Ангилал: Нийгэм

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНСУ-ын Иргэн Ким Кванг Шин-д Монгол Улсын Соёлын өргөмжит элчээр томилогдсон өргөмжлөл гардууллаа.

Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын соёлын өргөмжит элчээр томилогдож буй Ким Кванг Шинд баяр хүргээд “Олон улсын харилцаанд соёлын шинэ дипломат үйл ажиллагаа идэвхижих хандлагатай болж байгаа энэ үед Соёлын өргөмжит элч албыг бэхжүүлж, идэвхижүүлэх нь манай улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсыг гадаадад сурталчлахад ихээхэн ач холбогдолтой юм” хэмээн онцлон тэмдэглэж, ажлын өндөр амжилт хүсэн хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд улам илүү идэвх санаачлага, хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөлөө.

Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулга, орчин үеийн бүжгийн “Натурданс” хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор тайзнаа анх удаа “Дөрөө” нэртэйгээр Монголын модерн бүжгийг өлгийдөн авсан билээ. Үндэсний бие биелгээг модерн бүжигтэй хослуулан тавьсан “Дөрөө” модерн бүжгэн жүжигт байгаль, хүн хоёрын хүйн холбоог хөгжим, бүжгээр илэрхийлэн гаргахыг зорьсон аж.

Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын бүртгэл өчигдөр дуусчээ. “Алтан өд” наадмаар яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, жүжиг кино, судлал шүүмж, баримтат уран зохиол, орчуулгын бүтээл гэсэн найман төрлөөр зохиолчдын бүтээлийг шалгаруулах юм. Энэ жилийн хувьд шог хошин зохиолын төрлийг баримтат уран зохиол болгон өөрчилснөөрөө онцлог гэдгийг албаны хүн хэлсэн. МЗЭ “Алтан өд” наадмыг 2001 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд тов нь хараахан тодорхой болоогүй байна.

Лос-Анжелес хотноо ирэх оны нэгдүгээр сарын 13-нд болох кино ертөнцийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөрцөг” наадамд нэрт найруулагч Стивен Спилбергийн ерөнхийлөгчийн намтарчилсан кино болох “Lincoln” манлайлагчдын эгнээд багтана хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа аж. Учир нь кино наадмыг зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Дэ́ниел Дэй-Лью́ис шилдэг жүжигчний дүрд нэр дэвшиж байгаа бол Стивен Спилберг шилдэг найруулагчид, харин энэ бүтээл өөрөө “Lincoln” шилдэг кинонд тус тус нэр дэвшиж байгаа юм байна.

Энэ онд хамгийн өндөр орлого олсон эмэгтэй дуучдын жагсаалтыг “Forbes” сэтгүүл гаргажээ. Жагсаалтыг попын гүнж Бритни Спирс тэргүүлсэн байна. Тэрбээр уран бүтээлээ идэвхтэй туурвидаг байхдаа энэхүү жагсаалтыг тэргүүлж байв.

Холливудын жүжигчин Линдсей Лоханы тэнсэн харгалзах ялыг Лос Анжелосын шүүх хүчингүй болгосон байна. Тэрбээр 2007 онд согтуугаар машин жолоодож байгаад осол гаргасан хэргээр тэнсэн харгалзах ял сонссон бөгөөд өнгөрсөн жил ялын хугацааг нэг жилээр сунгасан билээ. Мөн 2011 онд түүнийг үнэт эдлэлийн дэлгүүрээс хүзүүний зүүлт хулгайлсан хэмээн буруутгаж байсан ч гэмгүй болох нь тогтоогдсон юм.

ССАЖЯам, Соёл урлагийн их сургууль, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БШУЯ, Олон Улсын Монгол судлалын холбоо, МУЗ хамтран монголын соёл урлагийн дэлхийд өрсөлдөх чадвар чадамжийг нэмэгдүүлэх, нүүдэлчдийн соёл, сэтгэлгээг дэлхийд сурталчлах, соёлын өвийг хамгаалах, соёлын үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачдын санал санаачлагийг нэгтгэн олон нийт, төр засагт хүргэх, НҮБ-ын ерөнхий ассамблейн 65-р тогтоолын үзэл санаанд нэгдэх зорилготойгоор “Соёл ба хөгжил” сэдвээр чуулганыг зохион байгуулж байна.

Монголын урлагийн ажилтны холбооноос санаачлан, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааныг амжилттай зохион байгуулж байгаа билээ. Тус уралдааны эхний шатны шалгаруулалтанд 22 аймгийн 24 театр, чуулгууд 48 бүтээлээрээ өрсөлдсөн бөгөөд нийт гурван бүсэд хуваарилагдаж өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 29-ны хооронд зохион байгуулагдсанаас Завхан аймаг, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймаг, Орхон аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд шалгаран үлдсэн бөгөөд ССАЖЯамнаас тус бүрд нь 7 /долоон/ сая төгрөгний урамшуулал олгосон байна. Түүнчлэн өрсөлдсөн бүх чуулгуудаас Орхон аймгийн “Уурхайчин соёлын ордон”-ы “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга шалгаран үлдэж 20 сая төгрөгний урамшуулал хүртэж Улаанбаатар хотноо болох эцсийн шатны шалгаруулалтад оролцох эрхээ авжээ.

Уильям Шекспирийн “Гамлет” жүжгээр өвөл цагийн үзвэрийн нээлтээ өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн УДЭТ театрын хамт олноор бахархаж, баярлаж хүндэтгэсэн үзэгчид цөөнгүй байгаа билээ. УДЭТ театрын тайзнаа 33 жилийн дараа эргэн амилсан “Гамлет” үзэгчид, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан юм. Тэгвэл драмын театрын уран бүтээлчид энэ сарын 7-ноос эхлэн өдөр бүр “Гамлет”-ыг дахин тайзнаа тоглож байгаа юм. УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын найруулсан уг жүжгийн гол дүр Гамлетыг жүжигчин С.Болд-Эрдэнэ амилуулж, түүний хайртай бүсгүйд жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар тоглож байгаа. Түүнчлэн, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллаж байгаа билээ.

Тагнуулч Жэймс Бондын шинэ адал явдал “Skyfall” кино өнгөрсөн долоо хоногт орлогоороо Хойд Америкийн кино чартыг тэргүүлжээ.Тэд өнгөрсөн долоо хоногт 11 сая ам.долларын орлого олсон гэж AFP мэдээлэв. Уг бүтээл үзэгчдийн хүртээл болсноос хойш нийт 261.6 сая ам.долларын орлого олжээ. “Box office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Rise of the Guardians” 10.5 сая, гуравдугаарт “The Twilight Saga: Breaking Dawn, Part 2” 9.2 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн байна.