Сүүлийн хэдэн сарын турш цахим ертөнцөд дэгдээд байгаа томоохон асуудлуудын нэг бол “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх монгол бүсгүйг тодруулах шалгуур билээ. “Desoft media” группээс санаачлан зохион байгуулсан энэхүү шалгаруулалтад олны танил мисс, загвар өмсөгчид ихэвчлэн өрсөлдөж буй бөгөөд эдүгээ шилдэг арван оролцогч тунаж үлдээд байгаа. Гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, авьяас чадвар, хэлний мэдлэг зэрэг олон талын шалгуурт бүхий л зүйлээ дайчлан өрсөлдөж байгаа бүсгүйчүүдээс ээлж дараалан танилцуулъя. Тэд сайхан зургуудаа дэлгэж, үзэгч дэмжигчдээсээ “Лайк” хүсч байгаа юм. Ингээд"Miss world Mongolia 2014" тэмцээний шилдэг 10-т шалгарсан 10 хувийн дугаартай Ж.Энэрэлийн товч намтар, гэрэл зургийн цомгийг хүргэе.
Ж.Энэрэл 1995 онд төрсөн. Плехановын нэрэмжит сургуульд ерөнхий боловсролын мэдлэг эзэмшээд одоо ОУ-ын харилцааны сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааны ангид сурч байгаа. 10 жилд байхдаа тооныхоо хичээлд сайн, ер нь онц сурдаг охин байжээ.
Тэрбээр өөрийнхөө бага насны тухай "Ээж, эмээ хоёр дээрээ өссөн. Багаасаа л ах нартайгаа тоглож өссөн болохоор маш эршүүд зан, араншинтай. Шалчиганаад байх дургүй. Аав, ээж хоёр маань салчихсан юм. Би аавыгаа ерөөсөө харж байгаагүй. Саяхан аавтайгаа холбогдсон. Аав маань хөгжимчин хүн юм байна лээ. Хөгжим бүжгийн коллежид хийлч Дээгийтэй нэг ангид сурч байсан юм билээ. Аавыгаа олсондоо маш их баяртай байгаа. Хүмүүс ээж, аав хоёр нь салсан асуудлыг сөргөөр хүлээж авдаг бол миний хувьд тийм юм байгаагүй. Би аавыгаа олоод маш их баярласан" хэмээн ярьжээ.
Тэрбээр “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”, Загварын “Андра” агентлагийн зохион байгуулсан “Мисс модель” фестивалийн ялагч болсон билээ. Тус холбоо олон улсын чансаа өндөртэй гэх тэмцээнүүдэд Монголын мисс, моделиудыг оролцуулж, үндэсний хувцас, урлаг, соёл, хэв маяг, гоо бүсгүйчүүдээ сурталчилахад томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.
“Miss and Model of the World” тэмцээн 2013 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д зохион байгуулагдсан. Дэлхийд чансааны хувьд маш өндөр, бараг сар гаруй үргэлжилдэг, хотуудаар аялдаг тэмцээн аж. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Турк, Хятад улс ажиллажээ. Энэ удаагийн тэмцээнд 50 гаруй орны гоо бүсгүйчүүүд оролцсон бөгөөд Ж.Энэрэлийн хувьд "Шилдэг үндэсний хувцастай мисс" шагналыг хүртэж, шилдэг 10-т багтсан аж.
Тэрбээр Сингапурын “Carrie model” загварын агентлагтай гэрээтэй ажилладаг нэгэн. “Монгол модель” агентлагт харьяалагддаг.
Тэрбээр маш олон тэмцээнд оролцож байсан гэнэ. Хамгийн анх “Манжуурын мисс” тэмцээнд оролцож, "Шилдэг үндэсний хувцастай мисс"-ийн өргөмжлөлийг хүртсэн. Мөн “Face of Mongolia” наадмын тэргүүн байрыг хүртсэн. Түүнчлэн БНСУ-д зохиогдсон Азийн миссүүдийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн. 2013 онд “Miss and Model of the World” тэмцээнд оролцож байсан.
Ж.Энэрэл загварын салбарт хөл тавиад гурван жил гаруй болжээ.
Түүний загварын анхны багш нь Азийн топ модель Ц.Оюунгэрэл. Харин одоогийн багш нь топ модель Д.Болормаа юм.
Тэрбээр Төрийн соёрхолт Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд чадварлаг тоглосон нэгэн. Үүний дараа түүнд дөрвөн киноны санал ирсэн бөгөөд тэрбээр хоёроос нь татгалзсан гэнэ билээ.
Тэрбээр загвар өмсөгч О.Амгаланбаатартай үерхдэг байсан.
Мөн Ж.Энэрэл боксын спортыг сонирхдог юм байна. Нэгэн сэтгүүлд түүнийг зодоонч гэж бичсэн байсан аж. Харин энэ талаар тэрбээр "Би боксыг зодоон гэдэг утгаар нь биш, биеийн хөгжил гэдэг талаас нь сонирхож хичээллэдэг хүн. Ууртай ч юм уу стресстэй байхдаа юм нүдчихдэг. Хана нүддэг. Миний гарыг хар даа. Энд тэндээ овон товонтой болсон байгаа. Боксын спорт надад стрессээ тайлахад, биеэ гоё хөгжилтэй байлгахад их тусалдаг. Дээрээс нь маш их эрч хүчтэй болгодог спорт. Саяхнаас нэмээд йогоор хичээллэж эхэлж байгаа. Боксоор хичээллэн гүйж харайчихаад дараа нь йог, сунгалтын дасгал хийгээд байвал ядаж л хөгшрөлтийн эсрэг сайн арга хэмжээ болох байх гэж боддог" хэмээн тайлбарласан байсан.
Тэр хүмүүстэй нийлж гадуур дотуур шоудаж, наргиж цэнгэж явах дургүй. Ухаантай байхыг хичээдэг. Бүх зүйл дээр л ухаантай байх хэрэгтэй гэж боддог гэнэ билээ.
Архийг огт хэрэглэдэггүй. Тамхи татдаг охид түүнд таалагддаггүй.
Сүүлийн үед тэрбээр хоолны дэглэм дээрээ илүү анхаарч байгаа аж. Хооллолтын хувьд мах, өөх ихтэй хоол огт хэрэглэдэггүй. Гэхдээ цагаан хоолтон биш гэнэ.
Тэрбээр "Би нүцгэн зураг авахуулвал нэг тийм заваанаар биш, маш гоёор уран сайхны нүцгэн зураг авалтад орно гэж боддог. Би Victoria’s Secret-ийн Candice гээд моделийг шүтдэг. Тэрний нүцгэн зургууд нь маш гоё. Нэг тиймэрхүү зургууд л авахуулахыг хүсдэг дээ. Нүцгэн зурагнаас тухайн хүний биеийнхээ гоо сайхныг хадгалахын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулсан нь шууд харагддаг юм" хэмээжээ.
Та хэрвээ түүнийг дэмжиж байгаа бол "MISS WORLD MONGOLIA 2014" фэйсбүүк хуудсаар зочилж саналаа өгөөрэй. "PHOTO MISS
LIKE" санал авах хугацаа энэ сарын 14-ний 12.00 цагт дуусна.
LIKE" санал авах хугацаа энэ сарын 14-ний 12.00 цагт дуусна.
Эх сурвалж: www.mminfo.mn