Яруу найрагч Эрдэнэбаатарын Бүжинлхам. Дундговь аймагт төрсөн.“Намрыг мартагсад” яруу найргийн түүвэр, “Шинэ Үнэр” /хамтын/ ном тус тус хэвлүүлжээ. Хайрын шүлгийн “Цагаан уул-2013” наадмын тэргүүн байрын шагнал хүртсэн. Утга зохиолын “Шинэ-Үнэр” бүлгэмийн гишүүн.
* * *
Өвч сэтгэлийн минь цаана өөр нэгэн амьдрал бий
Өгүүлэшгүйеэ тийм өндрийн оргил, цасан уулс энд буй
Зуу гаруйхан байшинтай аглагийн тосгонд гэрэл бий
Зузаан үүлсэн дундах тэнгэрийн хотод амгалан буй
Сүлжмэл модон сагсанд бүрэн дүүрэн итгэл бий
Сүйрэл, хоосрол, гай зовлон нэгэн саванд хамтдаа буй
Нулимсны тухай хүчирхэг цамхаг энэ хөндийд бий
Нулимс бүхэн унахдаа нэгэн шүлэг шивнэдэг буй
Үнэт эрдэнэс гэдэг үнэгүй хямдхан хад, чулуу учир
Үхлээр л гэзгээ чимсэн үзэсгэлэнт бүсгүйчүүүд энд бий
Ганцаардлын тухай магтан дуулах найрал хөгжимчид хийгээд
Ганцаар хөөрөн дүүлэх хүчирхэг харанхуйд ч энд буй
Малгайгаа хэзээ ч тайлдаггүй цэв цэнхэр намар бол
Манан буухад нисэн ирдэг Бурхадын алтан шувууд билээ, энд
Ядам хурууг минь ороон цагриглах цагаан эрээн могой бол
Яруу найрагт эгнэгт хүлэгдсэн эрх чөлөөний минь эзэн билээ!
Өвч сэтгэлийн минь цаана өөр нэгэн амьдрал бий
Өгүүлэшгүйеэ тийм өндрийн оргил, цасан уулс энд буй
Зуу гаруйхан байшинтай аглагийн тосгонд гэрэл бий
Зузаан үүлсэн дундах тэнгэрийн хотод амгалан буй…
2013.10.15
Зүүдний цуврал 1
Улигт шөнийн тэртээ би хэнхдэгээ тэврэн нойрсож байлаа
Улиасны нөмөрт нэгэн бүсгүй гэрэлтэн зогсох нь зүүд ажээ
Бүүвэйн дуу аялаж байсан нь чихэнд ихээ тод санагдана
Бүр тодруулан ажваас энгэртээ хүүгээ тэвэрсэн нь илт ажээ
Салхи дэгдэж, эмэгтэйн цээж рүү хатсан навч шидилж орхив
Саваагүй бяцхан үр нь аваад аажуу үлээтэл хавар ирчихэв
Шидийн мэт хүүтэй гэдэгтэй эгнэгт итгэдэг ээж билээ тэр
Шившлэгт тарни амандаа үглэх нь энхрий хүүгийнхээ л төлөө билээ
Өчигдөрхөн л энэ бүсгүй миний зүүдэнд ирэхдээ
Өнгө, өнгийн бөмбөлөг даган гүйсэн охин хонгор байлаа
Амраг хайртынхаа л тухай надад догдлон ярьдаг
Арван есхөн настай үзэсгэлэнт жаахан бүсгүй байлаа
Саяхан л сарны туяа шиг гэрэлтэх асан сайхан нүдэнд нь
Сая, сая ертөнцийн гэгээ сүүдэртэйгээ хамт л хорогдсан байх юм
Үүрийн зүүднээ ирэхдээ үрээ л над харуулав уу гэтэл
Өвөртөө тэр бурхан тэвэрсээр үзэгдээд өнгөрсөн нь тэр байжээ
2013.10.16
* * *
Чамайгаа зүүдэллээ
Урьд өдөр нь бид маргалдсаныг санаж байна уу?
Би тэгээд уйлсан, үнэндээ бүгд миний буруу
Би мэдэж л байсан…
Чамайг уучлалт гуйхад өөрийгөө зүхмээр байсан ч
Би тэгээгүй, чимээгүй байсан…
Миний буруу байлаа ч намайг битгий уйлуул гэж би зөрүүдэлсэн
Чи минь дахиад л гэмшингүй ширтсэн
Амьдрал ийм хүлцэнгүй гэж чамайгаа энхрийлэн бодсон
Аав минь намайг багад ингэж хайрладаг байлаа!
