Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг 2025 оны хоёрдугаар сарын 27-ноос 2025 оны гуравдугаар сарын 3-ны хооронд зарласан билээ. Энэхүү уралдаанд сонин, телевиз, цахим сайтын сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчдийн 27 бүтээл ирж, өчигдөр /2025.03.09/ сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн эзнийг тодрууллаа.
Оролцогчдоос ирүүлсэн бүтээл бүрд дөрвөн шүүгч найман шалгуураар оноо өгч, шүүгчдийн өгсөн онооны нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нийтлэлд “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн тэргүүн байрны шагналыг олгосон юм.
Time.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Хэнзээгийн Болормаагийн бичсэн “Чоныг цагаатга” нийтлэл шүүгчдээс хамгийн өндөр оноо авч, “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд түрүүллээ. “Нийтлэлч Отгонбаяр” сангаас тэргүүн байр эзэлсэн сэтгүүлч Х.Болормааг батламж, цом, 10 сая төгрөгөөр шагнав.
Түүнчлэн, уралдаанд ирүүлсэн нийтлэлийн чансаа, сэтгүүлчдийн ур чадвар, онооны ойролцоо байдал зэргийг харгалзан үзэж тэргүүн дэд байрыг iToim, гэр бүлийнхнээс 3 сая төгрөгөөр, дараах дэд байрыг “Өндөр сэнтийт трейд” ХХК-ийн захирал Г.Цэрэндолгор 1 сая төгрөгөөр ивээн тэтгэж, шагналыг олгосон юм.
Шүүгчдээс ирүүлсэн оноогоор Ezasag.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Т.Энхбатын бичсэн “Үндэсний баялгийн сан: Хэрэлдэх биш хэлэлцэх цаг” нийтлэл тэргүүн дэд байр эзэлж, 3 сая төгрөгөөр шагнав.
Гутгаар байрт ikon.mn сайтын залуу сэтгүүлч М.Батчимэгийн “Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай” нийтлэл шалгарч, 1 сая төгрөгөөр шагналаа.
Уралдааны шүүгчээр baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, Сэтгүүл зүйн ажиглагч Д.Цэрэнжав, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх, сэтгүүлч, аnalytic.mn сайтын эрхлэгч Д.Нарантуяа, baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, нийтлэлч Ш.Даваадорж, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал нар ажиллалаа. Онцлог нь шүүгчид бие биенээ мэдээгүй, мөн оролцогчдын нийтлэлийг ямар ч нэргүйгээр хүргүүлж, нийтлэл тус бүр дээр ирүүлсэн шүүгчдийн онооны нийлбэрээр сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн эзнийг тодруулсан болно.
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас энэхүү нийтлэлийн уралдааныг улам бүр чанаржуулж, цар хүрээ, оролцоог нэмэгдүүлж улмаар жил бүр тогтмол зохион байгуулахаар идэвх санаачилгатай ажиллахаа шагнал гардуулах үеэр мэдэгдлээ.
“Нийтлэлч Отгонбаяр” сан болон сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанар, үр дагаврыг задлан шинжлэх аналитик сэтгүүл зүйн бүтээлийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад оршиж буй.