Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилготой “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг толилуулж байна.
Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгийн ховор нандин цуглуулгаас олон нийтэд урьд өмнө дэлгэгдэж байгаагүй сор бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхэн замнал, залгамж холбоо, уран бүтээлийн үзэл санаа, хэв маягийн хувьсал, уран сайхны өвөрмөц онцлог бүхий өв уламжлалын үнэ цэнийг өнөө цагийн үзэгчид та бүхэндээ соёлын ой санамжаар дамжуулах хүргэхэд чиглэж байна.
Өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монголын дүрслэх урлагийн түүх, соёлын өвөрмөц үзмэр цуглуулга бүхий улсын хэмжээний тэргүүлэх сан хөмрөгтэй бөгөөд тэдгээрийг судалж, хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Энэхүү тусгай үзэсгэлэн нь музейн 60 жилийн хугацаанд бүрдүүлсэн үнэт цуглуулгын онцлох бүтээлүүдийг дээжлэн үзүүлэхээс гадна Монголын дүрслэх урлагийн оюуны өвийн үнэ цэн, өвлөн уламжлуулах ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой юм.
Үзэсгэлэнд онцлох цуглуулга бүхий 200 гаруй үзмэр эд зүйлсийг дэлгэн үзүүлэх бөгөөд үзэсгэлэн наймдугаар сарын 7-29-нийг дуустал үргэлжилнэ.