Чамайгаа зүүдэллээ…
Чиний минь дүр үзэгдэхгүй юм… Харагдахгүй юм
Ядахдаа тэврүүлээд, үнсүүллээ гэж зүүдэлсэн бол
Өглөө нь инээмсэглээд сэрэх байсан байх
Чи минь надад…
Чамайгаа зүүдэллээ
Чи минь халиурсан өндөр өвстэй, үл мэдэг бүлээхэн
Салхитай, уудам тал болчихсон зүүдэнд ирлээ
Энгэрт нь нэг зүйл цэнхэртэн харагдаад сайтар үзвээс
Өө жижигхээн нуур долгилон байлаа…
Уудам газар бяцхан нуурандаа
Уучлалаас ч илүү хайртай байлаа….
Чамайгаа зүүдэллээ
Чанга тэврээд үнсэж байна гэж…
2013.12.27
* * *
Баруун мөрөн дээрээс минь өргөст мөчир
Бадаг шүлэг шиг л нэгэн өдөр ургав
Зүүн зүгээс хоёр улбар шувуу салхи авч ирээд
Зүрхнийхээ судсаар үүр бариад сууна гэв
Бялзуухайд нь удалгүй төрж, хэнгэрэг цоолох дөхөв
Баргил бүрээ хангинах мэт л тийм чанга ажээ
Эх шувуу л үргэлжид өт зууж ирээд үрсээ тэжээж
Эцэг нь гэтэл үснээс минь зулгааж үүрээ доторлох болов
Өвөл удахгүй болох гэж цас хялмаалж эхлэхэд
Өрц рүү минь шургана гэж шувуухайд шулганаж байв
Тэгдээ дотор минь ороод амьдар гэж цээжээ онгойлгон өгвөл
Тэгвэл дулаахан оромж болгоё гээд нүдийг минь ухаад бөглөчихөв..
2013.09.19
Нислэг
Үнэхээр тэр өдрүүдэд бороо тасралтгүй орлуу?
Яасныг би сайн санадаггүй ээ,
Бошинзоо дээшээ зангидаад
Борооны усан дээр товшин бүжиглэж байснаа л
Санаж байна…
Үнэхээр тэр үед чи надад ертөнц бол хөгжимчин
Харин чи бол бүжигчин гэж хэлээд
Нүцгэн хөл рүү минь аяархан үлээл үү?
Тэгэхэд би инээсэн үү?
Ядахдаа инээмсэглэсэн билүү?
Би мартчихжээ…
Үнэхээр тэр шөнө хамгийн сүүлчийн галт тэрэг
Цагаасаа хоцор луу? Хамтдаа удаан хүлээл үү?
Би гудамжны сандал дээр гараад алчуураа дэлгээд
Чамд нисч үзүүлсэн билүү?
Чи минь санаж байгаа юу?
Тэгээд чиний явах цаг болж,
Зогсоол дээр намайг үлдээгээд
Нойт даасан алчуурыг минь халааслаад
Хүрмээ өмсүүлснээ мартаагүй биз дээ?
Үнсэх гэж ойртсоноо зүгээр л үсийг минь үнэрлэчихээд
Үнсээгүйгээ? Санаж байна уу?
Би чамайг үнсээсэй л гэж бодсон…
Яаран, яаран чи тэгээд л гүйсэн
Галт тэрэгний дуу миний цээж хоёр
Яг ижилхэн чанга дуугарсан
Чи алийг нь анзаарч сонссон бэ?
Явахыг чинь харахгүй гээд би эргээд алхсан
Муу тэнэг!
Яагаад тэр үед
Галт тэрэгнээсээ чи үсэрчихсэн юм бэ?
Хүрмэндээ тасалбараа мартчихжээ гээд чи инээсэн
Хүүхэд шиг л бид маш чангаар оройжин инээлдсэн
Худалч, худалч! Чи худалч..
Одоо ч би чамд итгэдэггүй,
Хуучин хөх цамцны чинь энгэрт л
Орхигдож мартагдсан буцах ганц тасалбар
Ой ухааны минь гэрч болсоор байж л байсан шүү дээ..?
Би бүхнийг мартаагүй ээ…
Товшуур бүжиг, нислэг… бороог хүртэл
Үнсэх гэж л эргэж ирээд, дахиад хаашаа ч яваагүйг чинь
Үнэндээ бүр ч сайн санадаг аа…
2013.10.28