Ангилал: Нийгэм

Хачин жигтэй хувцаслалт болон байнга өнгөө өөрчилдөг үс нь Леди Гагагийн стилийг тодорхойлдог. Тэрээр дахин үснийхээ өнгийг өөрчилжээ. Гэхдээ илүү “энгийн” байдлаар өөрчилсөн ба үүнийгээ “Louis Vuitton бор” хэмээсэн байна.

Сурагчдын зуны амралтын төгсгөлд “Өргөө” кино театр нөгөөдрөөс эхлэн “Ice Age: Continental Drift”-ийг 3D-гээр гаргахаар болсон байна. Мөн “Өргөө-1” кино театрт тасалбар авсан хүүхэд бүрт “Орео” амттанг бэлэглэх нь. Харин “Тэнгис” кино театр энэ зун “Мадагаскар”, “Мэлхий гүнж”, “John Carter”, “Evengers” зэрэг киног 3D-гээр үзүүлж байсан бол одоо “Эрэлхэг гүнж” онц сонирхолтой хүүхэлдэйн киног энэ сарыг дуустал гаргана. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд тасалбар худалдан авсан хүүхдүүдэд бэлэг өгч байна.

Өнөөдрөөс 27-ныг дуустал ”Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам”-ыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болсон билээ.

Тус наадам нь Ази тивд соёлын олон төрлийг сурталчлах, хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг ажээ.

Монгол, Хятад, Япон, Солонгос улсын төлөөлөгч хүүхдүүд, гишүүн орнуудын ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нийт 350 төлөөлөгч оролцох бөгөөд наадамд оролцох хүүхдүүд өнөөдөр ирнэ. Тодруулбал, манай улсын 100 гаруй хүүхэд, багш нар оролцохоор болжээ.

Нэрт дуучин Женнифер Лопесийн төгс эзэмшсэн өөр нэгэн мэргэжил бүжиг. Женнифер өчигдөр Лас-Вегасийн “Las Vegas” шөнийн клубт зочлохдоо папарацид өртжээ. Мэдээж тэр залуу амраг Каспер Смарттай явсан аж.

Женнифер Las Vegas-т цугларсан олон бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь байсан төдийгүй түүний дэгжин даашинзанд нүд унагах олны хараа тасраагүй гэнэ. Женнифер экс нөхөр Марк Энтонигоос салсан ч түүний ихрүүд болох дөрвөн настай Макс болон Эмми нарт хамгийн хүндтэй байр суурь эзлэх хүн нь эцэг нь хэмээн үздэг юм.

Алдарт цуврал болох ” Twilight”-н хамгийн сүүлийн анги тун удахгүй нээлтээ хийх билээ. Үзэгч фэнүүдээ тэсэн ядан хүлээлгэж байгаа цувралын сүүлийн анги адал явдал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн болсон хэмээн найруулагч нь онцолжээ. Тэгвэл киноны сүүлчийн зураг авалтууд болон триллэрийг нь хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар маргааш нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. “Иргэний танхим”-д 14.00 цагт болох уг хэлэлцүүлгийн үеэр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад хийж буй санаачилга, цаашид хийх арга хэмжээний талаар ярилцана. Хэлэлцүүлгийн үеэр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад хийгдэж буй санаачилга, цаашид хийх арга хэмжээний талаар ярилцана.

Манай үе үеийн шилдэг загвар өмсөгчдийг төрүүлэн гаргасан загварын анхны агентлаг бол “Шилмэл загвар” ХХК билээ. Тус агентлаг нь цор ганц загварыг зохион бүтээхийн зэрэгцээ манай орны гоо сайхан үнэт зүйлсийг өөрийн орон төдийгүй дэлхий дахинаа сурталчлах Монгол залуучууд, охид бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол соёл гоо сайхны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ зорилгынхоо хүрээнд жил бүр “Mongolian beauty” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ барилга ирэх сард ашиглалтад орно. Тус театрын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах юм байна. Уран бүтээлчид нь 600 суудалтай шинэ театртаа тавих уран бүтээлийн бэлтгэлдээ оржээ. Энэ талаар Дорнод аймгийн Хөгжимт театрын дарга Л.Наранхүүгээс тодрууллаа.

“Up music” продакшнаас шинэ залуу хамтлаг, дуучдыг дэмжин жил бүрийн намар “Хичээлийн дараа” супер шоу тоглолтыг зохион байгуулдаг. Энэхүү шоу уламжлал ёсоор есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр болно. Энэ жилийн “Хичээлийн дараа” шоу тоглолтыг хүүхэд залуучуудын сонирхлыг татаж чадахуйц өвөрмөц хэлбэрээр зохиохоор болжээ.

Мөн оролцох хамтлаг, дуучдын тоог шинэ залуу оддоор улам өргөжүүлж, тайз дэлгэцийн хослол болон хөгжим аппаратурын мэргэжлийн дуугаралт зэрэгт гол анхаарлаа хандуулахаар зохион байгуулагчид бэлтгэлдээ аль хэдийнэ орсон байна. “Хичээлийн дараа” супер шоу тоглолт болзсон газраа буюу “UB Palаce”-ын “Open Air”-т, товлосон цагтаа эхлэх нь.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын V буюу олон улсын II уралдаан ирэх арваннэгдүгээр сард манай улсын нийслэлд болох гэж байна.

Зохион байгуулагчаар БСШУЯ, УДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран ажиллах аж. Одоогоор бүртгэл эхэлсэн бөгөөд олон улсын дуурийн дуулаачид ийнхүү Монголд чуулах нь сайхан хэрэг хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Уралдааны зорилго нь сонгодог урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн дуурийн дуулаачдын урын санг баяжуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, залуу чадварлаг дуучдыг олон улсын түвшинд гаргахад оршиж байгаа аж.