Өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ гэж хашгирмаар цоглог сэрээд цагаа харвал аль хэдийн 7н цаг өнгөрчихөж. Сайхан амарсныг хэлэх үү, гадаа гоё байгааг ч хэлэх үү, сэтгэл санаа хөнгөхөн байна гэж жигтэйхэн… Гэвч бараг жил гаруйн өмнө эхлээд өчигдөрхөн төгсгөл болсон тэр явдал юун түрүүнд тархинаа орж ирэх нь "Би чамайг хэзээ ч мартаж чадахгүй" гэж шивнээд байх шиг…
Нэг жилийн өмнө…
Ажлаа тарчихаад гэрлүүгээ алхалж явсан юм. Өнөөдөр шиг л сайхан өдөр байсан. Гоё гоё том цагаан үүлний цаанаас үе үе цухуйн гарч ирээд удалгүй алга болоод дахин гарч ирэх наран… даажин хийгээд ч байх шиг. Эсвэл надад учрах тэр учралыг урьдаас харж мэдчихээд миний өмнөөс баярлан, надад баяр хүргэж байсан юм болов уу…
Сарын өмнөхөн өнгөрсөн хөгшин эцгийнхээ тухай бодол болон алхаж яваад улаан гэрлээр зам гарч байгаагаа ч анзаарсангүй. Гэнэт хажуугаас хэн нэг нь мөргөх шиг болохтой давхцан машины сигнаал чангаар дугарч хүмүүс орлилдоход л сая сэхээ орж юу болж байгааг мэдэхтэйгээ болов.
-Яадаг хүүхэд вэ чи чинь? Зам аа харж байгаа юм уу, үгүй юм уу? Золтой хүний амь хөнөөчихсөнгүй. Ээ бурхан минь… хэмээн сандран бувтнах настай жолооч ах… Намайг тэвэрсэн чигээрээ өөдөөс минь ширтэн зогсох залуугийн өтгөн хөмсөг хар нүд… цааш нь харж чадсангүй. Мэдээж ичсэндээ, бас сандарсандаа…
Зөөлхөн түлхэж гарыг нь тавиулахдаа ингэж эр хүнд тэврүүлж үзээгүй дээ ч тэр үү сонин, бас сайхан санaгдаад гарыг нь тавиулмааргүй байсныг нуух юун. Юу ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий сандран зогсох хооронд нөгөө залуу жолооч ахад хандан:
-Манай найз бүсгүй байгаа юм аа. Саяхан нэг хэцүү явдал болоод сэтгэл нь жаахан хямарчихсан байгаа юм. Өвгөн ах минь өршөөгөөрэй хэмээхэд нь өвгөн гараа дээш савлан:
-Хүний охин хүүхэд халиачихсангүй, бурхны минь аврал… Ийм юм гэж бас байдгаа… За за, бэртэж гэмтчихээгүй нь яамайдаа… хэмээн ихэд айсан өвгөн жаал тайвшрав бололтой:
-Хүүхдүүд минь болгоомжтой явж байгаарай даа. Машин техник гэдэг чинь аюултай эд шүү дээ… гээд толгой сэгсрэн машин руугаа алхав.
Замаас гарсны дараа нөгөө залууд яаж баярласнаа ч хэлж мэдэхгүй дэмий бантан зогсоход минь залуу яриа өдөх гэснүү над руу дөхөж ирээд:
-Сүйдтэй юм болох дөхлөө шүү гэхэд нь сая л түүнийг эгцлэн харах зориг гаргаж түүнийг шинжив. Түрүүхэн хальт харсан өтгөн хөмсөг, тас хар үстэй, өөрөөс минь ялимгүй өндөр аятайхан хувцасласан цэвэрхэн бор залуу…
-Би… гээд ээрэхдээ өөрийнхөө сандарч байгааг мэдрээд л байлаа. Юм бодож яваад… Чамд баярлалаа.
