Энэхэн алаг бөмбөрцөгт шуугиан дэгдээж, шоу бизнесийн ертөнцөд дуулиан тарьж буй урлаг соёлын оддыг, өнөө Холливудын эздийг эх орондоо урьж баймаар байна. Товчхондоо хэлэхэд, дэлхийг байлдан дагуулж байгаа "товарищ"-уудыг Монголынхоо тайзан дээр цаг тухай бүрт нь урин залж, тэд бүгдээр дамжуулан хүн төрөлхтөнд шинэ зууны Монголыг үе үе зарлуулмаар санагдах юм. Гэвч манайханд тийм нэг далайц, үндэсний том амбиц дутаад байх шиг. Үгүй яах вэ, Солонгосын олон ангит киноны жүжигчид "бөгсүү, мөгсүү"-гээ хаа нэг урьчихдаг л даа. Гэхдээ жинхэнэ шуугианы эздийг, шоу ертөнцөд цахиур хагалж яваа эрхмүүдийг уримаар байна шүү дээ.
Ухаандаа, өнөөдөр хэн од болон гялалзаж байна. Хажууханд "Ганнам стиль" дуугаараа дэлхий нийтийнхний анхаарлыг татаад байгаа Пи Эс Вай(PSY) байж л байна. Тэр нөхрийг урья л даа. Солонгосын баячуудын "Ганнам" хорооллын тухай дуулсан түүний бүтээл бүх цаг үеийн топ дууны хоёрдугаарт бичигдээд байгаа. Мөн Гиннесийн номд ч бичигдээд авсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас аваад өнөө цагт албан тушаал, алдар нэр, авьяас билгээрээ гайхагдаж буй бүх л хүмүүс "Ганнам"-ын аялгуунд бүжиж түүнийг даган салбаганадаг болжээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө байна уу даа, өнөө Мадонна эгч маань Нью-Йоркийг доргиосон шоундаа мань эрийг уриад л бут авсан байх жишээний.
Тэгэхээр Пи Эс Вай-г монголчууд урих хэрэгтэй. Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Дарга дагаж далдганадаг нөхөд минь "Ганнам"-ыг дагаж ганц сайхан доргино биз ээ.
Н.ГАНТУЛГА