Дэлхийн олон оронд эх орныхоо урлаг соёлыг таниулан сурталчилж байгаа цөөхөн хамтлагийн нэг бол “Жонон”. Тус хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-“Жонон” хамтлагийг монголчууд төдийгүй гадныхан хүртэл сайн таньдаг болсон. Ер нь энэ нэрийг анх хэн сонгож хамтлагтаа өгч байсан бэ?
-Манай хамтлаг байгуулагдаад 2-3 жил нэргүй явсан байдаг юм. Хамтлагтаа нэр өгөх гэж номноос харах зэрэг олон янзын л нэр бодож байсан. 2006 онд манай хамтлагийн морин хуурч Мөнхсайхан энэ нэрийг анх бодож олсноор хамтлагтаа өгч байсан. Сүүлд энэ нэрийн үүсэл гарал гээд ярьтал “Хөхөө Намжил” домогт гардаг ид шидтэй жонон хар морийг билэгдэж өгсөн юм билээ. Өөр нэг хувилбар нь хааны угсаа залгамжилсан ханхүүд жонон гэсэн цол хэргэмийг олгодог байсныг судалж мэдсэн. Гэхдээ бидэнд эхний хувилбар, үлгэр домогт гардаг өгүүлэмж нь таалагддаг учраас хамтлагаа энэ морьтой зүйрлэж, гол логогоо болгож явах дуртай.
-Танай хамтлаг реппер Gee-тэй хамтран “Монголз” цомог гаргасан. Үндэсний хөгжмийг рептэй холбосон, бас л сонирхолтой урсгалыг гаргасан байдаг?
-Бид анх Gee,“Click click boom” хамтлагтай хамтарч Монголын түүх гэсэн дууг хийсэн. Үүний дараа үндэсний хөгжмийг рептэй хослуулж, цомог болгосон тохиолдол гэж бараг байдаггүй байх. Бүгдээрээ хийж үзвэл ямар вэ гэдэг санааг анх Gee гаргаж өөрөө прюдессерээр нь ажиллаж, энэ бүхний ард гарсан байдаг.
Манай аав “Мөнгөн хүрхрээ” хамтлагийн ахлагч Даваадорж гэж хүн байсан. Намайг хүүхэд байхад манай гэрт “Цэцэг” хамтлагийн гишүүд, өөр олон хөгжимчид бэлтгэлээ хийдэг байлаа.
Цомгийн хувьд тодорхойлж хэлэхэд хип хопт хараалын ёс бус хэллэг их байдаг ч тэр үед гаргасан цомогт хараалын үг бараг байхгүй. Түүнээс гадна ерөөл магтаалыг хэмнэлд оруулчихвал бараг хип хоп, реп бүтээл болно. Хип хопчдын баримталдаг МС гэдэг хүн шууд хараад цэцэлдэг. Түүнтэй адилхан манай ерөөлч, магтаалч нар шууд цэцэлдэг. Харин хэмнэлийн хувьд ялгаатай байсан. Тиймээс бид хип хоптой хослож уран бүтээл туурвих сонирхолтой болсон. Мөн энэ урсгалаар дуулдаг олон хүнтэй хамтарч ажилласан. Цаашид ч хамтарч ажиллах бодол бий.
-Таны хувьд, хамтлагийн ганц эрэлттэй хөгжимчин. Хэзээнээс бөмбөр тоглож эхэлсэн бэ?
-Манай аав “Мөнгөн хүрхрээ” хамтлагийн ахлагч Даваадорж гэж хүн байсан. Намайг хүүхэд байхад манай гэрт “Цэцэг” хамтлагийн гишүүд, өөр олон хөгжимчид бэлтгэлээ хийдэг байлаа. Өөрөөр хэлбэл, намайг бага байхад л төрөл бүрийн хөгжим дэргэд байдаг байлаа. Тэгээд л хөгжим сонирхож эхэлсэн болов уу. Харин яг бөмбөр тоглодог болъё гэж зорьж эхэлсэн үе нь оюутан үе. Соёлын коллежид сурч байхад дуу хөгжмийн багш олон төрлийн хөгжмөөр тоглодог байх ёстой гээд янз янзын хөгжмөөр тоглохыг заадаг байсан. Түүнээс гадна найзуудаараа сонирхлоороо нийлж, зарим газар тоглоход бөмбөр дээр сууж тоглох хүн байгаагүй юм уу эсвэл би сонирхож байсан юмуу тэгээд л тоглодог болсон. Хөгжмийн сургуульд орохдоо ч бөмбөр тоглож шалгалтаа өгч байсан юм. Түүнээс хойш бөмбөрийг илүү сонирхож тоглох болсон.
