Хөгжимд дурласан хөвгүүдийн 1975 онд ярилцсан мөрөөдөл 1989 онд “Харанга”-ын их нүргээн болон он цаг, орон зайг туулан цуурайтсаар 37 жил боллоо.
1989 оны аравдугаар сарын 26-ны энэ өдөр анхны “Амьдрал” тоглолтоо Улсын драмын театрын тайзнаа хийснээс хойш 37 жил рокоор амьсгалжээ.
Төрийн соёрхолт, Монголын орчин үеийн хөгжмийн домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ой өнөөдөр тохиож байна.
“Харанга” хамтлаг 37 жилийн өмнө хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн санаачилгаар үүсэн байгуулагдаж, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин, агсан/, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/, Гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/ нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж иржээ.
Тус хамтлаг 1997 онд “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд “Бодлын тэнгис,” 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2007 онд “Special Edition Gold”, 2017 онд “Амьдрал-2” амьд цомог цомгууд гаргаж, сонсогч фенүүддээ бэлэг барьж байсан бол 1989 онд ”Амьдрал”, 1991 онд “Дэлхий ертөнц”, 1993 онд “Миний рок”, 1994 онд “Харанга” хамтлагийн таван жилийн ойн тоглолтууд, 1995 онд “Тэртээх өдрүүд”, 1998 онд ”Эрин зууны хөг”, 1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд”, 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт, 2003 онд “Ертөнцийн өнгө” тоглолт, 2004 онд Харанга хамтлагийн Харангын 15 жилийн ойн тоглолт, 2009 онд Харанга хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал 2”, 2013-2014 онд Харанга хамтлагийн 25 жилийн ойн тоглолтууд, 2016 онд “Улаанбаатарын үдэш” – Үндэсний их баяр наадмын тоглолт , 2016 онд “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт, 2018 онд “Хайрла…”, 2019 онд хамтлагийн 30 жилийн ойд зориулсан “Замд гаръя”, 2022 онд “Legendary HARANGA: Greatest hits”, 2024 онд “Амьдрал” амьд хөгжмийн наадам, 2026 онд “Уянгалан дуулагч гитар” тоглолтыг тус тус хийж байв.

