“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр /2026.09.30/ нээлээ.
“Чингис хаан” үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Италийн Сэргэн мандалтын үеийн ноён оргилуудын нэг Рафаэл Сантид хамаарах “Хөрөг” уран зураг болон Барокко урлагийн гол төлөөлөгч Жан Лоренцо Бернинийн “Нептун ба Тритон” гантиг уран баримлын жижиг хэмжээний хүрэл хувилбарыг үзэгч олонд толилуулж байна.
Үзэсгэлэнгийн онцлог нь хүн чанар, сэтгэл хөдлөл, хүч хэмээх ойлголтыг хоёр өөр уран сайхны илэрхийллээр нээн харуулж буйд оршино. Нэг бүтээл нь дотоод төвлөрөл, амар амгалан, тэнцвэрт байдлаар хүчний мөн чанарыг илэрхийлж байгаа бол нөгөө нь эрчимтэй хөдөлгөөн, хүчирхэг биеийн хэлэмж, урагш тэмүүлсэн дайчин шинжээрээ хүчийг өөр өнцгөөс харуулж байна.
Ийнхүү хоёр бүтээл нь хүч хэмээх нэгэн ойлголтыг тэс өөр дүрслэлийн арга барилаар илэрхийлэхийн зэрэгцээ үзэсгэлэнгийн нэгдмэл санааг бүрдүүлж байгаа аж. Мөн үзэсгэлэнгийн дэглэлт, өнгө, гэрэл, орон зайн шийдлээр дамжуулан эдгээр хоёр бүтээлийг харилцан нөхөхийн зэрэгцээ эсрэгцүүлэн харах, мэдрэх боломжийг үзэгчдэд олгохыг зорьсон байна. Үзэсгэлэнгийн орон зайд Барокко урлагийн эрчимтэй хөдөлгөөн, хурц илэрхийллээс Рафаэлийн бүтээлийн нам гүм, дотоод төвлөрлийг илтгэсэн уур амьсгал руу аажмаар шилжих байдлаар дэглэлтээ шийджээ.
“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл олны хүртээл болно.


