Саяхан МЗЭ-ийн шагнал хүртсэн яруу найрагч К.Байыттай ярилцлагыг та бүхэнд хүргэе.
– Баяр наадам өнгөрөөд тун ч удаагүй байна. Сайхан наадав уу?
– Cайхаан, маш сайхан наадам болсон.
– Саяхан МЗЭ-ийн шагнал хүртсэн танд баяр хүргэе. Ямар бүтээлээрээ МЗЭ-ийн шагнал хүртэв?
– Баяралалаа, энэ жил гарсан «СЭРХҮЙН СЭРЖИМ» нэртэй шүлгийн номоороо. Баяртай байна, миний казахын ард түмэн ч баяртай байгаа.
– Шүлэг бичээд мэдээж удаж байгаа байх. Хэдэн ном гаргав. Өнгөрсөн хавар гаргасан номын чинь өмнөтгөлийг АУЗ Б.Лхагвасүрэн гуай бичсэн харагдсан. Ер нь тэр бүр хүний номыг шүүрч өмнөтгөл бичдэггүй л хүн дээ. Хэзээнээс уран бүтээлийн садан төрлүүд болсон бэ.
– Би арван наснаас эхлээд шүлэг бичиж эхэлсэн. Одоогоор хориод ном гарчээ. Казах шүлгийн гурван ботио өнгөрсөн жил гаргасан. Дэлхийн казах уншигшид маш сайхан хүлээж авсан. Казахстанд бас хэд хэд ном маань гарсан. Б.Лхагваа ахын хувьд гэвэл бид уран бүтээлийн ахан дүүс. Үнхээр сайхан хүн шүү. Улаанбаатар орохоороо очиж баахан шүлэг зохиол ярьж, Баасан эгчийн гарын хоолыг нь зооглож хонон өнжин инээж хөөрч буцдаг. Ухаантай хүнтэй нэг өдөр хамт байх нь өөр хэн нэгэнтэй зуун жил хамт байхаас хамаагүй дээр. Энэ зөвхөн уран бүтээлч хүмүүсийн л араншин. Номын өмнөтгөлийг өрөө л бичиж өгсөн, сайхан урмын үг хэлсэн шүү. Дараа би Лхагваа ахын нэг номонд нь үг бичнээ.
– Хэзээнээс Эрдэнэтэд суурьшиж уран бүүтээлээ хийх болов. Яг одоо Эрдэнэт хотод ямар албан тушаал хашиж байна? Та ямар мэргэжилтэй хүн бэ?
– Эрдэнэтэд ирээд хорин жил болж байна даа. Алдарт УУЛЫН БАЯЖУУЛАХ ЭРЭНЭТ ҮЙЛДВЭРТ тоног төхөөрмжийн засварчин ажилтай. Би боловсрол муутай хүн шүү дээ. Бүрэн бус дунд.
– Гэхдээ шүлэг бичихэд авьяас чухал байх шүү. Таны уран бүтээлээс сонирохгүй өнгөрч болохгүй нь. Зуны дэлгэр сайхан цаг байна. Нэг сайхан шүлэг хэлээч?
– Зуны дэлгэр цаг ирхээр нутгаа л их санах юм, гүйгэл морь шиг гүйгээд явчихмаар санагдаад л. Ийм нэг шүлэг хэлэе дээ:
МИНИЙ ЖИЖИГХЭН ДЭЛҮҮН
Ааваас минь ирсэн захиа шиг
Ээжийн минь хийсэн ааруул шиг
Өвгөдөөс үлдсэн судар шиг
Өнө хойшид үлдээх сургаал шиг
Дээлний урьд энгэр шиг
Дэлэн доторх уураг шиг
Дэргэд нь байхад уйдамгүй
Дэгжин сайхан охин шиг
Алсаас сонссон сураг шиг
Адуунаас хоцорсон унага шиг
Анхны шөнөдөө яарсан
Арван долоотой амрагийн
Нарийхан давчуу орноос
Надад үлдээсэн зай ч юм шиг
Миний жижигхэн Дэлүүн
– Баян-Өлгийн Дэлүүн сумаасаа хэзээ гарав? Өөрийн нутгаа санана гэдэг хэн хүнд байдаг хамгийн том аз жаргал байдаг. Таныг ч гэсэн энэ зовлонтой аз жаргал тарчлааж байдаг байх?
