“Чингис хаан” үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо өчигдөр /2025.10.23/ нээлээ.
Тус үзэсгэлэн Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилготой.
“Чингис хаан” үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн эл үзэсгэлэнг 2026 оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл дэлгэх юм.
Уг үзэсгэлэн Монгол орны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ орчин үеийн урлагийг Монголын түүхтэй холбон гаргаж үндсэн гурван хэсгээс бүрджээ. Хүннү гүрнээс Монголын эзэн гүрэн хүртэлх I-XIV зуунд ЕвроАзийн соёл, техник бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг маш сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлж байна.

Үзэсгэлэнг нээж ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн хэлэхдээ,“Энэхүү үзэсгэлэн эртний нүүдэлчдийн мянганаар хэмжигдэх өв уламжлал, үндэсний сэтгэлгээний цөмийг орчин цагийн хүмүүнд хүргэх онцгой завшаан болоод Монголын ард түмний түүхийн замнал, урлагийн өв, оюун санааны гүн гүнзгий илэрхийлэл юм. Соёл нь улс орнуудыг холбодог хамгийн хүчирхэг хэл, үзэсгэлэн нь тэр гайхамшигт хэлний тод жишээ юм” гэдгийг тодотгов.
“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол орон: Цаг хугацааны аялал үзэсгэлэн нь Монголын нүүдэлчдийн түүхийг бүрэн хэмжээнд харуулахын зэрэгцээ нүүдлийн ертөнцөд биднийг хөтлөн хүргэж илүү гайхамшиг, илүү өндөр технологи, ур чадварыг мэдрүүлэх болно. Ирээдүй болгон гайхамшиг биш, харин өнгөрсөн нь түүнээс ч дутуугүй бишрүүлнэ. Зөвхөн цаг хугацаагаар аялах төдий зүйл биш шинэ мэдлэгийг өнгөрснөөс олж, ирээдүйд илгээх зурвас юу болохыг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан мэдрэх болно” хэмээн онцлов. Мөн тэрбээр Ритбергийн музей нь Монгол болон Дорно дахины өв соёлын цуглуулгаараа гайхамшигтай Швейцар улсын хамгиийн том урлагийн музей бөгөөд Монголын соёлын өвийг дэлхийн дахинд сурталчлан таниулах үйлсэд хамтран ажилладагт талархлаа илэрхийллээ.
“Чингис хаан” үндсний музей энэ жил Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол Швейцарын Цюрих хотноо анхны үзэсгэлэнгээ дэлгэж Европийн үзэгчдэд хүргэж байна.

Тус үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейн куратор Л.Есөнтэй, Үзмэрийн бүртгэл хариуцсан бүртгэл мэдээллийн санч С.Буянжаргал нар Монголоос үзмэрүүдийг хариуцан аваачиж Ритбергийн музейд хүлээлгэн өгч, зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган танхимуудад дэглэх ажлыг хийж гүйцэтгэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын талаас Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн газрын дарга С.Дэлгэрмаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, Хархорум музейн захирал Т.Баяраа, Швейцарын Холбооны Улс дахь Байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Д.Гэрэлмаа болон эрдэмтэн судлаачид, Швейцарын талаас Цюрих хотын дарга Сorine Mauch, Ритбергийн музейн захирал Annette Bhagwati болон бусад төлөөлөл болох 200 гаруй үзэгч оролцлоо гэж “Чингис хаан” үндэсний музей мэдээлэв.









