Хоёр найз өдрийн зоогоо барьж дуусав. Цайны газрын цонхоор олон хүнтэй цэцэрлэгт гудамж илхэн харагдана. Парисын зуны оройн дулаахан салхи гудамжаар яваа хүмүүсийг өдөн сэвэлзэж хаа нэг тийшээ моддын сүүдэр, чухам хаашаа урсана вэ гэдгийг нь хэн ч сайн мэдэхгүй сарны туяа туссан гол ус, шөнийн цохны гэрэл, алтан гургалдай дуулах алс тийш урин байгаа мэт тэдэнд санагдаж байлаа.
-Хөгширч байна даа, явж өглөө… Мөн ч уйтгартай байхчив. Урьд ийм сайхан орой хамаг биений цус буцлах мэт л байдагсан. Одоо ч уйтгарлаж гунихаас ондоо юмгүй болжээ. Ээ дээ, амьдрал гэдэг чинь юу гээчийн хурдан өнгөрдөг эд вэ! Гэж Анри Симон урт гээч нь санаа алдан хэллээ. Симон дөчин тавтай, гэвч бие нь хэдийнэ хүндэрч толгой халзарч эхэлжээ.
