УДБЭТ-ын уран бүтээлчид энэ гуравдугаар сарын 23-нд 17.00 цагаас үндэсний сонгодог бүтээл болох Ж.Чулууны “Уран Хас” балетыг тоглох гэж байна.
“Уран хас” бүжгэн жүжиг нь УДБЭТ-ын тайзнаа 52 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж буй нь энэ юм. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжиг 1973 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр анх тоглогдож байжээ. Хоёх бүлэг, гурван үзэгдэлт эл бүжгэн жүжгийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Жамсранжав удирдаж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэн, Ардын зураач Ч.Гунгаажав тайзны зургийг зурж, цомнолыг нь академич Б.Ширэндэв бичиж байв. Харин жүжгийн гол дүр Хасын дүрд Д.Батхүрэл, Хандармаад Ю.Цэрмаа нар анх тоглосон түүхтэй.
“УРАН ХАС”
Нэгдүгээр бүлэг
Нэгдүгээр үзэгдэл
Хангай нутаг, Идэр мөрний хойд хөвөө, уулархаг хадан хясаануудаар чимэглэгджээ. Хясааны хажууханд ганц холтсон бор гэр байх агаад тэр гэрт уран Хас ээжийн хамт амьдран суух аж.
Уран Хас жигүүртэн мэт нисэн дүүлэх хүсэлдээ хөтлөгдөн шувууны далавч урлан хийж байтал түүний сэтгэлт бүсгүй Хандармаагийн найзууд ирж түүнд саад болно. Удалгүй Хандармаа ч ирэв.
Хас гурван бүсгүйд далавчаа үзүүлэн, өндөр хясаанаас үсэрч шувуу мэт нисэх тухайгаа өгүүлсэн ч тэд итгэсэнгүй. Харин ч тоглоом тохуу хийцгээх үед Хас хясааны орой дээр гарч үсрэхээр завдахад, гурван хүүхэн ихэд айж сандарцгаав. Энэ үед нутгийн залуус сониучирхан цугларна.
Хас өндөр хадан хясаанаас үсэрч энх тунх бууж ирэхэд, Хасын төлөө айн сандарсан Хандармаа үнэн сэтгэлээсээ баярлан найз нөхдийн хамт хөгжилдөнө. Энэ чимээнээр Хасын ээж гарч ирэн гайхан, бахархалтайгаар хүүгээ харна.
Хас өөрийн хийж байгаа 12 жил нь ивээлээрээ бүждэг Эрдэнийн цагаа танилцуулж залуусын хүсэлтээр, эхний зургаан жилийн тухай багт үзүүлбэрийг үзүүлэхэд найз залуус нь түүний авьяас, уран ухааныг магтан хөгжилдөцгөөнө.
Бүрий болж нутгийн залуус тарцгаахад сэтгэлт хосууд хайр сэтгэлээ илэрхийлэн тоглон наадна. Хасын тухай сонссон Хошуу ноён, тахаруудын хамт энэ үед ирж түүний уран авьяасыг ашиглах зорилгоор зарлиг буулган Хүрээ рүү Хасыг авч явав. Түүнийг ээж, найз нөхөд, хайрт бүсгүй нь үдэн гаргана. /Харанхуйлал/
Хоёрдугаар үзэгдэл
Ноёны “Диваажин” урлан. Хас Хошуу ноёны даалгасан бүтээлийг хийхийн ялдамд, өөрсдийн эр чадлаа гайхуулан түүнийг дээрэлхэх хүрээний дэггүй банди нарыг айлгах гэж Лүдийн багийг ч бас хийж амжжээ.
Хошуу ноён түүний хийсэн хүүхэлдэйнүүдийг үзэж нэгийг голж нөгөөг шилэн авч, түүнийг бяцхан шагнаад баясан одно. Дэггүй банди нар үүнийг харж, түүний шагналыг булаахаар санаархахад өөрийн найздаа өнөөх Лүдний багийг өмсгөн гарч ирэх бөгөөд банди нар үхтлээ айн сандрах энэ үеийг далимдуулан Хас найзын хамт зугтлаа. Удалгүй Хасын найзууд гарч ирэн банди нартай зодоон хийх үед Хандармаа ч хүрэлцэн иржээ. Хас Хүрээг орхин сэтгэлт бүсгүйнхээ хамт өөрийн төрөлх нутгаа зорино.
Хоёрдугаар бүлэг
Гуравдугаар үзэгдэл
Хас нутагтаа ирээд гүйцээж урласан бүтээлээ үзүүлэхээр нутгийн ард олныг урьжээ. Хасын ээж, хадаг барин бүтээлгийг авч наадам эхэллээ. Хасын энэ бүтээл бол 12 жилээр хийсэн эрдэнийн цаг бөгөөд үнэхээр гайхамшигтай урласныг нь нутгийн хүмүүс шагшин магтацгаана. Хас ч тэр баярт зориулан 12 жил бүрд баг хийж нутгийн хүүхдүүдээр бүжиглүүлэхээр бэлджээ. Багт наадам эхэлж, ивээл гурван жилийн амьтад хамтран, хүчтэй нь хүчгүйдээ эвлэрэн найрсаж, уламжлалт ёсыг бэлэгдэн гурав гурваараа бүжих нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэлтэй.
Нутгийн ардууд уран Хасын гайхамшигт авьяас, уран ухааныг бахдан магтаж, Хас, Хандармаа хоёртоо аз жаргалыг хүсэн ард түмэндээ улам ихийг бүтээхийг ерөөж буйгаар уг балет өндөрлөнө…