Маш олон гэр бүлийн хувьд эгэл жирийн өдөр дараах байдлаар эхэлдэг билээ. Эр нөхөр нь хувцсаа өмсөөд машиндаа юм уу автобусанд суухад бэлэн болсон байхад эхнэр нь хувцасны шүүгээнийхээ өмнө зогсоод өнөөдөр юу өмсөх вэ хэмээн толгойгоо гашилгаж байдаг билээ. Судлаачид нарийн тооцоолол явуулаад эмэгтэйчүүд иймэрхүү бодолд автан 18-60 насандаа өдөрт 17 минутыг зарцуулдаг болохыг олж мэджээ. Жилд дөрвөн өдөр, амьдралынх нь бүхэл бүтэн зургаан сарын хугацаа ийм ярвигтай бодлогыг бодоход зарцуулагддаг аж.
Ямар хувцас өмсөх вэ хэмээн шаналж зогссоноор сэтгэл санаа нь тогтворгүй болж эхэлдэг гэнэ. Их Британийн социологичдын явуулсан судалгаанд 2000 эрэгтэй, эмэгтэй хүн хамрагдсан бөгөөд ямар хувцсаа өмсөх вэ гэж толгойгоо гашилгаснаас болж эмэгтэйчүүдийн 62 хувь нь хүчтэй тэвдэлтэд автдаг болох нь тогтоогджээ. Мөн энэ асуудалтай эрчүүд ч тулгардаг байна. Асуулгад хамрагдсан эрчүүдийн гуравны нэг нь хувцсаа сонгохдоо мөн л сандралд ордог, таван хүний нэг нь шүүгээнээсээ хувцсаа гаргаж шидэлдэг гэдгээ өгүүлэв. Асуулгад хамрагдсан хүмүүсийн 15 хувь нь өдөр болгон ямар хувцас өмсөх вэ гэж толгойгоо гашилгах явдал нь тэдний сэтгэл санааг тогтворгүй болгож, тэр өдөржингөө тавгүй байдалтай явдаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр хүмүүсийн 10 хувь нь ажилдаа байнга хоцорч, таван хувь нь гэр бүлийнхээ нөгөө гишүүнийг ажлаас нь хоцроодог аж.
Эмэгтэйчүүдийн 21 хувь нь үүнээс болж эр нөхөртэйгээ ам мурийдаг гэдгээ өгүүлсэн байна. Мөн судалгаагаар британи эмэгтэйн хувцасны шүүгээнд 152 эд зүйл байдаг бөгөөд тэдгээрийн 44 хувийг нь байнга өмсдөг болох нь тогтоогдов. Хувцасны шүүгээнд байгаа өмсгөлийнхөө гуравны нэгийг нь эмэгтэйчүүд хэзээ ч өмсдөггүй учраас эдгээрийг худалдаж авахад зарцуулсан мөнгө салхинд хийссэн гэсэн үг юм.