Гэр бүлээрээ кино урлагт хувь нэмрээ оруулж байгаа нэгэн хос бол яах аргагүй “Doz entertainment”–ын захирал Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нар билээ. Сүүлийн жилүүдэд тэд гадаад улс оронд кино хийж, үзэгчдийн хүртээл болгох болсон. “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис” зэрэг кинонууд нь аль хэдийн үзэгдчийн хүртээл болоод байгаа. Тэдний бүтээлүүдтэй холбоотой янз бүрийн л шүүмж явдаг. .. жүжигчин А.Мөнгөнзул саяхан хэвлэлд өгсөн ярилцагынхаа үеэр уг кинонуудаараа яг ямар санаа илэрхийлэх гэснээ дэлгэрэнгүй ярьсан байдаг. Тэрээр “Монголоос гадагшаа сайхан амьдрал хөөгөөд явчихсан олон хүн бий. Тэр хүмүүс энэ кинонуудыг үзэхээр арай өөр зүйл хэлнэ гэж боддог. “Дүүлэн нис”-ийн Номингэрэлийн хувьд гэхэд л төгсгөлийн хэсэгт хадам ээж нь түүнд маш муу хандаад байдаг. Яг үхэл, амьдралын зээг дээр тэр монгол бүсгүй өөрт нь дургүй хадам ээжийгээ хүүтэй нь авардаг. Тийм зүрх сэтгэл монгол хүнд л байдаг гэдгийг Номингэрэлийн дүрээр гаргахыг хүссэн. Гэтэл солонгосчууд гараад л явчихдаг. Үхэх гэж байж л хажуудахаа боддог агуу чанар монгол хүнд л байдаг. Үүнийг л харуулахыг хүссэн. “Хөх толбот хүмүүс”-ийн Анхмаагийн нэг үгэнд би их дуртай. “Монголчууд яагаад дэлхийгээр нэг тарчихсан вэ гэдгийн учрыг би мэднэ. Ийм сайхан сэтгэлтэй, ийм агуу хүмүүс Азийн цээжинд байдаг юм шүү гэдгийг харуулах гэж монголчууд дэлхийгээр нэг тарсан юм” гэж хэлдэг дээ. Монголчуудын энэ гайхалтай чанарыг кинондоо тусгаж байгаа нь бидний хувьд маш том хөрөнгө оруулалт гэж боддог.
Хүний зүрх тархинд очиж нөлөөлдөг зүйл бол кино урлаг. Тэр утгаараа кино урлагийг дэмжээсэй гэж хүсдэг. “Дүүлэн нис”, “Хөх толбот хүмүүс”-ийг бүтээсэндээ, монголчуудад хэрэгтэй юм хийсэндээ баярлаж явдаг. Өнөөдөр Монголдоо амьдарч ээж ааваасаа холдож үзээгүй залуус бол мэдрэхгүй байх. Амдралын хүн хэцүүг үүрсэн монгол эмэгтэй тэнд яаж зовж байгааг хэзээ ч мэдрэхгүй. Гадагшаа гараад л мэдэрнэ. Тийм учраас л өнгөцхөн харж, Дооёо эхнэрээ тоглуулчихжээ гэсэн шүүмжлэл гараад байгаа юм. Яагаад “Дүүлэн нис” гэж нэрлэв гэдэг талаар ярих хүн цөөхөн байгаад үнэнийг хэлэхэд сэтгэл дундуур байгаа. Харьд зовсон монгол эмэгтэйчүүд эх орон луугаа дүүлэн нис, харьд байгаа өчнөөн олон монголчууд эх орон луугаа дүүлэн нис гэсэн том санааг энэ кинон дээр гаргасан гэдгийг олж хараад ярьж байх ёстой шүү дээ” гэжээ.
Н.Батаа