Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” үндэсний музей, Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Чех улсын Прага хотноо 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс ирэх зургаадугаар сарын 22-ны өдөр хүртэл Чехийн Үндэсний музейн “Historical building” үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэхэд бэлэн боллоо.
Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас “Чингис хаан” үндэсний музей болон ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн нийт 170 дэсийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэлгэгдэж байна.
“Чингис хаан” үндэсний музей нь олон улсын хилээр чөлөөтэй нэвтрэх тусгай эрх бүхий, тусгай ариутгал хийгдсэн зориулалтын сав, хүчил шүлтгүй тусгай баглаа боодлыг тухайн үзмэрийн хэмжээнд тааруулан БНСУ-д захиалгаар хийлгэн, үзмэрүүдээ музейд эргэн ирэх хүртэл хариуцах олон улсын даатгалд хамруулан үзмэр эд өлгийн зүйлийг гааль, цагдаа, тагнуул, салбарын хяналт дор Монгол Улсын “Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журам”-ыг баримтлан зөөж тээвэрлэсэн.
Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Улаанбаатар хотноо “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар “Үзэсгэлэн зохион байгуулах, уг үзэсгэлэнд үзмэр оролцуулах талаар хамтран ажиллах тухай гэрээ (№ 240802) байгуулж гарын үсэг зурсан нь ийнхүү бодит ажил хэрэг болж чадлаа.