Буриад зон олон 20 жилийн өмнөөс “Алтаргана” наадмыг зохион байгуулж ирсэн билээ. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараа монголчуудын нэгэн хэсэг болох Буриад монголчууд өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн түүх соёл, зан заншлаа сэргээх, сурталчилах зорилгоор “Алтаргана” наадмыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн “Алтаргана” наадам Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сард зохиогдох юм байна. Тус наадмын Үндэсний зохион байгуулах хорооны дэд дарга, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-“Алтаргана” наадам энэ жил Хэнтий аймагт болохоор товлогдсон. Наадмын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Буриад зон олны “Алтаргана” наадам ирэх долдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдана. Энэ наадам анх 20 жилийн өмнө буюу 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад зон олны язгуур урлагийн наадам” нэртэйгээр зохиогдож байсан юм. Энэ наадамд зөвхөн Монгол Улсад амьдардаг буриадуудаас гадна Өвөрмонгол, Агийн буриадууд гээд дэлхийн өнцөг булан бүрт суугаа буриал зон олон урин оролцдог уламжлалтай. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү наадам олон улсын хэмжээний болтлоо өргөжижи, энэ жил 10 дахь удаагаа зохиогдох гэж байна.
-10 гаруй удаа зохиогдож байгаа “Алтаргана” наадмыг зохион байгуулах зорилго нь юу вэ?
-Буриад зон олон гэдэг ний нуугүй хэлэхэд Монгол Улсын хойд бүсэд амьдардаг, дээхнэ үед улсын хилийг манаж явсан ажилсаг хүмүүс байдаг гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз. Өнөөдөр Монголд 160 мянга орчим буриад ястан байна. Дэлхийн хэмжээнд буриад зон тархан суурьшсан. Тэд тухай орон нутагтаа их үндсэрхэг, хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэднийг л нэгтгэх зорилготой юм.
-Хэдэн улс оролцох вэ?
-Өнгөрсөн долоо хоногт тус наадмын зохион байгуулах комисс Хэнтий аймагт хуралдсан. Наадмын өдрүүдэд ямар номинациар шалгаруулалт явуулах вэ гэдгээ ярилцсан. Одоогоор таван улсын төлөөлөгч ирж оролцоно гэдгээ мэдэгдсэн байгаа.
-Өмнө нь бөх барилдаж, дууны уралдаан, хувцас гээд олон төрлөөр шалгаруулалт хийдэг байсан. Энэ жилийн хувьд?
-Өмнөх жилүүдийн адил уралдаануудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ жилийн хувьд Буриад бөх барилдах, буриад дууны уралдаан, “Ангина” буюу мисс шалгаруулах тэмцээн, хамгийн сайхан хувцасласан хүмүүс, гурван насны морины уралдаан зэргийг зохион байгуулна.
-Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгддэг. Энэ жил хэдэн хүн оролцоно гэж тооцоолсон бэ?
-Агийн буриадад болсон өмнөх наадамд 15 мянган хүн оролцсон. Харин бид хамгийн багадаа 10 хүн оролцоно гэсэн тооцоог гаргаад байгаа.
-“Алтаргана” наадам зохион байгуулах төсөв мөнгийг хаанаас гаргах вэ?
-Наадам болох Хэнтий аймгийн Дадал сумын төсвөөс бага хэмжээний төсөв гарч байгаа. Аймгийн төсвөөс мөн зохих хэмжээн мөнгө гарна. Ер нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа Засгийн газраас зохих хэмжээний төсвийг гаргана.
-Хэр хэмжээний төсөв шаардагдах бол?
-Ямар ч гэсэн Агийн буриадад болсон “Алтаргана” наадмыг зохион байгуулахад нэг тэрбум 400 сая орчим төгрөг болсон гэж дуулсан. Одоогоор яг хэдэн төгрөгийн төсөв гарахыг мэдэхгүй байна. Ажлын хэсэг судалгаа тооцоог хийж байна.
-Энэ удаагийн наадмын онцлог юу байх вэ?
-20 жилийн өмнө анх эхэлсэн газраа дахин зохион байгуулах гэж байгаа нь том онцлог. Мөн энэ жилийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд өөрийнхөө ивээл дор анх удаа зохион байгуулахаар болсон нь ач холбогдолтой юм.
-2010 онд болж байсан “Алтаргана” наадам буриад үндэсний хувцастай хэсэг хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэнд цугларалтаас хэтрээгүй гэж шүүмжлүүлж байсан. Зохион байгуулалтын хувьд хэр анхаарч ажиллаж байна?
-Тэр үед зохион байгуулалт сул, хөрөнгө санхүү нь ч хумигдмал, мэдээлэл ч хомс байсан. Энэ жил аль болох өргөн дэлгэр гурав хоног сайхан наадам зохион байгуулахаар зорин ажиллаж байна.
Ш.ЧИМЭГ