Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан “Утгын чимэг 2023” наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөл хамтран Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа.
33 дахь удаагийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын нэгдүгээр шатанд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимагийн зохиолчдын 90 гаруй өгүүллэг иржээ. Өмнөх наадмуудад 30-50 өгүүллэг ирдэг байсныг зохион байгуулагчид дурдсан юм. Ингээд эцсийн шатанд 11 зохиолчийн өгүүллэг тунаж үлдэн Дорнод аймгийн Чойбалсан хотноо өгүүллэгээ дуудууллаа.
Улмаар тэргүүн байранд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджавын “Тамга” өгүүллэгээрээ шалгарсан юм. Тэрбээр өмнө нь энэхүү наадамд таван удаа дэд байр эзэлж байсан билээ. Тэгвэл дэд байрыг Д.Гүн-Үйлсийн “Алтан судар”, гуравдугаар байранд Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Морин цэргийн дууль” өгүүллэг шалгарав.
Шилдэг уншигчаар Ардын жүжигчин Г.Равданыг тодруулсан юм. Уран уншигчдаас ивээн тэтгэгч болон XX зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжавын нэрэмжит шагналыг уг наадмын тэргүүн өгүүллэг болох “Тамга”-ыг уншиж олны хүртээл болгосон жүжигчин, дуу оруулагч Ө.Мөнгөнтулга гардлаа. Түүнчлэн Өвөрмонголын зохиолч Э.Бүрэнтөгсийг “Утга зохиолын төлөө” шагналаар шагнасан байна. Тэргүүн өгүүллэгийн эзэн болон түүнийг уншиж олны хүртээл болгосон уран уншигчид Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөлөөс хурдан удмын даага бэлэглэжээ.
“ТАМГА” ӨГҮҮЛЛЭГ
“Хар гарт” хэмээх дархан Лувсангомбо Да ламтаны өргөөнөөс савж унах шахан гарчээ. “Ээ сахиус минь…цөс цалгиах шахлаа.
“Ойчсон эрхиэ ч авах сөхөөгүй төрийн алба шатаж байхад өгөр чи хар усанд толгойгоо мэдүүлж, монгол төрийн эрдэнийн тамгыг хугацаа алдаж залхаасны зэрэгцээ ховор нандин хашийг зэрэмдэглэсэн чамд цаазын ял онооно. Өвгөд дээдэс сэлэм удааж чилээсэн дарханыг илднийх нь үзүүрт өлгөчихдөг байсныг мэдэх үү? Ташаандаа тамгагүй чөдрийн ганц морь ч үгүй атал, гартаа тамгагүй эзэн хаан одоо яах болж байна. Захын чавганцын цоорхой шанага нөхөж суугаа айлын тогоо өнгийсөн хоноц уу? чи. Билүүнийхээ баасыг чи өөрөө долоогоорой” гэсэн хахирган үгс дарханы зүрхийг амаар гаргах шахжээ.
Айж балмагдсан дарханы нүдэнд Богдын ногоон ордон газраас тасраад үүл манан дунд хөвөх шиг бүртэлзжээ. “Хорвоо хэлтийж, чөтгөрт чөдөрлөгдлөө” гэж бодоход, зүрх нь дэлсэж, хөл нь туйвж байлаа.
-Зоригт вангийн зоргоороо хэхэрсэн энэ тийрэн хэдийдээ чулууны дарх мэддэг болсон юм бэ? Чулуун сийлбэр гэдэг чинь үхэр чулууг лантуугаар дэлсэхтэй адилгүй ээ. Шар будааны чинээ зайнд буруу амьсгалахад л булт үсэрчихдэг нүдний цөцгий ширгээсэн тамыг эд даанч гадарлахгүй. Хаш чулууны хор могойныхоос ч дор гэдгийг миний энэ хавагнасан хар гар хэлээд өгнө. “Хэл хөдлөх амар, гар хөдлөх хэцүү” гэж айх эмээх, хорсох зэвүүцэх зэрэгцсэн луугар дархан дороо байж ядав.
