Ангилал: Сонгодог

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөнгөж сая 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэтэй барилдаж ялсанаар Алтын төлөө тоглох эрхтэй боллоо. Ингэснээр манай жүдоч мөнгөн медалийн болзол хангалаа.

Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2 дахь барилдаанаа Францын Тьерри Фабрег ялж шөвгийн наймд барилдах эрхтэй боллоо . Хоёр жилийн өмнө дэлхийн аваргаар Токиогийн татамид мөн цэвэр ялж байсан түүхтэй .

Лондонгийн олимпийн татамид эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд эхний барилдаанаа хийж, Их Британийн жүдоч Жемма Гиббонст эцсийн мөчид ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Олимпийн наадамд тав дахиа оролцож буй Бээжин-2008 олимпийн дэд аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэмцээнээ амжилтгүй дуусгалаа.

Анх 18 настайдаа Атланта-1996 олимпод оролцохдоо V байрт шалгарч, Сидней-2000, Афин-2004 олимпод VI байр эзэлж, Бээжинд мөнгөн медалийн эзэн болсон тэрээр Будант Альбионоос хоосон буцах боллоо.

Лондон хотноо зуны XXX олимпийн наадмын буудлага спортын төрөлд эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдөж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа дөнгөж сая precision төрөлд 30 сумаа буудаж дууслаа.

Энэ дасгалд нийт 39 тамирчин өрсөлдөж буй бөгөөд О.Гүндэгмаа 284 (93, 95, 96) оноо авснаар эхний ээлжинд сум тавьсан 20 тамирчнаас 17 дугаар байрт эрэмбэлэгдээд байна.

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцож буй Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин, ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртлээ.

“Лондон-2012”-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөх Монголын хоёр дахь боксчин өнөөдөр эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний учраа болох Чехийн Зденек Хладекийг эхний үедээ 6-3-ийн харьцаагаар дараачийн үедээ 7-5-ийн харьцаагаар сүүлийн шатанд 7-4-өөр өрсөлдөгчөө буулган авч нийт 20:12 харьцаатайгаар илүүрхэв. Тэрбээр наймдугаар сарын 4-ний 21.45 цагт буюу монголын цагаар 5-ны үүрээр 04.45 цагт шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглоно.

ОУХМ Ц.Мөнхзаяа “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй тэрбээр дөнгөж сая хагас шигшээ барилдаанд Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Словенийн Урска Золниртой барилдаж, цэвэр ялагдлаа. Түүнчлэн сая ялагдал хүлээсэн барилдаанд Словенийн Урска Золниртой манай бөхийг хориотой барьцаар цэвэр ялсан ч шүүгчид ялагдсан хэмээн шийдвэрлэсэн юм.

“Лондон 2012” зуны 30 дугаар олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд барилдаж, хүрэл медалийн эзэн болсон Монгол Улсын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнжаргалын Ням-Очирт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж баяр хүргэв.

Лондонгийн олимпийн анхны медалийг авчирсан энэхүү тэмцээнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондон дахь ExCel цогцолборт үзэж, тамирчдаа сэтгэл санаагаар дэмжсэн билээ.

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая олимпийн рингэнд эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Сугалаа ёсоор Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарсан тэрбээр өрсөлдөгчөө 18-11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авлаа. Тэрбээр дараагийн тулаанаа наймдугаар сарын 3-нд Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн боксчин Винченко Пикардигийн эсрэг хийх юм.