал гэхээр. . . гайгүй гайгүй танай дүү чинь удаан унтдаг юм чинь кино их хурдан гардаг ш дээ. Кино дуусангуут л гүйгээд ирнэ гээд унтсан дүүгийнх нь наагуур дэр жинтүүгээр хорьж орхиод хоёулаа хөтөлцөөд гүйж одлоо. Үлгэрийн шинэ кино гарч хүүхдүүд дүүрэн байгаа . . . хөгжилтэй ч гэж жигтэйхэн. Навчаа киноны турш л Бабуугаа бодож “кино үзэх мантай юм болов”. Кино дуусч хүүхдүүдтэй чихэлдсээр гадаа гарангуут амьсгаа авах шиг болоод “Ганаа гүйгээрэй. . . дүү маань яасан болоо хэмээн бяцхан зүрхэндээ түгшээд байлаа. Гүйсээр хашааныхаа үүдэнд иртэл нам гүм. Аа ашгүй дээ Навчаагийн зүрх нэг амравч хурдан гүйсэндээ түг түгхийн цохилоод “амаар гарах нь ээ янз нь”
. Ганаагийн ээж Таня гээд буриад эгч . . . иш муу Навчаа минь мөр нь шөнтийгөөд турж орхиж, Бабуу лүд чинь яасан их мариатай бандаасан муухай амьтан бэ?Муу эгчийгээ унасаар байтал наад амьтан чинь хаврын туранхай тэрэгний морь шиг ядсан юм боллоо байна. За ажаа нь жаахан гарыг нь хуурайлъяа даа. Наашир гээд алгаа тосохоор Навчаагийн цамцнаас зуураад тавихгүй “орхиод явчихна” хэмээн айх бололтой нэг их том дуугаар орилно. Таня эгчийн ээж Мядагмаа гэдэг эмээ хотоос ирэхээрээ зөндөө гоё гоё чихэр жимс жигнэмэг авчирна. Орос дэлгүүрийн худалдагч болохоороо тэр л дээ. Навчаагийн ээж шинэ жилийн ч , цагаан сарын ч тэр өмнө найзуудтайгаа аавынх нь машинаар “орос дэлгүүр “ явна. Тэгээд “гоё, гоё” цаастай, үрлэн чихрүүд авчраад авдартаа цоожилчихно. Навчаад “хорхой дарах” төдийхнийг өгөөд жижигхэн шармал монгол цоожоор авдраа цоожилж түлхүүрийг нь цүнхэндээ хийж орхино. Ээжийг нь жаахан байхад бас ээж нь “хотоос очсон гийчдийн өгсөн бэлгийг ингэж хадгалдаг байсан гэсэн”
Гадаа бөмбөг толгож байгаа гурвын нэг нь салхивчны дор ирээд “Навчаа гараад ир тоглоё . . . ” дуудаад чимээ чагнаснаа дахиад л дуудлаа. Арайхийн үлээх шахам байж дүүгээ унтуулаад орон дээр тавих гэхээр сэрэх гээд байв. Үлээгээд байхаар “хүүхдийн нүүрэнд сэвх тогтчихдог юм” хэмээн ээж нь дургүйцээд байдаг болохоор Навчаа ээжийнхээ үгнээс зөрөхгүй л дээ. Гадаа бөмбөг дуугарч хүүхдүүд тоглоод “гоё” юм аа. Миний дүү хурдан том болоосой хэмээн хэтийг Навчаа дандаа мөрөөднө. Дүүгээ “ганцаараа явдаг” болохоор нь дагуулаад Ганаа, Жижгээ Оюунаа эд нар шиг ээжийгээ ирэхээс өмнө “жоохон тоглоно доо” хэмээн хорхойсон бодно.
Голын эргээр “гүйдэг маатаг” тоглоод гүйгээд л инээлдээд л хөгжилтэй гэгч байж байтал “Ээж ирж явна”. . . яанаа дүү . . . дүү. . . хэмээн сандарсан тэрээр тоглоомноос шууд гарч гэр өөдөө гүйлээ. Ээж нь амдан бараг гүйн алдан ирж явснаа Навчааг урдуур даялан “айж” байгааг мэдээд зогсон харж байснаа “ Чи чинь яадаг моньд вэ. . . дүүгээ хаяад тоглоод явж байдаг. Дүү нь орон дээрээсээ унаад сүйд болж байхад чинь. . . Гэртээ ээжээсээ түрүүлэн харайн орж иртэл Бүжин эгч Бабууг тэвэрчихсэн өнөөх нь нулимс хөлс болсон халтайсан амьтан гомдлын нүдээр Навчааг хараад байв. Навчаа үхтэлээ гэмшиж сэтгэл дотроо “эгч нь одоо чамайг хэзээ ч орхиж байхгүй за юу . . . ” хэмээн дахин дахин үглэж зогссоныг ээж нь сонссон шиг. За миний охин яах вэ яах вэ гайгүй гайгүй . Муу охин минь бүр айж орхиж хэмээн духан дээр нь үнэрлээд “орой ээж нь банштай цай чанаж өгнөө” хэмээн “сайхан ааштай” байх. Навчаагийн ээж их ширүүн хүн биш ч, нялуун хүн биш билээ. Ер нь л “ороолгох” бол юу ч биш. Хааяа хааяа Навчааг хашраахдаа “зүгээр зүгээр хүүхдийн барчид арилдаг гэнэ.