-Зүгээр дээ, Зам руу орох нь уу даа гээд харсаар байтал яваад орчихоор чинь гайхсан шүү гээд инээмсэглэл тодруулах залууд бараг л хараад дурлачихсангаа удалгүй мэдсэн юм.
-Чи хаанаас хаашаа явж байсан юм бэ? Дургүйцэхгүй бол өөрийг чинь дөхүүлж өгч болох уу?
-Би ажлаа тарчихаад гэрлүүгээ алхаж явсан юм аа… гээд өөрөө ч мэдэлгүй түүний урд гарч хамт явъя гэх шиг удаан алхлаа. Араас ялимгүй хурдан алхахдаа залуу энэ тэрийг асууж байсан боловч миний насыг, нэрийг, тэр ч байтугай утасны минь дугаарыг ч асуусангүй явсаар гэртээ ирлээ.
Харанхуй орцонд надтай хамт ороод, үүдэнд хүргэж өгсөн тэр залууг "Орооч" гэж урьмаар байсан ч чадсангүй.
-Ингээд ирчихлээ гээд инээмсэглэсэн түүнд:
-Баярлалаа гэж хэлэхдээ хүртэл сандарч л байсан.
Маргааш нь гэрлүүгээ явах замдаа мөнөөх залууг харцаараа нууцхан хайсан боловч харагдсангүй. Арга ч үгүй биз дээ. Би автобусаар явсан юм чинь. Харин тэрний дараа өдөр нь ахиад алхсан юм. Түүнтэй л ахиж тааралдах гэсэндээ тэр байх.
Тааралдсангүй явсаар гэртээ ирлээ. Гуниглах ч шиг. Хоол хийж идэх ч сонирхол байсангүй. Оройг элдэв юм бодон зурагт ширтсээр өнгөрөөлтэй биш, утсаа шүүрч аваад үерхдэг хүүхэн рүүгээ залгаж буу халахаар бослоо.
-Байна уу?
-Байна байна, хэн бэ? Хэнтэй ярихуу?
-Хүүшээ, чи чинь хэзээ ийм соёлч болчихоо вэ? Би байна аа, би байна.
-Өө хэхэ, сайн уу?
-Сайн муу яах вэ… Нэг сонин юм болчихоод яахаа мэдэхгүй байна… гэж ирээд болсон явдлыг ярьлаа.
-Ээ миний найз чинь зүгээр нэг танихгүй хүнд дуралчихаа юу даа? Тэрэнд чи таалагдаагүй байвал яах вэ? Эртхэн мартсан нь л бараг онох байх даа.
-Тийм ч юм уу… Надаас миний нэрийг байтугай утсыг ч асуугаагүйг бодоход… За за найз нь дараа ярья за? Бака… гэнгүүтээ хариу хэлэхийг нь ч сонсолгүй утсаа тасалж орхив.
Энэ тэрийг ярьж ангалзаж жаахан ч гэсэн хөгжих гэсэн биш бүр уйтгарлуулчихлаа. Гэхдээ Чимгээгийн хэлдэг үнэн ч байж болох л юм.
Толинд өөрийгөө ширтэн уйтгарлан зогсоход хаалганы хонх давхийн цочоож дугарлаа.
Хэн байдаг билээ? гэж гайхсан боловч онгойлгохоор үүдрүүгээ очиж:
-Хэн бэ? гэхэд:
-Аа.. би… хэмээн шал танихгүй хоолой сонсогдоход нь гайхасхийж:
-Хэнтэй уулзах уу? гэж асуухдаа нөгөө залууг гэж мэдсэн ч хэнтэй гэхийг нь сонсохоор чагнав.
-….ммм юу… гэж ээрэхийг нь сонсоод инээд нь хүрч хаалгаа нээгээд:
-Хэнтэй уулзахаа ч мэдэхгүй байж танихгүй айлын хаалга тогшоод гэхэд:
-Харин хэнтэй гэхээ мэдэхгүй… ингэхэд чамайг хэн гэдэг юм бэ?
-Энэрэл.
