Ц.Санчир: Үзсэн бүхэн минь өвөг дээдсийн үлдээсэн гайхамшиг байсан
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2017.12.08/ өдөр түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээсэн билээ. Түүхч Д.Өлзийбаатарыг Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонгодог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвлшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг үнэлж, Төрийн шагнал хүртээжээ. Тэгвэл соёл судлаач Ц.Санчирыг Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас таван төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг Перс, Англи, Монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, уг шагналыг хүртээснийг Ерөнхийлөгч онцолсон юм.
Отгон Төрийн соёрхолт, соёл судлаач Ц.Санчир өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ.
-Төрийн ордонд хуралтай, ажил төрлөө амжуулаад заавал ирээрэй, албаны хувцастай' гэж Ерөнхийлөгчийн шадар туслах залгав. Уг нь замд гарах зардал мөнгөө базаахаар урландаа ажилтай байсан юм. Ордонд очлоо, явсаар таван давхарт төрийн ёслолын өргөө рүү орох байж. Хэвлэлийнхэн гүйлдэж байна, Тамгын дарга орох харагдав. Бүх хүмүүсийг оруулсан хойно нэг залуу ирээд -Одоо та ороорой гэлээ. -Яасан сүрхий хурал вэ? гэсээр ортол -Өлзийбаатар түүхчтэй хамт энд зогсоно уу! гэж байна. Ерөнхийлөгчийн Зарлиг уншихад л шагнал авч байгаагаа ойлгов.., Яг тэр мөчид тэнгэрт одсон аав, ээж, ах нарыгаа дурссан.., Гүрний түүхийн харгуйгаар туулсан он жилүүд, харийн нутаг хатуу хэцүү, өвчин зовлон, өнчрөл хагацал, үзсэн бүхэн минь бодогдсон.., Төрийн ёслолын өргөөнд надаас өөр тэгтэл уйлсан хүн байдаг ч уу бүү мэд.., Эзэнт гүрний голомтод энэ цагийн Монгол Төрийн Тэргүүн Халтмаагийн Баттулгаас түүх соёлоо өндөрт өргөсөн илэрхийлэл болж МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛ хүртсэндээ туйлын ихээр баярлав.., Төр соёрхсон хүн яах ёстойг ч мэдэхгүй.., ямартаа ч ярилцлага өгөв. Ээжээсээ хойш, эрүүл мэндийн шалтгаанаар гээд хэдэн жил хэвлэлээс холуур байсан. Гүрний түүхийн харгуйгаар замнасан энэ он жилүүдэд ТАСАМ буюу Тархан Суурьшсан Монголчууд ТББ олон нийтэд зориулж хорь гаруй баримтат цуврал, арван есөн үзэсгэлэн, зургаан төрлийн хэвлэлийн бүтээл, гурван зуу гаруй ярилцлага нийтлэлийг олноо хүргэжээ. Энэ бол ТАСАМ-ын туулсан замын тав хүрэхгүй хувь билээ.., Ордноос гараад ажил дээрээ ирлээ, олны сэтгэгдлийг харлаа.., туулсан замаа, бүтээсэн үйлсээ, дэмжин тэтгэж тууштай хамт байсан хүмүүсээ бодлоо, одоо л өндөр төрдөө үнсүүлсэндээ итгэж байна аа.., 'Монгол Улсын Төлөө Зүтгэе!' тангарагтай офицерийн гэр бүлд төрж, эх оронч үзлээр хүмүүжсэн би хувьтай хүн. Яг урам нугараад, ядарснаа мэдрэх энэ үед үйлс бүтээлийг минь соёрхсон өндөр Төрдөө, Тэнгэрээс тольдон буй Өвөг Дээдэс, Аав, Ээж, Ах нартаа ёсолъё! Хамтран зүтгэгч ТАСАМ-ын гүйцэтгэх захирал, Манчестрийн Их Сургуулийн Мастер, докторант Б.Цэрэндээ, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий Консул Э.Мөнх-Очирт, 2009 оноос тууштай дэмжиж ирсэн М.Болд Захиралтай ХасБанкны хамт олонд, шинэ бүтээлийн ивээн тэтгэгч Ж.Амаржаргал Захиралтай Riverside golf club-ын хамт олонд, ТАСАМЫГ ДЭМЖИГЧДИЙН КЛУБ-ийнхэндээ, үйлс бүтээлийн минь төлөө цай сүүний дээж, сайн сайхны ерөөлөө өргөн суудаг дэлхийн Монголчууддаа гялайлаа. Туулсан зам минь хэцүү байсан, үнэнээ л хэлье, үзсэн бүхэн минь харин өвөг дээдсийн үлдээсэн гайхамшиг байсан.
Тайлаг тэмээ тавгаа барах мэт
Тас шувуу далиа эцээх мэт
Юуны төлөө зүтгэнэ вэ?
Хэний төлөө хичээнэ вэ? гэвэл
Монголын төлөө гэж бид хэлнэ ээ.
Өндөр Төрийн Сүлд Өнөд Ивээх Болтугай!