Хийл хөгжмийг төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.Тэрбээр Хөгжим бүжгийн коллежоос авахуулаад АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч билээ.
Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүгийнхээ хамтаар эх орондоо буцаж ирсэн. Хүүгийнх нь аав Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм. Харин өдгөө тэр “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эртэй амьдарч буй. Гуч гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж байгаа энэ эрхэм Хонгконгд ажиллаж байхдаа “Лейтон Ази” компанийн уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн арвин туршлагатай бизнесмэнээс гадна хүмүүнлэг үйлсийн ажил явуулдаг бөгөөд үүнийхээ төлөө 2005 онд Пол Харрисийн шагнал хүртэж байсан. Урлаг тэр дундаа сонгодог урлагийн улаан фанат энэ эр хийлч бүсгүйтэй хуримаа хийгээд удаагүй байгаа.
Саяхан Дээгий нэгэн сонинд ярилцлага өгчээ. Түүнээс та яагаад монгол эрийг амьдралынхаа ханиар сонгодоггүй юм бэ гэсэн асуултад тэрбээр "Энэ миний хувь тавилан байх. Түүнээс би монгол эрчүүд ийм, тийм гэж боддог учраас хань, нөхрөөрөө сонгохгүй байгаа юм биш. Ер нь монгол, орос нь хамаагүй нэг хүнээс яагаад чи энэ хүнийг сонгоод ханилсан юм бэ? гэж асуухад хүн болгон тэр бүр хариулж чадахгүй. Би тоглолтоор олон оронд очиж монголчуудтайгаа уулзаж байсан. Тэндээс маш олон монгол хүн гадны хүнтэй гэр бүл болчихсон байдгийг хардаг. Гэтэл би л ганцаараа гадны хүнтэй суучихсан юм шиг намайг л яриад байдгийг ойлгодоггүй. Энэ бол хүний зураг төөрөг. Тэгээд ч хүмүүст миний урлаг, хийл хөгжим л хамаатай болохоос би бусадтай л адилхан эзэгтэй, ээж хүн шүү дээ" хэмээн хариулжээ.
Мөн "хүмүүсийн таньдаг хүн байна гэдэг сайхан. Үүнийг амны хишигтэйнх гэж боддог. Хүн болгон чаддаггүй л байхгүй юу. Стресс, дарамт байдаг ч гэсэн би эерэгээр хүлээж авахыг хичээдэг. Ер нь ямар ч юм хоёр талтай байдаг. Саарыг нь дагуулж чадахгүй бол сайныг нь ч авч чадахгүй гэдэг. Тиймээс аль алийг нь л дааж явах ёстой гэж боддог" гэж уг яриандаа онцолсон юм.
Д.Ана