-Урсгал гээд гар сарвайсан залуугийн царай их л дотно санагдаж өөрийн эрхгүй татагдаж байгаагаа мэдэрсээр л байсан.
Тэр өдрөөс хойш тэдний харьцаа өөрчлөгдөж улам дотносон бие биедээ ууссаар. Намрын навч сэрчигнэн байсан ч зөөлөн салхи сэвэлзсэн, цэлмэг тэнгэрт шаргалтах наран таатай ээсэн тэр л өдрийн орой цэцэрлэгт хүрээлэнд сууж ахуйд Урсгал:
-Энэрэл ээ?
-Айн?
-Би… Би чамд хайртай… гэж хэлээд өөдөөс нь ширтсэн харц дэндүү үнэнч байсан. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй сандрахдаа:
-Би ч гэсэн… гэх хоёр үг амнаас уруул даван унасныг ч бараг мэдээгүй. Анхны үнсэлт, янагийн тэврэлт, анхны хайр, анхны эр хүн нь ингэж ирсэн.
Жил гаруйн нүүр үзэн Энэрэлийн төрсөн өдөр боллоо. Гэртээ даруухан тэмдэглэх санал гаргахад Урсгал:
-Найзуудыгаа цуглуулаад нэг рeсторанд ч юм уу оръё гэсэн саналыг нь зөвшөөрөөд, үе тэнгийн зургаан залуус хос хосоороо ширээ тойрон суусан тэр орой…
Хэдүүлээ оройн хоолоо ресторанд идчихээд жаахан бүжиглэе гэцгээсээр нэг bar орсноос хойш цаг гаруй хугацаа өнгөрч… Энэрэл Сансартай бүжиглэж байгаад суудалдаа ирсэн боловч хайрт нь байсангүй. Тэгэхдээ бүр Сансарын найз бүсгүйтэй шүү… Юyн түрүүнд хардалтын хар бодол толгойд орсон боловч "Хаа холдов гэж дээ, бүжиглэж байгаа байлгүй…" гэлцсээр суудалдаа суун энэ тэрийг ярих зууртаа нилээд хүлээвч нөгөө хоёр байдаггүй. Энэрэл хүлээж ядаад, агаар амьсгалахаар гадагш гартал… Урсгал Цолмонгийн гараас барьчихсан өөдөөс нь харж зогсоод зүүн гарынх нь хуруунд бөгж хийж өгч байгаа харагдахад дотор харанхуйлах шиг болж, нүдний нь аяга хар аяндаа нулимсаар дүүрэн тэр хоёрын яриаг ч бүүр түүрхэн сонсох.
-Энэ бөгж чи бид хоёрын сүй тавьсны гэрч болог…
-Тийм ээ… хэмээх хоёр гуравхан үгнээс цааш хэтэрсэнгүй. Голдоо ортол гомдсон Энэрэл дотогш гүйж ороод гадуур хувцсаа шүүрч аван нөгөө гуравт ч юм хэлж чадсангүй гүйхээрээ гарах хооронд Урсгал Цолмон хоёр нь их том хэрэг бүтээсэн янзтай баяр баясгалантай орж ирэхтэй халз тулгарахад, нулимс цийлэгнэсэн, гомдол үзэн ядалт дүүрэн харц Урсгалыг угтав.
-Эникаа?… гэж дуудахыг нь ч сонсохыг хүсэлгүй гадаа гараад ойрхон байсан таксиг дуудан гэрлүүгээ явсан нь уржигдархан. Түүнээс хойш утас нь хэдэн ч удаа дуугарсан юм бүү мэд. үүдийг нь хэдэн ч удаа тогшсон юм бүү мэд. Хамгийн сүүлд зөчигдөр орой залгахад нь утсаа шүүрч аваад юу ч гэхийг нь хүлээлгүй:
-Намайг битгий хоргоогоод бай. Чамайг сонсохыг ч хүсэхгүй байна хэмээн хашгираад утсаа чулуудаж орхисон. Яагаад ч юм тэрнээс хойш утас нь ч, хаалга нь ч ахиж дугарсангүй. Өөрөөр хэлбэл Урсгал түүнийг тайван орхисон.
