Зүрхэнд хэдийнээ тэрлэсэн хайрын мөрүүд урсган
Зүүдэнд учирсан чамайгаа найргийн хэлхээгээр наадуулж
Зүс үзээгүй ханиа дуулан хүлээх учиртай
Зөн билгийн орчлонд сэтгэлийн жолоо чанга байна.
Чамайг хүлээж удсаныгаа жаргалд тооцон баясаж
Далай хайрыг чинь хүртэх хувьтайгаа бас санаж
Зуурдын боловч хэн нэгэнд сээтэн хаялж гүйлгүй
Зулай нимгэн дурлалд өлмий бат зогсном.
Эмзэг сэтгэл хөөрсөн ч үнэн хайр үгүй бол
Энгэр зөрүүлэх ёсон бүсгүй хүнд үгүй
Одоо хэр учраагүй чамдаа гомдсон ч
Охин биеэ хүний өвөрт найр тавиагүй явна аа
Сэтгэлд ширээгдсэн хайр энэ биеэр долгилж
Сэмхэн цохилох зүрх хосоор юм шиг булгилахад
Зүрх түгших агшинд уруул шүргэн өнгөрсөн
Зүүдний юм шиг учралыг ухаарч ядан дэнсэлнэм.
Нойр хулжсан шөнөөр тэнгэрийн одод аальгүйтэж
Нойтон сормуусанд бөнжийх нулимсанд минь тольдоход
Эрийн гар хүрээгүй ангир цээжээ тэврэн
Эрхгүй хүсэх жаргалаа бодлын үзүүрт дагуулан
Ханиа дагуулж үрээ тэвэрсэн бүсгүйн жаргалд
Хар санаж атаархсандаа би уйлж хэвтээгүй ээ
Халуун сэтгэл минь нэг л удаа дурла гэдэг болохоор
Хажууд байгаа хэнд ч гэсэн гар сунгаж зүрхлээгүй ээ
Нэг л мэдэхэд шувуу шиг нисэн ирэх хайраа
Нэхэл дагал болон урьтаж би үргээхгүй ээ
Заяа түшсэн ханийн энгэр налан жаргах
Замбуутивийн ёсонд тэгтлээ их яарахгүй ээ
Унаган хайраа хүртээх гэж чамайг би хүлээнэм
Учрал гээчийг бэлэгдэн чамайгаа би үгүйлнэм
Хүрээд ирсэн хайраа жаргал гэж баярланам
Хүсэн хүлээсэн мэтгэлээ хоёргүй гэж амланам.
Уруул даван тэр болгон унаад ирдэггүй
Учирсан бүхэнд тэр болгон дайж явуулдаггүй
Ганцхан чамайг хэлэхэд өөрт минь хосгүй санагдах
Гал халуун үгээр зүрхийг минь чи ундаалаарай.
Дусал бүхэн үнэтэй сувдан хэлхээг түүж
Дурлах дуулах хуурын уяхан чавхдас хийгээрэй
Насны хань надтайгаа эн тэнцүү хайрлаж
Найраг шүлгийн минь мөрүүдийг зүрхэндээ бас хайрлаарай.
www.URLAG.mn