-Анх хамтлаг байгуулах санаачлагыг оюутан байхдаа гаргасан гэж сонсож байсан. Энэ тухай сонирхуулаач?
-Энэ миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан гэж боддог. Өөрийн амьдралын дараа дараагийн 10-20 жилд юу хийх вэ, яаж амьдрах вэ гэдгээ бодож олсон 20 гаруй настай Мөнх-Оргилын шийдвэр хамгийн зоригтой шийдвэр байсан. Хамтлаг байгуулагдах үед Монголд тийм ч олон хамтлаг байгаагүй. Түүнээс гадна хүмүүс үндэсний хөгжмийн хамтлаг байгуулна гэхээр гайхдаг байсан. Бас хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Ер нь ямар ч шинэ зүйл тийм л байдаг байх. Хуучин нэгэн хэвийн зүйлдээ дасчихсан хүмүүс шинэ зүйлийг нэг их таатай хүлээж авдаггүйтэй холбоотой байх. Гэсэн ч бид зүтгэсэн, бүтээсэн. “Жонон” хамтлагийг байгуулснаар хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Тиймээс өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоод, бид хамтдаа уран бүтээлээ туурвиад, урлаг соёлын салбартаа хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэж явна. .
-Хүмүүс хийж байгаа ажил үйлсээрээ бахархаж явдаг. Таны хувьд?
-Мэдээж, урлагийн хүн гэдэг уран бүтээлээ олонд хүргээд явж байгаа нь гайхалтай сайхан зүйл. Миний хийж яваа байгаа ажил, хүмүүст хүргэе гэсэн ганц утга санаа бол “Жонон” хамтлагийн уран бүтээл, утга агуулга. Мөн та надтай ярилцахдаа “Жонон” хамтлагийн ахлагч гэж танилцууллаа. Тэгэхээр бид хамтлагаараа, хийж буй уран бүтээлээрээ гоёж гангарч, өөрсдийгөө чимж явдаг юм болов уу гэж боддог.
-Уран бүтээлч хүмүүс сайхан уран бүтээл, үзэгчдийн алга ташилт, урмын сайхан үгэнд урамшиж, эрчимжиж байдаг. Таны хувьд хамгийн сүүлд хэнээс урмын сайхан үг сонссон бэ?
-Саяхан ээжээсээ “Уран бүтээл нь олз омогтой, эрүүл энх яваасай” гэсэн ерөөлийн сайхан үг сонссон. Би саяхан төмөр хүлэгээ сольсон юм. Тэгээд ээж минь долоо хоногийн өмнө юм уу даа, намайг шинэ эд эдлэлтэй болсонд баяр хүргэж, сайн сайхныг хүссэн. Ер нь ээжээсээ магтаал сонсох шиг сайхан зүйл байдаггүй дээ. Монголын бүх ээж нар үр хүүхдүүддээ сайн сайхныг хүсэж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Тиймээс ээжийнхээ ачийг хариулахсан гэж бодож, хичээж явдаг. Ээжийнхээ ачийг хариулна гэхээр өвөр дээр нь авдартай алт тавь гэсэн үг биш байх. Зөв бодолтой, бусдад эерэг хандаж, санааг нь зовоохгүй, ажил амьдралаа сайн авч явах нь бага ч болов ачийг нь хариулж байгаагийн хэлбэр юм болов уу гэж боддог. Тиймээс залуустаа ч бас ээжийгээ баярлуулж яваарай. Бусдад урмын сайхан үг хэлж, дэм болж яваарай гэж хэлье.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин