Бодсон санаснаа дуугаараа илэрхийлдэг реппер Т.Мөнх-Эрдэнэ буюу Gее өөрийнхөө амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлж чаддаггүй гэнэ. Түүнтэй уран бүтээлийн тухай ярилцлаа.
-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Олон газар. Өвөрхангай аймаг, Улаан хуаран, Чингэлтэй, XI хороолол, I хороолол, Толгойт, 120 мянгат гээд олон газар амьдарч байлаа. Багадаа их томоотой хүүхэд байсан.
-Айлын хэд дэх хүухэд вэ?
-Би эхээс хоёулаа. Айлын бага хүүхэд. Ах маань гадаадад сурдаг байсан болохоор ээжтэйгээ хоёулаа.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Эхнэрийг минь Н.Минжирмаа гэдэг. Бид хоёр хөөрхөн охинтой. Миний эхнэр саяхан социологич мэргэжлээр сургуулиа төгссөн. Одоо нэгэн хувийн байгуулагад – ажилладаг. "
-Ээж тань таныг төрийн албан хаагч болно гэж боддог байсан гэсэн. Ээжийнхээ сэтгэлд хүртэл амьдарч чадаж байна уу?
-Тэгж боддог л байсан байх. Гэхдээ ээж минь миний сонгосон энэ амьдрал, өдий зэрэгтэй амьдарч байгаад минь хэзээ ч харамсдаггүй. Харин ч бахархдаг гэж би итгэж байна.
-Сэтгүүлч мэргэжлийг сонгосон шалтгаан юу вэ?
-Би "Ирээдүй" цогцолбор сургуулийг төгссөн. Дунд сургуульд байхаасаа хэл, уран зохиолын хичээлдээ дуртай хүүхэд байлаа. Наймдугаар анги төгсөхдөө л энэ мэргэжлээ сонгочихсон байсан. Дараа нь 2005 онд Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Өнөөдөр хүсч байсан, сонгосон мэргэжлээ эзэмшсэндээ сэтгэл хангалуун байдаг.
-Мэргэжлээрээ ажиллах бодол байдаг уу?
-Өөрийгөө мэргэжлээсээ хөндийрөөгүй гэж боддог. Би эргэн тойрноосоо сэдэвлэж шулгээ бичдэг. Бусад сэтгүүлчид ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл хүргэдэг бол би өөрийн шүлгээ хэмнэлд оруулан дуу болгон хүргэж байгаа шүү дээ
-Хип хопын юунд татагдаж, яагаад хөл тавих болов?
-Хип хоп бол миний амьдралын хэв маяг. Миний өмссөн хувцас, миний байгаа байдал, миний илэрхийлэхийг хүсээд байгаа зүйлүүд гээд. Багаасаа шүлэг бичдэг байсан минь нөлөөлсөн байх. 1996 оноос хип хоп дуу хөгжмийг илүү сонирхож эхэлсэн. Өөрийнхөө шүлгийг хэмнэлтэйгээр хүнд хүргэж болох юм байна гэсэн ойлголтыг авсан.
-Хамгийн анхны дуу ямар дуу байсан вэ?
-Сайн санахгүй байна. Найз нөхдийн тухай дуу байсан байх.
-Өөрийнхөө дуулсан бүх дуунуудын үг, аяыг өөрөө зохиодог уу?
-Бүх дууныхаа ая, шүлгийг өөрөө бичсэн. Дуунуудынхаа санааг энэ амьдралаас, эргэн тойрноосоо, өөрт тохиолдсон үйл явдпаасаа авч, сэдэвлэж бичдэг.
-Нийт хэдэн цомог гаргаад байна вэ?
-Дөрвөн цомог гаргасан.
-Шинэ уран бүтээлийн сонин хачнаасаа хуваалцахгүй юу?
-Саяхан "Байсан" гээд дууныхаа клипийг гарлалаа. Энэ дуугаа миний өнгөрсөнд байсан хуурмаг зантай хүмүүст.зориулж хийсан.
-Аялан тоглолтоор хэр явсан бэ. Орон нутгийн үзэгч, хотын үзэгчдийн хооронд ялгаа анзаарагдав уу?
-21 аймгаа бүхэлд нь тойрч явж үзсэн. Хот, хөдөөний үзэгч гэсэн ялгаа бол байхгүй. Хаана ч байсан сайхан хүлээж авдаг. Санасныг бодвол миний дуунууд залуучуудад хүрсэн байна. Өнгөрсөн зун Турк, Америк, Швед, Солонгост очиж тоглолт хийсэн.
