"Амьдрал хайраар гоёдог", "Хоймор сайхан нутагтаа", "Монголоо санасан сэтгэл" зэрэг дуугаараа нийтийн дууны шинэ өнгө аяс болон гарч ирсэн дуучин бол Я.Гэрэлчулуун билээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн. СУИС-ийн эстрадын дуу дуулаачийн ангийг МУГЖ Д.Ганхуяг, Ардын жүжигчин И.Мөнхшүр нарын удирдлага дор 2009 онд онц дүнтэй төгссөн. Сургуулиа төгсөөд найзуудтайгаа хамтран "Үйлст цаг" компани байгуулж, ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиаж олны хүртээл болгож яваа дуучин.
Түүнийг …Хоймор сайхан нутагтаа би дэндүү хайртай
Холдох тусмаа Тан уруу сэтгэл минь тэмүүлдэг
Хоймор сайхан нутагтаа би дэндүү хайртай
Хоолой зангирч, нүдэндээ нулимстай ирдэг дээ би... хэмээн бичсэн шүлгийг "Чингис хаан" хамтлагийн Жагаа анх уншаад сайхан ая зохиож өгсөн гэдэг. Энэ дуугаар нь олон түмэнд "Хөвсгөлийн Гэрэлчулуун" гэж илүү танигдаж эхлэсэн юм.
Тэгвэл саяхан Я.Гэрэлчулуун шинэхэн уран бүтээл болох "Амьдрал чамд хайртай" дуугаа өлгийдэн авчээ. Шинэ дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Аранза буюу Бат-Эрдэнэ зохиосон байна. Харин үгийг нь дуучин залуу маань өөрөө зохиосон юм. Тэрбээр хоолойн чадлаасаа гадна өөрийн бичсэн шүлгээр бусдад ухаарал, бодрол хайрлахыг хүсдэг түүний энэ удаагийн бүтээл ч мөн л залуучуудад нэгийг бодогдуулахаар сайхан уран бүтээл болжээ.
Дуучин Я.Гэрэлчулууны шинэ уран бүтээл "Амьдрал чамд хайртай" дууг хүлээн аван сонсон уу.
Д.Ана