Ангилал: Нийгэм

Их Британийн кино ба телевизийн академийн шагнал гардуулах ёслол буюу “BAFTA” кино наадам ням гаригт /2020.02.02/ Лондон хотноо зохион байгуулагдлаа. Тус кино наадмын гол шагнал болох шилдэг киноны шагналыг Америкийн найруулагч Сэм Мендесийн”1917″ кино хүртсэн байна. Энэхүү кино нь нийт есөн нэр төрөлд дэвшин, шилдэг зураач, дуу, зураг авалт, визуаль эффект зэрэг долоон нэр төрлөөр шагнал хүртжээ.

БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтууд хойшлогдсон билээ.

Улсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар “нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно” гэжээ.

Gallup хэмээх олон нийтийн судалгааны байгууллагаас АНУ-ын иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд 2019 онд америкчууд номын санд кинотеатр, эсвэл спортын арга хэмжээнээс илүү очжээ. Тус байгууллагын мэдээллээс үзэхэд, номын санд зочлох нь америкчуудын хийдэг хамгийн түгээмэл соёлын нэг үйлдэл хэвээр байгаа бөгөөд Америкийн насанд хүрсэн хүмүүс 2019 онд номын санд дунджаар 10.5 удаа очжээ. Энэ нь хоёрдугаар байрт орсон кинотеатрт очдог үзүүлэлтээс бараг хоёр дахин их байна. Өнгөрсөн онд америкчууд дунджаар 5.3 удаа кинотеатрт очсон бол спортын арга хэмжээнд дунджаар 4.7 удаа очжээ.

Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран зохион байгуулдаг, олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн “Оскар”-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшчээ. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна.

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас санаачлан Монголын бүжгийн холбоог зохион байгуулахаар хуралдлаа. Монголын бүжгийн холбоог байгуулах санал солилцох хуралд Улаанбаатар хотын театр, чуулгуудын 20 гаруй уран бүтээлч оролцов.