“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд өчигдөр /2026.04.20/ нээлээ.
Үзэсгэлэнд Бээжин, Тяньжин, Шанхай, Чунчин гэсэн дөрвөн хотын уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг нэг дор цуглуулж, хот бүрийн өвөрмөц уран сайхны өнгө төрхийг бийр, бэхийн урлагаар дэлгэн харуулахыг зорьсноороо онцлог ажээ.
Нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жи хэлэхдээ, “Хятадын уламжлалт 24 улирлын “Тариалангийн хур” буух өдөр өнөөдөр тохиож байна. Байгаль дэлхийн зүй тогтол, соёл уламжлалын гүн бэлгэдэл хосолсон энэхүү сайхан өдөр бид Улаанбаатар хотноо цугларч, “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” Бээжин, Тяньжин, Шанхай, Чунчин хотуудын орчин үеийн нэрт уран бичээч, зураачдын бүтээлийн үзэсгэлэнг хамтдаа нээж байна” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “2010 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагааас Хятадын “Тариалангийн хур” улирлыг “НҮБ-ын Хятад хэлний өдөр” болгон тунхагласан нь Хятад хэл, соёлын гайхамшгийг дэлхий дахинд таниулах боломжийг олгосон юм. Мянган жилийн түүхтэй “Лантины цугларалт” нь уран бичлэгээр нөхөрлөж, уран зургаар сэтгэлээ дамжуулан, Хятадын сэхээтнүүд үзэл бодлоо хуваалцаж, гоо сайхныг хамтдаа мэдрэх гүүр болсоор ирсэн.
Энэ жил бид дэлхийн “Лантины цугларалт” болон “Олон улсын хятад хэлний өдөр”-ийн хүрээнд Хятад улсын шууд харьяа дөрвөн том хотын 40 гаруй нэр уран бүтээлчийн 60 гаруй сор бүтээлийг дэлгэн үзүүлж байна.
Уран бичлэг болон уран зураг нь хятад хэлний урлагийн хэлбэр бөгөөд бийрийн татлага бүрд нь “зөв тэгш, эв зохицол”-ын гүн ухаан, “гоо сайхныг хамтдаа цогцлоох” хүмүүнлэгийн үзэл санаа оршдог” хэмээн онцолсон юм.
Бээжингийн бүтээлүүд сүр жавхлант, нягт гүн утга бүхий өнгө аясыг илтгэх ба Тяньжины уран зураг намуухан зөөлөн, соёлын гүн үндсийг агуулах ажээ. Харин Шанхайн бүтээлүүд амьдлаг, хөдөлгөөнтэй бөгөөд орчин үе, уламжлалыг хослуулсан, уулархаг Чунчины уран бүтээлүүд этгээд содон, гүнзгий утгыг агуулсан баруун өмнөд нутгийн өвөрмөц шинжийг тод харуулдаг байна.
Тус үзэсгэлэнг 5 дугаар сарын 20-ныг хүртэл дэлгэн үзүүлэх ажээ.