Энэ бүхнийг бодон бодон нүүрээ угаачихаад угаалгын өрөөнөөс гарч ирээд өглөөний унд бэлдсэн боловч идэх хүсэл байсангүй. Ажилдаа ч явсангүй хоёр хоночихов. Ийм байдалтай хэдий удахаа мэдэхгүй ч, ийм байж болохгүй гэдгээ мэдэж байсандаа гадаа агаарт сэтгэлээ сэргээхээр гарлаа.
Гарахдаа шуудангийн хайрцгаа нээн зэрвэс хараад өнгөрөх гэснээ лавшруулан харвал гоёмсог дугтуйтай захидал байсан нь нүдэнд туслаа.
Гайхан авч "Хэнээс юм бол…?" гэж бодонгоо задалж үзвэл нэгэн урилга байна. Нээтэл Усргалаас ирүүлсэн хуримын урилга байлаа. Урсгал хүнтэй суух гэж байгаа ажээ.
Товлосон цагт ирэхийг хичээнгүйлэн хүссэн байх юм. "Ийм өөдгүй залуу байсан юм уу чи?" гэж бодох зуурт ширгээд дууссан баймаар нулимс нь сул асгарч, яах гэж тэр өдөр Укатай тааралдсанаа, яах гэж түүнд хайраа харамгүй өгснөө, ингээд салж байгаадаа өөрөө ч итгэж чадахгүй дэмий л тоглоомтой хорвоог зүхэж эргээд гэртээ гүйн орсон.
Орон дээрээ түрүүлгээ харж хэвтээд дэрээ тэврэн уйлаад л… уйлаад л… Нулимс үнэхээр ширгэдэг юм болов уу гэмээр, гарахаа ч байв. Уйлж уйлж унтаад өгч. Сэрэхдээ харин арай тайвширсан байхдаа болж байгаа явдлын үнэн эсэхийг, цаад учрыг нь олох гэж тэнэгхэн ухаандаа хичнээн бодовч ойлгох зүйл нэгээхэн ч байсангүйд очих үгүйгээ шийдэхээр босч угаалгын өрөөндөө орж хаалгаа дотроос нь түгжээд удаан суув. Ямар нэг юм бодохдоо, эсвэл хэн нэгэнд гомдсон, ууралсан үедээ Энэрэл ингэж угаалгын өрөөндөө ороод суух дуртай. Яагаад ч юм ганцаараа амьдардаг хэр нь тэнд ороход хэн ч саад болохгүй, юунаас ч айхгүй, хамгийн тайван газар шиг санагддаг. Харин тэндээс гарч ирэхдээ ямар нэгэн шийд гаргасан байх нь олонтаа. Бодсоор суув. Бодоод л… Хичнээн ч удаан суусныг мэдэхгүй. Хаалганы түгжээ мултрах сонсогдон тэр гарч ирлээ.
Гэтэл утас нь хангинан дугарав. "Хэн ч байсан нэгэнт урилыг нь хүлээж авснаас хойш…" гэсэн шүү юм бодож утсаа автал:
-Байна уу? гэх эмэгтэй хүний дуу…
-Байна, Хэн бэ?
-Аа… Би Цолмон байна аа, гэхийг сонсоод тэр оройны харсан үзэгдэл нүдний урдуур жирэлзэн өнгөрөх шиг болоход эгээтэй л "Чи ахиад юу хүсээв…?" гээд хэлчихсэнгүй, юу гэхийг нь хүлээн зогслоо.