– Хорин хэдэн жил болж байна. Гэхдээ би жил болгон очиж аав ээждээ үнсүүлж төрсөн буйрандаа хэд хонож буцдаг. Миний Дэлүүн дэндүү сайхан. Өнгөрсөн жил очиж Өлгийд «УУЛ УСНЫ ДУУЛАЛ», Дэлүүнд «ДЭЛҮҮН МИНЬ ДЭЛХИЙ МИНЬ» нэртэй уран бүтээлийн тайлангаа тавьж ирсэн. Нутагтаа очихоор онгод хийморь буцлаад ирдэг юм. Би ер нь хот газар амьдарч байгаа ч үргэлж Дэлүүнтэйгээ хамт байдаг хүн дээ. Тэнд миний олоон дурсамж бичээстэй байгаа.
– Би өнгөрсөн намар танай нутгаар явж байсан юм байна. Уул усных нь дагшин, ард түмнийх нь эгэлгүй соёл надад маш сонин сэтгэгдэл үлдээсэн? Казак үндэстэн гэдэг их өвөрмөц ард түмэн мэт санагдсан?
– Тэгэлгүй яахав дээ. Ямар ч ард түмэн гэдэг бол өөр өөрийн соёлтой байдаг. Миний Казахын ард түмэн бол үлгэр домгоор дүүрэн гайхамшигтай ертөнц. Найман настай хүүхэд нь л хүртэл долоон үеэ цээжээр хэлдэг, өтгөс бууралууд нь бүхэл бүтэн судар гэлтэй. Нэгэнтээ утга зохил урлаг сонингийн «Казах гэж хэн бэ?» гэдэг асуултанд би “Казах гэж өөрийн нулимс, цусаараа бүтээсэн түүхтэй, хэлтэй, шашинтай, утга зохиолтой, урлагтай, соёл иргэншилтэй, үр хүүхэд удамтай, охид нь царайлаг, хөвгүүд нь ухаалаг, өвгөд хөгшид нь нөмөртэй, цэцэн цэлмэг, үлгэр дууриал авах сайн юмтай, жигшиж үзэн ядах муу юмтай, хамаагүй тухлах оронтой, хашигдаж хоригдох шоронтой, бичигтэй үсэгтэй, дуутай шуутай, дайсантай, нөхөртэй, баяр баясгалангаас илүү зовлон үзсэн ард түмэн шиг ард түмэн. Хамгийн богинохноор хариулахад ийм байна даа. Тэрнээс Казахын тухай ярьвал өчнөөн номонд багтахгүй яриа болно биз” гэж хариулж байсан үүнийг давтан хэлье дээ.
– Гэр бүлийнхээ хүмүүсийг танилцуулахгүй юу?
– Нэг эхнэр, хоёр хүүтэй. Хүүхдүүд маань их сургуулийн оюунтанууд. Удахгүй өвөө болно биз дээ. Эцэст нь нутгийнхаа тухай ийм нэг шүлэг хэлье.
****
Жил алгасаад нутагтаа очиход
Жим жим бодол хураад
Жиргэх шувууд
Жижиг шоргоолж хүртэл
Жигтэйхэн танил
Өглөө эрт
Өвсийг нь хөл нүцгэн гишгэхэд
Өтөлж явааг минь мартуулна
Тэнд мөнхөд үлдмээр
Өндөр орой нь тэнгэр баганадах
Ханхар уулс нь
Хаа холын
Өвгөдийг минь сануулна
Сахал ургуулж цагаанаар будуулмаар
Чимээгүй гэгдэх
Жинхэнэ хүмүүсийн онгон
Чих тавьж чадвал
Дэндүү чимээтэй
Дэргэд нь очмоор
Ув улаахан цэцэгстэй
Урд энгэрт
Удаахан суувал
Уул усны амьсгал сонсогдоно
Уйлмаар аа.
Бүрхэг
Бүүдгэр үдшээр
Холын холоос адуу янцгаах нь
Миний балчирхан хүүгийн
Хонхтой бойтог шиг жингэнэн
Хонгорхон ханиа үнсмээр
Энгэрээ задгайлж
Гараа алдлаад
Эзэнгүй аглагт
Элгээрээ хэвтвэл
Ээжийн минь дуулсан бүүвэй мэт
Эмээгийн минь ярьсан үлгэр мэт
Эгшиглэнт салхи
Зөөлөн сэвэлзэнэ
Орчлон мартагдана
Цаг хугацаа түр зогсоно
Үхэл юу ч биш
Үүр цайна
– Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Б.Биндэръяа