Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт гэгээн хайрын өдөрт зориулан Л.Минкусийн “Дон Кихот” балетыг маргааш, нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 14, 15-д тоглоно. Балетын гол дүр болох Китрид гавьяат жүжигчин О.Анужин, Г.Нямцэрэн нар тоглохоор болжээ.
Балетыг Мигель Де Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна. “Дон Кихот” балетыг анх 1869 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвагийн “Их Театрт” тоглож байжээ. Харин Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан юм. Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва ажиллажээ.
…Романтик өвгөн ноён Кихот өөрийн адал явдлыг эрэлхийлэх хэрэгцээгээ хангахын тулд элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг зохиомол хайрын аюулаас аврах замдаа тэрээр Китри, Базилио нартай тааралдсанаар балетын үйл явдал өрнөнө.