Бүжин эгч хоолой засан “ дүүгээ хаячихаад тоглоод алга болдог дүүрчихсэн эгч ч байх гэж дээ тиймээ Бабуу, Навчаа “баабаа юу” гэвэл “бабаа” хэмээн хэлсэн үгний нь аялагыг дагаж хэлээд доголон нулимстай Навчаа тийш харж инээгээд гараа өглөө. Ээж ирэх болоогүй байсан шиг өнөөдөр “тог” тасарсан юм болов уу хэмээн Навчаа сониучирхан бодож зогсоно. Гэтэл Бүжин эгч “Навчаа танай сургуулийн захирал чинь Доржгочоо бил үү” гээд инээвхийлсэн харцаар хараад нүд хариулан “ээж рүү нь” дохиж байгаад Навчаа гайхав. Ээж нь цүнхээ уудалснаа “нүдний гэм болсон бурамтай чихэр гарган ирээд, атган авч Навчаад өгөөд дахин духан дээр нь үнссэнээ хувцасаа сольж өмсөөд гараад явчлаа. Бодвол “Ганаагийн хөргөгчнөөс өвөөгийн явуулсан хонины махыг авчрахаар гарав бололтой”. Бүжин эгч “танай сургуулийн захирал багш манай ажил дээр ирж яриа хийгээд ээ. Манай ажилчдын хүүхдүүдээс 200 гаруй хүүхэд танай сургуульд сурдаг юм гэнэ. Тэдний дундаас Цэрэндагвын охин Дулмаа, та хоёр л “онц” сурдаг гэнэ лэй. Тэгээд ээж чинь мастераасаа чөлөө аваад чамайг баярлуулах гэж ирсэн байхгүй юу. Гэтэл “мань аниа дүүгээ гээчихээд гадаа тоглож явдаг” гээд жингэнэн инээнэ. Бүжин эгч цагаан цайлган сонин хүн. Зэвхий, зэвхий гэж уулга алдана тэгснээ тас тасхийн инээнэ. Монгол гэрт амьдарч байгаагүй “хотын хүн” гэнэ лэй. Энэ зурагтын антенн монгол гэрт ороод гараад ирэхээр “баруун дээр гарчихаад байдаг юм шүү” гэнэ. Уг нь тэр “антенн” нь суурины “зүүн” дээр байдаг сан. Бага хүүхэд байхад нь Бүжин эгчийн аав ээжийг нь зодоод, хэдэн үхрээ “хаарт” тоглоод алдчихаад , тэд нар ааваасаа зугатаж хот орж ирснээ яриад “манай буриадууд муруйтай их тоглоно, өнөө нэрмэлээ их уунаа танхай шүү нэлээд танхай гэж ирээд л ярьдаг сан. Бүжин эгчийн ээжийг аав нь зодоод тэдний амьжиргааг нь таслаад хөөж явуулсан гэхээр Навчаагийн хоолой дээр нулимс торж хэцүү болдог сон. Бас ингэж хамаагүй ярьж болдог юм байх даа хэмээн өмнөөс нь ичнэ. Бүжин эгч “буриад ардын дуу”-г их сайхан дуулна. Навчаагийн ээж, Цэрэндагва эгч, Бүжин эгч эд нар “ахуй үйлчилгээний уран сайхан”-д явна. Их ажилтай ч түүнийхээ хажуугаар “урансайхан”-чийн ажилдаа дуртай. Бүгдээрээ нэг нэг өмчний дуутай. Бүжин эгч “Хангай хайхан нютаг”-аа, Цэрэндагва эгч “Ванлий” -гаа. Навчаагийн ээж “Туулын урсгал шөнөдөө сайхан сан. . . ” гээд авч хаяна даа. Хүүхдийн баяраар оёдолчин ээжүүд улаан буландаа концерт тоглож хүүхдүүдээ баярлуулна. Тэдний клубын эрхлэгч нь “баян хуур” хөгжмийг гаргууд сайхан тоглодог Банзрагч гэдэг өндөр хүн байдаг. Банзрагч гуай бас Навчаагийн ангийн охин Алтангийн аав.
Хэсэг мөчийн дараа Навчаагийн ээж, Таня эгчтэй хөлдүү мах барьсаар орж ирснээ “Навчаагийн тухай ганц ч үг ярьсангүй юу ч болоогүй юм шиг инээлдэн хөлдүү махаа гэрийн наранд аяганы өрөн дээр авчирч тавиад “за өнөөдөр чинь эрт ирснийх хүүхдүүдтэйгээ сайхан банштай цай чанаж ууя байз. Жаахан азнаж байгаад Таня минь орж ирж цай уугаарай даа” хэмээн хамаг л бүхнээ цэгцэлсэн хүн шиг санаа амар хөлөө жийн аяганыхаа өрний хажууд суугаад цай ууж, Бүжин эгчтэй энэ тэрхэнийг ярина. Навчаа “онц” сурсан гэж магтуулахаасаа илүү дүүгийнхээ гарыг ээжийнхээ нүдийг хариулан барьж үзээд, ойчихдоо ямар их өвдөө бол хэмээн бодохоос өөрийнх нь гар янгинах шиг. Ахиад Ганааг дагаж ч кинонд явахаа больёо. Оюунаа эд нарыг ч битгий энд тогло гэж хэлье байз хэмээн бодоод дүүгээ ташаан дээрээ мордуулан тэвэрч гэрээсээ гараад явлаа.
2012 он