Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би хонолоо
Хөгжмийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан сартай би хонолоо
Хүслийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүглийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн сартай би хонолоо
Дарс шиг амтлаг дурлал шиг халуухан
Дуу шиг уянгалаг модод шиг дүнсгэр
Цэцэг шиг үзэсгэлэнтэй цас шиг цагаахан
Шүүдэр шиг тунгалаг шүлэг шиг ариухан Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Нулимс шиг шорвог зовлон шиг үнэнч
Нар шиг утга учиртай намар шиг дотно
Салхи шиг тэнүүлч сэтгэл шиг гүнзгий
Ганцаардал шиг эрх чөлөөт гуниг шиг гэгээхэн
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Үнэн шиг нууц үхэл шиг тод
Үйл шиг минь дагалдах бодол шиг ёроолгүй
Төөрөг шиг минь зурагдсан
Бурхан шиг тайлагдашгүй

www.URLAG.mn