-Эникаа? Чи буруу ойлгосон бололтой. Ука бид хоёр…
-Би сохор биш, дүлий ч биш. Та хоёр…
-Чи намайг сонс л доо. Тэр орой би салхинд гарсан чинь Ука гадаа зогсож байсан юм. Жаахан юм ярьж байгаад Ука надаас нэг юм асууя гээд… Цолмон яриагаа тасалдуулан:
-… За за олигтой талбарлаж чадахгүй юм байна аа. Шууд хэлчихье. Ука уул нь тэр бөгжийг чамд авчихаад… бид хоёр сургууль хийж байсан юм аа. Чиний тэгж ойлгох чинь аргагүй. Хэлэх ч боломж олгоогүй чи тэгээд л явчихсан. Намайг уучлаарай.
Энэрэл юу ч дугарсангүй. Хоолойд нь нулимс амтагдах шиг болж "Чи яагаад одоо хэлж байгаа юм бэ? Бүх юм өнгөрчихсөн шүү дээ. Тэр минь одоо хүнийх болох гэж байна…" гэж дотроо хашгиран уйлна. Цолмон хэсэг хариу хүлээсэн бололтой, удсангүй дүд дүд дүд гэх чимээ сонсогдов.
Заасан хаяг дээр нь таксигаар хүргүүлж гадна нь буулаа. Ресторан байх агаад гадна нь нилээд олон танил машин тэрэг ирсэн байгаа нь найз нөхдийнх.
Орох уу байх уу гэж хэсэг тээнэгэлзсэний эцэст "Орох л гэж ирээ биз дээ? Хайртай минь үнэн л юм чинь, жаргалтай инээмсэглэлийг нь ахиад нэгxэн yдaa харчихаад л…" гэж өөрийгөө хүчлэн үүд рүү алхлаа. Рестораны үйлчлэгч бололтой инээмсэглэсээр дөхөж ирсэн залуу гадуур хувцыг нь өлгүүрт өлгөхөөр аваад хаалга нээн оруулав.
Нүд алдам цэвэрхэн орчин, олон танил найзууд, цэмцгэр гэгч нь засаж тойруулан байрлуулсан ширээнүүдийн хойморт хамгийн том ширээ байх…
Түүнийг орж ирснийг зарласан юм шиг бүгд үүд рүү харахад ичиж нэрэлхэх, гомдож бачимдах зэрэгцэн нүүр нь хичнээн улайсныг өөрийн эрхгүй мэдрэх шиг болохдоо дэмий л харцаараа Урсгалыгаа хайсан. Урсгал нь яг л дүрээрээ өөрийг нь чиглэн тэндээс айсуй. "Энэ чинь юу сан билээ…" гэж бодох агшинд "Aнх танилцсан өдрөө өмссөн байсан хувцас нь…" гэх бодол толгойд зурсхийн орж ирэв.
"Хуримаа хийх гэж байгаа хүн байж яагаад ийм хувцас…"
-Hey…
-….
-Найз нь… Би чамд тайлбарлах гээд чад….
-Надад тайлбар хэрэггүй ээ… гэж хэлэхдээ хэдий үл тоомсорлосон царай гаргах гэж хичээсэн боловч хоолой нь зангиран өөр зүйл хэлж чадсангүй,дэмий л харц буруулан өөр тийшээ харав.
Хоёр гараас нь тийм гэж хэлэхийн аргагүй зөөлнөөр атган нүд рүү нь эгцлэн ширтээд тэр залуу:
-Эника?… Чамайг эхнэрээ болгохыг зөвшөөрөөч… хэмээн палхийтэл хэлэхэд нь хичнээн цочирдсон боловч, зөв сонссон эсэхдээ эргэлзэх, тэрхэн хооронд "Чи ингэж хэллээ гэж үү?" гэж бодохдоо баярлах давхцаж, айсан туулай шиг өөдөөс нь ч харж чадахгүй шахам дүрлэгнэн зогсоход, халуун амьсгал ойртон, "Xайртай шүү" гэх шиг уруул дээрээс нь үнсэхүй, өөрийн мэдэлгүй хариу үнсэхдээ хэзээ ч дуусахгүй, хэзээ ч бөхөхгүй тэр их хайраа амьдрал болгон зохиосон.
ТӨГСӨВ.