“Очир дара Богд гэгээнтэнийг Монгол Улсын хааны эрдэнийн сууринд өргөмжлөн залах их төрийн ёслолыг үйлдэхтэй холбогдуулж, Манж Чин улсын бүх ёс хуулийг эвдэж, эрхэм сайд, ноёд түшмэдийн ёслолын хувцасны дэгийг тогтоож, хааны эрдэнийн тамгыг зөвхөн монгол газрын хашаар монгол дарханаар үйлдүүлсүгэй” хэмээн зарлигдсаныг та бүхэнд сонордуулж байна” хэмээн Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлэн шийтгэх газраас мэдэгдсэн зарлигийг хүлээсэн ноёд, түшмэд цочирдон бужигнаж, “Манж нангиадын нүдний хорыг оруулаагүй тамгыг хаанахын хэнээр бүтээлгэх вэ? гэлцээд Да хүрээний аль дөмөг дархчуулыг голж, шилсэний эцэст Вангай аймгийн “хар гарт” Лувсангомбыг гүйцэх хүн алга.
Хятадын хамгийн нарийн чулуучин шожион ч түүнийг давж гарахааргүй юм байна, гэм нь хатуу идээнээс буцахааргүй золиг юм. Хойшоо Шарга морьтын эзгүй аманд гэр бариулж харуул манаа тавина, Да ламтанаас өөр ямар ч мяндагтанг ч ойртуулахгүй хянаж цагдая гэж ам тангараг тавьцгаажээ.
Бүүдгэр шөнө ч сүү шиг гэрэлтэх цав цагаан хаш чулуу олох чанд хатуу зараалтай ихэс дээдэс халх дөрөв, шавь тавын олон хошуудаар элч довтолгож, тамтагаа цайтал хайгаад цагаан бүү хэл, бөртэ толботой цэгээн чулуу ч олсонгүй. “Монгол газар орон хэдий баян ч гэлээ дан ганц цасан цагаан хаш чулуу байдаггүй юм байна” гэлцээд бүгдээрээ цөхөрчээ.
Тусгаар төрийг дэлхий даянд тунхаглан зарлах өлзийт өдөр ойртох тусам хоолойд тээглэсэн яс шиг хясланд ороогдох үеэр нар ургах зүгийн Оцол Сансар хэмээх уулын өврөөс хольцгүй цагаан хаш олдсонд ихэс дээдсгүй хөл алдан баярлацгааж, Богд гэгээнтэндээ нүүр бардам бараалхжээ.
…Тамын үүдний тотгонд бүдэрч, ялд ойчсон “хар гарт” Лувсангомбо хэсэг үүлгэртэж зогссоноо,“Дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой… үхэхийн мөр ялгаа юун. Богд гэгээнтнээсээ адис хүртээд хар толгойгоо авахуулья” гэсэн эрс шийдмэг бодол гэнэт хатгалаа.
Богдын ногоон ордоны үүдэнд очоод зоргоороо зүтгэсэн дарханыг “Үг хэлгүй үхэр шиг дайрдаг чи хаанахын хэн гэгч вэ? Чам шиг боол байтугай чин вангууд хүртэл чичирсхийгээд хоногоор хүлээдэг юм. Ядаж наадах гутлын чинь тоос шороонд ногоо ургамаар болчихож гэж хоорондоо инээлдэн даапаалцгаажээ.
“Яран хамарт, олгой толгойт та нарт ёсон бусаар заагдах хүн би биш. Богд гэгээнтэнд бараалхах тэнгэр заяат төрийн луугар дархан гэгч нь би байна. Хүрдэггүй тэргүүнд хүрвэл, хүзүүн дээр чинь хүж шатаана шүү” гэж омогдохтой зэрэгцээд, “Дарханыг оруул” гэсэн ордоны сойвонгийн дуу хаалганы цаанаас сонсогджээ.
“Тэнд энд гишгэсэн тэмээ шиг боольхой амьтныг Хутагт маань юуны учир залав? гэж харуулынхан гайхан шогширцгоолоо.
-Жа …таны тухайд базаахгүй үг яриа сонслоо. Газрын ганц нүд шиг хаш эрдэнэ олдлоо, ганц лут дарханаа ч оллоо гэлцээд байсан нь таны гараар дуусгавар болсон гэв үү? тунчиг базаахгүй хэрэг мандах нь дээ гэж Жибзундамба хутагт хамрын тамхиа эрхий хуруун дээгүүрээ нуруулдангаа сүүмгэр нүдээрээ цаанаа л нухацтай ширтэхэд, торхийх ч чимээгүй битүү дүнсгэр ордоны ярайсан зул ч энэ үгнээс дальдрах шиг санагджээ.
