Ганбүргэдийн Бөхчулуун гэх монгол залуу Австралийн “The Voice” шоунд урилгаар оролцож, шүүгчдийг алмайруулсан билээ. Тэрбээр анх хэл сурах зорилгоор Австрали улсыг зорьсон байна. Өдгөө тус улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил болжээ.
Түүний хүүхэд нас Улаанбаатар хотын Бага тойрууд бусдын л адил өнгөрчээ. Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан тэрбээр “Намайг бага байхад авга ах маань манай гэрт ирж, морин хуураа тоглож, аавтай минь сайхан ярилцаад суудаг байсан. Би тэр хүнээс их зүйл сурч, хөгжимд маш их элэгтэй болсон” гэж ярив. Тэр хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуурч Л.Идэрбат юм.
Аавыг минь н.Ганбүргэд, ээжийг н.Нарангэрэл гэдэг. Ам бүл зургуулаа. Би нэг ах, хоёр эгчтэй, айлын отгон хүү. Аав, ээж маань хоёулаа барилгын инженер мэргэжилтэй. Өвөө минь хөгжим урлаж, тоглодог хүн байсан гэдэг. Магадгүй энэ авьяас минь цусаар дамжин өвлөгдсөн биз. Миний хувьд 2009 онд Австрали улсыг анх зорьж, одоо эхнэр, охинтойгоо амьдарч байна. Монголдоо өнгөрсөн зун гэр бүлээрээ очсон. Энэ жил очих төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байна. Цаг сайхан болохоор ирэх жил эх орондоо очно доо.
Г.Бөхчулуун хоёр хамтлагтай. Нэг хамтлагтаа “Ая” гэж нэр өгсөн. Харин нөгөө хамтлагийн нэр нь “Equus”. Мөн Австралийн хөгжмийн компаниудтай гэрээ байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжмийн хичээл зааж, тоглолт хийдэг. Тухайн компани маань аль мужийн ямар сургуульд тоглолт хийхийг төлөвлөдөг гэв.
Авьяаслаг залуу анх 1995 онд Хөгжим бүжгийн коллежид /Монгол Улсын консерватори/ элсэн орж, 2007 онд төгсчээ. Дараагаар нь 2004-2009 онд Ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлага дор суралцаж, Монгол Улсын Морин хуурын чуулгад дагалдан хуурчаар ажиллаж эхэлсэн байна. “Даанч эрт багш минь тэнгэрийн орон руу явлаа даа” хэмээн харамсангуй өгүүлнэ.
Тэрбээр үндэсний урлагийн анхдагч хамтлагийн нэг “Домог хамтлагийн гишүүн байжээ. Тус хамтлагийн чадварлаг морин хуурч Г.Пүрэвдорж, Д.Шинэцог нэг ангийн найзууд гэнэ. Австрали улсыг 2009 онд зорихдоо хамтлагаасаа гарсан ч одоо байнга холбоотой байдаг гэдгээ хэлсэн юм.
“Австралийн ард түмэн морин хуур, хөөмийг маш их сонирхдог. Учир нь Монгол Улс шиг үндэсний соёл урлаг байхгүй учраас сонирхлыг нь их татдаг байх. Миний цаашдын зорилго бол эх орныхоо нэрийг гаргаж, үндэсний урлагаа сурталчлах. Өөрөөр хэлбэл, Монголыг төлөөлж буй элч төлөөлөгч гэсэн үг. Эх орныхоо нэрийг дэлхийд улам түгээхийн төлөө тууштай ажиллана” хэмээн Г.Бөхчулуун ярилаа.
А.СҮРЭН