“Киви” хамтлагийхантай Б.Ангирмаагаар дамжуулж танил болсон. Ангираа бид хоёр ч маш эртний найзууд. Үерхэл нөхөрлөлийн зузаан холбоостой гэх үү дээ. Гурван өнгө төрхтэй, гурван охиныг “бойжуулж” амжилтанд хүргэсэн нь түүний орчин үеийн поп урлагт оруулсан хувь нэмэр нь юм. Амжилт олох, алив нэг оргилд хүрэх амаргүй. Их хөдөлмөр, тэвчээр хатуужил, сэтгэлийн хат баймааж ололтыг авч ирдэг биз ээ. Киви хамтлагийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй болов уу. Тэр ч бүү хэл хөрш орнуудад, орчин үеийн поп урлагийн ертөнцийхөнд Киви алдаршжээ. Өвөр монголд очиход Киви хамтлагийн хүслэн болсон залуусыг өөрийн нүдээр харсан.
Хамтлагийн гишүүдийг Ука нь лидерлэдэг. Энэ охин их эрч хүчтэй. Дэргэд нь байгаад байвал эерэг энерги ялгаруулдаг мэт өөрийн эрхгүй өөдрөг болчихдог юм билээ. Наргианч, нийтэч, бас хөгжилтэй. Дуулан бүжиглэж бусдыг хөгжөөх ч амар ажил биш байх. Ядарч цуцаж л таараа. Олны нүдэнд тусах тусам, олон үг сайн муугаар дагаж л таараа. Ука амралтын өдрүүдээ голдуу буяны үйл хийдэг. Энэ талаар тэр бүр яриад, дэлгээд байдаггүй. Асрамжийн газар очиж хүүхдүүдтэй сагс тоглох, тэдэнд дуу аялж өгөх, бас бэлэг сэлт түгээх гээд. Ээждээ тэврүүлэх хувь заяагаар дутсан бяцхан охиныг Ука элэгэндээ наан, тэвэрч бүүвэйлэн унтуулдаг. Тэр хайраар дутсан үрсийн дундуурыг дүүргэхэд нэмэр болохыг хүсдэг. Энэ л түүний гол зорилго. Ганц ууттай чихэр гардуулах гэж хачин олон хүн дагуулж, хэвлэлийхэнээр сурвалжлуулдаг ихэс томчуудаас тэс өөр. Укагийн нийгүүлсэнгүй сэтгэлд толгой мэхийнэм. Ийм хүн олон болосой гэж хүснэм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Киви хамтлаг Осакад ирлээ. Энэ удаа тоглолт хийх гэж ирсэн. Ёстой нэг бут авсан даа. Монгол, японгүй сэтгэл сэргэж, нүд баясцгаасан. Монгол гэх нэрийг өргөөд өгч буцсан.
Баярлалаа Кивигийхэндээ” гэж Японы Осака хотод монголчуудаа төлөөлөн төрийн элч болж суугаа хатагтай Ч.Куланда FB-тээ бичжээ.
www.URLAG.mn