“Хайр-2007”, “My Album” нэртэй хоёр ч цомгоо гаргасан авьяаслаг залуу маань олон төрлийн зүйл сонирхдог нь мэдээж биз. Түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-Таны хийх дуртай зүйл юу байдаг бол?
-Чөлөөт цагаараа шинэ, шилдэг кинонуудыг үзэх дуртай даа.
-Тухайлбал ямар кино вэ. Сэдвийн хувьд янз бүр биз?
-Монголын болон гадаадын шилдэг кинонуудаас адал явдалт, мөн түүхэн сэдэвтэй киног сонирхож үздэг. Нэлээд олон киноны цуглуулгатай болсон шүү.
-Өөр хобби байгаа юу. Түүнийгээ сонирхуулаач?
-Салхинд гарах юмуу аяллаар явж, шинэ газар үзэх дуртай. Гэр бүлээрээ салхинд гарч, хээр хооллох сайхан санагддаг шүү.
-Тэгвэл хээрийн нөхцөлд ямар хоол хийх дуртай вэ. Эрчүүд шорлог, шарсан мах хийхдээ ч гаргуун шүү?
-Шорлог хийх гоё шүү дээ. Урьд өдөр нь махаа амталж бэлтгээд хадгалах хэрэгтэй. Тэгээд маргааш нь хээр гол горхи юмуу модтой газарт очоод шарж идэх дуртай. Шорлог хийх, ширмэн дээр мах шарж идэх ч ёстой гоё доо.
-Аялагч залуу маань 21 аймагт бүгдэд нь очиж үзсэн болов уу?
-Хөдөө орон нутгаар их явна аа. Хавар ер нь хөдөөгүүр явж байгаад л ирсэн шүү дээ. Хэнтий, Дорноговь, Чойр гээд л хэсч өгсөн.
-Ажлаар явсан юмуу?
-Тийм ээ, хажуугаар нь бас амарч амжсан. Ажил амралтаа хослуулаад л аялсан хэрэг. 21 аймагт ажлын шугамаар бүгдэд нь очиж үзлээ.
-Спортод хэр зэрэг сонирхолтой вэ?
-Сонирхолгүй яахав. Бильяард, теннис, сагсан бөмбөг тоглох дуртай. Тэр болгон зорьж тоглохгүй ч гэлээ, боломж гарвал буцахгүй ээ. Бас фитнессээр хичээллэх дуртай шүү.
-Анх гарч ирснээ бодвол нэлээд жин нэмсэн байна лээ. Сүүлийн үед энэ тал дээр анхаарал хандуулах болоо юу?
-Тийм ээ, фитнесст явж нэлээд турсан. Бараг нэг жил хичээллэсэн байх. Харин тодорхой шалтгааны улмаас одоохондоо хичээллэхгүй байгаа.
-Дуулахаас өөр урлагийн авьяас байгаа юу, танд. Зураг зурах, шүлэг бичих гээд л?
-Шүлэг бичих гэж оролдоно оо, зураг зурах авьяас байхгүй. Харин бүжиглэх дуртай. Төгөлдөр хуур, гитар хөгжмөөр тоглох оролддог.
-Эрчүүдийн гоёл цөөн боловч тодорхой стиль, өнгө төрхийг бүрдүүлж чаддаг. Таны хувьд, юугаар гоёх дуртай вэ?
-Ажил хэрэгч загвартай хослолоор гоёх дуртай. Энэ төрлийн хувцас надад зохидог гэж боддог юм. Эр хүний хувьд бүс гэдэг хамгийн чухал зүйл. Хийморь сүлдний хувьд ч тэр. Бас цаг, гутал гээд л сонголт хийхдээ анхаарах зүйл бий.
-Ямар зүйлд мөнгөө харамгүй зарцуулдаг бол?
-Нэгдүгээрт, хувцас. Хоёрдугаарт, хоолонд./инээв/
-Шинэ уран бүтээл хийж байгаа юу?
-Хийж байгаа. Гэхдээ тэрийг дараа нь хэлье.
Р.Есүй