Богд тамгыг зугуухан эргүүлж тойруулж, бүр тэгсэнээ нүдэндээ тулган, бичээс бүрийг амандаа уншсанаа, сая л тэргүүнээ өргөөд, энэхүү гурван бичиг үсэгт ямархуу өө эндэгдэл гарсаныг олж харсангүй ээ” гэвэл, “Оройн дээд очир дари бурхан минь өршөө… энэ муу “хар гарт” миний үйлдсэн нүгэл бол хаш чулууныхаа яалтгүй өчүүхэн зайнд хавчигдаад, соёмбоныхоо оройг багтаалгүй тамганыхаа хүрээнээс халгиачихаад, Да ламтанаас айхтар хүнд ял сонслоо. “Хараалд зүрхээ хатаалгаснаас хавханд хөлөө хатаалга” гэсэн үгтэйсэн билээ гээд өвдөг сөхрөн, альшаа газрын эрээн хивсэнд хамраа шүргүүлэн мөргөлөө.
-Аа мөн…мөн… гэж өөртөө өгүүлээд, тамгыг дахин дахин нүдэндээ тулган тонгойж тогтоон харсанаа хөхөлбөр бор царайнд нь гэгээ татаж, усан болор шилээ авч, инээвхийлээд, “Өчүүхэн зайнд хавчигдаад халгиачихсан гэнээ” гэснээ, “Дархан та бид хоёр адилхан юмсан уу? Миний бие гэхэд л энэ монголынхоо газар нутгийнхаа давчуу орон зайд амьсгал давчдаад, дотор харлан бачуурч явдаг юмаа. Гэхнээ хө, энэхүү соёмбоны оройн галын дөл тамганыхаа хүрээний гадна гарчихсан нь миний цээжинд нар гийгүүлэх шиг боллоо. “Гал өөдөө, ус уруугаа” гэдэг ээ, улс орны минь хил хязгаар хааш хаашаагаа тэлж, Чингис Богдынх шиг тэнгэрийн он цаг шинэ тулгар төрд маань ахин гэрэлтэхийн ерөөл оршжээ хэмээн машид бэлгэшээлээ. Хорвоогийн үйл бүхэн цаанаа учир жанцантай. Дархан та монгол төрийн хаш эрдэнийн тамгыг тэнгэрийн бошготой хамтран бүтээжээ гэж тааламжтайгаар мишээснээ амандаа тарни шившээд, тамгаа арц уугисан сангийн бойпор дээгүүр гурав эргүүлснээ өмнөх арслан хөлтэй хүрэн зандан ширээн дээрээ заллаа.
-Ээ оройн дээд гончигсүм өршөө. Шинэ төрдөө үеийн үед цайршгүй нүгэл үйлдчихлээ гэж түмэн гэмээ хүлээж, хар толгойныхоо оронд хар гараа цавчуулья гэж эрс шийдсэн минь энэ.
-Аа тийм үү? Манай Цэрэнчимэд да ламтан болоод гадна, дотнын жаврыг хаасан төрийн гурван сайд тусгаар их Монголоо даянд тунхаглан зарлах төрийн их ёслолыг нуруун дээр авсан. “Боохой ч буруугүй, бор төлөг ч буруугүй” гэдэгсэн бил үү? Да ламтан “Төрийн тамга үйлдсэн дарханыг нэг бол цаазаар аваач, эсвээс насан туршид нь тэжээ”гэсэн гэв үү? Тунгаах л үг байна. Тэгэхэлээр таны насан үүрд сар бүр хаан төрийн сангаас гучин янчааны цалин пүнлүү олгож бай гэж зарлигдана хэмээхүйд, түрүүхэнд цааз сонсоод сүнс нь зайлан чичирч байсан Лувсангомбын нулимс өөрийн эрхгүй асгарчээ.
Бурхан өршөө… тэнэг толгой би Да ламтангаа харааж зүхэж төрийн сэнтийг хэлтийлгэх шахжээ. Гэхнээ хараал нь ерөөл байжээ хөөрхий….Төрийн их үйлс нь бүтэг ээ. Там, диваажин хоёр нэг өдөр ингэж золгох гэж байдгаа бас… Хөөрхий муу чавганц минь “Майдар эргэхийг харалгүй мажийх нь ээ. Алх, дөшний ёргионд чинь насаараа чих дүлийрлээ, адуучин зарцтай ханилсан бол айраг бүлэхийг сонсож суухгүй юу? гэдэгсэн.
Бушуухан л муу ханьдаа, ямааны арьсан тарзан дээр өнхчих банди нартаа энэ мэдээгээ яаран дуулгахаар зүүн хүрээ өөд нэг хөл нь тэнгэрт, нөгөө хөл нь газарт юм шиг савчин таваргаж явлаа.