-"Сlick click boom" бүлэг шинэ уран бүтээл хийж байна уу?
-Бүлгийн шинэ цомог удахгүй бэлэн болно. Цомогт орох бүх дуунуудаа бичүүлж дуусгалаа. Одоо хэвлэлтэнд явахад бэлэн болоод байна.
-Таны дууны үгийг хүмүүс их хүнд үгтэй гэж шүүмжилдэг. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Тийм хүнд гэж үү. Би бол тэгж бодохгүй байна. Шүлгээ амьдралын үгээр л бичдэг. Гудамжинд гараад хүмүүсийн хоорондоо ярьж, харьцаж байгааг сонс л доо.
-Өөрийн шүлгийн номыг гаргах бодол бий юу?
-Мундаг яруу найрагч, зохиолч биш болохоор ном гаргана гэж хэлэхэд хэцүү л байна. Ном гаргана гэдэг чинь маш том ажил шүү дээ. Миний хувьд би өөрийгөө тийм хэмжээнд хүрээгүй гэж чамлаж байна.
-Өврийн дэвтэрт чинь хэчнээн шүлэг байдаг бол?
-Миний өврийн дэвтэр гэвэл миний Ipad л байна даа. Саяхан санамсаргүй байдлаар бүх шүлгүүдээ устгачихсан. Гэхдээ гар бичмэл бол нэлээдгүй бий.
-Номтой хэр ойр хүн бэ. Таны ширээний ном ямар ном байдаг бол?
-Жаахан байхдаа ном их уншдаг байсан. Сүүлийн үед бол үнэндээ харьцангуй багассан. Миний ширээний ном Р.Чойномын "Сүмтэй бударын чулуу".
-Сүүлийн үед кино урлаг руу ороод байна уу даа. "Микроны босс" киноны тухай?
-Хоёр кинонд тоглосон. "Микроны босс" сайхан кино болсон. Уг киног бүтээсэн "Милл" кино компанитай хамтарч ажилладаг. Энэ кино компаниас гаргасан бараг бүх киноны дуун дээр ажилласан. Кинонд бол надад санал тавьж, дээр нь зохиол таалагдсан болохоор тоглосон.
-Кино үзэх хэр хоббитой вэ. Ер нь ямар төрлийн кинонд дуртай вэ?
-Кино үзэх дуртай. Янз янзын л кино үздэг дээ. "Forrest Gump", "Вгаvе hеаrt" зэрэг кинонуудад маш их дуртай.
-Бусад хип хол хамтлаг, дуучидтай хэр харьцаатай байдаг вэ?
-Бүлгийнхэнтэйгээ л дотно байдаг даа. Бусадтай нь тийм сүрхий харьцаатай биш.
-Оюуны хулгай, хулгайн дуу гэсэн асуудал дээр та ямар байр суурьтай байдаг бэ?
-Надад тийм хулгайн дуу байхгүй. Анхнаасаа энэ зүйлийн эсрэг байр суурьтай байсаар ирсэн. Миний хоёр дахь сингл "Би хулгайч биш" нэртэйгээр гарч байсан шүү дээ. Харин сүүлийн үед энэ зүйл харьцангуй багассан гэж бодож байна.
-Хорт зуршлын тухай ямар бодолтой явдаг вэ?
-Энэ тал дээр бас л эсрэг байр суурьтай хүн. Ялангуяа архины асуудал. Би бол архийг огт амсдаггүй. Энэ хорноос болж би олон сайхан найзуудыгаа амьдралд алдахыг, зарим шороонд, зарим нь шоронд орохыг нүдээрээ харсан.
-Таны хүндэлж явдаг уран бүтээлч?
-Урлагийн сайхан зүйлийг надад мэдрүүлдэг хүнийг би хүндэлдэг. Р.Чойном бол яах аргагүй миний биширч явдаг хүмүүсийн нэг. Харин одоогийн уран бүтээлчдээс дуучин Наран эгчийг хүндэлж явдаг.
-Уран бүтээл гэж таныхаар?
-Уран бүтээл гэдэг маш том утгатай зүйл. Утгачлаад бодсон ч "Ямарваа юмыг урнаар бүтээх" гэсэн үг шүү дээ. Миний хувьд энэ үгэнд их хүндэтгэлтэй хандаасай гэж хүсдэг. Хэн нь мэдэгдэхгүй хэдэн хүүхдүүд тайзан дээр гараад шинэ уран бүтээл гэж ярихад надад эвгүй санагддаг. Уран бүтээл гэдгийн үнэ цэнийг хадгалах юмсан гэж боддог.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин